Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 119/ШШ2025/0021

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “**” ХХК,

            Нэхэмжлэгч: “**”  ХК

            Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

            Нэхэмжлэгч “**” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **,

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /**/,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **,

            Гуравдагч этгээд: **,

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: **нарын хоорондын

            Нэхэмжлэлийн шаардлага: “**” ХХК нь “**” ХХК-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, “**” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** /цахим/, ** /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, гуравдагч этгээд **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, иргэдийн төлөөлөгч **, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК болон “**” ХК-иас анх Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “**” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлага гаргасан.

            1.1. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “**” ХХК /РД:**/ нь “**” ХХК /РД:**/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох, “**” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй  байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад  даалгах” гэж өөрчилсөн байна.

            2. Нэхэмжлэгч нар Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** хороололд байрлах 10202 м.кв орон сууцны зориулалттай газрыг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/396 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар тухайн газрыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгуулсан ба дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан учраас хугацаа сунгуулахаар аймгийн Засаг даргад ханджээ.

            3. Орхон аймгийн Засаг даргаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/09 дугаар албан бичгээр “...газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй” талаар хариу өгсөн байна. /1 дэх ХХ-ийн 6 дугаарт/

             4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            1/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогч “**” ХХК нь сонирхогч этгээд нэхэмжлэл гаргасны дараа татан буугдсаныг мэдсэн, маргаантай эрх зүйн харилцааны оролцогч нь “**” ХХК болохыг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0024 дугаар шийдвэрт дүгнэж байсан байх тул шүүх тухайн хэргийн оролцогчийг сонирхогч этгээд “**” ХХК-ийн хүсэлтээр түүнийг эрх залгамжлагч гэж тогтоохоор хуульчилсан байна.

            2/ Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0024 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9.4-т ** ХХК нь 2015 онд татан буугдсан тул газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж байсан байх тул эрх залгамжлагч болохоо тогтоолгож байж хэргээ хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул сонирхогч этгээд өөрийн хүсэл зоригоо нэхэмжлэлийн шаардлага болгон хамтруулан оруулах нь зүйтэй гэж үзсэн болно ...” гэжээ.

            5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **гаас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогч “**” ХХК нь сонирхогч этгээд нэхэмжлэл гаргасны дараа татан буугдсаныг мэдсэн, маргаантай эрх зүйн харилцааны оролцогч нь “**” ХХК болохыг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0024 дугаар шийдвэрт дүгнэж байсан байх тул шүүх тухайн хэргийн оролцогчийг сонирхогч этгээд “**” ХХК-ийн хүсэлтээр түүнийг эрх залгамжлагч гэж тогтоохоор хуульчилсан байна.

            Мөн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0024 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9.4-т ** нь 2015 онд татан буугдсан тул газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж байсан байх тул эрх залгамжлагч болохоо тогтоолгож байж хэргээ хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул сонирхогч этгээд өөрийн хүсэл зоригоо нэхэмжлэлийн шаардлага болгон хамтруулан оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            1/ Татан буугдсан “**” ХХК-ийг ** овогт **** нь 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа худалдан авах гэрээ”-нүүдээр цорын ганц 100 хувийн эзэмшигч болсон бөгөөд гүйцэтгэх захирлын удирдлагын мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг улсын бүртгэлд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн б**г. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 1626 дугаар тушаалд дурдсанаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6/3673 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэв гэж бичсэн байх тул “**” ХХК-ийг хувьцаа худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч байгаа этгээдэд татан буугдах санал ирсэн болохыг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байна.

            2/ “**” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “**” ХК-тай Барьцааны гэрээ байгуулж, маргаан бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, ** баг хороололд байрлах өөрийн эзэмшлийн 10202 м.кв газрыг барьцаалж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэ үйл баримт нь “**” ХХК болон улсын бүртгэгч аль аль нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны үед тус компанийн улсын бүртгэлээс хасагдсан талаар огт мэдээгүй болохыг нотолж байгаа болно. Мөн “**” ХХК улсын бүртгэлээс хассан талаар мэдэгдээгүй, нийтэд зарлаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотолж байгаа болно. Учир нь өөрийнхөө газрын даргын тушаалыг улсын бүртгэгч нь хүртэл мэдээгүй байсан байна.

            3/ Нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээсэн гэж дахин авахаар 2017 оны эхээр улсын бүртгэлд очоод түүний бусдаас худалдан авсан компани татан буугдсан талаар мэдээд ихэд гайхан сандарч, тухайн компани газар эзэмших эрхтэй, мөн газар нь барьцаанд байгаа талаар хэлж яах ёстойгоо асуухад дахин ** нэртэй компани байгуулчих гэж улсын бүртгэгчээс зөвлөсний дагуу “**”  ХХК компани байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн дахин газар эзэмших эрхтэй “**” ХХК-ийг байгуулсан гэж бодсон.

            4. Татан буугдсан “**” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг хэн ч **аас хурааж аваагүй, хураалгахыг шаардаагүй болно.

            5. “**” ХХК нь 2017 он хүртэл газрын төлбөрөө төлж байсан болно.

            6. “**” ХХК-ийн хүсэлтээр 2018 оны газрын төлбөрийг “**” ХХК-ийн хэрэг гүйцэтгэгч “Монгол такс” ХХК 2019 он хүртэл төлж байсан болно.

            7. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 247 дугаар шүүхийн шийдвэрээр “**” /РД:**/ ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

            8. Дээрх “**” /РД:**/ ХХК нарт холбогдох хэргийг дээд шүүх, давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна.

            9. Энэ бүх хэргүүдэд “**” ХХК оролцож байсан бөгөөд энэ нь “**" ХХК дахин сэргээгдсэн гэж ойлгож байсныг нотолж байна.

            10.Мөн Орхон аймгийн Засаг дарга газар эзэмших хугацаа сунгах хүсэлт татгалзахдаа 30 хоног өнгөрсөн гэж хариу өгсөн болохоос татан буугдсан гэсэн хариу өгөөгүй болно” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэн. /3 дахь ХХ-ийн 88-89 дугаарт/

6. Нэхэмжлэгч “**” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд “**” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтэд тус Орхон аймгийн Засаг даргаас 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 22/29 албан тоот “**” ХХК болон **инд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05/2927 дугаар тоотуудаар тус тус газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмших гэрчилгээг сунгах боломжгүй гэх тайлбар ирүүлсэн. “**” ХХК-ийн болон барьцаалагч “**” ХК-д газар эзэмших эрх дуусгавар болгосноо мэдэгдээгүй, газар эзэмших эрх дуусгавар болгосон тухай захиргааны акт гаргаагүй байж “**” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй гэж эс үйлдэхүй гаргаж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа.

Нэхэмжлэгч “**” ХХК-ийн эрх зөрчигдсөн талаар: “**” ХХК нь 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тус Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж өөрийн эзэмшлийн газрын хувийн хэрэгтэй танилцах, холбогдох захиргааны акттай танилцах, гардаж авахаар очтол газар эзэмших эрх дуусгавар болсон талаар ямар нэгэн захиргааны акт гараагүй газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тул хувийн хэрэгтэй танилцах боломжгүй гээд танилцуулаагүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж амаар болон бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагааг ойлгоно” гэж хуульчилсан байна. Орхон аймгийн Засаг даргын “**” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ямар нэг акт гаргаагүй байж газар эзэмших эрхийг сунгахгүй гэсэн шийдвэр нь мөн зүйлд заасны дагуу “**” ХХК-д чиглэсэн буюу гадагш чиглэсэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй болох эрх зүйн шууд үр дагавар бий болгосон үйл ажиллагаа тул захиргааны актад хамаарч байна. Орхон аймгийн Засаг даргын газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмших эрхийг сунгахгүй, хувийн хэрэгтэй танилцуулахгүй гэх амаар гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч “**” ХХК-ийн болон тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалагч “**” ХК-ийн буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн нутаг дэвсгэрт ** хороололд 10202 м.кв  орон сууцны зориулалттай газрыг анх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 507 дугаар шийдвэрийг үндэслэн “**” ХХК-д олгосон **г болно. “**” ХХК нь 2013 онд өөрийн эзэмшлийн газартаа ** компанийн хөрөнгөөр орон сууцны 7 барилга барихаар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан болно.

Гэтэл Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “**” ХХК-ийн газрын эрх, барилга барих “**” ХХК-д хамааралтай байх шаардлага тавьж “**” ХХК-ийн захирлаар “**” ХХК-ийн захирал **ыг болгосны дараа тус сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг үндэслэн ** дугаартай газар эзэмших гэрчилгээг “**” ХХК-д дахин олгосон. Ингээд “**” ХХК “**” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уг маргаан бүхий газарт 3926,31 м.кв талбай бүхий 10 давхар орон сууцны зориулалттай барилгыг барьж улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй ** дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 992 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн ** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус тус Орхон аймгийн Улсын бүртгэлийн газраас авсан байдаг.

Орхон аймгийн Засаг даргын Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ 30 хоногийн дотор өгөөгүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмших эрхийг сунгахгүй гэх шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх хугацааг тусгайлан хуульчилсан байх бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жил хүртэлх хугацаагаар эзэмшүүлж болно гэж заасны дагуу орон сууц барих зориулалттай газрыг мөн үл хөдлөх хөрөнгө баригдсан газрын эзэмших эрхийг сунгахгүй гэж шийдвэрлэж байгаа нь хууль бус байна. Дээрх хуулийн заалтыг баримтлах юм бол “**” ХХК-ийн газар эзэмших эрх анх газар олгосон 2011 оноос 15 жилийн хугацаагаар тооцох юм бол 2026 он дуусахаар байна. Иймд хуулийг захиргааны байгууллага ашигтай байдлаар хэрэглэж газар эзэмших эрх дуусгавар болгосон талаар захиргааны акт гаргаагүй байж газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгахыг даалгуулах шаардлага гаргаж байгаа болно. “**” ХК-ийн эрх зөрчигдсөн талаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “**” ХХК-ийн газарт хөрөнгө оруулагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “**” ХХК нь **тай 11/20296 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж барилга гүйцээж барих зорилгоор 2 тэрбум 200 сая төгрөгийг зээлж авсан байдаг. **наас Иргэний хуульд зааснаар газраас үл салгаж болох үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрыг барьцаанд авах санал тавьж “**” ХХК нь зөвшөөрч барьцааны гэрээний нэг тал болсон байдаг. Мөн өдрөө “**” ХХК **тай батлан даалтын гэрээ байгуулсан болно. “**” ХК нь “**” ХХК нарыг хариуцагчаар татах нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, уг маргаан бүхий газрыг худалдан борлуулах ба анхан шатны шүүхийн шийдвэр, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр тус тус гаргуулсан байдаг. ** нь дээрх газрыг барьцаалах үедээ газрын гэрчилгээ, гэрээ зэргийг бүгдийг оронд нь авсан байдаг бөгөөд барьцааны зүйл болох газартай холбоотой шаардлага гаргах эрхийг үл хөдлөх хөрөнгө, Барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар шилжүүлэн авсан гэж үзэж байгаа болно. **наас 2023 оны 3 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн нутаг дэвсгэрт ** хороололд байрлах 10202 м.кв газрыг орон сууцны зориулалттай газрын төлбөр төлөхөөр бүрдүүлэх баримтад газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт шаардлагатай тул танайх “**” ХХК уг дүгнэлтийг гаргуул, манайх газрын төлбөрийг төлнө гэж тохиролцсон.

 “**” ХХК дүгнэлт гаргуулж Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны ажил хийлгэх мэдэгдэх хуудсыг хүлээн авч 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дээрх дүгнэлтийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар баталгаажуулсан болно. “**” ХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн нутаг дэвсгэрт ** хороололд байрлах 10202 м.кв газрыг орон сууцны зориулалттай газрын төлбөр төлж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад газар эзэмших эрх дуусгавар болсон байна гэх үндэслэлээр газрын төлбөр авахгүй гэсэн байдаг бөгөөд газар эзэмших эрх дуусгавар болгосон талаарх захиргааны акт байна уу? гэхэд байхгүй, газрын төлбөр төлөхийн тулд яах ёстой вэ гэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтээ өг гэсэн байдаг.

Ингээд “**” ХК, “**” ХХК нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах маргаан шүүхэд үүсгэсэн асуудлаас болж газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах боломжгүй байсан талаарх нотлох баримтуудыг хавсаргаж хүсэлтээ өгөхөд  Орхон аймгийн Засаг даргаас 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 22/29 дугаартай албан тоотоор мөн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/8927 дугаар албан тоотуудаар тус тус газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй гэх хариу ирүүлсэн. Иймд Орхон аймгийн Засаг даргын газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй үл хөдлөх хөрөнгө барьцаалагч “**” ХК-ийн Үл хөдлөх хөрөнгө барьцааны тухай хуульд заасан барьцаагаар хангах эрхийг зөрчиж байх тул хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах шаардлага гаргаж байгаа болно. “**” ХХК-ийн өөрчилсөн шаардлагыг дэмжиж оролцож байна, бид ижил ашиг сонирхолтой явж байгаа” гэв.

Нэхэмжлэгч “**” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Газрын төлбөрийг төлж байсан баримтууд хэрэгт авагдсан байдаг. Үргэлжлэл явж байгаа гэдгийг байнга илэрхийлж байсан. 2 дахь “**” ХХК-ийн үргэлжлэл гэж харагдаж байсан. Хэн нэгнийг буруутгаж газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа. 2-т Компанийн тухай хуульд зааснаар асуудалд хандаж байсан учраас тухайн газрын эрхийг одоо байгаа “**” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх боломжтой. 3-т тухайн газар дээр баригдсан 2 орон сууцны асуудлыг хэрэгжүүлээд явж байсан учраас буруутгах боломжгүй. Хууль зүйн хувьд үйл ажиллагаа явуулах боломжгүй. Өнөөдрийг хүртэл газрыг сунгахгүй байгаа талаарх нотлох баримтаа гаргасан байгаа. Нөгөө талаар тухайн газар дээр баригдсан орон сууцыг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн төлөвлөгөө байхгүй байгаа. 4-т **, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан тухайн шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа учраас Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх хандсан” гэв.

            7. Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга /орлогч **/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” 244 дүгээр захирамж, 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 186 дугаар захирамж, 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” 207 дугаар захирамж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/396 дугаар захирамжууд нь регистрийн “**” дугаар бүхий “**” ХХК-тай холбогдож байгаа болно.

            Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйл “Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөх” гэсний 12.2.3 дахь заалт “хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл” гэж заасны дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч үзэхэд тус хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 211 дүгээр албан бичигт уг регистрийн “**” дугаар бүхий “**” ХХК нь татан буугдаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, хассан байна.

             Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэсний 54.1.5 дахь заалт “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжпэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэг үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх өмнө нь гарсан тайлбараа дэмжиж шүүх хуралд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байна. Учир нь сая нэхэмжлэгчээс дурдсан аймгийн Засаг даргын гаргаж байсан 2014 оны А/396 мөн өмнө гаргаж байсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасантай холбоотой захирамжуудыг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлд дурдлаа. Хариуцагч талаас энэ захирамжуудыг “**” ХХК гээд ** гэсэн регистрийн дугаартай компанид захирамжилж олгож байсан газар. Тэгэхээр шинээр 2017 онд байгуулагдсан “**” ХХК гээд ** гэсэн регистрийн дугаартай компани бол газар эзэмших эрхийн гэрчилгээгүй дээрээс нь шүүхэд нэхэмжлэл гаргах,  төлөөлөх эрх бүхий субъект биш гэж үзэж байгаа.  Хоёрдугаарт **ны зүгээс “**” ХХК-ийн эд хөрөнгийг хамгаалах ашиг сонирхол яригдаж байгаа. Гэвч энэ барьцааны эд хөрөнгөө хууль ёсны дагуу болгоод явахад аймгийн Засаг даргын эс үйлдэхүйгээс болж ийм байдалд хүрээгүй.

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч компанийн өөрийнх нь Газрын тухай хуулиар хүлээсэн үүрэг байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хуульд заасан хугацааны дагуу сунгуулах асуудал бол газар эзэмшиж байгаа тухайн компанийн хүлээх үүрэг. Түүнээс аймгийн Засаг даргад **ны барьцааны эд хөрөнгийг нь  хууль ёсны болгож түүний өмнө хүлээх үүрэг байхгүй. ** болон “**” ХХК-ийн хооронд гэрээ байгуулж барьцаалбар хийхэд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцсон оролцоо, харилцаа байхгүй байгаа юм. Газрын тухай хуульд мөн газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийг 39.1.1-т заасан мөн хугацааны асуудал байгаа.  39.1.2-т тодорхой заачихсан байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч нь аж ахуйн нэгж байгууллага  татан буугдсан бол 39.1.2-т газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болно гээд хуульд хуульчлаад өгчихсөн. ** регистрийн дугаартай “**” ХХК улсын бүртгэлээс лавлагаа авахад 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр татан буугдаад улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиар Засаг дарга татан буугдсан компанид захиргааны акт дахиад гаргаагүй гээд Газрын тухай хуулиар энэ тохиолдолд заавал татан буугдсан гээд захирамж гаргах хуулиар зохицуулчихсан харилцаа хуульчилсан заалт байхад татан буугдсан гэж дахиж захирамж гаргахыг  үүрэгжүүлсэн зохицуулалт Газрын тухай хууль дээр байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй нь өөрийн санаачилгаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх юм. Тэгээд Газрын тухай хуулийн 40.2 дугаар зүйлд энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэлийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаад энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж буй түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр энэ бүрэн эрхийн хүрээнд энэ нь хамаарахгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **гийн гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын тухайд тайлбараа гаргая. Өөрчилсөн шаардлага дээр болохоор “**” ХХК ** регистрийн дугаартай “**” ХХК 2 нь **-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах гэсэн байна. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалаар “**” ХХК ** дугаартай ХХК-ийг татан буулгасан шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага үндэслэлгүй байна.  Мөн татан буугдах санал ирсэн болохыг мэдээгүй гэсэн тайлбар хэлж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 1626 дугаар тушаалын 1-д “санхүүгийн тайлангаа 6 ба түүнээс дээш улирал гаргаагүй, хариуцах санхүүгийн байгууллагад тушаагаагүй” гэсэн байх бөгөөд ** нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах авах гэрээнүүдээр цорын ганц 100 хувь эзэмшигч болсон гэдэг. Тэгвэл ** нь 2014 оны 5 дугаар сараас хойш татан буугдах хугацаа хүртэл мөн адил тайлангаа тушаагаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа юм. Учир нь 2014 оны 5 дугаар сараас хойш тайлангаа тушаасан бол бүтэн 1 жил 6 сарын дараа энэ компанийг татан буулгасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч **ийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл дээр дурдаад байгаа үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Мөн “**” ХХК ** нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “**” ХК-тай барьцааны гэрээ байгуулаад маргаан бүхий газрыг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үндэслэл дээрээ бичсэн байгаа. Энэ бол улсын бүртгэлийн байцаагчийн ажлын хариуцлагын асуудал ярьж байгаа учраас энэ бас тогтоогдохгүй юм. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр татан буугдсан компани байгаа,  шинээр 2017 оны 2 дугаар сард шинээр байгуулагдсан компани байхад  2016 онд “**” ХХК  гэж байхгүй байхад “**” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглаж **инд барьцаалбар үйлдэж барьцааны гэрээ хийсэн байгаа юм. Мөн нэхэмжлэгч “**” ХХК татан буугдсанаа мэдэхгүй гайхан сандарч гэж энэ нэхэмжлэлийн шаардлага дээрээ бичсэн байгаа юм. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан юм байна. Тэгэхээр 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл огт “**” гэж компани байхгүй байхад **инд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр барьцаалбар хийсэн байдаг юм байна лээ.

Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас татан буугдсан компаниудыг нийтэд зарлаж мэдээлсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулиар 21 ба түүнээс дээш тооны этгээд сонсохоор бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ гэдэг заалтаа барьж мэдэгдсэн баримтаа шүүхэд өгсөн байсан. Одоо татан буугдсан “**” ХХК-ийн захирал **ын хариуцлагатай холбоотой асуудал хууль мэдээгүйгээс болж хуулийн хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй юм. Тэгэхээр татан буугдсанаа би мэдээгүй гэж ярьж байгаа нь **ын хариуцлагын асуудал. **аас тамга, тэмдэг ч хурааж аваагүй, хураахыг шаардаагүй гэж байна. Нэгэнт татан буугдсан аж ахуйн нэгж байгууллагын тамга тэмдэг өөрөө хүчин төгөлдөр бус. Тэгээд Орхон аймгийн Засаг дарга эзэмших эрхийг сунгах хугацааг 30 хоног өнгөрсөн гэж хариу өгсөн гэж тайлбартаа бичсэн байдаг. Тэгвэл нэхэмжлэгч талыг анх шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын бүртгэлээс “**” ХХК-ийн лавлагаа авахад татан буугдсан байна гэдгээ шүүхийн процессын үед мэдсэн гэдгээ хэлж байгаа. Энэ компани нь үндсэндээ 2015 онд татан буугдсан байгаа. Тэгээд ** гэрээ гэрчилгээг нь эх хувиар нь авсан гэж яриад байгаа.  Нэгэнт гэрээ, гэрчилгээг сунгуулах нь тухайн газар эзэмшигчийн эрх, үүрэг учраас хуульд заасан 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргах ёстой байдаг. Гэтэл энэ компани нь өөрөө 2015 онд татан буугдсан учраас энэ эрхийг хугацааг сунгуулах хүсэлт гаргах боломжгүй байсныг эндээс харах боломжтой” гэв.

Гуравдагч этгээд ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ойлголтоор **ны тавьж байгаа шаардлага нэг талаасаа манай аймгийн Засаг дарга, Газрын харилцааны албаны дарга хоёрыг хоёуланг нь гэмт хэрэгтэн болгох юм руу чирээд байна. Би жирийн иргэн, хуульч биш. Тэгэхээр би 2013 онд 5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ хийж компаниа шилжүүлсэн. Би 2018 онд компаниа буцааж авах ёстой байсан. Гэтэл энэ хүн миний компанийг хууль бус аргаар татан буулгаад байцаагчтай яриад тэгээд 2017 онд дахиж ижил нэртэй компани байгуулсан. **ийг бас залилсан аргаа одоо цагаатгах байдлаар дахин тийм компани байгуулсан. Шинэ байгуулсан компанид Засаг дарга газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх үгүй бол тэр газар эзэмших хугацааг нь сунгаж өгөх боломж ерөөсөө байхгүй. Сая газрын харилцааны албаны хүн хэллээ. Татан буугдчихсан компанийн өмнөөс нэхэмжлэл гаргаад явна гэдэг чинь хууль бус байхгүй юу.

 ** ч гэсэн татан буугдсан компанийн тамга тэмдэг ашиглаад явж байхад огт мэдээгүйг. Зөвхөн 10 давхар барилгыг үнэлээд тэрэнд нь зориулаад зээл өгсөн байдаг юм. Газарт  үнэлгээ байхгүй. Тэгэхдээ газрыг нь барьцаалсан. Барьцаалахдаа хууль бус тамга тэмдэг ашиглаад явж байгаа хариуцлагыг нь ** өөрөө хариуцлага алдсан учраас эцэст нь энэ банкнаас мөнгө луйвардаад явчихсан, намайг залилаад алга болчихсон, гадаадад гарчихсан хүний өмнөөс энэ газрыг авч **ны алдагдлыг нөхөх гээд явж байгаа нь үнэхээр харамсалтай, ийм юм байж болохгүй. Үүндээ манай аймгийн Засаг дарга, Газрын харилцааны албаны даргатай ярилцаад хууль бус юм хийлгэх гээд явж байгаа бол би гомдол гаргана. Энэ хоёр хүн энэ асуудлыг нь шийдэж өгсөн байвал би авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг хийсэн гэж үзэж маргана. Би компаниа буцааж авах асуудлаар аймгийн захиргааны хэргийн шүүх, дээд шүүхэд бас заргалдана. 2018 онд миний буцааж авах ёстой байсан компанийг хууль бусаар татан буулгаад ийм хууль бус үйл ажиллагаанууд явуулж байсан байна гэдгийг нь бүр тодорхой гаргаж өгнө. Тэр хүнийг бол ** оргосон, алга болсон Солонгос, Вьетнамаас нь дуудаж авчраад мөнгөө төлүүлэх ёстой болохоос биш төрийн мэдлийн эс үгүй бол компанийн мэдэлд байсан газраар тэрийг нь зарж өрөө хаана гээд явж байна. Ийм асуудал байж болохгүй. Би шүүх  хурал болгон дээр хэлдэг. Дарга нарт ч хэлж байгаа. Та нар ийм байдлаар шийдэж болохгүй. Сая  эвлэрэх гэдэг үг ярилаа. Эвлэрэх гэж байгаа бол хэнтэй эвлэрэх ёстой юм. Монгол такс гээд эрх залгамжилж байгаа компани, ** хоёр надтай ирж уулзаж ярих ёстой асуудал байсан юм. Эд нар хэзээ ч намайг хүн гэж авч үзээгүй. Би өндөр настай, 77 настай өвгөн байна. Тэгэхдээ би энэ асуудлыг дуустал явна. Хууль бус юм хийлгэх гээд хууль бус юм хийгээд явж байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэнэ. Би ийм л үг хэлье шүүгч нар аа. Тийм учраас зориуд шүүгчидтэй би өмнө нь таарч байгаагүй учраас ийм юм болсон юм шүү, ийм учиртай юм шүү, тэр луйварчнаасаа ** нь эрсдэлийнхээ сангаас хариуцаад үгүй бол дарга нь тэр ялаа үүрээд явдаг юм уу? өгснөөрөө тэр асуудлаа өөрсдөө шийд.

Миний асуудлыг шүүх шийднэ.  Иргэний хэргээр бид нар 4 жил явж байгаа. Маш олон удаа буцаасан. Дээд шүүх дээр очихоор буцаадаг юм. Яагаад гэвэл тэр компанитай энэ ** нийлчихээд хоёулаа намайг байхгүй болгохын тулд бараг үхэхийг л хүлээж байх шиг байгаа юм. Тэгээд л хойшлуулаад байдаг юм. Одоо тийм юм байхгүй. Шүүх одоо 4 дэх удаагаа хуралдаж байна. Сая гурван шүүгчийг хуулийн тайлбарыг хэлээд байхад эд нар өөрөө хуульчид шүү дээ. Яах гэж та нар дахиж хууль тайлбарлуулаад байгаа юм. Эд нар та нарыг хууль бус шийдвэр гаргуулах гээд байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх шаардлага байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно гэж Иргэний хуульд зохицуулсан. Санхүүгийн тайлангаа 6 буюу түүнээс дээш тайлагнаагүй. Санал гомдол гаргаагүй бол гэж тодорхой заасан. 6 улирал дараалан санхүүгийн тайлангаа өгөөгүй. Энэ бол **ын буруутай үйлдэл. Компани татан буугдсанаар газрын эрх дуусгавар болдог. ** регистрийн дугаартай “**” ХХК-ийг байгуулснаар өмнөх компанийг татан буугдсанаа мэдэж байсан. Адилхан нэртэй компани байгуулж төөрөгдүүлсэн шийдвэр гаргасан. Газрын төлбөрийг бид нар төлж байсан гэж байна. Энэ газрын төлбөрийг гуравдагч этгээд **болон түүний хүү ** нар төлж байсан. ** зохих ёсоор эзэмшиж, ашиглах үүргээ биелүүлээгүй. Газар эзэмших гэрээн дээр газрын төлбөрийг заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Хянан баталгааг 5 жил тутамд хийлгэж байх ёстой. Эхний буюу ** регистрийн дугаартай “**” ХХК нь Компанийн тухай хуулийг зөрчсөн. Татан буугдсан компанийг хуулиар зохицуулаагүй. Хувьцаат компанийг өөрчлөхийг тодорхой заасан. Нягтлан бодох бүртгэл, Иргэний хуульд байхгүй. Хууль бус үйлдэхүй гэж тогтоох боломжгүй. Газрын тухай хуулийг зөрчөөд байгаа гэсэн. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй. Дараа нь эрх залгамжлагч гээд гарч ирсэн. Эрх залгамжлагч болохыг тогтоолгох гэдгийг хуульд байхгүй шаардлага гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагуудаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-т зааасан “нэхэмжлэл гэж юу” гэдгээр тодорхойлогдоно. Эрх ашиг нь хөндөгдсөн бол ямар замаар сэргээх вэ гэдгийг тогтоох ёстой. Хуульд заасан үндэслэл буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэсэн байна лээ. Зөрчлийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгаа. “**” ХХК-ийг татан буулгасан баримт, мэдээлэл хэрэгт байна. Иймд 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “**” ХХК татан буугдсанаар газрын эрх дууссан. ** хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК /**/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, “**” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “**” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. /1 дэх ХХ-ийн1-4 дүгээр тал/

1.1. Нэхэмжлэгч “**” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **” ХХК /**/ нь **” ХХК /РД:**/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох, “**” ХХК /**/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд **” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **аас “...**” ХХК-ийн өөрчилсөн шаардлагыг дэмжиж оролцож байна, бид ижил ашиг сонирхолтой явж байгаа” хэмээн тайлбарлаж, шүүх хуралдаанд уг шаардлагуудаа дэмжин мэтгэлцэж оролцов. /3 дахь ХХ-ийн 88-89 дүгээр тал/

1.2. Шүүх нэхэмжлэгч “**” ХХК-ийн гаргасан “**” ХХК /**/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “**” ХХК /РД:**/ нь “**” ХХК /РД:**/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

нэхэмжлэгч **” ХК-ийн гаргасан “**” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах, “**” ХХК /РД:**/ нь “**” ХХК /РД:**/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хоёр. Нэхэмжлэгч нарын  “**” ХХК /РД:**/ нь “**” ХХК /РД:**/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

            2.1. Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэдэг бөгөөд тухайн маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан нийтийн эрх зүйн маргаан байхаар хуульд зохицуулсан.

            2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.1"захиргааны байгууллага" гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг”, 3.1.2"захиргааны үйл ажиллагаа" гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг”, 3.1.3"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 13 дугаар зүйлийн 13.1 “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно..., 11 дүгээр зүйлийн 11.1 “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-т “захиргааны акт”, 11.1.2-т “захиргааны гэрээ”, 11.1.3-т “захиргааны хэм хэмжээний акт” гэж тус тус заасан.

2.3.Нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан **” ХХК /РД:**/ нь “**” ХХК /РД:**/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох” шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” дэх хэсэгт заасан онцгой ажиллагааны журмаар иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэгдэх маргаанд хамаарч байна.

2.4.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын “эрх залгамжлагчаар тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь нийтийн эрх зүйн хүрээний биш, иргэний эрх зүйн харилцаа байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэхээр байна.

2.5.Иймд нэхэмжлэгч нарын **” ХХК /РД:**/ нь “**” ХХК /РД:**/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/ зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж дүгнэв.

            Гурав. Нэхэмжлэгч “**” ХК-ийн “**” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн тухайд:

            3.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.7 "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 33 дугаар зүйлийн 33.1Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1 “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

3.2. Дээрх хуулийн зохицуулалт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудаас үзвэл “**” ХК нь маргаан бүхий 10202 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхгүй этгээд болох нь тогтоогдож байгаа бөгөөд мөн “**” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тогтоогдож байна.

3.3. Нэгэнт газар эзэмших эрхгүй тул тухайн этгээдэд эрх бүхий байгууллага /Орхон аймгийн Засаг дарга/-аас “газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” талаар шаардах эрх үүсэхгүй. Тодруулбал, хуулийн дагуу /хууль ёсны дагуу/  үүссэн эрх нь өөрөө хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг үүсгэнэ.

3.4. Гэтэл “**” ХК-д /өөрт нь/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** хороололд байрлах 10202 м.кв газрыг орон сууцны зориулалттайгаар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй байх тул тус компани уг газрын харилцаатай холбогдох маргааныг үүсгэх эрхгүйгээс гадна “**” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

3.5. Иймд ** ХК-ийн “газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 /нэхэмжлэгчийн төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн “** ХХК /**/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:

            4.1. Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжаар “**” ХХК /РД:**/-д ** баг ** хороололд 1.02 га газрыг 3 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/396 дугаар захирамжаар “**” ХХК-ийн эзэмшиж буй ** хороололд байрлах орон сууцны зориулалттай 10202 м.кв газрын эзэмших эрхийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, газар эзэмших эрхийн ** дугаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.  /1 дэх ХХ-ийн 80-84 дүгээр тал/

            4.2. “**” ХХК нь /РД:**/ 2006 онд үүсгэн байгуулагдаж,  гуравдагч этгээд болох ** нь тухайн компанийн 1 хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Хувьцаа худалдах ба худалдан авах гэрээ”-үүдийн үндсэн дээр “**” ХХК /РД **/-ийн эрхийг **ын **т шилжүүлсэн байна. /1 дэх ХХ-ийн 145-148 дугаар тал/

            4.3. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах тухай” 1626 дугаар тушаалд “...санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал гаргаагүй, харилцах санхүүгийн байгууллагад тушаагаагүй хавсралтад дурьдсан 4794 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассугай”, тушаалын хавсралтын 568 дугаарт ** регистрийн дугаартай, улсын бүртгэлийн ** дугаартай “**” ХХК  гэж бүртгэгдсэн байгаа нь тухайн компани татан буугдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 9/5139, 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/6158 дугаар албан бичгүүд, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.  /2 дахь ХХ-ийн 235-237, 3 дахь ХХ-ийн 83-85 дугаар тал/

            4.4. Түүнчлэн, ****нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шинээр хуулийн этгээд байгуулахаар улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг холбогдох баримтуудын хамт гаргасны дагуу ** гэсэн регистрийн дугаар бүхий “**” ХХК-ийг шинээр байгуулсан ба тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэх үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нөхөн авсан болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 389 дугаар албан бичгээр нотлогдож байна. /1 дэх ХХ-ийн 122-134 дүгээр тал/

            4.5. Нэхэмжлэгч “**” ХХК /РД:**/ нь “**” ХХК /РД **/-д олгосон маргаан бүхий 10202 м.кв талбай бүхий  газар эзэмших эрх дуусгавар болсоныг сунгуулах хүсэлтээ Орхон аймгийн Засаг даргад  гаргасныг “...газар эзэмших эрх дуусгавар болсон байна” гэх хариуг тэдэнд хүргүүлсэн байна.

            4.6. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “тухайн үед аймгийн Засаг даргаас “**” /**/ ХХК-ийн татан буугдсан талаар мэдээгүй байсан, татан буугдсан талаар нэгэнт мэдсэн учраас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт зааснаар сунгах боломжгүй” гэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

            4.7. Хуулийн этгээдийг татан буулгах болон үүсгэн байгуулах гэдэг нь эрх зүйн 2 өөр ойлголт бөгөөд хуулийн этгээдийн эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог.

            4.8.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-тгазар төрийн хяналт, хамгаалалтад байх, 37 дугаар зүйлийн 37.1-дЭрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.1газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”, 37.2Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулнагэж тус тус заасан.

            4.9. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл аймгийн Засаг дарга нь хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах, хэрвээ эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажиллаагүй бол газар эзэмших эрхийг гэрчилгээний хугацааг сунгахгүй байх бүрэн эрхтэй байна.

            4.10. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Орхон аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг зөрчиж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            4.11.Мөн “**” ХХК нь татан буугдсанаар түүний газар эзэмших эрх дуусгавар болсон бөгөөд шинээр байгуулагдсан “**” ХХК-д газар эзэмших эрх шилжээгүй, газар эзэмшигч нь Газрын тухай хуульд заасан эрх үүрэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул газар төрийн хамгаалалтад байх зарчмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа тухайд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

            4.12. Иймд  захиргааны байгууллагын “газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болох нь тогтоогдож, нотлогдоогүй учраас даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “**” ХХК-ийн “**” ХХК /**/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

            4.13. Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч **ийн “**” ХХК татан буугдсанаар газрын эрх дууссан. ** хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.    

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Газрын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2,  37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “**” ХХК /РД:**/-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “**” ХХК /**/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “**” ХХК /РД:**/, “**” ХК нарын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан **” ХХК /РД:**/ нь “**” ХХК /РД:**/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “**” ХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “** ХХК /**/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                   

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.САРАНГЭРЭЛ

             ШҮҮГЧИД                                                 П.УУГАНЦЭЦЭГ

                                                                          Б.БАТЧИМЭГ