| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2025/0008/з |
| Дугаар | 124/ШШ2025/0030 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 124/ШШ2025/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш овгийн М.Б,.........................................оршин суух,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,
Гуравдагч этгээд: Б.Б, .................................................оршин суух
“2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан газар эзэмших эрх олгох дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н, нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, гуравдагч этгээд Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан газар эзэмших эрх олгох дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаангом сумын 12-р баг захын дотор байрлах 91м2 газрын эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа явагдаж, ялагчаар Б.Б тодорч газар эзэмших эрх олгогджээ.
3. Шүүхэд нэхэмжлэгч Б.Б дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг даалгахаар маргаж байх бөгөөд Улаангом сумын Засаг даргад гомдол гаргаж Улаангом сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр “дуудлага худалдаа журмын дагуу зохион байгуулагдсан талаарх” хариуг авсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор буюу “ гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд хандсан байна.
4. Нэхэмжлэгч М.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1999 оноос хойш захын хаалганы хажууд эзэнгүй газарт лангуу засаж ширээний жижиг бараа зардаг байсан. Тус захын гадна талд байсан хүмүүсийг дотогш ор гэхээр нь дотогш орсон. Уг газарт нэг хүн вагончик авч ирээд тавьчхаад хооронд нь үнэ хаялцуулсан байхад би маргаан бүхий газрыг худалдаж аваад дэлгүүр бариад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан.Банкнаас зээл авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй гэсэн тул улсын бүртгэлийн газраас гэрчилгээг авсан. Үүнээс хойш энэ газраа ажилласан. Энэ нь миний амьдралын эх үүсвэр байсан. Би групптэй. Даралт харваад нэг нүд нь хараагүй болсон. Хөл, гар хадаастай. 2 дахин хагалгаанд орсон. Эхнэр маань ажилладаг. Манай эхнэр нэг бөөрөндөө хагалгаа хийлгэчихсэн. Одоо Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэнэ. Бид нар гэр барьж барилгын ажил хийж чадахгүй хүмүүс. Хийж дассан ажлаа хийж чадна. Нутгийн ард түмэн бид нарыг тухайн газарт байрладгаар нь мэддэг. Энэ газраас холдох юм бол нэг гэр бүлийн амьдрал, цаана нь байгаа манай үр хүүхдүүдийн амьдрал орвонгоороо эргэх болоод байна. Б.Б-тай хоорондоо тохирох гэсэн ч 200,000,000 төгрөг нэхэж байна. Энэ хэмжээний мөнгө надад байхгүй. Надад дээрх хэмжээний мөнгийг өгөх чадвар байсан бол 90 метр квадратын төлөө тэмцэх шаардлага байхгүй. Өөрийн хүүхдийн газрыг өгье гэсэн санал гаргасан ч гуравдагч этгээдтэй эвлэрч чадаагүй.
Гэтэл Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2024 оны 11 сарын 18-ны өдрийн А/401 тоот захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг Улаангом сумын 12-р багт үйл ажиллагаа явуулж байсан газарт дуудлага худалдаа явуулахдаа Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” зөрчиж дуудлага худалдаанд оруулах газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн надад тус газрыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдэл өгч танилцуулаагүй, дүгнэлт гаргуулаагүй гэх зэргээр журам зөрчиж дуудлага худалдааг зохион байгуулснаар миний хорь гаруй жил ашиглаж барьсан дэлгүүрийн барилга, амьдралын эх үүсвэр болсон дэлгүүрийн газар маань бусдын эзэмшилд шилжихээр болоод байна.
Иймд Улаангом сумын Засаг даргын захирамжийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явуулсан газрын дуудлага худалдааг хүчингүй болгож дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг даалгаж өгнө үү.
Миний зүгээс өмнө удаа дараа газар эзэмших талаар Улаангом сумын Засаг даргад хандаж байсан. Гэтэл дуудлага худалдааны мэдээлэл өгөхгүй байж байгаад дуудлага худалдаа явуулсан. Би дуудлага худалдаа явуулах санал гаргаагүй. Намайг Улаанбаатар хотод эмчилгээтэй байхад миний эхнэр залгаж манай газрыг дуудлага худалдаанд оруулсан байна гэж хэлсэн...“гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу тухайн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дуудлага худалдаагаар зохион байгуулна гэж заасан. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар газар өмчлүүлэх эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам батлагдсан. Тухайн журмын 6.1-т дуудлага худалдаа явуулахдаа дараах бэлтгэл ажлыг хангана гээд 6.1.1-т дуудлага худалдаагаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухайн аж ахуйн нэгж нь тухайн нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг тодорхойлон газар дээр нь тэмдэгжүүлнэ гэж заасан.Гэтэл уг ажиллагаа хийгдээгүй. Хариуцагч талаас болон гуравдагч этгээдийн зүгээс кадастрын зурагт эргэлтийн цэгүүд нь баталгаажсан учраас газар дээр нь тэмдэглүүлэх шаардлагагүй гэх боловч дээрх журмаараа ажиллагаа явагдах ёстой. Журамд ямар нэгэн байдлаар цахимаар явуулж байгаа тохиолдолд эргэлтийн цэгүүдийг тэмдэглэх шаардлагагүй гэж зохицуулсан зүйл байхгүй. Дуудлага худалдааг цахимаар болон танхимаар явуулна гэх хэлбэрийг зохицуулж өгсөн болохоос биш аль ч хэлбэрээр явагдаж байгаа тохиолдолд бэлтгэл ажил журмын дагуу хангагдах ёстой. Тус журмын 7 дугаар зүйлийн 7.2-т энэ журмын 7.1-т зард дараах мэдээллийг заавал тусгана гэж заасан. Дуудлага худалдаа сонгон шалгаруулалтыг явуулах зар дээр дуудлага худалдаагаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тусгана гэж заасан. Газрын албанаас ирүүлсэн баримт болон шинжлэн судалсан тухайн цахим мэдээллийн сангаас харсан зард эрх бүхий этгээдийн шийдвэрийн талаар мэдээлэл тусгагдаагүй. Дуудлага худалдаа эхлэх, дуусах он, сар, өдөр цаг хугацааг заана гэсэн байхад цаасаар ирсэн баримтад хугацаа заагдаагүй ч цахим баримтаар хугацаа харагдаж байна. Тухайн дуудлага худалдаа 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл хугацаанд явагдах ёстой.Манай аймгийн цагаар дуудлага худалдаа 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цаг хүртэл явагдах ёстой байтал журмыг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан дуудлага худалдааны оролцогч 3 этгээдийн үнийн саналуудыг хэдэн цаг хэдэн минутад ямар үнийн саналуудыг ирүүлж байсан талаарх баримтууд нотлох баримтаар авагдсан. Тухайн баримтуудад дуудлага худалдаа хамгийн сүүлд буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 13 минутад дуусгавар болсон. Дуудлага худалдаа тухайн зард заагдсан буюу журамд заагдсан хугацааныхаа дотор үргэлжлээгүй буюу 14:00 цагт дууссан байх ёстой байсан. Тиймээс дээрх журам зөрчигдсөн байна. Мөн тус журмын 7.2.11-т газар эзэмших, ашиглах, хугацааны талаар заавал тусгана гэж заасан. Тухайн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрыг хэдэн жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэж байгаа талаар мөн хуульчилж өгөхөөр заасан байна. Гэтэл энэ талаар дурдагдаагүй. Мөн 7.3-т дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах тохиолдолд холбогдох цахим хуудасны мэдээллийг байршуулна гэж заасан. Гэтэл цахимаар орсон зард дуудлага худалдаа явуулах цахим системийн хаяг нь байршаагүй. Увс МBC телевиз, сайтын нэр бичигдсэн байсан нь зарыг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэх агуулгадаа орсон байна. Дээрх журамд заасан ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байна. Тухайн зард газрын төрлийн талаарх мэдээлэлд үл хөдлөх хөрөнгөтэй газар гэж харагдахаар орсон байна. Газрын алба дуудлага худалдааг зохион байгуулахдаа зөвхөн газрыг зарах ёстой байсан. Гэтэл үл хөдлөх хөрөнгөтэйг нь зарсан гэж харагдаж байгаа. Тухайн зарыг дуудлага худалдааны зарыг харсан хэн ч үл хөдлөх хөрөнгөтэй газар зарж байгаа юм байна гэх ойлголтыг авахаар зарыг байршуулсан. Нэхэмжлэгч хуулийн дагуу газар эзэмшихийн гэрчилгээ аваагүй байсан боловч тухайн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу бичиг баримтыг нь бүрдүүлж, өргөдөл хүсэлтийг нь гаргаад 2023 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллага буюу эрх бүхий этгээдээс нь авсан. Төрийн байгууллагын албан ёсны үнэт цаасан дээр хэвлэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Тус гэрчилгээгээр М.Б тухайн үл хөдлөх хөрөнгө буюу дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нь хууль ёсны өмчлөгч нь байхад тухайн өмчлөгчийн эрхийг зөрчөөд үл хөдлөх хөрөнгөтэйн газрыг нь дуудлага худалдаанд оруулсан юм шиг нөхцөл байдлыг гаргасан нь Газрын тухай хууль мөн Иргэний хууль, Монгол Улсын үндсэн хуульд заасан иргэний өмч хөрөнгөд халдсан үйлдэл байна. Дуудлага худалдааг зохион байгуулахдаа Засгийн газраас тогтоосон журмаа зөрчсөн байх тул тухайн дуудлага худалдаа зохион байгуулсан үйл ажиллагааг хүчингүй болгох дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
6. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:”Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт зах дотор байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 91м.кв газар нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 09:00 цагаас дуудлага худалдаа зохион байгуулагдсан, 3 оролцогч оролцон 15:03 цагт дууссан.Тус дуудлага худалдаа нь Улаангом сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн санал өгч сумын ИТХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18/15 тогтоолоор төлөвлөгөө батлагдаж гарсан.Тухайн газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу дуудлага худалдааг 2024 оны 11-р сарын 18-ны өдрийн А/401 тоот захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж цахимаар нээлттэй зарлан зохиох журмын дагуу зохион байгуулан ажилласан” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дуудлага худалдааны журамд 1 минутын дотор үнээ нэмж хэлээгүй тохиолдолд хамгийн сүүлийн хүн нь ялагч болно гэж заасан. Хэрвээ 1 минутын дотор үнийн санал хэлсэн тохиолдолд дуудлага худалдаа үргэлжилдэг. Тиймээс дуудлага худалдаа журмаа зөрчөөгүй. Тус дуудлага худалдаанд 3 хүн оролцсон буюу хамгийн бага хүн оролцсон дуудлага худалдаа болсон. Хэрвээ дуудлага худалдаа дахин явагдахад дахин 2-3 хүн орно гэж бодохгүй байна. Дахин дуудлага худалдаа зохион байгуулагдсан тохиолдолд 5-аас дээш хүн орно. Хариуцагчийн өмнө гаргасан тайлбарыг дэмжиж байна” гэв.
8. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” 2024 оны 12 дугаар сард фейсбүүкт газрын дуудлага худалдаа явагдах тухай зарын дагуу бүртгүүлээд 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодроод маргаан бүхий газрыг авсан. Гэтэл М.Б над руу утсаар ярьж ахдаа наад газраа өгчих гээд уулзсан. Хуулийн дагуу нэгэнт явагдсан гэхэд зовлонгоо яриад байхлаар нь хоёулаа тохирч болох байлгүй гэж бодож явсаар өнөөдрийг хүртэл тохироогүй. 2025 оны 01 дүгээр сард уулзахдаа 12 дугаар сард дуудлага худалдаа болоод би мөнгө төгрөгийг нь тушаасан та мөнгийг минь гаргуулаад өгчих гэсэн. Нэгэнт төрийн данс руу орсон учраас гаргах боломжгүй гэсэн. Цаашлаад тохиръё гэж байтал М.Б гомдол гаргаад өнөөдрийн шүүх хурал хүргэсэн. Би тохиръё л гэж үзсэн. Дуудлага худалдааны талаар би судалж үзэхэд зохих хууль журмынхаа хүрээнд явуулсан байсан. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Улаангом сумын Засаг даргын захирамжийн дагуу Улаангом сумын газрын даамал Б.А нь тухайн дуудлага худалдааны бэлтгэл үе шатыг хангаад газрын биржийн цахим системээр дамжуулан дуудлага худалдаа явуулах тухай мэдээллийг өгч цахим системдээ оруулаад, газрын мэдээллийн сангаасаа цахимаар мэдээллийг нь татаж аваад хууль дүрмийн хүрээнд дуудлага худалдаа явагдсан байдаг. Дуудлага худалдаа явагдсантай холбоотой бүхий л нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Тухайн газрыг газар дээр нь очиж тэмдэгжүүлсэн эсэх байдлыг тэмдэглэх ямар ч боломжгүй юм байна лээ. Газрын мэдээллийн санд тухайн газар нь бүртгэгдсэн байсан учраас цахимаар тэмдэглүүлдэг байх. Засгийн газрын 2016 оны тогтоолоор батлагдсан газар ашиглах эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулах журмын дагуу тухайн дуудлага худалдаа нь явагдсан. 30 хоногийн тухайд Улаангом сумын Засаг даргын захирамж гарсны дараа газрын биржийн цахим системд орсон. Тухайн хуучин зар нь сайтдаа байгаа. Ямар нэгэн процесс алдаа гараагүй. Энэ маргааны улмаас миний эрх ашиг хөндөгдөөд байна. Би 2025 оны 01 дүгээр сараас одоог хүртэл М.Б-той байнгын холбогдож, цаг хугацаагаа үрж байна. Мөн эд хөрөнгөөрөө хохирч байна. Нэхэмжлэгч үндэслэлгүй маргаан гаргаагүй бол би тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулах байсан. Орлого олох боломж байсан. Нэхэмжлэгч талаас тухайн газрыг газар дээр нь тэмдэгжүүлээгүй гэж тайлбарлаад байна. Газар дээр нь гэдгийг юу гэж ойлгох вэ? Тухайн газар газрын мэдээллийн санд орсон байна. Газрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газар орсон байсан учраас газрын биржийн цахим систем рүүгээ газрын даамал нь ороод тухайн газрыг тэмдэглүүлснийг бид шинжлэн судалсан. Засаг даргын захирамж гарсан огноо цахим мэдээлэлд байгаа. Олон нийтэд захирамж нь харагдахгүй байгаа болохоос биржийн үйл ажиллагаанд байгаа. Дуудлага худалдаа дууссан цагийг талууд ойлгохгүй байна. Өсөх зарчмаар дуудлага худалдаа явагдана. 15:00 цагаас хязгаарласнаас хойш 1 минутаар эхлээд тоологдоно. 1 минутын дотор түрүүлж үнийн санал өгсөн нь ялагч болно. Би үнийн санал өгөхөд миний дараа үнийн саналаа хурдан өгөхгүй өсгөхгүй бол тэр чинь зогсоно. Үл хөдлөх хөрөнгөтэй газрыг дуудлага худалдаанд оруулсан гэж тайлбарлаад байна. 2023 онд зөвшөөрөлгүй газар байшин барьсан байна. 2002 онд Газрын тухай хууль батлагдахаас өмнө зарим хүмүүс том хэмжээгээр газар хасаад авсан ч байсан. Ямар аргаар авсныг мэдэхгүй. Одоо гэрчилгээ гаргаад авчихсан хүмүүс байдаг. М.Б үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахдаа газрын гэрчилгээ гаргуулж авах боломжтой байсан. Үл хөдлөх хөрөнгөтэй газарт дуудлага худалдааг зарлаад тухайн үл хөдлөх хөрөнгө дээр нэхэмжлэгч ялагчтай нь тохирдог байх. Монгол Улсын хэмжээнд одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон бусад холбогдох хуульд үл хөдлөх хөрөнгөтэй бол яах талаар нарийвчлан тусгаж өгөөгүй. Иргэн өөрөө хүсэлт гаргаад, газраа худалдъя гэх санал гаргасан бол журмаараа зохицуулагдана. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т худалдаа үйлчилгээний зориулалтаар бусдад газар эзэмшүүлэхээр бол дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ гэж заасан. Үүнээс дүгнэхэд процесс дараалал зөрчөөгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч талаас “дуудлага худалдаа явагдах талаар мэдэгдээгүй, газрын солбицлын эргэлтийн цэгүүдийг тэмдэгжүүлээгүй, журамд заасан хугацааны дотор дуудлага худалдааг зохион байгуулаагүй, дуудлага худалдаа явагдах цахим системийн хаягийг оруулаагүй, 30-аас доошгүй хоногийн өмнө зарласан эсэх нь тодорхойгүй, дуудлага худалдааны зард эрх бүхий этгээдийн шийдвэрийг хавсаргаагүй, дуудлага худалдааг газар дээр барьсан барилгын хамт худалдах агуулгаар оруулсан нь өмчлөх эрхийг зөрчсөн зэргээр дуудлага худалдааг зохион байгуулах журмын заалтуудыг зөрчсөн тул дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлтэй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч талаас “Тухайн газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ажлын хэсэгт байгуулагдан цахимаар холбогдох журмын хүрээнд зохион байгуулсан” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.Гуравдагч этгээдийн зүгээс “дуудлага худалдаа журмын хүрээнд зохион байгуулагдсан” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн.
5.Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар Улаангом сумын 12-р багийн нутагт захын дотор талд 91м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар нээлттэй дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, дуудлага худалдааг зохион байгуулахыг Улаангом сумын газрын даамал М.Баттөгс, Б.А нарт даалгажээ.Захирамжийн хавсралтаар 91 м2 газрын дуудлага худалдааны анхны үнийг 728,000 төгрөгөөр тогтоосон байна.
6.Уг дуудлага худалдааг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газрын биржийн цахим системээр зохион байгуулсан байх ба нийт 3 оролцогч оролцож хамгийн сүүлд оролцогч Б.Б 54,978,000 төгрөгийн санал гаргаснаар ялагч болон Улаангом сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар 91м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Б-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дуудлага худалдаанд оролцогч М.Боос Улаангом сумын Засаг даргад гомдол гаргаснаар Улаангом сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай албан бичгээр “дуудлага худалдаа журмын дагуу явагдсан” гэсэн хариуг өгчээ.
7.Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1 дэх хэсгийн 1.2-т “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын болон чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч зохион байгуулна” гэж заасан тул нэхэмжлэгчээс хариуцагчийг Улаангом сумын Засаг дарга гэж тодорхойлсныг шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ:
33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;
33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. Гэж заасан.
Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын /цаашид журам гэх/ зохицуулалтаас нэхэмжлэгч талын маргаж буй үндэслэлүүдэд хамаарах зохицуулалтууд:
Журмын 6.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба дуудлага худалдаа зохион байгуулахтай холбогдуулан дор дурдсан бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэнэ:
6.1.1.дуудлага худалдаагаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухайн нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг тодорхойлон газар дээр нь тэмдэгжүүлэх;
7.1.Дуудлага худалдааны зар (цаашид “зар” гэх)-ыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ:
7.1.1.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр;
7.1.2.аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар;
7.1.3.Газрын биржийн цахим системээр.
7.2.Энэ журмын 7.1-д заасан зард дараах мэдээллийг заавал тусгана:
7.2.1.дуудлага худалдаагаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;
7.2.2.дуудлага худалдааны хэлбэр;
7.2.3.газрын байршил, хил заагийг харуулсан зураг;
7.2.4.газрын талбайн хэмжээ;
7.2.5.дуудлага худалдааны анхны үнэ;
7.2.6.дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар;
7.2.7.гэрээний зүйл;
7.2.8.дуудлага худалдаа явуулах газрын хаяг, харилцах утасны дугаар;
7.2.9.дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа;
7.2.10.дуудлага худалдаа эхлэх, дуусах он, сар, өдөр, цаг;
7.2.11.газар эзэмших, ашиглах зориулалт, хугацаа;
9.9.Цахим дуудлага худалдааг дуудлага худалдаа эхлэх өдөр, цаг, минутад дараах дарааллаар явуулна:
9.9.1.тухайн шатны Засаг даргын Тамгын газар болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны цахим хуудсанд байршуулсан дуудлага худалдаа явуулах Газрын биржийн цахим системийг ашиглан цахим дуудлага худалдааг явуулна;
9.9.6. цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явуулах бөгөөд дараах байдлаар зохион байгуулна:
9.9.6.1.Цахим дуудлага худалдааны эхлэх, дуусах цагийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цагаар тооцно;
9.9.6.2.Цахим дуудлага худалдаа 09 цаг 00 минутаас эхэлснээс хойш 15 цаг 00 минут хүртэл үнийн саналыг хүлээн авах бөгөөд 15 цаг 00 минутаас эхлэн үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлнэ. Үнэ хаялцуулах өрсөлдөөнийг 60 секундээр тооцож явуулах бөгөөд уг хугацаанд оролцогчид үнийн саналаа өсгөх байдлаар өрсөлдөнө;
9.9.6.3.Үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусаж, дараагийн 60 секунд тоологдож эхлээд оролцогчдоос үнийн саналыг өсгөн өгөөгүй тохиолдолд хамгийн их дүнтэй үнийн санал өгсөн оролцогчийг ялагчаар тодруулан цахим дуудлага худалдаа дууссан болохыг бүх оролцогчдод мэдэгдэнэ.
9.9.12.Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна.
10.1.Дараах тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулна:
10.1.3.хууль зөрчин явуулсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон гэж тус тус зохицуулсан.
9.Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18/15 дугаартай тогтоолын хавсралтаар Улаангом сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд Улаангом сумын 12-р баг захын дотор 0.009 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгагджээ.
10.Тус газарт “Мянган булаг” нэртэй гар ахуй, жижиг барааны дэлгүүрийн барилга баригдсан, уг дэлгүүрийг нэхэмжлэгч М.Б ажиллуулдаг болох нь шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба энэ талаар маргаангүй.
11.Маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан газар эзэмшүүлэх дуудлага худалдаа газрын биржийн МLE.MN цахим системээр явагдаж Б.М, Б.Б, М.Б нарын 3 иргэн оролцжээ.
Хэрэгт авагдсан дуудлага худалдааны үнийн саналын хүснэгтээс үзэхэд дуудлага худалдаанд 09:10 цагт оролцогч М.Б 778,000 төгрөгийн үнийн саналыг анх илгээж эхэлснээр Б.М, М.Б нар ээлжлэн үнийн саналыг 15:00 цаг хүртэл илгээж, 15:00 цагаас М.Б 1,778,000 төгрөгийн саналыг илгээснээр үнэ хаялцуулах өрсөлдөөн эхэлж, хамгийн сүүлд Б.Б 16:13:18 цагт 54,978,000 төгрөгийн үнийн саналыг илгээж бусад оролцогч журамд заасан хугацаанд санал илгээгүйгээс оролцогч Б.Б ялагчаар тодорсон байна.
12.Газрын биржийн МLE.MN цахим системд цагийг Улаанбаатар хотын цагаар тооцон 17:00 цаг хүртэл явуулахаар журмын 9.9.6, 9.9.6.1-д заасан тул хамгийн сүүлд санал илгээгдсэн 16:13:18 цагийг “журамд заасан хугацааг баримтлаагүй” гэж үзэхгүй.
13.Журмын 6.1.1-д зааснаар дуудлага худалдаагаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухайн нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг тодорхойлон газар дээр нь тэмдэгжүүлэх нь дуудлага худалдааны бэлтгэл үе шатын нэг байхаар заасан.
Шүүх хуралдааны явцад MLE.MN цахим систем дэх нотлох баримтыг шинжлэн судлахад цахим дуудлага худалдааны системд газрын эргэлтийн цэгүүдийг харуулсан фото зураг, газрын хэмжээний талаарх мэдээлэл авагдсан, тухайн газар нь дэлгүүрийн зориулалтаар ашиглагдаж байгаа барилгын талбайн хэмжээтэй давхцаж байгаа, тухайн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил тодорхой зэргээс үзэхэд холбогдох этгээдээс газар дээр нь ирж тэмдэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
14.Мөн журамд дуудлага худалдааны зарыг газрын биржийн цахим системээр зарлаж болохоор заагдаж тухайн системд зар байршигдсан, зарын дагуу нэхэмжлэгч М.Б дуудлага худалдаанд оролцсон, өмнө нь М.Б-оос дэлгүүрийн доорх газрыг эзэмших хүсэлтийг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт гаргаж байсан, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33. 1.2-т тухайн газрыг төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр заасан, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн байх тул нэхэмжлэгч талаас тухайн дуудлага худалдааны талаар өөрт нь мэдэгдээгүй, дуудлага худалдааны зард дуудлага худалдаа явагдах цахим системийн хаягийг оруулаагүй, зарыг 30 хоногийн өмнө зарласан эсэх нь тодорхойгүй, сумын Засаг даргын шийдвэрийг хавсаргаагүй талаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
15.Газрыг үл хөдлөх хөрөнгөтэй нь хамт эзэмшүүлэхээр байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэлийн хувьд:
Газрын биржийн цахим системд /MLE.MN/ газрын ерөнхий мэдээлэл гэх хэсэгт үл хөдлөх хөрөнгөтэй газар гэж тодорхойлсон.
Газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаагаар тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй, Улаангом сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар 91м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч М.Б газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй газарт үл хөдлөх эд хөрөнгийг барьснаар түүнд газар эзэмших давуу эрх хуулиар олгогдохгүй бөгөөд газар эзэмшүүлэх дуудлага худалдааны зард тухайн газар үл хөдлөх эд хөрөнгөтэй талаарх мэдээллийг тусгах нь газрын мэдээлэл ил тод нээлттэй байх зарчимтай нийцэх бөгөөд дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Хэрвээ газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргаан үүссэн тохиолдолд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх шийдвэрлэхээр заасан болохыг тэмдэглэв.
16.Дуудлага худалдааны үеэр цахим системд дуудлага худалдаа явагдахад саад учруулсан нөхцөл байдал үүсээгүй, дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, дуудлага худалдааны улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдах эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмшүүлэх дуудлага худалдааг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дуудлага худалдааг дахин зохион байгуулахыг даалгах нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх эсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-ын Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмшүүлэх дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдааг зохион байгуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ