Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 390

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Ч.Батбаяр,

          шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Э.М-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0068 40304 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Минерал байг” ХХК-д оёдолчин ажилтай байсан, ам бүл 6, нөхөр, 2 хүүхэд, 2 зээгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Э.М /РД:……/

          Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Э.М нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн орой ажлаа тараад ажлын 2 хүнтэй цуг хамт ажилладаг хүний гэрт очсон. Замдаа манай ажлын хүн дэлгүүр орж, гарч ирэхдээ С-г дагуулж гарч ирсэн. Би сайн танихгүй. Бид нар ууж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд бие биенээ гэмтээсэн. Миний буруу гэв.        

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.С-н: …2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би дэлгүүр орох гээд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3 /а/ хэсэг 144 тоотод байдаг өөрийн гэрээс гарч яваад Улиастайн шар дэлгүүр дотор миний төрсөн эгч Солонгын найз Отгонгэрэл эгчтэй таарсан ба ойрд уулзаагүй юм байна, гэрт очих уу? Би найз нартайгаа хамт явж байна гэхээр нь би зөвшөөрөөд дэлгүүрээс хамт гараад дэлгүүрийн үүдэнд зогсож байсан цагаан өнгийн “Тоёота Приус-11” маркын машинд хамт суусан. Машин дотор нэг эрэгтэй, гурван эмэгтэй хүн байсан. Тэгээд бид хэд шууд Отгонгэрэл эгчийн гэрт очиж “Нийслэл” нэртэй том савтай пиво юм ярьж хувааж уусан. Тэр үед би санамсаргүй Говь-Алтай аймгийн хүмүүс их хүн муутай гэж хэлсэн чинь хажууд сууж байсан Э.М чи хүнийг нутаг усаар нь доромжилоод гээд уурлахаар нь би танд ямар хамаатай юм бэ эсвэл та Говь-Алтайнх юм уу гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн чинь Э.М намайг цохих гээд босож ирэхэд хажууд байсан Даваа гэх залуу хориглож болиулсан чинь Э.М уурлаад гэрээс гарч явахаар нь бид хэд буцаж суугаад юм ярьж байгаад 30 минутын дараа гэнэт Э.М охин нь гээд нэг эмэгтэйтэй орж ирээд шууд Э.М миний үснээс зулгаагаад газар унагаагаад нүүр рүү цохиж, маажаад намайг босгохгүй байхаар нь би болиоч гээд орилсон чинь хамт байсан хүмүүс салгах гээд дийлээгүй байсан чинь Э.М өөрөө намайг зодохоо болиод гэрээс гараад явсан. Тэр үед би босоод толинд харсан чинь миний нүүрийг битүү маажсан байхаар шууд цагдаад өргөдөл өгсөн…гэх мэдүүлэг /9-р тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1306 дугаартай дүгнэлтэнд:

            1. Б.С-н биед дух, хацар, дээд уруул, нүдний зовхины шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

            2. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.

            Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

            Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Э.М-н: …2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Отгонгэрэл, түүний найз Даваа /бүтэн нэрийг мэдэхгүй/, Нямдаваа бид дөрөв Улиастайд байдаг Шар дэлгүүр орохоор би машин барьж явсан. Отгонгэрэл дэлгүүр ороод ирэхдээ Сайханцэцэг гэдэг хүүхэнтэй цуг машинд орж суусан. Тэгээд бид нар пиво уусан. Пиво уугаад дууссан чинь С гэх эмэгтэй танай нутгийнхан чинь харамч, юм гаргадаггүй гээд доромжилсон. Үг болгон дээрээ юм гаргадаггүй, харамч гэх утгатай үг хэлээд байсан. Би чи юу гээд байгаа юм гэсэн чинь С гэдэг хүүхэн чи өөрөө юу гээд байгаа юм гээд миний үснээс зулгаагаад чирсэн. Арай гэж Даваа салгахад би гэрээс нь гарсан. Би дүү Болдцэцэгийг дуудсан байсан ба Болдцэцэг наад нүүр чинь аймаар болсон байна гэхээр нь эргэж Отгонгэрэлийн гэрт ороод чи хүний нүүрийг ийм болгоод байхдаа яадаг юм, чи надаас уучлалт гуй, эсвэл би цагдаа дуудна гэж хэлсэн чинь С цагдаагаа дуудахгүй юу, цагдаа чинь ямар хамаатай юм гэхээр нь би тэгвэл би чамайг адилхан болгоно гээд нүүрийг нь маажсан. Тухайн үед манай охин Сувд-Эрдэнэ, Даваа нар салгасан…

            …Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних Б.С-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна. Миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13, 32 дугаар тал/,

            - Шүүгдэгч Э.М-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23 дугаар тал/,

            - Шүүгдэгч Э.М-н ял шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.М нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       холбогдох Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Э.М нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Б.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Б.С нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Э.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

   Хохирогч Б.С нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Б овогт Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-г 500 /таван  зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М-д оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.М-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.           

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.С нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ