| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0330/Э |
| Дугаар | 380 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт А.С-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0118 50291 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, баяд, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Хурд” ХХК-д барилгын туслах ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймаг Давст сум 2 дугаар баг, Зүүнхөвөө 3 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Их нарангийн 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, М овогт А.С-т /РД:…../
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
А.С нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжинд байсан иргэн Э.Сгийн эзэмшлийн 09-82 БРА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашиныг хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: 01 дүгээр сарын 23-ны өдөр согтуу явж байгаад такси бариад хамаатныхаа айлд очоод гараад ирэхэд такси явсан байсан. Ингээд такситай андуурч уг машинд сууж явсан гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.С-н: 2018 оны 01 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед нөхөр Ц.Наранбаатарын нэр дээр байдаг 09-82 БРА “Тоёота- Приус-11” маркын машинаа Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 20 дугаар гудамжны 472 тоотын орчимд байрлуулсан. Тэгээд 1 цаг орчим замын эсрэг талын караокед байж байгаад нөхрөө аваад гарч иртэл машин алга болсон байсан. Тэгээд уурлаж агсам тавиад цагдаад мэдэгдэж чадахгүй явсаар байгаад саяхан дуудлага өгч байна. Би яарч байгаад хаалгыг нь цоожлолгүй явсан байна. Арын гэрэл нь битүү хар өнгийн теньтэй, боронзон шаргал өнгөтэй машин байсан…
…Манай нөхөр Наранбаатар найзуудтайгаа замын эсрэг талын “Вест” караокед байна гэхээр нь машинаа байрлуулан орхиод караоке руу ороод 1 цаг болоод гарч ирээд нөхөр согтсон байсан учир такси бариад гэртээ очиж амарсан. Тэгээд маргааш өглөө нь 07 цагийн үед очиж машинаа авах гэтэл машин байхгүй байсан. 2017 оны 06 дугаар сард Дорнод аймгаас хүнээс очиж 3.900.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед мөргөлдсөн машин байсан. Тэгээд засвар үйлчилгээ 2.100.000 төгрөгөөр хийлгээд нийтдээ 6.000.000 төгрөгөөр авч байсан гэсэн үг…гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Наранбаатарын: …2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед ажил тараад 19 цагийн үед Сансарын колонк дээр очиж машинтайгаа зогсоод Дарь-Эх, Дамба руу 5 хүн аваад Дамба руу явсан. Буцаж ирээд гэртээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 7-57 тоотод хашааны гадна машинаа тавьж орхиод гэрээсээ явган 20 цагийн үед гараад Дарь-Эхийн шинэ буудлын “Вест” караокед найзууд дээрээ очиж ууж идээд орой 23 цаг 30 минутын үед эхнэр рүүгээ залгаад ирж аваарай гэж хэлээд удаагүй би тасарсан. Тэгээд өглөө 07 цагийн үед эхнэрийг ажилд нь явахад сэрээд байж байтал эхнэр над руу залгаад машин алга болсон байна гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-н 34-р тал/,
- Хэргийн газрын үзлэгийн фото зургууд /хх-ийн 6-р тал/,
- Автомашинд гарсан эвдрэлийн үнэлгээ, “Дамно” ХХК-д хийсэн автомашины үнэлгээ /хх-ийн 54-р тал/
- Шүүгдэгч А.С-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56-р тал/,
- Шүүгдэгч А.С-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.С нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжинд байсан иргэн Э.С-н эзэмшлийн 09-82 БРА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашиныг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул А.С-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч А.С нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжинд байсан иргэн Э.С-н эзэмшлийн 09-82 БРА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашиныг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, автомашины үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Э.С нь автомашинаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй болсон тул шүүгдэгч А.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 55, 59-р тал/
Шүүгдэгч А.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-г 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С-т оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ