Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

          улсын яллагч М.Цэнд-Аюуш,

          шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Д.А-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0118 80290 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 4-5 насны 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Х овогт Д.А /РД:..../

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

          Д.А нь 2018 оны 01 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн Д.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: Тэр шөнө манай гэр бүлийнхэн караокед орсон. Караокенаас гараад манай эхнэр найзындаа очно гэсэн тул эхнэрийн хамт таксинд суусан. Д араас ирээд бас таксинд суусан. Бид хоёрын амьдрал чамд хамаагүй гэхэд дундуур ороод хэл амаар доромжлоод байсан тул би нүүр рүү нь цохисон гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Д-н: …2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед Сумъямаа, Ариунзаяа, Ариунболд нарын хамтаар караокед уулзсан. Бид дөнгөж захиалгаа өгөөд байж байтал гаднаас Одонтунгалаг орж ирсэн. Бид нар караокед нэг цаг дуулаад өрөөгөө солин арай том өрөөнд орсон. Том өрөөнд ороход Дорждагва, Эрдэнэчимэг болон А нар ирсэн. Бид нар шөнийн 00 цагийн үед караокенаас гарсан. Караокенаас гарахаас өмнө Сумъямаа эгч бид хоёр найзуудтай нь уулзана гэж ярьж тохирсон байсан. Тэгээд “Санхүү эдийн засгийн дээд сургууль”-ийн үүднээс 64-80 УНХ дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркын автомашинд Сумъямаа болон түүний эрэгтэй эмэгтэй үл таних хоёр найзтай хамт суугаад бид дөрөв хөдлөх гэж байхад гэнэт А машиныг зогсоож яагаад зугтаад байгаа юм бэ пизда минь гээд машинд суусан. Тэгээд Сумъямаа эгчийн хоёр найз нь “Этүгэн” Их сургуулийн орчимд буусан. Тэгээд бид 3 цааш гэр рүүгээ явсан. Машины урд Амармэнд суусан байсан. Харин Сумъямаа эгч бид хоёр ард нь суусан байсан. Гэр рүүгээ явах замд А болон Сумъямаа нар хоорондоо хэрэлдэж зодолдоод байсан. Такси явсаар байгаад зүүн дөрвөн замын гэрлэн дохион дээр ирэхэд нь бид хоёр машинаас бууж зугтаасан. Тэгээд яг хашлага даваад зугтах гэж байхад миний араас гүйцэж ирээд зүүн араас цохисон. Намайг цохиход шилний арам хугарч газар унасан. Тэгээд би хараа муутай болохоор сайн харж чадаагүй. Нэг харахад Сумъямаа эгчийг нөхөр нь үсдээд зодож байсан. Тэгээд бас машин мөргүүлээд байхаар нь би очоод болиулах гэтэл эргэж хараад миний нүд рүү цохисон. Таксины жолооч намайг босгоод А-г болиулан бид нар машиндаа сууж цааш гэр рүүгээ явъя гэхэд нь би яаж ийм байдалтай явах юм бэ гээд замдаа явж байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн урд би чамайг одоо цагдаад хэлнэ гэхэд машинаас буугаад зугтаасан. 2 шил 0,75 литр хэмжээтэй Соёрхол архи уусан. 2017 оны 09 дүгээр сард нүдний шилээ 100.000 төгрөгөөр хийлгэсэн хамелион шил байсан. Миний хэрэглэж байсан гар утас нь “Эл-Жи” брэндийн Луна загварын утас байсан ба 2017 оны 12 дугаар сард 240.000 төгрөгөөр авч байсан. Тэгээд би бас 120.000 төгрөгөөр томографын зураг авахуулсан. Энэ бүх хохирлоо барагдуулмаар байна…

…Д.А нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Учир нь Д.А миний гар утас болон нүдний шилийг төлж өгсөн. Мөн томографийн зураг авахуулсан мөнгийг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-н 9, 13 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 1952 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Д-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/,

-Шүүгдэгч Д.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар тал/,

            -Шүүгдэгч Д.А-н ял шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.А нь 2018 оны 01 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн Д.Дг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул  Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Д.А нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим 2018 оны 01 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө иргэн Д.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Д.Д нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Д.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 13, 40 дүгээр тал/

Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Х овогт Д.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-д оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ