Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/135

 

        2024            01              24                                       2024/ДШМ/135         

                       

Ж.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1489 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Гт холбогдох эрүүгийн 2303005680467 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Г, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00-0 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ВЮ00000000/;

Ж.Г нь Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь эхийн зам, “Газ ойл” шатахуун түгээх станцын баруун талын замд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 30 минутын үед “Ниссан адвин” маркийн 42-13 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Эийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Гийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Х нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ж.Гөөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Г давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч би автотээврийн хэрэгсэл жолоодож яваад гэнэтийн болгоомжгүй осол гаргасан явдалд маш их харамсаж, гэм буруугаа ойлгон гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн талд дахин дахин уучлал гуйж, эмэгнэл илэрхийлсэн болно. Тухайн осол гаргах үед би архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй, 20-30 км цагийн хурдтай, тухайн өдөр цаг агаар хүнд, үзэгдэх орчин хязгаарлагдмал, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи шуургатай харанхуй шөнө байсан. Тухайн хохирогч өөрийгөө авч явах чадваргүй байсан нь шүүх эмнэлгээр тогтоогдсон байсан. Би хохирол 12.152.000 төгрөг төлсөн. Миний эрүүл мэндийн байдал маш муу, цусны даралт өндөр 110-200, ухаан алдаж унадаг, толгой их өвддөг, хөл гар байнга татдаг, хүний асрамжинд, оршин суудаг газрынхаа өрхийн эмнэлгийн хяналтанд байдаг.

Ийм учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар огт маргаагүй болно.

Тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь:

2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод битүү үүлтэй, 17 цагаас хойш 15-16 мм дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, салхи шуургатай секунтэд 9-11 метр хүрч үзэгдэх орчин хязгаарлагдмал /Цаг уур орчины шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1075 тоот албан бичиг/

Талийгаач Ө.Э нь тухайн үед шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2216 дугаартай дүгнэлтэнд талийгаачийн цусанд 3.4% промилли спиртийн агууламж илэрч, энэ нь согтолтын “Хүнд” зэрэгт хамрагдана.

Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 3788 дугаартай дүгнэлтэнд талийгаач Ө.Эийн:

1. Цус 3.4% промилли,

2. Ходоодны шингэн 7.5% промилли,

3. Шээс 3.3% промилли тус тус илэрсэн.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд талийгаач Ө.Э маш их архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож байна. Тухайн өдөр талийгаач Ө.Э нь согтолтын “Хүнд” зэрэгтэй, өөрийн биеийг удирдаж авч явах чадваргүй, хаана явж байгаагаа мэдэхгүй, өөрийн ухаан мэдрэлгүй, олон нийтийн газар, гудамж талбайд явж байсан зэрэг байдлууд нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, түүний хэр хэмжээ 12.151.035 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт хавсрагдсан баримтуудаар 6.942.918 төгрөг ба энэ баримт бичгүүдийн зарим хэсэг нь нотлох баримт гэж үзэхээргүй байна. Үүнд: 1. Хаан банк, Хас банк, Голомт банкнуудын зөвхөн харилцагчийн картнуудаас гүйлгээ /зарлага/ хийгдсэн, худалдан авалт гэх тасалбарууд нь яг ямар гүйлгээ хийсэн, юунд зарцуулагдсан, юу авсан, огноо харагдахгүй, Е баримтууд огт байхгүй, байгууллагын хувь гэх тасалбарууд гэх мэт. Тухайлбал 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Голомт банкны харилцагчийн картнаас 16.200 төгрөгийн худалдан авалт хийсэн, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 122.000 төгрөгийн худалдан авалт гэх тасалбарт байгууллагын хувь гэж бичсэн байх ба Е баримтгүй гэх мэт.

Зарлагын падаанууд нь ямар байгууллага болох нь тодорхой бус, байгууллагын тамга байхгүй, огноо засвартай, дугаар байхгүй, хоосон зарлагын падааны маягтанд эд зүйл бичээд үнэ тавьчихсан, зарлагын падаанд хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авсан хүний нэр, гарын үсэг байхгүй гэх мэт баримтууд хавтаст хэрэгт хавсаргасан байгаа нь хохирлын тооцоонуудыг үнэн бодит гаргаж өгсөн гэхэд эргэлзээтэй байна. Нийт 1.144.515 төгрөгийн баримтууд нь зөрчилтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Х нь сэтгэл санааны хохиролд 17.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх ямар нэгэн холбогдох нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Шүүгдэгч Ж.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Хд хохирол 12.152.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялын хөнгөрүүлэх гэж заасан ба тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо бүрэн төлсөн бол 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртлэх хугацаагаар тэнсэж болно” гэж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгэж, тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Х нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн бичигт шүүгдэгч Ж.Гийн ар гэр, өндөр настай, амьдралын байдлыг харгалзан шүүхээс аль болох хөнгөн ял эсхүл тэнсэн харгалзаж шийдвэрлэж өгнө үү гэсэн.

Шүүгдэгч Ж.Гийн ар гэр, эрүүл мэндийн байдал /маш муу байнга даралт өндөр 170/110, ухаан алдах, хөл гар таталт өгөх, толгой өвдөж нойргүйдэх, хүний асрамжинд байдаг, тухайн оршин суудаг харьяа өрхийн эмнэлгийн байнгын хяналтанд байдаг/, гэм буруугаа ойлгон гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн зэрэг байдлуудыг харгалзана уу.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1489 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шүүгдэгч Ж.Гт оногдуулсан хорих ялыг өөрчлөн, тэнсэн хянан харгалзаж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Хэдийгээр, шүүгдэгч Ж.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч явган зорчигч Ө.Эийг явган хүний гарц дээр мөргөж амь насыг нь хохироосон. Уг гэмт хэрэгт явган зорчигчийн буруутай үйлдэл байхгүй. Шүүгдэгч Ж.Г нь анхан шатны шүүхийн шатанд оршуулгын зардлыг төлсөн боловч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилах боломжгүй. Өөрөөр хэлбэл, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ж.Г нь Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь эхийн зам, “Газ ойл” шатахуун түгээх станцын баруун талын замд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 30 минутын үед “Ниссан адвин” маркийн 42-13 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Эийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Хгийн “...осол болсон өдөр би талийгаач дүүтэйгээ уулзаагүй, манай эгч Ө.Хэй дүү минь утсаар ярьсан гэсэн, тэр газрын ойролцоо охин нь байдаг, охин дээрээ очих гээд явж байсан байх гэж бодож байна. ...” /хх 27/,

гэрч Ш.Уийн “...явган хүний гарц хэсэг дээр урд явж байсан машины урдуур хүний сүүдэр гэрэлд нь харагдсан, тэгээд шил хагарч байгаа чимээ гарсан. Тэр машин зогсолгүй гарц өнгөрөөд зогссон, ...машины жолооч нь 60 орчим насны эрэгтэй хүн байсан, би “та хүн мөргөчихвүү” гэхэд “тэглээ” гэсэн. Тэгээд харахад тухайн автомашины доор нь нэг эрэгтэй хүн орчихсон, дарагдсан байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...” /хх 34/

Ж.Гийн яллагдагчаар өгсөн “...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртоод ирэхэд машины урд салхины шилэн дээр юм унах шиг болсон, ...би хүн мөргөчихөөгүй байгаадаа гэж бодоод хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлээд буудал руу шахаж зогсоод буугаад харахад машин доор хүн орчихсон байсан, тэр үед хүн мөргөсөн гэдгээ мэдсэн. ...” /хх 112/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2216 дугаар “Талийгаачид хүзүүний 5 дугаар нугалмын их биеийн хугарал, баруун 1, 2, 3 дугаар эгэмийн шугамаар 7, 8, 9, 10 дугаар суганы дунд шугамаар, зүүн 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга, суганы урд шугамаар шууд хугаралтай. Аарцгийн умдаг яс баруун, зүүн талд зөрсөн хугаралтай, суудал яс зөрсөн хугаралтай, зүүн тахилзуур шаант ясны зөрсөн далд хугарал, нүүр бүсэлхий нуруу, хоёр талын ташаа, шилбэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь авто ослын үед хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ” /хх 64/ гэсэн дүгнэлт,

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1132 дугаар “...Жолооч Ж.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. ...” /хх 101/ гэсэн магадлагаа,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6, 10-14/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 7-8/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ж.Гийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Гийн “Ниссан адвин” маркийн 42-13 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Эийг мөргөж, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар нар “... хорих ялыг өөрчлөн тэнсэж хянан харгалзаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заадлах гомдлууд гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж тодорхойлж, харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тухайн хэргийг тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Гт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 51 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 2023/ШЦТ/1489 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 51 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР