| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2025/0016/З |
| Дугаар | 112/ШШ2025/0022 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 112/ШШ2025/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөр
Хариуцагч: Говь-Алтай аймгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Б.Ц
Гуравдагч этгээд: “************” ХХК-ийн захирал Ү.Ц нарын хоорондын төрийн хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор Б.Түвшинтөр, хариуцагч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан, Б.Ц-гийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0725095 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан, Б.Ц-гийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0725095 дугаартай шийтгэлийн хуудсаар “************”ХХК-ийн захирал Ү.Ц-д жороор олгох заалт бүхий эмийг жоргүй олгосон гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Прокурор дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд дүгнэлт ирүүлсэн байна.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Ахлах прокурор Б.Түвшинтөр шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөр би, тус аймгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Ц нь “... Э х з хуулийн этгээдийн эмийн санд жороор олгох эмийг жоргүй олгосон...” гэх ГАО/2025-01 дугаартай зөрчлийн гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч “***********" ХХК-д 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 0725095 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн холбогдогч Ү.Ц-аас авсан мэдүүлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хяналт шалгалтын удирдамж нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Дээрх нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд холбогдогч “************”ХХК-ний захирал Ү.Ц нь эмийн сандаа жороо олгох эмийг жоргүй олгосон зөрчил үйлдэж эрх бүхий албан тушаалтан Б.Ц 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 0725095 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд: “************”ХХК нь жороо олгох эмийг жоргүй олгосон гэх зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалтын явцад илрүүлсэн болох нь гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь “************”ХХК-ний захирал Ү.Ц-ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилохгүйгээр шууд холбогдогчоор мэдүүлэг авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Мөн *********** ХХК нь ямар төрлийн хэдэн ширхэг эмийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр жоргүй олгосон талаар шалгаж тогтоогоогүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан Зөрчил нотлох байдал нь бүрэн шалгагдаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан зөрчлийг нотлох ажиллагаа бүрэн явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэх ба Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0725095 дугаартай шийтгэлийн хуудсанд холбогдогч гэх хэсэгт Ү.Ц гэж бичсэн мөн Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.2-д заасан гэж хуульд байхгүй зүйл ангийг бичсэн болох нь тогтоогдож байна. Иймд эрх бүхий албан тушаалтан Б.Ц гийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 0725095 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны хууль болон хүний эрх зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох, өөрчлөлт оруулах боломжгүй ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр харьяалсан шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс ажиллагааг зөрчиж шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Ц гийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0725095 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
3.2. Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10 дугаар зүйл “Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хориглох зүйл”-ийн 10.1.2-т заасны дагуу “Жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох”, 10.8.6-т “Жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл хүчингүй жороор олгох”-ыг хориглоно гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан нь жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох шаардлагатай байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь хэсэгт заасны дагуу хуулиар олгосон эрхийн дагуу “************”ХХК-ийн Ц-Ф эмийн сан нь жороор олгох заалт бүхий тарилгын уусмал /рингерийн уусмал/-ыг жоргүй худалдан борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эмийн жороор олгох эмийг жоргүй олгосон бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан.
Иймд Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөрийн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн дагуу захиргааны актыг хууль ёсны гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Харуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан байгаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрх бүхий албан тушаалтан өөрийн хийж гүйцэтгэх ёстой ажлыг бүгдийг хийж гүйцэтгэсэн учраас нотлогдоогүй гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв
3.4. Гуравдагч этгээд Ү.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие тус шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
5. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Ц-гийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0725095 дугаартай шийтгэлийн хуудсаар “************”ХХК-ийн захирал Ү.Ц-д жороор олгох заалт бүхий эмийг жоргүй олгосон гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Холбогдогч Ү.Ц 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийтгэлийн хуудсанд заагдсан 500,000 төгрөгийн торгуулийг зохих дансанд шилжүүлсэн байна.
6. Говь-Алтай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөрөөс: “...Э х з ХХК нь ямар төрлийн хэдэн ширхэг эмийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр жоргүй олгосон талаар шалгаж тогтоогоогүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан Зөрчил нотлох байдал нь бүрэн шалгагдаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан зөрчлийг нотлох ажиллагаа бүрэн явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэх ба Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.” гэж,
Хариуцагч эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Б.Ц-гээс “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь хэсэгт заасны дагуу хуулиар олгосон эрхийн дагуу “************”ХХК-ийн Ц-ф эмийн сан нь жороор олгох заалт бүхий тарилгын уусмал /рингерийн уусмал/-ыг жоргүй худалдан борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эмийн жороор олгох эмийг жоргүй олгосон бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан. Холбогдогч зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн учир хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан” гэж тус тус маргадаг.
7. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/06 дугаар удирдамжийн дагуу эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Б.Ц Говь-Алтай аймагт ажиллаж байгаа эмийн сангуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтын хүрээнд “************”ХХК-ийн “Ц-ф” эмийн санд хяналт шалгалт хийж, жороор олговол зохих зарим эм, тарилгын уусмалыг жоргүй худалдсан гэж дүгнэж, холбогдогч өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.
8. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд 1-т Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно. 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно. 4-т Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна. гэж тус тус заасан. Тодруулбал, хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэл Зөрчлийн тухай хуульд заасан аль зөрчлийн шинжийг агуулж байгааг зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан тогтоон зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж шийтгэл оногдуулах журамтай.
9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасан.
10. Дээрх зохицуулалтаас үзэхэд, улсын байцаагч нь холбогдогч этгээдийн зөрчил нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтаар тогтоогдож, улмаар холбогдогч түүнийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, нотлох баримт бүрдсэн тохиолдолд уг зөрчилд шийтгэл ногдуулах зохицуулалттай ба энэ шаардлагыг хангавал Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, тогтоосон журамд нийцсэн гэж үзнэ.
Гэтэл хариуцагч улсын байцаагчаас зөвхөн“өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэсэн үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Тодруулбал, Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд 6 ширхэг 500 мл рингерийн уусмалын фото зургийг баримтжуулан авсан байх боловч анх хэдэн ширхгийг хаанаас худалдан авсан, худалдан борлуулсан эсэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн нотолж чадаагүй байна. Зөрчлийн хэрэгт эмийн худалдааны программд үзлэг хийх болон бусад байдлаар нотолсон баримт байхгүй.
Энэ талаар “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан Зөрчил нотлох байдал нь бүрэн шалгагдаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан зөрчлийг нотлох ажиллагаа бүрэн явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэх ба Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.” гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй.
11. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "эм" гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай, хүний физиологийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл нь эм судлал, эмнэлзүйн туршилтаар нотлогдсон, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг, тодорхой хэлбэртэй бүтээгдэхүүнийг; ойлгохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эмийг тусгай зөвшөөрөлтэй этгээд худалдах, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3-т Эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.тус тус заажээ.
12. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн хэмжээ, хэрэглэх аргыг заан эм зүйч, эм найруулагчид хандсан цаасан болон цахим баримтыг;, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар жор баригч дараах эрх, үүрэгтэй: 29.4.3.жороор олгох эмийг цаасан, эсхүл цахим жорын кодоор олгох; гэж хуульчлан заажээ.
13. Үүнээс дүгнэвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “************”ХХК-ийн Ц-ф эмийн сан хуулиар хориглосон заалтыг зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь заалтаар, харин тус эмийн сангийн жор баригч жоргүйгээр эм олгосон нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтаар хариуцлага хүлээх зохицуулалттай байна. Тодруулбал, хариуцагч “...Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10 дугаар зүйл “Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хориглох зүйл”-ийн 10.1.2-т заасны дагуу “Жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох”, 10.8.6-т “Жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл хүчингүй жороор олгох”-ыг хориглоно гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан нь жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох шаардлагатай” гэсэн тайлбар гаргаж байгаагаас үзвэл “************”ХХК-д холбогдуулан шийтгэл ногдуулсан гэж ойлгогдохоор байгаа болно.
Иймээс хариуцагч улсын байцаагч нь жор баригч Ү.Ц-ыг эсхүл “************”ХХК-ийн захирлын хувьд хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн гэх нөхцөл байдлыг бүрэн нотлоогүй. Эрх бүхий улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах зөрчлийг шалган тогтоох ажлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.
14. Үндэслэх” хэсгийн 13-д дүгнэсэнчлэн хэргийн нөхцөл байдлыг хариуцагчаас дахин нягталж үзэх шаардлагатай. Үүнд:
14.1. Жоргүйгээр эм худалдан борлуулсан гэх зөрчлийг жор баригч Ү.Ц “************”ХХК-ийн захирлын хувьд хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэх нөхцөл байдлыг хуульд заасан журмаар шалган тогтоож шинэ акт гаргах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3, 6.2-т заасныг баримтлан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Ц-гийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0725095 дугаартай шийтгэлийн хуудсыг улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Ц-гийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0725095 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 14-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг эрх бүхий албан тушаалтан Б.Ц-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН