Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/153

 

       

   2024            01            30                                        2024/ДШМ/153         

                       

О.Бад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/2141 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Алтайгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар эсэрүүцлээр О.Бад холбогдох эрүүгийн 2310000001574 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн О.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Архангай аймгийн ******* суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар тариалан үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 0, нөхөр, хүүхдийн хамт ****** дүүргийн ** дүгээр хороо, ***** хотхоны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Яллагдагч О.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг Таур хотхоны 118 дугаар байрны 131 тоотод хохирогч Т.Эийг нөхөртэйгөө хардаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд  нь баруун 3, 4, зүүн 6 дугаар хавирганы цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг хамарсан, баруун нүдний дотор булан, баруун дал, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, цээжний баруун, зүүн дээд хэсэг, баруун хэсэг, баруун гуя, тахим, шилбэ, зүүн гуя, шилбэ, умдагт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан ба өмгөөлөгчөөс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хүсэлтийг гаргасныг хэлэлцэж, хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж дараах үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтооно гэж хуульчилжээ.

Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг төлүүлэх жишиг аргачлалыг баталсан байх ба аргачлалын 2.1 дэх хэсэгт сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй байхыг ойлгоно.” гэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт “Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: -2.1.1-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж зохицуулжээ.

Мөн журмын 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэж, 2.4-т шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.” гэж тус тус заасан.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч тус үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Тодруулбал, уг ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэх ажиллагаа байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудалд дээрх асуудал хамаарахгүй байгаагаас гадна мөрдөн шалгах ажиллагаанд хийгдээгүй ажиллагаагаар шүүх шинээр шинжээч томилох, эсхүл хэргийг 60 хоногоор хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно. ...” гэжээ.

Прокурор С.Алтай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...тус хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд хохирогч, түүний өмгөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоолгох талаар хүсэлт огт гаргаагүй бөгөөд хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсний дараа хэргийн оролцогчдоос дээрх хүсэлтийг гаргажээ. Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”-ний талаар зохицуулсан байх бөгөөд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхээс тус журам, аргачлалыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох зорилгоор 60 хүртэл хоногоор хойшлуулах, эсхүл хохирол, хор уршигтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Энэ талаарх саналыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед прокурорын зүгээс гаргасан боловч анхан шатны шүүхээс уг саналыг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэв үндэслэлгүй гэж дүгнэж байгаа бол энэ талаараа захирамждаа тодорхой дурдаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ... Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг удирдлага болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон О.Бад холбогдох хэрэгт өөрийн эсэргүүцлийн дагуу шүүх  хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй, нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Гэмт хэрэг юунаас болж гарсан бэ гэдгийг харахаар хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгож нэхэмжилье гэдэг зүйл яригдаагүй. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг дээр хүсэлт өгөөд байгаа нь ойлгомжгүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээний талаар зохицуулалт байгаа. Үүнтэй холбоотой Дээд шүүхийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Энэ аргачлалыг үндэслээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлээд хэргийг хэлэлцэх үед 34.16 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой. Хор уршигтай холбоотой асуудлыг эрүүгийн хэрэгт хамааруулж шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээгээд эрүүгийн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүх буцаагаад байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Хэрвээ дээр дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаагаад байх юм бол эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь доголдох эрсдэл үүснэ.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч О.Быг хохирогч Т.Эийг нөхөртэйгөө хардаж, улмаар хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх О.Бад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна...” гэж дүгнээд прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор заасан байх тул нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.4-т Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно гэж,

мөн журмын 2.3-д энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана гэж,

мөн журмын 2.6-д Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шаардлагатай тохиолдолд хавтас хэргийн материал болон эмнэлгийн баримт бичиг, материалыг хамт ирүүлнэ гэж,

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ гэж тус тус заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын дээрх хэм хэмжээний агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээнд хохирогчийг биечлэн хамруулахаар заасан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх зэрэгт дүгнэлт хийх шаардлагатай байна гэж үзэв.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг явуулах мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/2141 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР