| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00334/И |
| Дугаар | 316/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 316/ШШ2025/00363
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 316/ШШ2025/00363 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг ***дугаар хороо, **** тоотод байрлах, **** ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ***р сум, **** дугаар баг, ** дүгээр хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, *** овогт Т*** Л*** /РД:*****, утас:****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 53,632,507.64 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*** ХХК нь Т.Л*** хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 23-нд №03/68 тоот зээлийн гэрээгээр 19,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч өнөөгийн байдлаар ямар ч төлөлт хийгээгүй ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Т.Л*** нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй ба удаа дараа элдэв шалтаг тоочиж худал хэлж зээлээ төлөлгүй өдий хүрч хохироож байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнгийн задаргаа үндсэн зээл 19,800,000 төгрөг, хүү 15,955,005.09 төгрөг, алданги 17,877,502.55 төгрөг, нийт 53,632,507.64 төгрөг гэжээ[1].
Хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:/ хавтаст хэргийн 24 дүгээр тал/
...Хариуцагч Т.Л*** миний бие ***** ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие уг зээлийг авсан нь үнэн тул төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Гэхдээ миний бие 19,800,000 төгрөгийн зээл авсан бөгөөд гэрээнд зааснаар алданги тооцсон нь 17,877,502.55 төгрөг буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх дээрх хуулийн заалтад нийцүүлэн 9,900,000 төгрөгийн алданги байхаар тооцож, нэхэмжлэгчийг алдангийн үлдэх хэсэг болох 7,977,502.55 төгрөгөөс татгалзсан тохиолдолд нийт үнийн дүн болох үндсэн зээл 19,800,000 төгрөг, хүү 15,955,005.096 төгрөг, алданги 9,900,000 төгрөг, нийт 45,655,005.1 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг миний бие 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Учир нь миний бие улирлын чанартай ажил хөдөлмөр хувиараа эрхэлдэг бөгөөд тогтмол орлогогүй учир сар бүр ижил хэмжээтэй төлөхөд хүндрэлтэй байна. Иймд 2025 оны 06 дугаар сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 16-нд 1,739,445 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-нд 1,739,445 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг нийт 45,655,005.1 төгрөгийг төлж барагдуулах болно. Миний бие уг зээлийг авахдаа өөрийн эзэмшлийн **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслээ ****ийн нэр дээр шилжүүлэн зээлийн барьцаанд тавьсан болно.Иймд уг зээлээ бүрэн төлж барагдуулаад уг тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлэн авах болно.Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар хүлээн зөвшөөрч байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.[2]
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:/хавтаст хэргийн 27 дугаар тал/
...Нэхэмжлэгч тал ****ХХК нь тус шүүхэд хариуцагч Т.Л нэр дээр нэхэмжлэх гаргасан. Нэхэмжлэгч тал ***** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,632,507.64 төгрөг, нэхэмжилснээс алданги болох 17,877,502.55 төгрөгийн 7,977,502.55 төгрөгийг татгалзаж байна. Хариуцагч үлдэгдэл 45,655,005.1 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 12 сарын хугацаанд хувааж төлөх хариу тайлбар гаргасан байна. ***** ХХК нь татгалзах зүйлгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ[3].
ҮНДЭСЛЭХ нь:
***** ХХК нь Т.Л холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 53,632,507.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,632,507.64 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар **** ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Л холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 53,632,507.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,112.54 төгрөгийн тал хувь болох 213,056.27 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 213,056.27 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ