| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 221/2025/0017/З |
| Дугаар | 221/ШШ2025/0013 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/ШШ2025/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам батлах тухай” №57 тогтоолоор батлагдсан Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 4.3.6 дахь заалт “энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй” нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Н.Г нар оролцов.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 221/2025/0017/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам батлах тухай” №57 тогтоолоор батлагдсан Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 4.3.6 дахь заалт “энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй” нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны гурван 03 дугаар сарын арваны өдрийн шүүгчид тавих болзол шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журмын 57 дугаар тогтоолоор баталсан. Уг журамд 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоолоор 4.3, 4.3.6 дахь заалт буюу энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй гэсэн заалт нь хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр баталсан уг журам нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт. Энэ актын 4.3.6-д заасан заалтаар намайг шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан байдаг. Татгалзсантай холбоотой асуудлыг анхан шатны журмаар шийдвэрлүүлсэн. Уг заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоол дээр нэмсэн. Энэхүү заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Монгол улсын үндсэн хууль, энэ хуульд болон бусад хуульд нийцсэн байх гэдгийг зөрчсөн, мөн 60.1.2 тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга зорилго хүрээнд нийцсэн байх гэдгийг мөн зөрчсөн, 60.1.6 зургаа хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн 3 хуулийн шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгч иргэний хувьд үзсэн. Учир нь шүүгчид тавих болзол шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журмын 4.3.6 дахь заалт нь Монгол улсын үндсэн хуулийн 51.3, Шүүхийн тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан шаардлагад хамаарахгүй бөгөөд нэр дэвшигч иргэнд хуульд заагаагүй нэмэлт шаардлага бий болгосон, хууль зөрчсөн захиргааны хэм хэмжээний акт үйлчилж байна. Өөрөөр хэлбэл хуулиас давсан хуулийн заалтыг явц оруулж үйлчлэлийг нь хумьсан шинжийг агуулж байгаа юм. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол улсын үндсэн хуульд зааснаар байгуулагддаг. Үндсэн хуульд зааснаар хуульчдын дундаас шүүгчийг шилж олох үндсэн чиг үүрэгтэй байгууллага атлаа энэхүү зорилгоосоо ухарсан. Хуульд заагаагүй үндэслэлийг өөрсдөө батлан гаргаж хуульд заасан шаардлагыг хангасан иргэнийг хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзаж, нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа юм. Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх, оролцох нь нэг талаас иргэн миний эрх хууль ёсны ашиг сонирхол боловч нөгөө талаас Монгол улсын төрийн эрх мэдлийн нэг салаа мөчир болох шүүх эрх мэдлийг эмхлэн байгуулах, бүрдүүлэх онцгой ажиллагаа гэж би үзэж байгаа. Энэ агуулгаар Улсын их хурлаас батлан байгуулагддаг үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол улсын үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасныг чандлан мөрдөж шүүгчийн сонгон шалгаруулалтын ажиллагааг эхнээс нь дуустал нь хуульд заасан үндэс журмаар шударгаар явуулах учиртай гэж үзэж байгаа. Намайг бүртгээгүй асуудлыг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн талаар дурдсан. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гол агуулга нь иргэн Б.Бд асуудал тохиолдоод өнгөрөх асуудал биш. Дараа нь өөр иргэн ийм асуудалд орох магадлалтай гэж үзэж байгаа. Монгол улсын иргэн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ баримт бичгээ цахимаар болон цаасан гэсэн 2 хэлбэрээр өгдөг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь цахимаар бүртгүүлээгүй гэсэн заалтыг үндэслэж иргэний сонгон шалгаруулалтад орох боломжийг хязгаарлаж байгаа нь хууль зөрчиж байгаа. Учир нь цаасаар шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцъё гээд аль шатны ямар шүүхэд нэрээ дэвшүүлж байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. Энэ нь гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт бүрдүүлэх ёстой баримтуудад дээр байдаг. Тухайлбал нэр дэвшигчийн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, эрүүл мэндийн үзлэгийн маягт, албан тушаалтны урьдчилсан ашиг сонирхлын мэдүүлэг зэрэг дээр аль шатны ямар шүүхэд өөрийгөө нэрээ дэвшүүлээд байгаа талаар тодорхой дурдсан байдаг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуульд зааснаар аль болох хуульчдаас өргөнөөр энэ сонгон шалгаруулалт дээр оролцуулах, бүртгэж аваад, тэднээс шилж болох чиг үүргээсээ ухарч, зөвхөн цахимаар энэ хүн бүртгүүлээгүй, энэ хүн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй гэсэн агуулгаар шийдвэрлэж явж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэг талаас иргэний эрхийг зөрчиж байна. Нөгөө талаас өөрсдөд нь Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа асуудал гэж үзэж байгаа. Би цахимаар бүртгүүлсэн. Өнөөдөр энд бүртгүүлсэн бүртгүүлээгүй гэдэг асуудал яригдахгүй байх. Анхан шатны шүүх дээр яригдсан. Яагаад бүртгэгдээгүй нь ойлгомжгүй. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг Монгол улсад Шүүхийн ерөнхий зөвлөл явуулаад байгаа юм уу? эсвэл selection.judges.mn гэж цахим систем явуулаад байгаа юм уу? ойлгомжгүй байдал үүсэж байгаа юм. Учир нь энэ цахим систем нь хэзээ, хэдэн онд, ямар компани хийсэн юм? энэ цахим систем нь алдаагүй бүрэн гүйцэт ажилладаг юм уу? үгүй юм уу? гэдэг нь маш ойлгомжгүй нөхцөл байдал анхан шатны шүүх дээр үүссэн. Тиймээс хангалттай өөрийгөө шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох болзол шаардлагыг хангасан гэж үзээд, нотлох баримтуудаа цаасаар хүргүүлсэн. Цахимаар бүртгүүлсэн. Бүртгэгдээгүй асуудлыг би мэдэхгүй. Гэтэл энэ бол шууд оролцуулахгүй байх үндэслэл болохгүй юм. Энийг залруулах боломжтой. Нэмж бүртгүүлэхийг даалгах байдаг юм уу? ямар нэг хуулийн арга хэрэг зохицуулалтаар зохицуулах боломжтой асуудал атал надад огт боломжгүй мэт хандсан. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоолоор яагаад ийм заалт оруулах болсон юм? би ойлгохгүй байна. Хуульч иргэд аль шатны ямар шүүхэд нэрээ дэвшүүлэхгүйгээр, тэрийгээ бичихгүйгээр, тодорхойлохгүйгээр нэрээ дэвшүүлнэ гэдэг нь байх боломжгүй. Ийм энгийн ухамсрын түвшинд ч боломжгүй асуудал. Цахимаар болон цаасаар авдаг нь ямар шалтгаантай юм гэдэг нь ч ойлгомжгүй. Хэрвээ цахим цаасан 2 нь зөрөх юм бол яах юм. Эсвэл цахимаар ирээгүй бол цаасан баримтыг нь үнэлэх юм уу? үнэлэхгүй юм уу? гээд маш олон асуудал байгаа. Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийлгүүлье гээд нэхэмжлэлийг гаргасан”,
4. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь хариу тайлбартаа: “Шүүхийн ерөнхий зүйл зөвлөл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар хуульчдаас шүүгчдийг шилж олох эрхтэй ганц байгууллага. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь хэсэгт зааснаар шүүгчид тавих болзол шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмыг 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан. Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар холбогдох төрийн байгууллагад хуульд заасан шаардлагыг хангасан болохыг нь хянуулаад, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээд, хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “мөн хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу өргөдөл гаргагч нь энэ хуулийн гучин нэгдүгээр зүйлд заасан болзол шаардлагыг хангасан тухай баримтыг өргөдөл, анкет, мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, оршин суугаа газрын хаяг, гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа Монгол улсын иргэний үнэмлэх мэргэжлийн боловсролын диплом, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бусад бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд цахимаар болон цаасан хэлбэрээр нэвтрүүлнэ гэсэн заалт байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл уг заалтыг үндэслээд цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ гэдэг заалтыг хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 4.3.6 гэдэг заалтыг нэмэлтээр оруулаад эрх зүйн нэгдсэн санд бүртгүүлсэн. Тухайн 33.2 цахимаар болон цаасан хэлбэрээр хөрвүүлнэ гэдэг маань заавал биелэгдэх хэлбэрийг одоо агуулж байна Шүүхийн ерөнхий зөвлөл үзээд байгаа. Нэг ёсондоо Б.Б гэж хүн шүүгчийн сонгон шалгаруулалт өгөхөөр өргөдөл гаргаж, хүсэл зоригоо илэрхийлээд байна. Тухайн аль шүүхэд нэрээ дэвшүүлж байгаа юм бэ? цаасан байдлаар өгсөн бол мөн адил тухайн программд чекийг өөрөө үүсгэх ёстой. Энийг Шүүхийн ерөнхий зөвлөл таны өмнөөс үүсгэх боломжгүй гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаж байна. Үндсэн хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл эс үйлдэхүй үйлдээд байна. Шүүгчийг сонгон шалгаруулж авах ёстой. Шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдсан үйлдэл гэж байна. Энэ дээр нэмэлт тайлбар хэлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нэг ёсондоо өргөдөл өгөөд, хүсэл зоригоо илэрхийлж байгаагаараа нэр дэвшигч болно. Манай дээр бүртгэл үүсээд, бид Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээж аваад, нэр дэвшигч болж байгаа. Бусдаар өмгөөлөгч байна уу? хуульч байна уу? хуульд заасан болзлыг хангасан гэж үзвэл хэн ч нэр дэвших эрхтэй. Энэ дээр хуульд заасны дагуу бүх бичиг баримт, бүх өргөдөл хүсэлтээ өгөөд, хуульд заасан заалтын дагуу батлагдсан журамд үндэслэж бүртгэл явагдаад, ингэснээр та нэр дэвшигч болж байгаа. Нэг ёсондоо Шүүхийн ерөнхий зөвлөл чиг үүргээ хангахын тулд бүх хуульчийг нэг зэрэг нэгэн гараанаас шүүгч болоход нэр дэвшигч болгож бүртгэж байна гэсэн үг. Хуульд зааснаар шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх хүний эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөл хязгаарлаагүй. Хуульд заасан заалтад үндэслээд журам баталсан. Журмыг тодорхой эрх бүхий байгууллагад бүртгүүлээд хуульд нийцсэн гэж үзсэн. Ямар хуулийн зүйл заалтыг яаж зөрчөөд байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд нийцүүлж журмаа гаргасан. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Бас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №57 тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.3.6 дахь заалт “энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй” нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргажээ.
2. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 02 дугаар тогтоолоор Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байх ба уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.Б нэрээ дэвшүүлэхээр хүсэлт, холбогдох баримтуудаа хүргүүлсэн байна.
3.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 42 дугаар тогтоолоор Б.Быг “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.3.6-д заасны дагуу нэр дэвшиж буй шүүхийг цахим системд тодорхойлоогүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсанаар энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1-д заасны дагуу өргөдөл гаргагч нь энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан тухай баримтыг өргөдөл, анкет, мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, оршин суугаа газрын хаяг, гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа, Монгол Улсын иргэний үнэмлэх, мэргэжлийн боловсролын диплом, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхлэлтийн талаарх болон бусад баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт Ерөнхий зөвлөлд цахимаар болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ”, 33.3-д “Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргана” гэж заасан.
4.2. Нэхэмжлэгч Б.Б нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 261 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Б.Б нь анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтад хэрхэн бүртгүүлсэн, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн эсэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй.
4.4. Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.3.6 дахь заалт “энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй” нь хуульд нийцсэн, уг заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.
5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.1-д “Шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан иргэн шүүгчид нэрээ дэвшүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтын тухайн зард дурдсан өргөдөл, баримт бичиг /цаашид “баримт бичиг” гэх/-ийг дурдсан хугацаанд багтаан Ерөнхий зөвлөлд цахимаар болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ”, 4.3-д “Ерөнхий зөвлөл анхан шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн өргөдөл гаргагч иргэний баримт бичгийг нягтлан шалгаж доор дурдсан үндэслэлийн аль нэг байгаа тохиолдолд шүүгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргана” гээд 4.3.6-д “энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй” гэж заажээ.
5.1. Нэхэмжлэгч Б.Б нь шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ цаасан баримтыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн боловч цахимаар буюу дээрх журмын 3.10-д заасны дагуу төрлөөр харьяалан шийдвэрлэх шүүхийн нэрийг selection.judges.mn сайтын бүртгэлд сонгоогүй болох нь дээр дурдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 261 дүгээр шийдвэрээр тогтоогдсон байна.
6. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, 60.1.6-д “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж тус тус заасан.
6.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2-т заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангахгүй байгаа буюу 60.1.1, 60.1.2, 60.1.6-д заасантай нийцэхгүй байна” гэж тайлбарлан маргаж байгаа боловч маргаан бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.3.6 дахь заалт Үндсэн хууль болон бусад хуулийн ямар заалттай нийцэхгүй байгаа, хэрхэн хуулийн зорилго, хүрээнээс хэтэрсэн болох нь ойлгомжгүй, баримтаар тогтоогдохгүй байна.
6.2. Тодруулбал, дээрх журмын заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгдэж, нийтлэгдсэн болох нь хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6-1/55 тоот лавлагаа, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна.
6.3. Түүнчлэн, нэр дэвшигч нь аль шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж байгаагаа цахимаар буюу selection.judges.mn сайтад сонгох зохицуулалт нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа үйлдэл биш бөгөөд тухайн нэр дэвшигч өөрөө нэрээ дэвшүүлж буй шүүхийг цахим хэлбэрээр тодорхойлох үүргээ биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг журмын холбогдох заалттай холбож хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Дээрхээс дүгнэхэд журмын заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/40 дугаар тушаалаар томилогдсон иргэдийн төлөөлөгч Х.С нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон боловч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болохоо илэрхийлсэн, хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсний дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам батлах тухай” №57 тогтоолоор батлагдсан Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 4.3.6 дахь заалт “энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй” нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ