2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01771

 

 

 

 

 

 

 

 

     2025             03               10                                           192/ШШ2025/01771

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * тоотод байрлах, *ХХК /рд:*/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, *дугаар хороо, * тоотод байрлах, * ХХК /рд:*/,

 Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, *дугаар хороо, бага нарангийн *тоотод оршин суух, * овогт *ын * /рд:*/ нарт холбогдох

Гэрээг цуцалж, хохиролд  55,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *ХХК нь Налайх дүүрэг 6-р хороо, *ийн байгалийн цогцолбор газрын *анд байрлах, * жуулчны баазын зочид буудлын 2565 м.кв хэмжээтэй зоорьтой 4 давхар барилгыг халаалт, хэрэглээний халуун усаар хангуулахаар “*” ХХК-ийн захирал Г.*тай “Нам даралтын зуух, цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г байгуулж, 25 хоногийн дотор хийж гүйцэтгэх буюу 2023 оны 09-р сарын 29-ний өдөр ажил эхэлж, 2023 оны 10-р сарын 24-ний өдөр ажлыг дуусгахаар тохиролцсон.

Мөн манай компани нь * ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, “*“ жуулчны баазын зочид буудлын 2565 м.кв хэмжээтэй зоорьтой 4 давхар барилгын /гүйцэтrэгч уг барилгатай урьдчилан биечлэн танилцсан/ зоорийн давхрын 50м өгөх шугамыг шинээр солих, босоо шугамын хаалтуудыг шинээр солих ажлыг хийж гүйцэтгэн барилгын зүүн жигүүрийг халаахад бэлэн болгож хүлээлгэн өгөхөөр, ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 4 хоног, ажил эхлэх хугацаа, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, ажил дуусах хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байхаар тус тус тохиролцсон.

Манай компани нь “Нам даралтын зуух, цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-ний 3.3-т “захиалгат ажлыг хурдан шуурхай гүйцэтгэхээр урьдчилгаа хөлс 50% болох 14,290,000 төгрөгийн зохих хөлсийг зуухыг суурилуулахын өмнө 30% болох 8,574,000 төгрөг, мөн үлдэгдэл 20% болох 5,716,000 төгрөгийг зуухыг суурилуулан захиалагчийн мэдэлд нам даралтын зуух болон цахилгааны зуухыг 2 тал актаар хүлээлцсэний дараа дуусгавар болгоно” гэж заасны дагуу нам даралтын зуухны төлбөрийг хуваарийн дагуу төлсөн.

* ХХК нь гэрээний дагуу Налайх дүүрэг, 6-р хороо *ийн БЦГ-ын “*” жуулчны баазад 2023 оны 10-р сарын 25-ны өдөр авчирч өгсөн. Тус зуухыг манай зочид буудлын уурын зуухны барилгад 2023 оны 11-р сарын 06-ны өдөр суурилуулж дууссан.

Суурилуулж дууссанаас хойш хэд хоног зүгширтэл галлаж өгөхгүй, тогтвортой болгож өгөлгүйгээр манай баазын 2 ажилчинд заавар зөвлөгөө өгөөд явцгаасан. Заавар зөвлөгөө өгөөд явснаас хойш нам даралтын зуух нь дулаанаа барихгүй түлшийг 2-3 цаг тутам (гэрээний 6.7-д зуухны дулаан хадгалалт 6 цаг ба түүнээс дээш дулаанаа барих) хийж галлуулж байсан, мөн дулаан дамжуулах эргэлтийн насос шатсан, халсан гэх дуудлагыг 2023 оны 11-р сарын 09-нд өгч тус компанийн хүмүүс ирж шинээр эргэлтийн насосыг сольж тавьж өгөөд “тогтвортой ажиллатал насосын хийг байнга авч бай, нүүрсээ Налайхын нүүрс (гэрээний 6.9-д нам даралтын зуух нь бүх төрлийн түлш буюу нүүрс, мод хэрэглэж болохоор)-ээр солиод үз” гэж хэлээд явцгаасан. Налайхын нүүрс 2020 оноос хойш гарахаа больсон талаар мөн хэлсэн.

Нам даралтын зуухыг галлах үед нам даралтын зуух +45 градус хүрээд цаашаа халахгүй зогсох, доошоо температур нь +35 градус хүрэх үед гал нь асахаар тохируулгатай байсан, мөн халаалтыг 60-70 градус хүргэхийн тулд ослын үед ажиллах ёстой байсан 4ш цахилгаан зуухны 2ш зуух нь тасралтгүй ажиллаж байж 60-70 градуст хүрч байсан. Цахилгаан зуухны халаалт давхар ажиллахаар эргэлтийн насос нь шатсан, дахин шатах үед манай хүмүүс өөрсдөө шинийг худалдан авч тавьсан. Энэ эргэлтийн насосыг солиход нам даралтын зуух нийлүүлэгч компанид мэдэгдэж байж сольж тавьсан.

Энэ тухайгаа нам даралтын зуух үйлдвэрлэж, угсарч өгсөн компанийн хүмүүст танай зуух 45 градусаас дээш халдаггүй юм байна, галлагааг 2-3 цаг тутам хийх нь галчаар ажиллаж байгаа хүндээ ч төвөгтэй байгаа талаар хэлэхэд та нар сайн галлаж чадахгүй байна, хийгээ сайн авч чадахгүй байна гэх мэтээр янз бүрээр өөрсдөөсөө холдуулж байсан.

Ингээд 2023 оны 11-р сарын 13-ны өдөр сольж тавьсан байсан эргэлтийн насосын 1ш шатлаа, нөгөө эргэлтийн насосыг ажиллууллаа гэж надад хэлсэн. Энэ дагуу би Тэрэлжид ажил дээрээ ирсэн. Энэ үед 2 дахь эргэлтийн насос дахин шатсан, энэ талаарх мэдээг тухайн өдрийн 20 цаг 27 минутад Г.* захиралд утасдаж мэдэгдсэн. Гэтэл Г.* захирал “өнөөдөр очих боломжгүй” гэж хэлсэн.

Би “чиний амжих, амжихгүй хэнд хамаатай юм бэ энэ барилга чинь харанхуй шөнө эргэлтийн насосгүйгээс болоод шугам хоолой ганц цагийн дотор хөлдөх аюултай шүү” гэж хэлж байж шөнөдөө багтаж ирэхээр болсон.

Г.* захирлыг орой ирэхээс өмнө манай талаас энэ зуухыг цаашид ашиглах боломжгүй юм байна, хавар болтол халаахгүйгээр зогсоох тухай амаар хэлж өнөөдрийн дотор заавал ирж шугам хоолойнхоо усыг шавхаж өгөөд хавар дахин галлах талаар тохиролцсон.

Тэр дагуу Г.* захирал орой 21-22 цагийн үед ирээд уурын зуухны өрөөнд байх нам даралтын зуух, цахилгаан зуухныхаа усыг буулгаж өгчхөөд манайд галчаар ажиллаж байсан хүнд “зочид буудлын барилгынхаа усыг буулгаарай” гэж хэлчхээд яваад өгсөн байсан. Тухайн ирэх мөчид ямар ч халаалтгүй болсон зоорийн давхрын шугам хоолойд хөлдөлт явагдсан байсан.

Г.* захирлын авчирч тавьсан нам даралтын зуух нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүйгээс болоод зочид буудлын барилгын халаалтыг зогсоох тухай тохиролцоонд хүрчхээд ус буулгаж өг гэсэн шаардлагад ирчхээд зочид буудлын барилгын шугам хоолойн усыг бүрэн буулгаж өгөөгүй явсан байсан.

Шугам хоолойн усыг буулгаж өгөөгүйгээс манай зочид буудлын барилгын зоорийн давхрын халаалтын шугам хоолой, радиаторууд нь хөлдөж хагарсан байсан.

Манай компани нь хаврын улирал эхлэхтэй зэрэгцээд зочид буудлынхаа халаалт дулааны асуудлыг шийдвэрлүүлэхээр өвлийн үед тус барилгын халаалтад тун хангалтгүй ажилласан “*” ХХК-д хандалгүйгээр хөндлөнгийн “*” ХХК-д зоорийн давхрын шугам хоолойн хөлдөлт, зочид буудлын барилгыг халаах, хэрэглээний халуун, хүйтэн ус тавиулахаар хандсан.

Тус “*” ХХК-ийн хүмүүс нь манай барилгын сантехникийн ажлыг үргэлжлүүлэн хийж “*” ХХК-ийн 2ш нам даралтын зуухыг энэ зуух сайн ажиллаж чаддаг бол танай зочид буудлын барилгыг халааж дийлнэ гэдэг итгэл үнэмшлээр манай зочид буудлын барилгын сантехникийн ажлыг хийцгээсэн.

Тус компанийн хүмүүс сантехникийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж дуусгаад “*” ХХК-ийн хүмүүсийн нийлүүлсэн зуухыг галлаж үзэхэд өмнөх өвлийн адил +36, +46 градусаас дээшээ ерөөсөө халахгүй байсан.

Энэ тухайгаа * ХХК-д мэдэгдсэн. Тус компаниас захирал Г.* 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ирж үзчихээд усны эзлэхүүн нь өмнөхөөсөө их болсон тул манай зуухны хүчин чадал хүрэлцэхгүй, хүрэлцдэг байсан ч хэрэглээний халуун ус гаргах боломжгүй гэдгийг манайд ажил хийж байсан компанийн хүмүүст болон надад хэлсэн.

Мөн тус нийлүүлсэн 2ш нам даралтын зуух нь хэрэглээний халуун усыг гаргах ямар ч боломжгүй зуух нийлүүлснээ эдгээр ажил хийхээр ирсэн компанийн хүмүүст хэлсэн байсан. Бидэнд анх зуух суурилуулж байх даа “хэрэглээний халуун усыг энэ 2 зуухаар гаргаад хэрэггүй, зуны улиралд галч ажиллах, түлээ нүүрс түлэх зэргээр хэцүү” гэдгээр ойлгуулж биднийг “цахилгаанаар халуун ус гаргадаг халаалтын бойлерыг худалдаж ав” гэж зөвлөж байсныг бид “бидний төлөө хэлж байна” гэж ойлгож байсан. Харин шинээр ажил хийх гэж байгаа хүмүүс “тус 2 зуухаар хэрэглээний халуун ус гарна” гэж бодож надад ялтсан бойлер, эргэлтийн 1.5 квт-ын 2 ширхэг насос, инвертер зэргийг захиалж авхуулсан. Хэрэв бид нар хэрэглээний халуун ус гарахыг анхнаасаа мэдэж байсан бол 5-6 сая төгрөгийн бараа материалыг худалдаж авахгүй байх байсан.

Г.* захирал 2ш зуухаа буцааж авах бодолгүй, 1 зуухаа үлдээгээд нэг зуухыг нь хэн хэндээ хохиролгүйгээр буцааж авах, шинээр нэг зуухны тооцоо гаргаж өгөх, шинэ зуухны зөрүү мөнгө гарах тухай хэлсэн. Г.* захирал нь би 1000-1500 m2 хүчин чадалтай зуух үйлдвэрлэдэг бөгөөд жирийн үедээ 1000 m2 халаах дулааныг хамаг хүчин чадлаар нь (автомашинаар хаазаа тултал нь) ажиллуулахад 1500 m2 халаах хүчин чадалтай зуух үйлдвэрлэж мэдэхээс түүнээс дээш зуухыг тооцоо бодож гаргаж өгнө гэдгээ хэлээд явсан.

“*” ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Нам даралтын зуух, цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буюу зуухуудыг ажиллуулснаар халаалт хэвийн явагдаж байгаа болохыг хүлээлгэж өгөөгүй, гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, гэрээнд заасан ажлыг захиалагчид танилцуулсан үзүүлэлт, чанар шаардлагад нийцүүлэн доголдолгүй чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй, энэхүү гэрээгээр хийж буй зуух үйлдвэрлэх эрхтэй болох, зуух үйлдвэрлэх зөвшөөрөлтэй болохоо танилцуулаагүй, зохих зөвшөөрлүүдийг хувилан өгч танилцуулаагүй, мөн гэрээний 6 болон 7 дугаар зүйлүүдэд заасан нам даралтын зуух, нөөц цахилгаан зууханд гүйцэтгэгч талаас гаргах баталгааг гаргаж өгөөгүй зэргээр манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хохироож байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.", 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж тус тус заасан.

Хариуцагч “*” ХХК-д хандаж “нийлүүлсэн 2ш нам даралтын зуух, 4ш цахилгаан зуухыг буцаан өгч, манай компаниас төлбөрт өгсөн 30,580,000 төгрөгийг, “*” ХХК-д хөлдсөн шугам хоолойг сольж өгөхөд төлсөн 3,750,000 төгрөг, материалын зардал 1,300,000 төгрөг, нийт 54,630,000 төгрөгийг тус тус яаралтай гарган өгч манай компанийг хохиролгүй болгож өгөх арга хэмжээг авна уу.” гэх шаардлагыг “*” ХХК-ийн зүгээс хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйл, “Нам даралтын зуух, цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар захиалагч “*” ХХК нь уг гэрээг цуцалж, гүйцэтгэгч “*” ХХК-иас нийлүүлсэн 2 ш нам даралтын зуух, 4 ш цахилгаан зуухыг буцаан өгч, манай компаниас төлбөрт өгсөн 50,380,000 (19,000,000+31,380,000) төгрөгийг, “*” ХХК-д хөлдсөн шугам хоолойг сольж өгөхөд төлсөн 3,750,000 төгрөг, материалын зардал 1,300,000 төгрөг, нийт 55,430,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 оноос эхлээд жуулчны бааз дээрээ зочид буудлын барилга барьсан. Энэ барилга барьж байх явцад 2018 оноос барилгадаа Пакистан компаниас уурын зуухыг тавьж, 2020 оны зун тухайн зуухыг салгуулж авсан. 2020 оны 05 сараас * ХХК-ийн захирал * гэх хүнтэй фэйсбүүкээр холбогдож би очиж барилгын зургаа үзүүлж, манай талын зүгээс дулаан хэрэгтэй байна одоо тавиулсан байгаа уурын зуух нь барилгыг маань бүрэн хэмжээнд халаахгүй байна, тийм учраас танай фэйсбүүкээр танилцуулаад байсан уурын зуухыг тавиулах хүсэлттэй байна гэж уулзсан юм. 2020 оны 05 сард * манай барилгад ирж барилгын үндсэн бүтэц, барилгын дулаан алдагдал, уурын зуухны байрлал зэрэг бүх холбогдох мэдээлэлтэй үзэж танилцаад өөрийнхөө зуухыг шинээр хийж байгаа зуухыг танай барилгын зурагт тохируулаад зуухны хүчин чадлаа тооцож хийж дууссаныхаа дараа та нарт хэлье гэх тайлбарыг өгсөн.

2020 оны 09 сараас эхлээд * тооцоогоо гаргаад дуусчихсан ирээд танилцчих гэсэн үүний дагуу өөрийнхөө холбогдох хүмүүстэйгээ үйлдвэр дээр нь очиж уурын зуухтай танилцсан. Энэ уурын зуухны талаар танилцахдаа * ер нь танайх ачааллаа тэнцвэржүүлж, 2 зуух аваад тавьчих, 1 зуух нь эвдэрлээ гэхэд нөгөө зуухаар халаах, мөн өвлийн ид хүйтэн үед 2 зуухаа зэрэг ажиллуулах зарчмаар ажиллуулах боломжтой гэж хэлснийх нь дагуу манай байгууллага уурын зуух захиалж хийлгүүлсэн юм. 2020 оны 09 сард 2 нам даралтын зуух маань бэлэн болоогүй байсан. 4 ширхэг цахилгаан зуух үйлдвэрлэгдээд бэлэн болсон тул 4 цахилгаан зуухаа урьдчилаад танай барилгын доор гражид тавьчихъя гэж барилгын доор гражид тавьсан. 2020 оны 12 сарын 10-ны үед 2 уурын зуухны маань 1 бэлэн болчихсон. 1 бэлэн болоогүй байсан бөгөөд тухайн үед ковид цар тахал гарч хөл хориотой байсан учраас барилгаа тэр чигт зогсоогоод талууд харилцан тохиролцож суурилуулалтыг 2021 оны хавар хүртэл хойшлуулсан. Ковид цар тахал нь 2 жил үргэлжилсэн. 2022 оны 07 сараас хойш *тай холбогдох гэсэн боловч ковидоос шалтгаалан компанийн санхүүгийн байдал хүнд байсан учраас холбогдож чадаагүй. 2023 оны 05 сараас эхлээд *тай дахин холбогдож нам даралтын зуухаа үргэлжлүүлж худалдаж авъя, үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгэж өгөөч гэх саналыг тавьж уурын зуух тавиулахаар гэрээ хэлцлийг байгуулаад төлбөр мөнгөө шилжүүлсэн, төлбөр мөнгөний үлдэгдэл байхгүй.

2023 оны 10 сарын 25 өдөр гэхэд * манай барилгад 2 уурын зуух авчирч тавьсан. 2023 оны 10 сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл тухайн уурын зуухаа барилгад угсарч, галлагаа хийгээд яваад өгсөн байсан. Надад 11 сарын эхэн үед уурын зуухыг нь угсарчихсан, та ирээд үзээрэй, бид нар явлаа, асуудал гарвал эргэн холбогдоорой гэж хэлээд яваад өгсөн байсан. Би 2023 оны 11 сарын 07-ны өдөр 2 уурын зуухаа шалгах гэж барилгадаа очиход манай барилгын доод гражид тавиулсан 4 ширхэг цахилгаан зуухыг 2 ширхэг уурын зуухтай давхар холбочихсон байсан. Тэр даруй нь *т утасдаж гэрээнд тохирохдоо цахилгаан зуухаар манай барилгыг халаана гэж тохироогүй шүү дээ нам даралтын зуухаар халаана гэж байхад цахилгаан зуух авчирч тавиад цахилгаан зуухыг давхар холбочихсон байна. Тавьсан цахилгаан зуух нь нэгж бүр нь 42 киловатт, дөрвүүлийн зэрэг залгах юм бол өдөрт 168 киловатт гарах юм байна. Би уурын зуух захиалсан болохоос биш, цахилгаан зуух захиалаагүй гэж хэлэхэд * нь түр тавьж шалгуулж байгаа учраас давхар холбосон гэх тайлбарыг өгсөн. 2023 оны 11 сарын 06-ны өдрөөс 11 сарын 13-ны хооронд цахилгаан зуухнуудыг унтрааж, 2 уурын зуухаар барилгыг халааж дийлэхгүй байгаа талаар удаа дараа *т мэдэгдсэн байдаг. Цахилгаан зуухыг залгахаар эргэлтийн насос нь 4 удаа шатсан. Эхний удаа * хүн явуулаад солиулсан. Дараагийн удаад насосыг * өөрөө сольсон. Гуравдах удаадаа оройн цагаар насос шатсан тул намайг унтрааж байгаа сольчих гэж хэлэн би өөрөө сольсон. Сүүлийн удаад буюу 2023 оны 11 сарын 13-ны өдөр насос шатахад би *т хэлэхэд * би одоо завгүй байна тэгээд ч орой 8 цаг болчихсон байна, би яаж харанхуй шөнө очдог юм, маргааш өглөө та 100 айл барилгын төвөөс насос худалдаж аваад тавьчхаач гэж бараг загнах шахам хэлсэн.

Тухайн үед нь би *т уурлан чиний хийсэн зуухыг тавиулснаас хойш 4 удаа гэнэтийн байдлаар насос шатаад байх юм, насос шатаад байгаа учрыг өөрөө ол, бид цахилгаан зуухыг 3 хоног зүгшрүүлж ажиллуулна гэж тохиролцсон байхад одоог хүртэл яагаад ажиллуулаад байгаа юм бэ? тухайн зуухнуудыг ажиллуулахгүй өглөөний 8 цаг хүрэх юм бол хөлдөлт үүснэ. Чи өөрөө өнөө орой ирээд барилгын усыг буулгаад өгөөч, хавраас дахин халаалтын асуудлаа янзлуулъя гэж хэлсэн юм. Үүний дараа * ирээд бүх зуухны усыг сулласан асуудалгүй гэж хэлээд яваад өгсөн байсан. 2024 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлээд би *тай удаа дараа утсаар холбогдох гэж үзсэн боловч утас нь холбогдох боломжгүй, эсхүл миний утсыг авахгүй, тасалж байсан. Би *ын хуучин хаягт 2 ч удаа очиход нэг охин байсан ба өөр барилгын ажил хийж байгаа тийшээ явсан байх гэж хаягийг нь хэлж өгөхгүй байсан. Хаврын улирал дуусах дөхөж халаалтын ажлаа эхлүүлэхгүй бол болохгүй байсан тул өөр сантехникийн компаниар холболтуудаа дахиж хийлгэсэн. Холболтуудаа хийлгэж байх хугацаанд утасдаад ирэхгүй байсан.

Холболт хийлгэж байгаа компанийн хүмүүсээр *тай холбогдоход * нэг удаа ирж үзсэн. Анх 2021 онд гэрээ хэлцэл хийж байхад * нь тухайн уурын зуух нь хэрэглээний халуун ус гарахгүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Тэгсэн хэр нь танай байгууллагын хэрэглээний халуун усыг энэ 2 зуух гаргаж дийлэхгүй байхад нэмж ялтсан бойлер тавьсан байна гэж хэлсэн. Би *т чи нэг ч удаа ялтсан бойлер тавьж болохгүй зуух гэж ярьж байгаагүй, мөртлөө яагаад ялтсан бойлуур тавьсан байна гэж хэлээд байгаа юм бэ? 4 ширхэг ялтсан бойлер нь 4,700,000 төгрөг, нэг ширхэг нь 1,500,000, ялтсан бойлерт тохирсон 4 ширхэг моторыг нь хүртэл авчихсан байхад яагаад ингэж хэлж байгаа юм бэ? Анхнаасаа гэрээнд ялтсан бойлер тавьж болохгүй гэж бичихгүй яасан юм бэ? үүнээс үүдэн * намайг хуурсан гэж би үзээд бид хоёрын маргаан эхэлсэн. Хуурсан гэдэг нь * анх надад уурын зуухаар халааж байхынхаа оронд өрөө болгон нэмэлт халаалтын бойлер тавьчхаач гэж хэлж байсан юм.

Тухайн үед 2 уурын зууханд ялтсан бойлер ажиллуулж болдог талаар мэдэхгүй байсан учраас *ын хэлснээр 2023 оны 10 сард 10,000,000 төгрөгөөр бойлер худалдаж авсан юм. * бид хоёрын хооронд ийм асуудал үүсэж, * бид хоёр гэрээлж, * гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх би аавтайгаа очиж тухайн нам даралтын зуухыг үзэхэд * нь манай зуухнууд утаагүй зуух бөгөөд, Нийслэлийн байгаль хамгаалах газраас утаагүй зуух үйлдвэрлэх эрхтэй гэж бүх бичиг баримтаа үзүүлнэ гэж байсан ч зуухаа авчирч тавьснаас хойш бол нэг ч тийм бичиг үзүүлээгүй.

2023 оны 04 сард ашигтай загварын гэрчилгээ, акт үзүүлсэн. Талуудын байгуулсан гэрээний 6.7, 6.9-т тухайн нам даралтын зуух нь 1 удаа гал түлэхдээ 50 килограмм нүүрсийг хийгээд 6-8 цаг дулаанаа барих чадалтай гэж заасан байхад тухайн нам даралтын зуух нь 25 килограмм нүүрсээр 1 цаг 30 минут л дулаанаа барьж, цаг тутам галлуулдаг байсан. Бид байгууллагаа халаах, галчдаа ээлтэй байлгах үүднээс л уурын зуух тавиулсан.  Тухайн үед галчийг цаг тутам ажиллуулж байсан. Мөн гэрээнд бүх төрлийн түлш, нүүрс модоор ажиллана гэж заасан байхад * нь зөвхөн Налайхын сайн нүүрс тухайн зууханд тохирно гэж яриад байснаас *тай маргасан юм. Энэ нь гэрээний нөхцөлийг зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Хариуцагч *ын зүгээс манайхыг 4 цахилгаан зуухыг ашиглачихсан гэж яриад байгаа болов чиг бид нар 4 цахилгаан зуухыг нэг ч удаа ашиглаагүй бөгөөд тухайн үед ковидын үе буюу 2022 оны 11 сарын 19-ний өдөр гарснаар ашиглаагүй гэдэг нь тодорхой болж байгаа юм.

Тухайн 4 ширхэг цахилгаан зуухыг хамгийн анх байрлуулахдаа манай барилгын доод гаражийн узелийн өрөөнд түр байлгаад өгөөч гэсэн юм. Үүний дагуу гаражид тавьсан ч * дээшээ гаргаж ирсэн байдаг. Тийм учраас бид 4 цахилгаан зуухыг нэг ч удаа ашиглаагүй юм. Нам даралтын зуух нь 1000-1500 мкв талбайг халаах хүчин чадалтай байгаа болов чиг халааж дийлэхгүй байгаа юм. * тухайн үед энэ 2 зуухыг машинаар бол хаазыг нь тултал гишгүүлж байж 1500 мкв талбайг бүрэн халаах боломжтой гэж хэлж байсан. Миний үзэж байгаагаар тухайн нам даралтын зуух нь 1500 мкв талбайг халааж чадахгүй байгаа учраас 2 уурын зуух, 4 цахилгаан зуух зэргийг буцаан өгч мөнгөө гаргуулж авмаар байна.

* ХХК-ийн захирал * нь зуухны усыг суллаж байхдаа манай барилгын усыг буулгаагүй улмаас шугам хоолой маань хөлдөж*ХХК-аар шугам хоолойг солиулсан ажлын хөлс, 3,750,000 төгрөг, материалын зардалд 1,300,000 төгрөг, нийт 5,050,000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад орсон байгаа. * ХХК-г бодон 30 ширхэг радиаторын тооцоог оруулаагүй. Өөрөөс гаргасан бүх төлбөр болох 55,430,000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Үүнд: 4 ширхэг цахилгаан зуух, 2 уурын зуух, суурилуулалтын хөлс нийт 50,380,000 төгрөг,*ХХК-д төлсөн 5,050,000 төгрөг, нийт 55,430,000 төгрөгийг хариуцагч * ХХК, * нараас бүхэлд нь нэхэмжилж байгаа юм.

Бид нар анх * ХХК-тай 4 ширхэг цахилгаан зуухын тухай огт ярилцаагүй байсан юм. Бидний ярилцаж тохиролцсон зүйл нь 2 ширхэг нам даралтын зуух авах байсан юм. Анх * ХХК-ийн захирал *тай 2 ширхэг нам даралтын зуух тавиулах талаар амаар тохиролцож 2023 оны 09 сард байгуулсан гэрээгээр зөвхөн 2 ширхэг нам даралтын зуух авахаар л тохиролцсон юм. 2023 оны 08 сард хавьцаа би аавтайгаа ярилцаж байсан юм. Тэгэхэд аав маань нэмэлтээр ослын үед ашиглах нөөц цахилгаан зуух авбал ямар бэ гэх саналыг гаргаж байсан ба тухайн үед * ХХК-ийн үйлдвэр дээр очиход * нь манайх цахилгаан зуух үйлдвэрлэдэг гэж хэлэн 7-8 ширхэг дөрвөлжин, 90-600 мкв талбайг халаах хүчин чадалтай гэх цахилгаан зуухыг төрөл төрлөөс нь харуулсан бөгөөд танай барилгад ослын үед ашиглах цахилгаан зуух байхгүй юм уу, авахгүй юм уу гэж хэлсэн. Үүний дагуу аавтайгаа ярилцаад бид хоёр тэгье гэж тохиролцоод дахиж шинээр 4 ширхэг цахилгаан зуухныхаа үнийн саналыг явуул гэсний дагуу *аас 4 ширхэг цахилгаан зуухны үнийн санал ирсэн.

2020 онд мөнгөө шилжүүлэхдээ цахилгааны зуухны төлбөр гэж шилжүүлээгүй, 2 ширхэг нам даралтын зуухны мөнгө гэж л шилжүүлсэн юм. Тухайн үед * нь Алтан-Очир ахаа нам даралтын зуух нь бэлэн болоогүй бөгөөд материалыг нь авчихсан хийгдэж байгаа, бэлэн байгаа 4 цахилгаан зуухаа урьдчилаад тавьж байвал яасан бэ гэж хэлж байсан. Миний зүгээс 2 ширхэг нам даралтын зуух 14-21 хоногийн дараа бэлэн болох учраас бэлэн байгаа юм бол нэг ч гэсэн ажлаа явуулж байя гэж хэлсний дагуу 2020 оны 10 сарын 25-ны хавьцаа 4 ширхэг цахилгаан зуух манай байгууллагад буусан.

Тухайн шилжүүлсэн мөнгө нь 4 ширхэг цахилгаан зуухны мөнгө биш, нам даралтын 2 зуухны мөнгө байсан юм. 4 ширхэг цахилгаан зуухыг тавиад дуусаж байхад ковид гарсан юм. Ковид гарсны дараа *аас надад танай нэг зуухыг хийгээд бэлэн болчихсон, /хавтаст хэрэгт айлын хашаанд байгаагаар зураг байдаг/ нэг зуухны материалыг аваад хийж байгаа, хавар гэхэд бүрэн дуусна гэж хэлэхэд би хавар болж байгаа тул өвөл хүртэл барилгаа зогсооно, нэг мөсөн нам даралтын зуух маань бэлэн болохоор дулаан тавиулъя гэх тайлбарыг өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл, шалтгаан нь зөвхөн 2 нам даралтын зуух худалдаж авах байсан юм. 4 ширхэг цахилгаан зуух нь зөвхөн ослын үед ажиллуулахаар байсан.          Гэрээнд 4 ширхэг цахилгаан зуухыг жирийн үед ашиглана гэх заалт нэг ч байхгүй. Яагаад нам даралтын уурын зуух тавиад байгаа юм бэ гэвэл цахилгаан эрчим хүчнээс хол байхын тулд л юм. Хавтаст хэргийн 20 дугаар хуудаст үнийн дүн нь 4 ширхэг цахилгаан зуухны үнэ 11,880,000 төгрөг, 3000 мкв талбайг халаах нам даралтын зуух нь 17,800,000 төгрөг гэдгийг тодруулж хэлмээр байна. Ажлын хөлс нь 3,200,000 төгрөг, 2,000,000 төгрөг. 2023 оны 09 сард байгуулсан гэрээ нь 2019 онд шилжүүлсэн 19,000,000 төгрөгөөс нэмээд авсан мөнгө 28,500,000 юм. Энэ нь зөвхөн ажлын хөлс нь ороогүй дүн, 2 нам даралтын  уурын зуухны төлбөр нь 33,700,000 төгрөг юм. 1 нам даралтын уурын зуухын төлбөр 16,850,000 төгрөг юм. Хариуцагч талаас 17,500,000 төгрөг гэж 2020 оны үнийг тайлбарлаад байна. Бид 2023 оны үнэ буюу 16,850,000 төгрөгөөр тооцож авсан. Хариуцагч талаас үнийг саналыг зөрүүтэй тайлбарлаад байна.

Шинжээчийн дүгнэлтэд нам даралтын насосыг ашиглалтын явцад шатсан гэж гарсан байсан. Шугамд байх хийг хоосон сорсноос болж насос шатдаг юм. *ын тавьсан зуухнуудаас болоод насос шатсан болохоос биш би тухайн насосыг гаднаас нь цохих юм уу эсхүл хүйтэн агаар оруулах зэргээр миний буруутай үйлдлээс болсон зүйл байхгүй. Нам даралтын насос нь зуухны үйл ажиллагаанаас болж шатаад байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр 6 зуухыг зэрэг ажиллуулж байж тухайн барилгыг бүрэн халаана гэж дүгнэлт гаргасан байхад 25 килограмм нүүрсээр 1 цаг 30 минут ч хүрэхгүй дулаанаа алдаж байна. Анх талууд 2 нам даралтын зуухыг авахаар, 4 цахилгаан зуухыг зөвхөн ослын үед ажиллуулахаар гэрээ хийсэн байдаг.

Шинжээчийн дүгнэлтийн 2.1-т тодорхой зааж өгсөн байдаг. Уурын зуух нь давхар хэрэглээний халуун усаа гаргаж байх ёстой байсан. Яагаад гэвэл төвийн дулаантай биш учраас давхар хэрэглээний халуун ус гаргах байсан. Хэрэглээний халуун усаа гаргаж чадахгүй байсан учраас шугам хоолойг нэмсэн юм.

Тухайн үед би *ын зуух болчих болов уу гэж найдан ялтсан бойлер хүртэл худалдан авч тавиулсан ч халааж чадахгүй байсан. Хаврын улирал байсан тул халаалтын асуудлаа шийдвэрлэх шаардлагатай болсон тул * ХХК-ийн *тай холбогдож чадаагүй тул өөр компаниар ажил үйлчилгээг гүйцэтгүүлсэн.

Барилгын зураг төслийн дагуу 2 ширхэг нам даралтын зуух авч хэрэглээний халуун ус гаргах, дулаанаа хангуулах тохиролцоотой, ийм хүсэл зоригтой байсан. 4 цахилгаан зуухыг зөвхөн ослын үед ажиллуулахаар байсан. Анх нам даралтын зуухын материалыг мөнгийг бидний зүгээс шилжүүлсэн. 4 ширхэг цахилгаан зуухыг 2020 оны 10 сарын 25-ны өдөр суурилуулж орхисон, халааж өгөөгүй. 4 ширхэг цахилгаан зуухны үнэ 11,880,000 төгрөг, суурилуулах ажлын хөлс нь 2,000,000 төгрөг болсон. Цахилгаан зуухны урьдчилгаа болох 2,000,000 төгрөгийг 2020 оны 10 сарын 06-ны өдөр өгсөн. 2020 оны 10 сарын 16-ны өдөр 9,500,000 төгрөг өгсөн.

Үүнийг нам даралтын зуухны урьдчилгаа төлбөр болгож өгсөн. Анх гэрээгээр 4 ширхэг цахилгаан зуух биш, нам даралтын 2 ширхэг зуух авах байсан юм. 4 ширхэг цахилгаан зуухнаас 2,000,000 төгрөг төлсөн. Өөр төлбөр төлөөгүй. 2020 оны 09 сарын 16-ны өдөр 700,000 төгрөг, 3,800,000 төгрөг, 2020 оны 09 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 16-ны өдөр 9,500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг нийт 19,000,000 төгрөгийг 2 ширхэг нам даралтын төлбөр болгож шилжүүлсэн. Суурилуулалтын зардлыг үйлдвэрлэгдээд ирээгүй тул нэхэмжлээгүй.

Нам даралтын 2 зуухыг 2023 оны 10 сарын 25-ны өдөр манай байгууллагад авчирч 2023 оны 11 сарын 07-ны өдөр суурилуулж дууссан. 2023 оны 11 сарын 07-ны өдрөөс 2023 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл 7 хоног ашигласан. 2023 оны 11 сарын 13-ны өдөр уурын зуухын насос шатаж, галлагааг зогсоосон. Насос эргэхэд хоолой нь хөрөөд байсан. Үүнийг нь * ХХК-ийн захирал *т хэлэхэд 4 ширхэг цахилгаан зуухаа нэмээд залгачих гэх тайлбарыг өгсөн. 4 ширхэг цахилгаан зуухыг залгахаар насос шатаад байсан. * ХХК-ийн захирал * нь тухайн 2 нам даралтын зуухаар барилгыг маань хангалттай хэмжээнд халааж, хэрэглээний ус гарна гэж хэлж байсан. * ХХК-ийн захирал * нь бид нарт тусдаа бойлер авч тавиад хэрэглээний халуун ус гаргах бүрэн боломжтой гэж хэлж байсан.

2023 оны 11 сарын 13-ны өдөр * ХХК-ийн захирал * манай байгууллагын зуухны дулааны усыг, барилгын устай цуг буулгах байсан ч, барилгын дулааны усыг буулгаагүй, өөрсдөө буулга гэж хэлээд явсан байсан. Үүнийг нь тухайн үед би мэдээгүй, буулгасан байх гэж итгэсэн. Хавар шугам хоолой хөлдсөн байсан.*ХХК-иар хөлдсөн шугам хоолойг солиулсан.  Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ хийсэн зүйл байхгүй хөлдчихсөн болохоор бүгдийг нь сольчихсон.*ХХК-иар хийлгэсэн ажил 3,750,000 төгрөг, материалын зардал 1,300,000 төгрөг нийт 5,050,000 төгрөг болсон. Гэрээнээс татгалзах талаар хариуцагч байгууллагад 2020-2024 оны 04 сард албан бичгээр мэдэгдэл явуулсан. 2024 оны 4 сард * ХХК-ийн захирал *тай уулзаж тухайн зуухнуудыг буцаан өгөх, солиулах талаар ярилцахад * нь таны зуухыг нэг жил өнжсөн байхад яаж авдаг юм бэ? 1 жилийн хугацаанд тухайн зуухны чанар байдал алдагдсан тул авах болон солих боломжгүй. Явдаг газраар нь яв гэсэн тул шүүхэд хандсан. Ковидын үеэр буюу 2022 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл нэг ч жуулчны бааз ажиллаагүй учраас манайх тухайн 4 цахилгаан зуухыг ажиллуулсан гэх үндэслэл байхгүй байна. Манай байгууллага өр зээлтэй тул барилгыг маань битүүмжилсэн тул тухайн зуухнууд ажиллах боломжгүй байгаа.

* ХХК-ийн захирал * нь зуухаа авчирч өгснөөр гэрээний үүргээ дууссанд тооцдог юм байна лээ. Бусад компаниудаас үүгээр ялгардаг. * ХХК-ийн тавьсан зуухын хүчин чадал манай барилгыг халааж дийлэхгүй байгаа учраас өөр зуухаар сольж байгаа, цахилгаан зуухыг ажиллуулахгүй. Хүчин чадалтай өөр нам даралтын зуух тавиулж байгаа. * ХХК нь надад гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хүлээлгэж өгөөгүй. 2 нам даралтын зуух доголдолтой. 4 цахилгаан зуухыг ашиглаагүй, нөөц болгож авсан тул бүх юмаа буцаад өгөөд мөнгөө авмаар байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад * компанийн захирал буюу хувьцаа эзэмшигч *ыг хамтран хариуцагчаар оролцуулсан. * нь тухайн компанийн цор ганц хувьцаа эзэмшигч байсан учраас хамтран хариуцагчаар *ыг оролцуулах үндэслэлтэй байна.

* ХХК нь *ХХК-тай нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх суурилуулах гэрээг байгуулсан учраас хамтран хариуцах ёстой гэж үзсэн тул компанийг хариуцагчаар татсан юм. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 09 сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний 1.1-т иж бүрэн стандартаар халаах зохих зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэсэн 1,500 метр квадратын нам даралтын хоёр ширхэг зуухыг нийлүүлж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн зуухыг ажиллуулснаар халаалт хэвийн явагдаж байгаа болохыг хүлээлгэн өгнө мөн дээрх 2 ширхэг зуухаас гадна зөвхөн ослын нөхцөлд л ашиглах зориулалттай цахилгаанаар халаах 4 ширхэг тоогоор ажиллах чадвартай цахилгаан зуухыг зохих зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэн нийлүүлж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн ослын нөхцөлд бүрэн ажиллаж байгаа болохыг хүлээлгэн өгнө гэж тохиролцсон байна.

*ХХК-ийн захирал *ын тайлбараар хариуцагч тал албан ёсоор ажлаа бүрэн гүйцэд дуусгаж хүлээлгэж өгөөгүй байгаа юм байна. Зохих зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэсэн гэсэн мөртлөө зуух үйлдвэрлэхэд хаанаас ямар зөвшөөрөл авсны үндсэн дээр уг үйл ажиллагааг явуулах ёстой байдаг юм бэ гэх баримт байдаггүй. Хавтаст хэргийн 69 хуудаст авагдсан * ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар байгаа юм. 2013 оны 08 сарын 15-ны өдөр бүртгэгдсэн * дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн үйл ажиллагааны чиглэл хэсэгт төмрөөр хашаа хайс хийх, туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл хэсэгт сантехникийн материалын худалдаа, гадаад худалдаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа гэж үйл ажиллагааны чиглэлүүдийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдаад байгаа юм. Хариуцагчаас 2024 оны 08 сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа * ХХК нь 2014 оноос эхлэн дотооддоо оюуны өмчийн газрын ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажсан эрүүл аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан нам даралтын галладаг болон цахилгаан зуух үйлдвэрлэн угсарч суурилуулах сантехникийн засвар үйлчилгээг эрхлэн явуулдаг гэж дурдаад байгаа юм.

Үүнээс үзэхэд * ХХК нь түлш болон цахилгаанаар ажиллах зуух үйлдвэрлэх суурилуулах эрхтэй болохоо нотолсон баримтыг хавтаст хэргийн материалд өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байдаг. Ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажсан гэдгээс өөрөөр нь тайлбарласан тайлбар бол байдаггүй. Ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажсан гэдэг нь тухайн нам даралтын зуухны загвар нь ийм ийм улсын бүртгэлд бүртгүүлээд оюуны өмчийн ашигтай загвар авсан гэж байгаа нь уг тусгай зуухыг тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлээд нийлүүлээд угсарч байгаа үйлдэл бол биш юм. 2001 оны аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг зааж өгсөн. Мөн хуулийн 15.1-т энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ. Мөн хуулийн 15.8-т түлш эрчим хүчний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг заасан байх бөгөөд мөн хуулийн 15.1.1, 15.8.1, 15.8.2, 15.8.3, 15.8.4, 15.8.5-т тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 15.5-т зуух даралтат сав шугам хоолойн угсралт засвар үйлчилгээ эрхлэх гэж заасан бөгөөд тухайн үйлчилгээ нь тусгай зөвшөөрөлтэй хийгддэг үйл ажиллагаа байна. Талуудын байгуулсан гэрээний 1.2-т гүйцэтгэгч нь захиалагчид түлшээр ажиллах 2 ширхэг уурын зуух, ослын үед цахилгаанаар ажиллах 4 ширхэг зуухнуудын бичиг баримт, зуухны үзүүлэлтийн талаар болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох талаарх нотолгоо түлш болон цахилгаанаар ажиллах зуух үйлдвэрлэх суурилуулах эрхтэй болох баримт бичгүүд, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөө танилцуулсан бөгөөд энэхүү гэрээнд нотариатаар гэрчлүүлэн тус тус хавсаргаж байгаа болно гэж заасан гэтэл оюуны өмчийн газраас олгосон ашигтай загварын гэрчилгээ гэснээс өөрөөр ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл *ХХК-д үзүүлсэн бичиг баримт байдаггүй.

Зуухнуудын бичиг баримт нь 2304 дугаартай ашигтай загварын гэрчилгээ нь 2014 оны 06 сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэв, энэхүү ашигтай загвар нь 2014 оны 03 сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт 7 жил хүчинтэй гэж дурдсан байгаад байгаа юм. 7 жилийн хугацааг нь тооцохоор 2021 онд дууссан бөгөөд *ХХК-тай гэрээ байгуулах үед буюу 2023 оны 09 сард ашигтай загварын гэрчилгээний хугацаа дууссанаас хойш гэрээ байгуулсан болох нь харагдаж байна. Иймээс зохих зөвшөөрөлтэй уг үйл ажиллагааг зуухны зуух үйлдвэрлэх нийлүүлэх үйл ажиллагааг мөн явуулахгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

     

2.Хариуцагч * ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:* ХХК нь 2013 оноос эхлэн дотооддоо Оюуны өмчийн газрын Ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажсан эрүүл, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан нам даралтын галладаг болон цахилгаан зуух үйлдвэрлэн угсарч, суурилуулах, сантехникийн засвар үйлчилгээг эрхлэн явуулдаг. Манай компанийн “*” ХХК фэйсбүүк пэйж хуудас руу 2020 оны хавар “*” ХХК холбогдож Тэрэлжид байрлах “...* жуулчны баазын зочид буудлын зуухны шугамын температур 20°C дээш гарч халахгүй байна, зуухаа солих хэрэгтэй байна” гэсэн. Ингээд хэд хоногийн дараа тус компанийн жуулчны баазад өдрийн 16-17 цагийн үед очиж үзэхэд “Казахстан улсын зуух суурилуулсан чамайг ирнэ гээд өглөөнөөс хойш нэлээн сайн галласан гэхэд 20 зааж ” байсан.

Мөн зуухны өрөө зочид буудлын барилгаас тусдаа байрлалтай ба зуухны өрөөнөөс уг барилга руу сантехникийг холбосон, зоорийн давхраас дээш нийт 4 давхар хүртэл дулааны шугамыг холбосон, галлагаа хэвийн явагдаж байх үед өрөө, тасалгаа, коридорын температур -°С, өгөх, буцах шугамын температур 20°С зааж, зоорийн давхрын шалаар их хэмжээний ус мөстсөн байсан.

Нам даралтын зуух, паарны сонголт, хувиарлах коллектор нь бүгд усны эзлэхүүн ихтэй байсан. Тухайн үед ажиллаж байсан галчаас усны эзлэхүүнийг асуухад “зөвхөн Казахстан улсын нам даралтын зууханд 2 тонн гаруй ус орсон, мөн зуухны өрөөнд байрлах нэмэлт усны танк 2 тонны багтаамжтай” гэсэн.

Ийнхүү зуухны өрөөнд гэхэд нийт 4 тонн гаруй устай тул “*” жуулчны баазын зочид буудлын барилгыг халаах байтугай зуухны өрөөний усаа халааж дийлэхгүй их устай байсан.

Эргэлтийн насос тус бүр нь 1,5 квт-н хэт өндөр хүчин чадалтай 2ш эргэлтийн насос сонгон тавьсан нь буцах шугамын хүйтэн ус зууханд ороод халаад гарах боломжийг олгохгүй маш түргэн эргэлдүүлж байсныг тогтоосон.

Ингээд “*” ХХК-ийн захирал *т би “Нам даралтын зуух нъ усны эзлэхүүн ихтэй байна, зуухны өрөөнд байгаа хуваарилах коллекторт илүү коллектор тавьсан нь 150л ус илүү орж байна, дээрээс нь үнэ хямд усны эзлэхүүн ихтэй паар сонгосон байна, тиймээс усны эзлэхүүн багатай паар эсвэл панелин паараар солих хэрэгтэй" гэж зөвлөсөн. Захирал *: Яаж усны эзлэхүүнийг багасгах вэ? юу хийх талаар асуухад би усны эзлэхүүнийг байж болох хамгийн багаар багасгах талаар зөвлөсөн. Захирал *: Одоо бол ийм олон тооны паар сольж чадахгүй ээ. Энэ жилдээ зуухаа аваад халаагаад үзье. Дараа жилээс санхүү, мөнгө гайгүй орж ирвэл паарнуудаа танайхтай үнэ хөлсийг тохирч солиулна гэж дахин паарны талаар ярилцаагүй. Ингээд 2020 оны 08 сарын 27-ны өдөр манай компаниас зуухны үнийн санал явуулж, “*” ХХК-иас тус бүр нь 500 м.кв халаах чадалтай цахилгаан зуух 4ш, тус бүр нь 1500м.кв халаах чадалтай хагас автомат нам даралтын зуух 2ш захиалж урьдчилгаа төлбөрт 19,000,000 /арван есөн сая/ шилжүүлсэн.

Тухайн үед өгсөн үнийн санал, мөн хийсэн ажил, гүйцэтгээгүй ажлын шалтгаантай хамтад нь бичив:

1.Тус бүр нь 500 м.кв-г халаах чадалтай цахилгаан зуух 4ш*2,970,000= 11,880,000+2,000,000 сантехникийн ажил=13,880,000 байх үнийн саналыг өгсөн. /Цахилгаан зуухны баталгаат хугацаа 12 cap, Сантехникийн ажлын баталгаат хугацаа 1 сар/

2020 оны намар 4ш цахилгаан зуухыг “*” жуулчны баазын зочид буудлын зоорийн давхарт байрлах узелийн өрөөнд суурилуулж, халааж, ашиглалтын заавар зөвлөгөөг “*” ХХК-ийн захирал *, түүний найз, зочид буудлын барилгын цахилгааныг холбосон залууг байлцуулан хүлээлцсэн.

2. Тус бүр нь 1500 м.кв-г халаах чадалтай хагас автомат нам даралтын зуух 2ш*8900,000=17,800,000 байх үнийн саналыг захиалагчид өгсөн.

            “*” ХХК санхүүгийн асуудлаас болж 2ш нам даралтын зуухны ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан ба шилжүүлсэн 19,000,000-13,880,000=үлдэгдэл 5,120,000-өөр түүхий эд, материал авч 1ш хагас автомат нам даралтын зуух үйлдвэрлэж, зуухыг 2023 он хүртэл 3 жил гүйцэтгэгч манай үйлдвэрийн байранд хадгалж байсан. 2023 оны 09 сард “*” ХХК-иас холбогдож үлдэгдэл ажлаа гүйцэтгүүлэхээр болсон.

Ийнхүү бид: 1.2023 оны 09 сарын 29-ний өдөр “Нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г нөхөн байгуулж, дутуу 1ш нам даралтын зуухыг үйлдвэрлэхээр тохиролцсон.

2. Мөн 2023 оны 11 сарын 01-ний өдөр нэмэлтээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээгээр зоорийн давхарт суурилуулсан цахилгаан зуухыг нь зочид буудлын барилгаас тусдаа байрлалтай зуухны өрөө рүү зөөж суурилуулах, 2ш хагас автомат нам даралтын зуухыг суурилуулах, хуучин сантехник болон халаалт салгах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.

Хагас автомат нам даралтын зуухыг угсарч, суурилуулан жуулчны баазын захирал *, түүний ах, баазын жижүүр нарын 3 хүнийг байлцуулан 2023 оны 10 сарын 24-ний өдөр №002 тоот “Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгасан акт”-аар 3 өдөр ажиллуулахад усны температур 50-60 градусын хооронд зуухны техникийн пасспортын хамт хүлээлгэн өгсөн. Мөн Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн. Харин “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр тохиролцсон зоорийн давхарт байсан эзлэхүүний савыг хамгийн өндөр цэг болох *давхарт байрлуулахын тулд*давхар хүртэл КО дриллээр өрөмдөх ажил хийгдэж нэмэлт усны савыг байрлуулсан ажлын хөлс 2,000,000 дутуу, гэрээгээр тохиролцоогүй баруун жигүүрт дулаан өгөх явцад барилгын дотор сантехникт ус алдаж засварын тооцоологдоогүй ажил гарсан энэ ажлын хөлс 1,500,000 төлбөр тооцоо хийгдээгүй байгаа болно.

“Нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, сурлуулах гэрээ”-гээр “*" жуулчны баазын зочид буудлын барилга нь баруун зүүн жигүүрээс бүрдсэн 4 давхар нийт 2565 м.кв хэмжээтэй талбайг дулаанаар хангах гэрээ байгуулсан. Тухайн үед баруун зүүн жигүүрийг зэрэг халаан хүлээлгэн өгөх ёстой байсан боловч баруун, зүүн 2 жигүүр нь барилгыг олон жил ашиглалтад оруулаагүйгээс холбох шугам маарлын элэгдэлд орж энд тэндээс ус гоожиж хөлдөж хагарсан байсан, тухайн үед бид нар Баруун жигүүрийн халаалтын шугамд засвар үйлчилгээ хийж дууссан тул 1500 мкв-г халаах хүчин чадалтай хагас автомат нам даралтын 2ш зуухыг баруун жигүүрт 1,1-ээр ээлжлэн халааж хагас автомат зуухнуудыг асуудалгүй халаадаг ажиллагаа хэвийн болохыг шалгаж хүлээлгэн өгч зуухны манайхтай хийх тооцоо дуусгавар болсон.

Халуун усаар хангах гэрээ байгуулаагүй энэ ажлыг манайхаар хийлгэх байсан бол үнийн саналыг танилцуулах байсан. Манайхыг ажил гүйцэтгэж байх үед барилгын дотоод засвар, заслын ажлууд дуусаагүй байсан бас тогтвор суурьшилтай галч олдохгүй байна гэдэг шалтгаанаас болж халаалтыг зогсоож үлдсэн ажлыг хавраас үнэ тохирч хийхээр болсон. Үүнд: Зүүн жигүүрийн засвар үйлчилгээ, хэрэглээний халуун усыг бойлуур ашиглан халаах ажил байсан.

2024 оны хавар “*” ХХК, “Хөх түмэн арвижих” ХХК-тай зоорийн давхрын ерөнхий шугам хоолой, барилгыг халаах, хэрэглээний халуун ус тавиулахаар хамтарч ажилласан энэ 2 компанийн хувьд хамтарч ажиллахад ямар ч асуудал байхгүй ч гэлээ хагас автомат нам даралтын зуухаар хэрэглээний халуун усаа шийдэх гэж байгаа талаар зөвлөлдөж болох байсан гэхдээ энэ 2ш хагас автомат зуухаар хэрэглээний халуун ус гаргаж болохгүйг захирал * мэдэж байсан. Өмнө нь манайхаас анхааруулж хэлж байсан. Мөн “*” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь Казахстан улсын нам даралтын зуух байрлуулсан байх үеийнхтэй ижил холболтууд хийж усны эзлэхүүнийг ихэсгэсэн.

Гэтэл зүүн жигүүрийг халаахаар хаалтыг нээж баруун жигүүрийн ус зүүн жигүүр лүү юүлэгдсэн уг нь хаалтыг нээх үедээ усаа зэрэг нэмээд явж болох байсан. Ус дундарснаас үүдэлтэй насос эргэлтгүй болон паарлаж шатсан байдалтай байсан. Ингэж ажиллагааны горимыг алдагдуулснаас болж өгөх шугам паарлаж дахин 1 ш насосыг шатаасан байна. Зуух үйлдвэрлэж, нийлүүлсэн хүний хувьд дуудсан цаг тухай бүрд очиж шаардлагатай үйлчилгээг үзүүлж хэвийн горимд оруулж явдаг байсан.

Манай компанийн нийлүүлсэн 2ш хагас автомат нам даралтын зуух ажиллагаа хэвийн, дулаанаа 4-6 цагийн зайтай галлаж байсан /дулаан барилт нь барилгын дулаан алдагдлаас хамаарч галлагааны горим хэдэн цаг байх нь шалтгаалдаг/, хэрхэн ажиллах заавар зөвлөгөөг өгсөн, сайн чанарын бүтээгдэхүүн болно. Мөн зуухны температурт түлшний чанар нөлөөлдөг болно. Тус жуулчны бааз нь галч байхгүй, галч нь байнга солигдох, галч нь согтуу байх, сантехникийн сайн мэдлэггүй хүнээр дураараа ажиллагааны горим заавар зөрчсөн зэргээс болж насос шатсан байна. Иймд 2020 оны намар нийлүүлсэн 4ш цахилгаан зуухыг 4 жил ашиглаж баталгаат хугацаа дууссаны дараа буцаана гэдэг үндэслэлгүй, 2ш нам даралтын зуухны ажиллагааны горим зөрчсөн явдалд компани буруугүй тул хохирол төлөх үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа.

*ХХК болон * нарын хооронд гэрээ байгуулагдсан. * гэх хувь хүнтэй гэрээ байгуулаагүй, тохиролцож байгаагүй. * нь * ХХК-ийн захирлын хувиар *ХХК-тай уулзаж, гэрээ байгуулсан байдаг. 2 нам даралтын зуухыг 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс ажил гүйцэтгүүлэх гэрээ гэж нэмэлт гэрээ байгуулсан.

Тухайн цахилгаан зуухыг өөр газар суурилуулсан бөгөөд цахилгаан зуухыг салгаад жуулчны баазын барилгын доор өөр газарт шилжүүлэх процесс явагдсан. 2 нам даралтын зуухыг бол угсарч суурилуулаад 2023 оны 11 сард *ХХК-ийн захирал * болон түүний ах баазын жижүүр, түүний найз гэсэн 3 хүнийг байлцуулж, танилцуулаад хүлээлгэж өгсөн байдаг. Тухайн үед нам даралтын зуухыг ажиллуулаад халаалтын температурыг нь туршиж үзсэн. Температур нь хэд дээр зааж байсан гэдгийг нь хавтаст хэрэгт хавсаргаад өгчихсөн байгаа. Гэрээнд заасан халаалтын температурт хүрч байсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр зоорины давхарт байсан савыг 4 давхарт зөөж байрлуулах явцад сантехникийн ажлууд хийгдсэн. Ажлын хөлс нь нэмэлт усны сав байрлуулсан 2,000,000 төгрөг, баруун жигүүрт дулаан өгөхтэй холбоотой ус алдсаны улмаас сантехникийн ажлын хөлс 1,500,000 төгрөг болсон. Эдгээр төлбөрийг өгөөгүй байгаа. 2020 онд цахилгаан зуухнуудыг хүлээлгэн өгсөн.

Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу цахилгаан зуухны баталгаат хугацаа 12 сар байхаар тогтоож өгсөн. 2020 оны 08 сард цахилгаан зуухыг байрлуулж өгсөн бөгөөд 12 сар ба түүнээс дээш 4 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал ашигласаар ирсэн. Тийм учраас гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. 4 жилийн хугацаанд тухайн жуулчны баазын өмчлөлд шилжээд цахилгааны төлбөр төлж, дулаанаар хангагдаж ирсэн 2 нам даралтын зуухыг суурилуулж өгснөөс хойш ашиглаж байсан гэж хариуцагч тал үзэж байна. 2020 онд 19,000,000 төгрөг шилжүүлснээс 4 ширхэг цахилгаан зуухны үнэ 11,880,000 төгрөг, холболт хийхтэй гарсан зардал 2,000,000 төгрөг, нийт 13,880,000 төгрөг болсон.

Нам даралтын зуухны үнэ нэг нь 8,900,000 төгрөг байхаар үнийн санал өгсөн боловч 2023 онд 2 зуухыг 17,500,000 төгрөг, холболтыг салгаж зөөвөрлөхөд 1,500,000 төгрөг, нам даралтын тогоог угсарч суурилуулах нэг удаагийн ажил хөлс 1,500,000 төгрөг, 2 нам даралтын зуухыг 3,000,000 төгрөгөөр суурилуулсан. Цахилгаан зуухыг зөөх, дахин суурилуулах ажлын хөлс нь 2,800,000 төгрөг, 2023 оны 11 сарын 01-ний өдөр нэмэлтээр хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний хөлс 4,000,000 төгрөг. Тухайн нэмэлт ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын зоорины давхарт 50 метр өргөх шугамыг шинээр солиод босоо шугамын хаалтуудыг шинээр сольсон.

Мөн барилгын төхөөрөмжүүдийг халаахад бэлэн болгож өгсөн. Нэмэлт засварын ажил буюу нэмэлт ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй 1,500,000 төгрөг байгаа, энэ нь холболтыг салгаж зөөвөрлөх үеийн хөлс, нийт 33,700,000 төгрөг болж байгаа юм.

Бидний зүгээс гэрээнд заасан ашиглалтын шаардлага хангасан тухайн жуулчны баазын зохих дулааныг хангаж чадахаар бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлчихсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Манай талаас нэхэмжлэгч талын жуулчны баазад очиж ямар зуухыг, яаж суурилуулж болох талаар ойлгомжтой тайлбарлаж үнийн саналыг тодорхой гаргаж өгсөн гэж үзэж байна. Тухайн жуулчны баазын халаалтын өрөө нь жуулчны баазтайгаа хамт байдаггүй, тусдаа өөр газар байрладаг болохоор * ХХК-ийн гаргасан зураг төсөлд үндэслэн цахилгаан зуух буюу нэмэлтээр ажиллах зуух хэрэгтэй юм байна гэх саналыг гаргасан. Нийт ерөнхий модуль халааж гүйцэтгэх зуух нь 2 нам даралтын зуух бөгөөд 1 зуух нь 1500-3000 мкв талбайг халааж болох юм гэж үзсэн.

Тухайн үед цахилгаан зуухны үнэ, нам даралтын зуух, ажлын хөлсийг нь саналыг нэхэмжлэгч талд тодорхой тайлбарлаж өгсөн байдаг. Үүний дагуу төлбөр мөнгөө шилжүүлж, бидний зүгээс зуухнуудыг бүрэн хүлээлгэж өгсөн байдаг. Нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан бүрэн дуусгаж амжаагүй, 4 жил ашиглачихсан байна. Бадрах гурван сайхан ХХК-ийн захирал *ын хэлж байгаагаар тухайн жуулчны баазад хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх бүрэн автомат зуух тохирохгүй гэж хэлсэн. Бүрэн автомат зуух нь нүүрсээ сайн шатааж дуусгахгүй, голд нь нүүрс нь бөөгнөрч үлдэж, түлш нь барьцалдаж, гол нь эргэхгүй редуктороо хуга мушгиж ажиллуулах боломжгүй болгодог учраас хагас автомат зуухыг санал болгож суурилуулж өгч гэрээнд хэдэн килограмм нүүрсээр хэдэн цаг минут дулаанаа барих талаар гэрээнд тусгаж, нэхэмжлэгч байгууллагын барилгын зураг төсөлд нийцүүлэн зуухыг суурилуулж өгсөн. Үүний дагуу шинжээчийн дүгнэлт тэгж гарсан байдаг.

Анх гэрээг байгуулахдаа * ХХК-ийн зүгээс тухайн зуухыг үйлдвэрлэж, суурилуулах эрхтэй гэсэн техникийн баримт бичиг, зуухны үйлдвэрлэл нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн баримт бичгүүдээ бүгдийг нь *ХХК-ийн захирал *т танилцуулсны үндсэн дээр гэрээг байгуулсан байхад эрхтэй, эрхгүйг гэж ярих үндэслэлгүй байна.

Бидний зүгээс анх гэрээ байгуулахдаа бүх техник баримт бичгүүдээ үзүүлж танилцуулж гэрээг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 11 сарын 24-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Бидний зүгээс гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч талаас гэрээний төлбөр тооцоогоо шилжүүлсэн нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хуульд захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан тухайн зуухыг ажиллуулж байсан фото зургаар, шинжээчийн дүгнэлтээр тухайн үед ажиллуулаад хүлээлгэн өгсөн гэдгийг нотолно. Гэрээний харилцаа нь 2020 оны 08 сараас эхэлсэн.

Тухайн үед зуухны үнийн саналаа явуулж, 2023 оны 09 сарын 29-ний өдөр нөхөж хийсэн юм. Бодитоор 2020 онд зуухыг хүлээн авсан талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. 2023 онд үлдэгдэл зуухны асуудлаар холбогдож нам даралтын зуухыг сүүлд өгсөн. 2020 оны 8 сард 4 ширхэг цахилгаан зуухыг суурилуулж, нэхэмжлэгч байгууллагын захиралд хүлээлгэн өгч ажлын хөлсөнд 2,000,000 төгрөгийг авсан. 2020 оноос хойш захиалагч байгууллагаас ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. 2020 оны 08 сард цахилгаан зуухыг цахилгаанд холбоод ажиллуулж өгөөд явснаас хойш 2020-2024 он буюу 4 жилийн хугацаанд нэхэмжлэгч байгууллага тухайн зуухнуудыг ашиглаж ирсэн. Нэхэмжлэгч байгууллага цахилгаан эрчим хүчээ хэмнэх зорилгоор бага хэмжээгээр ажиллуулсан байж болзошгүй. Тухайн зуух ажилласны хүчинд барилга хөлдөх эрсдэлээс хамгаалсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 4 цахилгаан зуухаар тухайн жуулчны баазыг бүрэн хангах боломжтой гэж үзсэн учраас бидний зүгээс тухайн 4 зуухаар халаах бүрэн боломжтой гэж үзэж байна. Би цахилгааны мэдлэгтэй хүн биш тул сайн мэдэхгүй байна. Нам даралтын зуух байхгүй байсан ч 4 цахилгаан зуухаар барилгыг халаах боломжтой гэж үзэж гэрээг хийсэн би ойлгож байгаа. Тухайн зуухнуудаар нэхэмжлэгч байгууллагын дулааныг хангалттай хангасан гэж үзэж байна. Оюуны өмчийн газрын 2014 оны 95 дугаар тушаалаар * ХХК-ийн нам даралтын усан болон халаалтын тогтмол ажиллагаатай зуух үйлдвэрлэх ашигтай загварын гэрчилгээг олгосон. Ашигтай загварын гэрчилгээний дагуу манай байгууллага бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, нийлүүлдэг. Цахилгаан болон галлагаагаар халаагч гэх техникийн паспортыг үйлдвэрлэсэн зуухандаа тухай бүрт нь хийдэг. Техникийн актаар тухайн зуухыг хүлээлгэн өгдөг.

Захиалагч тал ашигтай загварын гэрчилгээтэй, баталгаат зуухны паспорттай танилцаж, гэрээнд ашигтай загварын гэрчилгээ, баталгаат зуухны паспортын хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсарган, эх хувийг захиалагч талд өгч, үүний дагуу гэрээ хийгдсэн гэж ойлгож байгаа. Шинжээчийн дүгнэлтэд талууд техникийн баримт бичигтэй танилцаж, шаардлага хангасны дагуу гэрээг байгуулсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Талуудын байгуулсан гэрээг хүчилж байгуулаагүй бөгөөд гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, төлбөр тооцоогоо төлж барагдуулсан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 12.5-т зааснаар өөрийн хэрэгцээг хангах 1.5 мегаватт хүртэл эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэх дамжуулахад тусгай зөвшөөрөл шаардахгүй гэж заалт байдаг. Ашигтай загварын гэрчилгээгээр манай байгууллага зуух үйлдвэрлэх, суурилуулах эрхтэй гэдэг нь нотлогдож байгаа. Бидний зүгээс *ХХК-ийн захирал *т ажлаа хүлээлгэн өгч, хүчилж гарын үсэг зуруулах боломжгүй юм. Тухайн үед *ХХК-ийн захирал * нь хүлээн авч, ажиллуулж, температурын заалтыг харж, шалгаж, үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэж байна гэв.

2024 оны 04, 05 сараас халуун ус гаргах гэж*ХХК-аас шугам нэмсэн учраас насос шатсан гэж мэдэгдсэн. *ХХК-аас 2024 оны хавар насос шатсан талаар мэдэгдэж * захирал очиход шугам нэмсний улмаас насос шатсан байсан. * захирал яагаад надад зөвлөлдөлгүй миний хийсэн зууханд шугам хоолой нэмсэн юм бэ гэж хэлж байсан. Энэ асуудал удаа дараа давтагдсан байсан. Гэрээний 6.7, 6.8-т бүх төрлийн түлш гэж зааж өгсөн тул хориглосон зүйл байхгүй. Хэмжээг мөн зааж өгөөгүй. Зуухнуудын хувьд эвдрэл гэмтэл байхгүй, насос шатсаны улмаас тус хэрэг маргаан гарсан юм. Халуун ус гаргах гэж шугам нэмснээр тухайн нам даралтын насос шатсан юм. Шугам нэмэхээс өмнө манай тал зуухыг ажиллуулж, нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн юм. 2024 оны хавар нэхэмжлэгч байгууллага халуун ус гаргах гэж шугам нэмсэн. Шугам нэмснээр зуухны хүчин чадал хүрэлгүй, насосоо шатаагаад байсан юм. * захирал мэдээд надтай зөвлөлдөлгүй яагаад шугам хоолой нэмсэн юм бэ гэхэд хэрэглээний халуун ус гаргах гэж нэмсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал өгсөн байдаг. 3,000 мкв талбайг халаах хүчин чадалтай. Цахилгаан болон нам даралтын аль аль зууханд асуудал байхгүй. Маргааны гол шалтгаан нь халуун ус гаргах гэж шугам хоолой нэмсэн тул хоолой нь хий сороод насос шатсан. *ХХК-ийн зүгээс*ХХК-тай байгуулсан гэрээг хэрэгт гаргаж өгсөн байдаг. 2 нам даралтын зуухны төлбөр нь 29,380,000 төгрөг, 4 цахилгаан зуух 11,880,000 төгрөг болж байгаа. Бусад нь сантехникийн холболт, ажлын хөлс байгаа юм.

Нэхэмжлэгч талын хэлснээр стандарт дулаанаа барихгүй байна эсхүл суурилуулалтын явцад насос шатсан, алдаатай үйлдвэрлэгдсэн гэж үзэн баримт хэрэгт байхгүй тул үндэслэлгүй байна. Бидний зүгээс тухайн зуухыг бүрэн хүлээлгээд өгчихсөн. Тийм учраас тухайн зуухнуудыг 4 жилийн хугацаанд ашигласан хир нь гэрээнээс татгалзаж байгаа гэдэг нь үндэслэлгүй байна. * ХХК-аас үйлдвэрлэсэн зуухны хувьд суурилуулалт болон үйлдвэрлэлийн хувьд ямар ч хувьд алдаа байхгүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан. Иргэний хуулийн 351.2-т захиалагч ажил гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж авах үүрэгтэй байдаг. Мөн Иргэний хуулийн 352.1-т хэрвээ ажил гүйцэтгэсэн нь доголдолтой гэж үзэж байгаа бол доголдлыг арилгуулахаар зааж өгсөн. Нэхэмжлэгч талаас ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Өөр компани орж ирээд арай илүү бараа бүтээгдэхүүн санал болгосон юм шиг санагдаад манайх зүгээр таалагдахгүй болонгуут  нь буцаая гээд л шүүхэд шууд хандсан. Ингэх боломжгүй. Нэг ч удаа гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т талуудын хооронд чөлөөт байдлын гэрээ байгуулагдсан. *ХХК-ийн захирал *ыг тухайн зуухыг ав гэж ямар нэгэн байдлаар дарамтлаагүй, тодорхой үнийн саналыг явуулж үнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр талууд гэрээ байгуулсан. Тухайн зуухыг суурилуулаад халаагаад хүлээлгэж өгсний дараа үлдэгдэл төлбөрөө төлж гэрээг дуусгавар болгосон юм. Суурилуулаад хэдэн сарын дараа насос шатчихлаа гэж мэдэгдэж тухайн хэрэг маргаан үүссэн юм. Нэхэмжлэгч талаас гэрчээр галчийг оролцуулж өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох бүрэн боломжтой байсан. Бидний зүгээс тухайн зуухнуудыг 4 жилийн хугацаанд ашигласан тул гэрээнээс татгалзах татгалзах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *ХХК-ийн зүгээс 2,565 мкв хэмжээтэй 4 давхар барилгаа 2 ширхэг нам даралтын зуухаар халаалгах зорилготой байсан учраас * ХХК-тай холбогдсон. 2 ширхэг нам даралтын зуухыг дагалдаад зөвхөн ослын үед ашиглагдах 4 ширхэг цахилгаан зуух авахаар талууд тохиролцсон байдаг. Тэрнээс биш нийт 6 ширхэг зуух авахаар тохиролцоогүй юм. 2023 оны 09 сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 25 хоног гэж байгаа юм. 2023 оны 09 сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд * ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд маргаан үүсэхгүй байсан. 2024 оны 03 сарын 10-ны өдөр хөлдсөн шугам хоолойг засварлахаар*ХХК-тай 2024 оны 04 сарын 01-ны өдөр гэрээ байгуулсан. Маргаан гарах болсон шалтгаан нь гүйцэтгэгч тал нь захиалагч талдаа ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүйгээс үүдэлтэй. Шинжээчийн дүгнэлтийн 1.2, 6.2, 6.3-т заасан баримт бичиг нь байхгүй байна.

Өөрөөр хэлбэл уурын зуух үйлдвэрлэх зөвшөөрөлтэй юу? Суурилуулах тоног төхөөрөмж хийх боломжтой юу? боломжгүй юу? гэдэг нь өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ компани ийм чадвар чадамжтай гэдэг нь тодорхой бус байна. * ХХК-ийн зүгээс бид нарт ямар нэгэн байдлаар зуух ашиглалтын заавар зөвлөгөөг өгөх гэсэн байдлаар нэг ч удаа хандаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч талын зүгээс 2 ширхэг нам даралтын зуух нь ямар нэгэн байдлаар хүчин чадал хэмжээндээ хүрэхгүй юм байна гэх тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгчийн байгууллагын гүйцэтгэх захирлын хэлсэн шиг машинаар хаазаа тултал гишгэж байж л тухайн зуухуудаар барилгыг бүрэн халаах боломжтой байгаа юм. Талуудын байгуулсан гэрээнд зөвхөн ослын үед л 4 ширхэг цахилгаан зуухыг ашиглахаар зааж өгсөн байдаг. Гэтэл ослын үед хэрэглэгдэх зуух маань тогтмол ажиллах нөхцөл байдалтай байгаа учраас нэхэмжлэгч байгууллага маань гэрээнээсээ татгалзаж байгаа юм. 2023 оны 04 сард бид нарын зүгээс энэхүү зөрчлөө арилга гэдэг байдлаар * ХХК-д удаа дараа хандсан. Иргэний хуулийн 250 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээ, худалдах худалдан авах гэрээний зохицуулалтуудыг талууд гэрээндээ дурдсан байдаг.

Иргэний хуулийн 243-т худалдах худалдан авах гэрээтэй холбоотой зохицуулалт, мөн хуулийн 243.2, 243.1, 251.1-т заасан гол зохицуулалтуудын агуулга нь биет байдлын доголдолгүй худалдсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолгүй байх нөхцөл байдлын талаар гол гол зохицуулалт байдаг.  Мөн хуулийн 343, 350 дугаар зүйлүүдэд ажил гүйцэтгэгчийн үүрэг, 351.6, 351.7 дах зохицуулалтын дагуу захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлнэ. Гүйцэтгэсэн ажлын үр дүн нь ямар нэгэн доголдолгүй, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдсан зардлыг гүйцэтгэгч өөрөө хариуцан арилгах зохицуулалтуудыг дурдаж өгсөн байдаг. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан зохицуулалтын дагуу ажил гүйцэтгэх гэрээнээс гадна гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байна. Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэж өгөөгүй атлаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, та нар зуухаа ашиглах боломжтой гэдэг байдлаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна. 2020 онд 4 ширхэг цахилгаан зуухыг суурилуулсан гэж байгаа боловч ямар нэгэн байдлаар 2024 он хүртэлх хугацаанд буцаан шаардах эсхүл зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Гагцхүү талуудын хүсэл зориг нь 2020 онд нам даралтын зуух худалдан авах эхний яриа хэлцэл хийж, түнийгээ албажуулж биежүүлж гаргасан нь 2023 оны 09 сарын 29-ний өдөр байгаа юм. 2023 оны 09 сарын 29-ний өдрийн гэрээний 7.2-т гүйцэтгэгч тал нь цахилгаан зуухан дээр 19 сарын баталгааг өгнө.

Хариуцагч талаас бид нар объектынхоо ерөнхий нөхцөл байдалтай нь танилцаад түүнд нь тохирсон зуухыг нийлүүлсэн гэх тайлбарыг гаргасан. Тухайн үедээ гүйцэтгэгч тал нь цахилгаан зуухны ажилласан ажиллаагүй хэвийн нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас 2023 оны 09 сарын 29-ний өдрөөс хойш 12 сарын баталгаа болгож байгаа юм. Хариуцагч байгууллагын хууль бус буруутай үйлдлээс шалтгаалж компанид учирсан яаралтай арга хэмжээнүүдийг авах зайлшгүй шаардлага үүссэн учраас*ХХК-тай гэрээ байгуулах болсон юм. 2023 оны 10 сарын 24-ний өдөр гэрээнд заасан үүргээ хугацаанд биелүүлж, хүлээлгэн өгчихсөн байсан бол бид нарын зүгээс өөр компанитай гэрээлэх шаардлага шалтгаан байхгүй байх байсан. Дээрх шалтгаан нөхцөлүүдийг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

     

3.Нэхэмжлэгчээс *ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар, *ХХК, * ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ,  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, * ХХК-ийн ашигтай загварын гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нам даралтын болон цахилгаан зуух худалдан авах гэрээ, үнийн санал, гүйцэтгэх ажил, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №24/04 дугаар * ХХК-д хүргүүлсэн шаардлага, уурын зуухны төлбөр төлсөн баримт, *ын ХААН банкны дансны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, *ХХК, *ХХК нарын зарлагын баримт, *ын Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, * жуулчны бааз зочид буудлын барилгын зураг төсөл,  зэргийн нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас фото зураг 8, зуухны зураг, Г.*ын ХААН банкны * тоот депозит дансны хуулга зэргийг баримтаар ирүүлсэн байна.

Шүүхээс ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулиас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байна.

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *ХХК нь * ХХК-д холбогдуулан 55,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *ХХК нь * ХХК-иас гэрээг цуцалж, 55,430,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг дараах гэрээнүүдийг үндэслэл болгон шаардаж байна.

Үүнд:2023 оны 9 сарын 29-ний өдрийн Нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ, 2024 оны 03 сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 03 сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нам даралтын болон цахилгаан зуух худалдан авах гэрээ,  үндэслэл болгожээ. /хх-ийн 12-25-р тал/

Талуудын хооронд байгуулагдсан анхны гэрээ хэлцэл 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Нам даралтын болон Цахилгаан зуух худалдан авах гэрээ” нэртэй гэрээ байгуулагддаг. Уг гэрээгээр талууд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, 6-р хороо, *ийн байгалийн цогцолбор газрын *анд байрлах, * жуулчны баазын зочид буудлын 3000 м.кв талбайг халаах хүчин чадалтай, хэрэглээний халуун ус гаргах боломжтой, нүүрс, мод, цахилгаанаар ажиллах боломжтой, нам даралтын болон цахилгаан зуух үйлдвэрлэн, нийлүүлж, угсрах, халаалтаар бүрэн хангах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын нийт хөлс 34,880,000 төгрөг байх, уг дүнгээс урьдчилгаа 50 хувийн төлбөрт 17,440,000 төгрөгийг гэрээ байгуулагдах үед төлж, зуухны угсралтын ажил хийж дуусахад 30 хувь буюу 10,464,000 төгрөгийг, ажлыг бүрэн хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгөх үед 20 хувь буюу 6,976,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэрээт ажлын 1-р үе шат буюу зуух үйлдвэрлэх ажлыг 30 хоногийн дотор хийж гүйцэтгэх, 7 хоногийн дотор уурын зуухны барилгад угсарч барилгыг халаасан байхаар тохиролцсон байна.

Уг гэрээ хэлцлийн дагуу захиалагчаас гүйцэтгэгч буюу Г.*ын ХААН банк дахь * тоот данс руу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 700,000 төгрөгөөр, 3,800,000 төгрөгөөр тус тус 1 удаа, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 9,500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 19,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн тооцооллын хүснэгт, дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

Талууд дээрх мөнгөн төлбөрийг хүлээн авсан хүлээлгэн өгсөн талаар маргадаггүй.

Дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил болон зуухны үнэ, ажлын хөлсний талаар талууд маргадаг. * ХХК-иас 2020 оны 9 сард 4 ш цахилгаан зуухыг *ХХК-ийн * жуулчны баазад дээр авчирч байршуулсан байна.

Нэхэмжлэгчээс уг 4 ш зуухыг манай тал анхнаасаа гэрээгээр хийж гүйцэтгүүлэх ажил биш, 2 ш нам даралтын зуух худалдан авч суурилуулах байсан, хожим нь зөвхөн ослын үед ашиглах зориулалтаар 4 ш цахилгаан зуухыг нэмэлтээр авч ашиглахаар гэрээ байгуулсан, тухайн үед 2020 онд 4 ш цахилгаан зуухыг хүлээн авч, ашиглаагүй, зөвхөн 2 ш нам даралтын зуухыг үйлдвэрлэж, халаалт хэвийн болох хүртэл хугацаагаад гарашид түр хадгалж байршуулахаар авч ирсэн байсан. Халаалт хэвийн болох хүртэл хугацаагаар огт ашиглаагүй гэж тайлбарлан уг 4 ш цахилгаан зуухыг буцаан өгч үнийг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч талаас нийт 11,880,000 төгрөгийн үнэ бүхий 4 ш цахилгаан зуухыг гэрээний дагуу суурилуулан өгч, ажлын хөлс 2,000,000 төгрөг, нийт 13,880,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч талаас 4 ш цахилгаан зуухны үнэ 11,880,000 төгрөг, түүнийг суурилуулах ажлын хөлс 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар маргаж мэтгэлцдэггүй.

Талуудын байгуулсан 2020 оны 09 сарын 15-ны өдрийн гэрээнд нам даралтын болон цахилгаан зуух худалдан авах, угсарч суурилуулах, халаалтаар хангах гэж тусгагдсан байдаг ч дээрх гэрээ 4 ш цахилгаан зуухыг нийлүүлж, угсрах ажлыг хийж гүйцэтгэснээр зогссон гэх тайлбарыг талууд хэн аль нь гаргаж, цааш 2023 оны 9 сар хүртэл гэрээний үүрэг биелэгдээгүй, зогссон шалтгааныг өөр өөрөөр тайлбарлан мэтгэлцдэг. Нэхэмжлэгч гэрээний үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлээгүй, нам даралтын 2 зуур үйлдвэрлэх ажиллагаа удааширснаас үүдэлтэйгээр 2020 оны 12 сар болж, Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалан бүх үйлдвэр үйлчилгээ зогсож, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, талууд гэрээний үүргээ шаардах боломжгүй болж 2021 оны хавар хүртэл хойшлуулахаар талууд тохиролцоод цар тахал үргэлжилж 2022 оны 7 сард хэвийн болоход эргэж холбогдож, Г.*аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан гэж тайлбарладаг.

Харин хариуцагч талаас нэхэмжлэгч тал 2020 оны 11 сард санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тул 2 ш нам даралтын зуух үйлдвэрлэх, угсрах ажлыг хойшлуулах санал гаргасан, 1 зуухыг үйлдвэрлэн бэлэн болгож нэг зуухыг төлбөр шилжүүлээгүйн улмаас үйлдвэрлээгүй байсаар 2022 он болсон гэж тайлбарладаг.

Дээрх талуудын тайлбараас 2022 оны 7 сар хүртэл хугацаагаар гэрээний үүргээ хэн аль нь биелүүлээгүй, шаардаж байгаагүй гэх үйл баримт тогтоогдож байна.

Улмаар талууд дээрх гэрээний үргэлжлэл болох “Нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шинэчлэн байгуулж, уг гэрээгээр * ХХК нь Улаанбаатар хотын Налайх дүүрэг, *-р хороо, *ийн байгалийн цогцолбор газрын *анд байрлах, * жуулчны баазын зочид буудлын 2565 м.кв хэмжээтэй зоорьтой 4 давхар барилгад тохируулан иж бүрнээр нь стандарт дулаанаар халаах зохих зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдсэн 1500 м.кв-ын нам даралтын зуухыг нийлүүлж, суурилуулах ажлыг 25 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн халаалт хэвийн явагдах нөхцөлөөр хүлээлгэн өгөх, мөн уг барилгад зөвхөн ослын үед ашиглах зориулалттай, цахилгаанаар халах 4 ширхэг цахилгаан  зуухыг үйлдвэрлэн нийлүүлж, суурилуулах, ослын нөхцөлд бүрэн ажиллаж байгаа нөхцөлөөр хүлээлгэн өгөх үүргийг хүлээж, захиалагч *ХХК нь нийт ажлын хөлсний 50 хувийг төлж,  зуухыг захиалагч талд өгч угсралт эхлэхийн өмнө 30 хувийг, угсралтаа дуусган халаах ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараа үлдэх 20 хувийн төлбөрийг төлж дуусгах, хийж гүйцэтгэх ажлын хөлсийг нийт 33,700,000 төгрөг байх, үүнээс 2020 оны илүү төлөлт 5,120,000 төгрөгийг хасаж 28,580,000 төгрөгийг төлөх, уг төлбөрийг дээрх тохиролцсон хувиар буюу 50 хувьд тооцон 14,290,000 төгрөгийг урьдчилан төлөх, зуухыг суурилуулахын өмнө 30 хувь буюу 8,574,000 төгрөгийг төлж, үлдэх 20 хувь буюу 5,716,000 төгрөгийг нам даралтын болон цахилгаан зуухуудыг талууд актаар хүлээлцсэний дараа төлөхөөр тохиролцсон байна.

Мөн дээрх гэрээний дагуу халаалтын зуухыг суурилуулан, халаалтыг хэвийн горимоор ажиллуулах ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдон тус жуулчны баазын халаалтын шугам хоолойг шинээр суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр *ХХК болон * ХХК нарын хооронд  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээгээр талууд “*“ жуулчны баазын зочид буудлын 2565 м.кв хэмжээтэй зоорьтой 4 давхар барилгын зоорийн давхрын 50м өгөх шугамыг шинээр солих, босоо шугамын хаалтуудыг шинээр солих ажлыг хийж гүйцэтгэн барилгын зүүн жигүүрийг халаахад бэлэн болгож 4 хоногийн дотор буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж,  2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг нийт 4,000,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа болгон 50 хувийг буюу 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 2,000,000 төгрөгийг ажлыг хүлээлгэн өгснөөр төлөхөөр тохиролцсон байна.

Мөн уг гэрээнд талууд уг ажил гүйцэтгэх гэрээт ажлыг хийх явцад нэмэлт ажил хийж гүйцэтгэн уг ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг нэмж төлөхөөр гэрээнд нэмэлт оруулжээ.

Талуудын байгуулсан гэрээний нөхцөл, агуулга, тэдний хооронд хийгдсэн тохиролцоогоор Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч *ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 4,290,000 төгрөгийн шилжүүлж 3 удаагийн гүйлгээгээр мөн өдөр нийт 14,290,000 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 8,574,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 200,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 716,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 31,380,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлэн өгч, дээрх гэрээний дагуу 2020-2023 оны хооронд нийт 50,380,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байна. Талууд уг мөнгөн дүнгийн талаар маргадаггүй.

Хариуцагч * ХХК-иас гэрээний дагуу 2 ширхэг нам даралтын зуухыг үйлдвэрлэн 2023 оны 10 сарын 25-ны өдөр * жуулчны баазад аваачиж угсарч, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн 2023 оны 11 сарын 06-ны өдөр суурилуулж дуусгасан байна.

Талууд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийж гүйцэтгэсэн 50 м өгөх шугамыг шинээр солих, босоо шугамын хаалтуудыг шинээр солих ажлын гүйцэтгэл болон ажлын нийт хөлс нэмэлтээр хийсэн ажлын хамт 5,500,000 төгрөгийн төлбөртэй холбоотой маргадаггүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэхүү гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэв.

Харин талууд 2 ш нам даралтын зуух, 4 ш цахилгаан зуухыг суурилуулах, халаалтыг хэвийн горимоор ажиллуулахтай холбогдон маргаж, нэхэмжлэгчээс энэхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор хариуцагч * ХХК болон иргэн Г.* нар нь хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөөгүй, нийт 3000 м.кв талбайг бүрэн хэмжээгээр халаах боломжгүй, хэвийн горимоор ажиллах боломжгүй 2 ш нам даралтын зуух нийлүүлсэн, батлагдсан зураг төсөл, гэрээний дагуу 2 ш нам даралтын зуухыг ажлуулж, хэрэглээний халуун усаар хангах боломжгүй зуух байсныг хэлээгүй, мэдэгдээгүй, нэмэлт зардал гаргаж бойлуур тавиулсан, халаалтыг хэвийн болгож, жигдрүүлж, хэрхэн ажиллуулах зааварчилгаа, галалгааг бүрэн зааж өгөөгүйгээс ердийн дулаанаар хангаж чадахгүй, ажиллах боломжгүй болсныг мэдэгдсээр байтал засан сайжруулж өгөөгүй, боломжит хугацаа өгсөөр байтал доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй учраас гэрээнээс татгалзаж, 4 ш цахилгаан зуух, 2 ш нам даралтын зуухыг буцаан өгч, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 30,580,000 төгрөгийг, хариуцагчийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас шугам хоолой хөлдөж солих ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардал буюу*ХХК-д төлсөн 3,750,000 төгрөгийг материалын зардал 1,300,000 төгрөг нийт 54,630,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...бид гэрээний дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, актаар хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал ашиглалтын горимыг зөрчсөн, нэмэлт насос суурилуулсан, манай 2 ш нам даралтын зуухаар хэрэглээний халуун ус гаргаж болохгүйг * захирал мэдэж байсан, байнгын галч байхгүй, халаалтын темпратурт түлшний чанар нөлөөлдөг, 2 ш нам даралтын зуур 4-6 цагийн зайтай галлаж байсан, бид цаг тухайд нь нэмэлт үйлчилгээ үзүүлэх, засан сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж ирсэн байхад өөр этгээдээр нам даралтын зуух тавиулж, эзлэхүүнийг ихэсгэсэн, 2 ш нам даралтын зуухны ажиллагааны горимыг зөрчсөн, 4 ш цахилгаан зуухыг 4 жил ашиглаж байгаад одоо баталгаат хугацаа дууссаны дараа буцаах гэж байгааг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулсан бол гэрээний үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.

Хариуцагч * ХХК нь ажлыг бүрэн хийж гүйцэтгэн  актаар хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн “Халаалтын тогоо түүний төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгасан акт” баримтыг үндэслэл болгодог боловч уг баримтаар 2 ш нам даралтын зуух, ослын үед ажиллуулах 4 ш цахилгаан зуухыг суурилуулан, халаалтыг хэвийн горимд ажиллуулах боломжтой байдлаар хүлээлгэн өгч ажлыг 100 хувь бүрэн гүйцэт дуусгаж хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч талаас уг баримтад гарын үсэг зураагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан “...зуухыг хэвийн ажиллах хүртэл 2-3 хоног галлаж, халаалтыг тогтвортой болгож өгөөгүй явсан, явснаас хойш халаалт 45 градусаар дээш байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байсан тул ослын үед ажлуулах нэмэлт 4 цахилгаан зуухыг ажиллуулах үед насос шатсан, энэ талаар хариуцагчид мэдэгдэж, насосыг өөрийн зардлаар сольсон боловч дахин шатсан, Г.* захирал өөрөө ирж үзээд зуухыг ашиглах боломжгүй болсон учраас халаалтыг зогсоож, шугам хоолойны усыг шавхаж өгөөд хавар дахин галлаж засварлахаар тохиролцсон..., ...нам даралтын 2 зуух бүтэн хүчин чадлаараа ажиллаад ч +45 градусаас дээш халахгүй байсан...” гэх тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн халаалтын зуух үйлдвэрлэн суурилуулах, халаалтыг хэвийн горимд ажиллах нөхцөлөөр хангасан байдлаар шилжүүлэн өгөх үүргээ хэрэгжүүлсэн, ямар нэг доголдолгүй хүлээлгэн өгсөн гэх тайлбарын тухайд тухайн хийж гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч нь хүлээн авах үед илрүүлэх боломжгүй, доголдол мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй, харин ашиглалтын явцад илэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Эрчим хүчний сургуулийг  шинжээчээр томилсон.

Шинжээчээс: талуудын хооронд байгуулагдсан “Нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-ний дагуу хийгдсэн *ХХК-ийн Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, *ийн БЦГ-ын *анд байрлах “*” жуулчны баазад Зочид буудлын 2565 м.кв талбай бүхий 4 давхар барилгад иж бүрэн стандарт дулаанаар халаах, зохих зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэсэн 1500 м.кв-ын нам даралтын 2 ш зуух, ослын үед ажиллах зориулалттай цахилгаанаар халаах 4 ширхэг цахилгаан зуухыг тус тус нийлүүлж, суурилуулах ажил батлагдсан зураг төсөл, гэрээний дагуу тохиролцсон нөхцөлөөр хийгдсэн эсэх талаар дүгнэхдээ:Талууд 4 ш цахилгаан зуух, 2 ш нам даралтын зуухыг гэрээний дагуу нийлүүлж суурилуулсан байна. Харин хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлцэхдээ нэг талыг байлцуулаагүй, хүлээн авагч тал зөвшөөрсөн эсэх тодорхойгүй байна. Газар дээр нь очиж үзэхэд халаалтын системээс салгасан байсан тул гэрээний нөхцөлийг хангасан, хангаагүй талаар дүгнэх боломжгүй гэж,  

-уг нам даралтын 2 ширхэг зуух, 4 ширхэг цахилгаан зуух нь * жуулчны баазыг стандарт дулаанаар хангах боломжтой эсэх талаар дүгнэлтдээ хэрэгт авагдсан * жуулчны баазын 2565 м.кв талбай бүхий барилгын 2011 онд боловсруулагдсан ХС:13/11, шифртэй халаалт салхивчийн ажлын зураг төсөл, ХС:2011/25 шифртэй зураг төслүүдийг хооронд нь харьцуулалт хийн үндэслэл болгож, тухайн жуулчны бааз обьектын дулааны ачаалал 350 квт болж байна. Харин * ХХК-ийн нийлүүлсэн нам даралтын зуух нь тус бүр 1000-1500 м.кв  талбайтай обьектийг халаах бололцоотой, ба үүнийг ОХУ-д ашигладаг стандарт аргачлалд дурдсан 1 м.кв талбайд 100 вт дулааны ачаалал ногдох гэснээр тооцоолоход 100000-150000 Вт буюу 100-150 кВт болно. Хэрэв обьектийн дулаан алдагдал нь *Барилгын дулаан хамгаалалт дүрэмд заасан норм хэмжээнд хэьийн бол нэг зуух нь 150 кВт буюу 1500 м.кв талбайтай обьектийг бүрэн хүчин чадлаараа халаах боломжтой байна. Ингэж тооцох тохиолдолд нам даралтын 2 зуухны нийлбэр хүчин чадал нь 300 кВт, нэг бүр нь 42 кВт-ын 4 ширхэг цахилгаан зуухны нийлбэр хүчин чадал нь 168 кВт гэвэл нийтдээ 468 кВт болох тул тус зочид буудлын зураг төсөлд заасан 350 кВт дулааны ачааллыг бүрэн хангахаар байна гэж

ргэлтийн насос шатсан шалтгааныг тодорхойлон, насос шатсан шалтгаан нь суурилуулалтын эсхүл хэрэглээний явцад алинаас шалтгаалсан болох талаарх дүгнэлтдээ: “...Ерөнхий харагдах байдлаас харахад нэлээд удаан хугацаанд усгүй хоосон явуулах, эсвэл хэт их ачаалал өгснөөр хөдөлгүүр халж шатдаг тийм шинж байдал харагдаж байсан...насосны цахилгаан хөдөлгүүр нь практикаас харахад суурилуулалтын гэхээс илүүтэй ашиглалтын нөхцөл байдлаас ихээхэн хамаарч гэмтдэг...,...тухайн гэмтэл гарах үеийн нөхцөл байдлыг шууд дүгнэхэд хэцүү байгаа тул үүнээс өөрөөр тодорхойлох боломжгүй гэж,

-*ХХК-иас усны эзлэхүүнийг ихэсгэж труба нэмж суурилуулсан явдал нь халаалтын  системийг хангалттай температурт хүрэхгүй байх шалтгаан болсон эсэх талаар дүгнэхдээ: “...захиалагч угсралтын ажлыг хийлгэх явцдаа зургийн дагуу биш дороос түгээлттэй 2 ба 4 хоолойт системээр гүйцэтгүүлсэн байгаа нь халаалтын системээр эргэх усан эзэлхүүнийг нэмэгдүүлэхээс гадна шугам хоолойн холболтыг булан тохой ихтэй хийснээс халаалтын системийн эсэргүүцлийг ихэсгэжээ. Үүнээс шалтгаалан халаалтын системийн температур тооцоот утга хүртэл халахгүй байх нөхцөл үүссэн гэж үзэхээр байна, ...халаалтын системийн усны эзлэхүүнийг нэмэгдүүлсэн бол хэвийн хэмжээнд системийг халааж явуулахын тулд зуухны хүчин чадлыг мөн нэмэгдүүлэх ёстой.” гэж,

-нам даралтын халаалтын зуухны температурт түлшний чанар нөлөөлөх эсэх талаар дүгнэхдээ: “...Аливаа зуухны ажиллагаа, халж гарах усны температурт тухайн зууханд түлэх түлшний шинж чанар шууд нөлөөлдөг болно. Нам даралтын зуухны температурт түлшний чанар шууд нөлөөлдөг ба чанар дээшилбэл нэмэгдэж, буурвал багасаж байдаг болно.” гэж дүгнэн ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн 2 ш нам даралтын зуух бүрэн 100 хувьд боломжит дээд хүчин чадлаараа ажиллаад ч обьектийг халаах боломжгүй байсан нь ажлыг хийж гүйцэтгэснээс хойш илэрсэн гэх тайлбар хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн гаргасан “...манай тус бүр нь 1000-1500 м.кв талбайг халаах хүчин чадалтай 2 ш нам даралтын зуух нийлүүлэх боломжтой талаар үнийн санал, гүйцэтгэх ажлын тооцооллыг хүргүүлсэн...” гэх тайлбараар тус тус тогтоогдож, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил захиалагчийн хүсэл зоригт нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул уг хийж гүйцэтгэсэн ажлыг доголдолтой байсан гэж үзэхээр байна.  

Талууд тайлбараар нэхэмжлэгчийн * жуулчны баазад 2 ш нам даралтын зуух, 4 ш цахилгаан зуухыг суурилуулах ажил 2023 оны 11 сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн зоорийн давхрын 50 м өгөх шугамыг шинээр солих, босоо шугамын хаалтуудыг шинээр солих ажлыг хийж гүйцэтгэснээр буюу 2023 оны 11 сарын 05-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн 2023 оны 10 сарын 24-ний актаар ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэх тайлбар үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийн 2023 оны 11 сарын 06-ны өдөр зуухыг галлаж халаалтыг эхлүүлсэн гэх тайлбар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд хариуцагчийг 2023 оны 11 сарын 06-ны өдөр ажлыг дуусган анхны галлагааг хийж, халаалтыг туршилтын журмаар хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн өдрөө хариуцагч тал нэхэмжлэгчийн ажилтанд зааварчилгаа өгснөөр уг жуулчны баазаас явсан, түүнээс хойш насос шатсан, халаалт хэвийн явагдах боломжгүй талаар хариуцагчийн төлөөлөгч Г.*т 2023 оны 11 сарын 13-ны өдөр мэдэгдсэн нь доголдлыг ашиглалтын явцад илрүүлж гомдлын шаардлагыг хуульд заасан хугацааны дотор буюу 6 сарын дотор гаргасан гэж үзэхээр байна. Хариуцагчийн энэ талаар гаргасан “...гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгах, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэмж гарсан зардал болон доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхтэй боловч доголдлыг арилгах хариуцагчийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар хийлгэхэд гарсан гэх*ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн хөлдсөн шугам хоолойг сольж өгөхөд төлсөн 3,750,000 төгрөг, материалын зардал 1,300,000 төгрөг нийт 5,050,000 төгрөгийг шаардаж байна.

Нэхэмжлэгч талаас уг шаардлагатай холбоотойгоор*ХХК-тай байгуулсан 2024 оны 03 сарын 10-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 03 сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг ирүүлдэг. Уг гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн эсэх, уг хийж гүйцэтгэсэн ажил нь хариуцагч * ХХК-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн доголдлыг арилгуулсан, уг ажлыг хийж гүйцэтгэхэд хэдий хэмжээний нэмэлт зардал гарсан талаар нотлох бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангах боломжгүй байна.

Талуудын хүсэл зориг бүрэн хэрэгжиж гэрээ дуусгавар болоогүй, үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй боловч уг хохирол нь бодитой байх, гэрээ цуцлагдсантай шууд шалтгаант холбоотой үүссэн байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байх ёстой.

Нэхэмжлэгч зөвхөн ослын үед ажиллуулах зорилгоор 4 ш цахилгаан зуухыг нэмэлтээр авсан гэж тайлбарлан гэрээг цуцалж, 4 ш цахилгаан зуухыг буцаан өгч, үнийг гаргуулахаар шаардаж байна. Уг 4 ш цахилгаан зуухны тухайд талууд хэн аль нь ослын үед нэмэлтээр ажиллуулахаар гэрээгээр тохиролцсон, уг зуухыг ашиглалтын явцад доголдол илрээгүй, энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй, цаашид гэрээнд заагдсан зориулалтаар буюу зөвхөн ослын үед ажилуулж, ашиглах боломжтой тул 4 ширхэг цахилгаан зуух, түүнийг суурилуулахад гарсан ажлын хөлс 13,880,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзлээ.

Мөн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн зоорийн давхрын 50 м өгөх шугамыг шинээр солих, босоо шугамын хаалтуудыг шинээр солих ажлыг хийж гүйцэтгүүлэн ажлын хөлсөнд төлөгдсөн 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй, уг ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, уг шугам хөлдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн уг шугамыг хөлдөөсөн нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй холбоогүй, уг шугамыг шинээр суурилуулах ажлыг*ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, үүнтэй холбоотой шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,  38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчээс шилжүүлэн өгсөн нийт 50,380,000 төгрөгөөс 4 цахилгаан зуухны үнэ, ажлын хөлсний хамт 13,380,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 5,500,000 төгрөгийг хасч тооцон, хариуцагчийн бэлтгэн нийлүүлсэн 2 ш нам даралтын зуухыг чанарын шаардлага хангахгүй, доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн, хариуцагчаас уг 2 ш нам даралтын зуухыг дахин хүчин чадлыг нэмэгдүүлсэн байдлаар шинээр гүйцэтгүүлэн үйлдвэрлэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчид уг 2 ш нам даралтын зуухыг буцаан өгч, 2 ш нам даралтын зуухны үнэ болон суурилуулах, ашиглахтай холбогдон гарсан зардалд тооцон үлдэх 31,500,000 төгрөгийг хариуцагч * ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Г.*ыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Г.*т холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг түүний ХААН банк дахь дансанд шилжүүлсэн тул түүнээс шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулна гэж тодорхойлдог боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээг иргэн Г.*тай байгуулаагүй, * ХХК-ийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар байгуулсан, Г.* нь нэхэмжлэгчтэй ямарваа нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, үүрэг үүсээгүй, гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэг хүлээгээгүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс талуудад эвлэрэх талаар боломжит хугацаа олгож, бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч Г.* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...2 ш нам даралтын зуухыг буцаан авч, зуухны төлбөрт 18,000,000 төгрөгийг өгөхөөр эвлэрэх боломжтой” гэх тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч тал уг дүнгээр эвлэрэх боломжгүй гэх тайлбарыг гаргадаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, хэргийн материалтай танилцуулах, эвлэрэн хэлэлцэх боломжоор хангуулах хүсэлтийг гаргадаг бөгөөд шүүхээс энэ талаар боломжит хугацааг олгож удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч хариуцагч Г.* хүрэлцэн ирээгүй, *д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан талаар болон өөрөө биечлэн оролцох талаар ямарваа нэгэн хүсэлт санал гараагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч * ХХК-иас нийт 31,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,930,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Г.*т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *ХХК-иас 2 ш нам даралтын зуухыг гаргуулан хариуцагч * ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэж байна.

 

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 315,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                        

                                                      ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 31,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,930,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Г.*т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *ХХК-иас 2 ш нам даралтын зуухыг гаргуулан хариуцагч * ХХК-д буцаан олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хариуцагчаас 315,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.НЯМСҮРЭН