Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/154

 

 

 

 

 

 

   2024            01            30                                        2024/ДШМ/154         

                       

Ч.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогч С.С,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/1846 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дүгээр эсэрүүцлээр Ч.Тд холбогдох эрүүгийн 2303006070473 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТД овгийн Чулууны Ч.Т, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 0 дугаар баг, Бадарын энгэр гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:**00000000/;

Яллагдагч Ч.Т нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын Мод үржүүлгийн 2 дугаар буудлын замд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Toyota Prius маркийн 77-52 УНА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас явган зоригч С.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч Ч.Тд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

Тээврийн прокурорын газраас яллагдагч Чулууны Ч.Тыг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 15 минутын орчим Тоёото приус загварын 77-52 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо ... явган зорчигч С.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 1.1-д жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан; бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болохоор хуульчилжээ.

Яллагдагч Ч.Тын жолоодох эрхийн лавлагаа хавтаст хэргийн 85 дахь талд авагдсан, уг лавлагаагаар Ч.Тын жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссан буюу осол болсон гэх өдөр 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Я.Ч.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргасан бол хүндрүүлэхээр заасан байхад яллагдагч Ч.Тын үйлдэлд энэ гэмт хэргийн шинж байгааг шалгалгүй орхигдуулж Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон прокуророос яллагдагч Ч.Т үнэмлэхийн хугацаа нь эрхээ сунгуулаагүй нөхцөл байдал байсан, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоолын 14-т “Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй, мөн захиргааны шийтгэлийн журмаар болон шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүмүүс хамаарна гэж зааснаар Ч.Тыг жолоодох эрхийн үнэмлэхгүй гэж үзэхгүй, үнэмлэхийн хугацаа дууссан нь Зөрчлийн арга хэмжээ авагдахаар байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, тов тогтоох саналтай байна гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 онд шинээр батлагдсан хууль бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбар нь 2006 онд хамаарах бөгөөд Улсын Дээд шүүхийн тайлбараар жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан талаар тайлбарлаагүй гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийсний дараа зөв зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч Ч.Тд холбогдох эрүүгийн 2303006070473 дугаартай хэргийг Тээврийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.” гэжээ.

Прокурор Ц.Цэрэнбалжир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Т нь жолоочийн жолоодох эрхийн үнэмлэхээ сунгуулаагүй зөрчил нь гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй гэж үзэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: Жолоочийн үүрэг. 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а./ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаагаар олгоно гэж хуульчилсан байна. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэдэгт тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг ойлгоно. Хууль тогтоогч жолооны үнэмлэхээ сунгуулаагүй, сунгуулах ёстой гэдэг нь мэдэгдэх боломжгүй ийм нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу нийгэмд илүү аюултай гэж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хүндрүүлэх шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй буюу зохих мэдлэг эзэмшиж, дадлага хийгээгүй, эсхүл эрхтэй байсан боловч зөрчил гарган холбогдох хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ тодорхой хугацаанд хасуулсан хүнд хамааруулсан юм. Шүүгдэгчийн жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан, нөхөн авч амжаагүй байдал нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэн буруутгах үндэслэл болохгүй юм. Хэрвээ тухай этгээд тээврийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан байхад тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь зөрчлийн шинжтэй гэж үзэж байна. Ч.Т нь 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр жолоодох эрхтэй болж, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссаны улмаас жолоодох эрхийн хугацаа сунгуулж 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр жолоодох эрхийн “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэх олгосон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаал “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д жолоочийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан бол хугацаа сунгуулахдаа ямар нэгэн сургалтад суух талаар заагаагүй, биеэр очиж эсхүл цахимаар захиалж хугацаа сунгуулж болохоор байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоолд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй, захиргааны шийтгэлийн журмаар болон шийтгэх тогтоолоор жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдийг хамааруулан ойлгоно гэжээ. Жолоодох эрхийн үнэмлэх авсан боловч тухайн үед биедээ авч яваагүй, эсхүл хүчинтэй хугацаа дууссан, гээж үрэгдүүлсэн боловч нөхөн авч амжаагүй байдал нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй/ гэж үзэн буруутгах үндэслэл болохгүй юм. Хэрвээ тухайн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан байхад тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй эсэхэд анхаарвал зохино. ...түүнчлэн хууль тогтоогч жолооны үнэмлэхээ сунгуулаагүй, сунгуулах ёстой гэдэг нь мэдэгдэх боломжгүй ийм нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу нийгэмд илүү аюултай гэж үзээгүй бөгөөд ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ тодорхой хугацаанд хасуулсан хүнд хамааруулсан юм.” гэж дүгнэн үзэж эсэргүүцэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/1846 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Хохирогч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сэтгэл санааны хохирлыг барагдуулах шаардлагатай, надад хэцүү байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Ч.Тыг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас явган зоригч С.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг хүлээн авч, өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ “Ч.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссан буюу осол болсон 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Я.Ч.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон байна. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргасан бол хүндрүүлэхээр заасан байхад ... Ч.Тын үйлдэлд энэ гэмт хэргийн шинж байгааг шалгалгүй орхигдуулж Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна ... гэсэн үндэслэл заан, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх үндэслэл”-ийг нэрлэн заасан бөгөөд мөн зүйлийн 18.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно:”, мөн хэсгийн 18.1.1-д “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан;” гэж заажээ.

Хавтаст хэргийн материалд авагдсан 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Жолоодох эрхийн лавлагаа”-аар /хх 85/ Ч.Тын жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан болохыг тодорхойлжээ.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/1846 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР