| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2025/0009/З |
| Дугаар | 118/ШШ2025/0019 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 118/ШШ2025/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ийн
Хариуцагч: ******* аймгийн Нийгмийн даатгалын газар
Хариуцагч: ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл
Маргааны төрөл: Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Р. нь ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах”, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан “Тус зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. -ийн ******* аймаг дахь салбарын даргын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаалаар нэхэмжлэгч Р.ыг 4 дүгээр шатахуун түгээх станцын шатахуун түгээгчээр томилсноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ба -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дүгээр тушаалаар шатахуун түгээгчийн ажлын байрны нэршлийг “нефть хангамжийн операторчин” хэмээн өөрчилсөн.
3. Нэхэмжлэгч хуульд заасан болзлыг хангасан үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр анх хүсэлт гаргасан ба “…шатахуун түгээх станцын түгээгчээр ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцож тэтгэвэр тогтоох боломжгүй…” гэх хариуг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр өгснийг эс зөвшөөрч, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/234 дүгээр албан бичгээр, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандаж, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандаж, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/08 дугаар тогтоолоор тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуг тус тус авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1971 онд төрсөн, 53 настай, улсад 24 жил 3 сар ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд 13 жил 1 сар ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах үндэслэл бүрдсэн” гэж тайлбарлан маргасан, хариуцагч захиргааны байгууллагаас “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” байх хууль тогтоомжид заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, шатахуун түгээх газрын буюу нефтийг жижиглэнгээр худалдаж буй газрын нефть хангамжийн операторчноор ажилласныг хортой нөхцөлд ажилласанд тооцохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1971 оны 9 сарын 20-ны өдөр ******* аймгийн Яруу суманд төрсөн, 53 настай, улсад 24 жил 3 сар, үүнээс 13 жил 1 сарыг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан. Би 2012 оны 5 сарын 01-ний өдөр -ийн ******* аймаг дахь салбарын даргын 18 тоот тушаалаар IV шатахуун түгээх станцын түгээгчээр томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 тоот тушаалаар "шатахуун түгээх станцын түгээгч" гэх нэршлийг "нефть хангамжийн операторчин" гэж нэрлэж өөрчилсөн. Тухайн нэршил өөрчлөгдсөнөөр миний ажлын байрны нөхцөл, гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт ороогүй. Энэ ажлын байрны нөхцөлийг хэвийн бус гэж хөдөлмөрийн гэрээний хавсралтад тусгасан тул миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 4 дэх хэсэгт "нийтдээ 20-иос доошгүй, үүнээс 10-с доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй..." гэж заасныг хангаж байна гэж үзээд 2024 оны 09 дүгээр сарын 23-нд ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагчид биечлэн хандахад түгээгчээр ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцох боломжгүй гэх хариуг өгсөн. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт бичгээр өргөдөл гаргахад... газрын доор хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоон олгоход Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2.19 дэх "нефть боловсруулах үйлдвэрийн операторчин, нефть боловсруулах цэвэрлэх төхөөрөмжийн нефть хангамжийн операторчин" гэх заалтыг баримтлан шийдвэрлэх тул таны ШТС-ын түгээгчээр ажилласан хугацааг хөнгөлөлттэй нөхцөлд оруулан тооцож тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгснийг эс зөвшөөрч, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 30-нд гомдол гаргасан. 2024 оны 12 дугаар сарын 04-ний 05 тоот хариу шийдвэрт "Таны ирүүлсэн материалуудыг Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхэд таны ажилласан хугацаа ..."Газрын доор, хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2.19-д хамаарахгүй тул хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлд тооцох боломжгүй...” гэсэн. Ингээд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлийг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд 2024 оны 12 дугаар сарын 30-нд гомдол хүргүүлсэн... зөвлөл нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/08 тоот шийдвэрээр "******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Өргөдлийн хариу хүргүүлэх тухай" 05 дугаар тогтоолыг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье. Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2.19 дэх хэсэгт код 8131-13-т "Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх гэх мэргэжлийг зааж дүйцүүлэн хэрэглэх ажил мэргэжлийн жагсаалтад "нефть хангамжийн операторчин" гэж заасан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаал гэж байхгүй учир энэ захиргааны акт илт хууль бус буюу хэлбэрийн хувьд алдаатай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаал нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Уг тушаалаас өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалын хавсралтад "Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2,14 дэх хэсэгт "нефть хангамжийн операторчин" гэх нэршлийг оруулсан. Тушаалын энэ хэсэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/296 тоот тушаал, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/129 тоот тушаал, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/186 тоот тушаал зэргээр өөрчлөлт ороогүй. Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан "нефть хангамжийн операторчин" албан тушаалын үндсэн үүргийг "газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэглэгчид шуурхай мэргэжлийн түвшинд түгээх, нэмэлт үйлчилгээг хурдан шуурхай соёлч боловсон чанартай хүргэх" гэсэн нь шатахуун түгээх станцын түгээгчийн гүйцэтгэх үүрэг мөн бөгөөд нефть хангамжийн операторчин нэршлийн гадаад үг хэллэгээс хөрвүүлэхэд "нефть" гэдэг нь газрын тосны бүтээгдэхүүнийг түлш болгож хэрэглэх, киросин, бензин мэтийн тосорхог химийн найрлагат шингэнийг, "хангамж" гэдэг нь аливаа эрэлт хэрэгцээний биелэлт, "операторчин" гэдэг нь найруулагч, зохицуулагч, дамжуулагч гэсэн утгыг илэрхийлдэг байна. Нийгмийн даатгалын газрын хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа эс үйлдэхүй миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 455 тоот шийдвэр, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 тоот шийдвэр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/08 тоот шийдвэрүүдийг эс зөвшөөрч, 2004 оны А/77 тоот тушаалыг эгүүлэн тооцож хөдөлмөрийн хэвийн бус хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р. нь ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт анх 2025 оны 09 дүгээр сард тэтгэврээ хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох талаар зөвлөгөө авахаар очсон. Зөвлөгөө авах боломжгүй гэдэг хариуг амаар өгсөн. Үүний дараа ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад гомдол гаргасан, тухайн гомдлыг зөвшөөрөхгүй гэсэн хариу өгсөн учраас манай зүгээс захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг буцаасан. Үүний дараа ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх зөрчил маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан. Гэтэл таны ажилласан хугацаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/291 дугаартай тушаалын 1-р хавсралтаар батлагдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2.19 дэх заалтад хамаарахгүй байна гэсэн хариу өгсөн учраас энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж байгаа хууль бус шийдвэр учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан …дээрх 05 дугаартай шийдвэр яагаад хууль бус байна вэ гэхээр 2023 оны А/221 тоот тушаал нь 2.19 хэсэгт тооцохгүй гэж байна, уг тушаалын ар талд дүйцүүлэх мэргэжлийн жагсаалт гэж байгаа. Уг жагсаалт дээр “нефть хангамжийн операторчин” гэж заасан. 2023 оны А/221 дугаар тогтоолоос өмнө 2004 оны А/77 тоот тушаал хэрэгжиж байсан. Уг тушаалын 2.14 дэх хэсэгт нефтийн салбарын мэргэжлүүдийг жагсаан бичсэн. Үүнд нефть боловсруулах үйлдвэрлэлийн гээд таслал, араас нь мэргэжлүүдийг жагсаан бичсэн. Боловсруулах гэдгийг нь нефтийн салбарынх гэж тайлбарлаж болно. Хариуцагч талын зөвхөн нефть боловсруулах үйлдвэрт хамаарна гэж тайлбарлаж байгааг буруу гэж бодож байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2004 оны А/77 тоот тушаал, 2023 оны А/221 дүгээр тушаалын 1-р хавсралтад заасан нефтийн салбарын хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад нефть боловсруулах үйлдвэрийн ажилчид мэтээр тайлбарлаж байгааг буруу гэж үзэж байгаа. Нефтийн салбарын хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад нефтийн салбарын бүх ажил мэргэжил хамаарна гэж ойлгож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс харахад манай байгууллагыг хортой нөхцөл гэж үздэг, мөн бидэнд хор тайлах бүтээгдэхүүнийг нэмэлтээр өгдөг гэж тайлбарласан байдаг. Мөн хавтаст хэрэгт -ийн гүйцэтгэх захирлын тушаал авагдсан байгаа. Уг тушаалд шатахуун түгээгчийн ажлын байрыг хортой нөхцөл гэдгийг бичигдсэн байгаа. Нэмэлтээр хөдөлмөрийн гэрээнд тусгагдсанаар хэвийн бус нөхцөл гэж явдаг... Гомдлыг хянан шийдвэрлэхдээ үүнийг авч хэлэлцээгүй. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралд 9 хүн оролцохоор байсан, хурлын ирц нь 89%-тай гэвч хурлын ирцийн хувьд 6 хүн тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байсан. Шийдвэрлэхдээ ямар нэгэн хууль эрх зүйн баримтуудыг үндэслэж шийдвэрлээгүй, ерөнхийдөө мэдрэмжээрээ тийм байх, ингэсэн байх гэсэн үүднээс тайлбарлаж шийдвэрлэсэн. Энэ талаарх баримт тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийн 1.3-т “төв болон салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ажил олгогч даатгуулагчийн болон нийгмийн даатгалын байгууллагын эрх ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж заасан. Үүнд даатгуулагч болон ажил олгогчийг ямар нэг байдлаар хүндэтгэн үзээгүй. Уг дүрмийн 4.2-т төв болон салбар зөвлөл нь сард нэгээс доошгүй удаа, шаардлагатай бол тухай бүр хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулна гэж заасан байтал Р.ын хувьд 2024 оны 10 дугаар сарын 30-нд гомдол гаргасан, гомдлын хариу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Гомдол маргаан шийдвэрлэх хугацаа 30 хоног байдаг байхад энэ хугацаанд шийдвэрлэж өгөөгүй нь ашиг сонирхлын зөрчил байсан юм уу гэж үзсэн. Уг дүрмийн 4.9-т хуралд гаргасан хүсэлтийн дагуу шаардлагатай тохиолдолд гомдол, хүсэлтэд холбогдох байгууллагын ажилтныг зөвлөлийн хуралд тус тус оролцуулж болно гэж заасан байхад ямар ч мэргэжлийн хүнийг урьж оролцуулаагүй. Ашиг сонирхлын үүднээс хувь хүнийхээ дүгнэлтээр дүгнэсэн гэж үзэж байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 1.2-т зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эд нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан заалтыг зөрчсөн. Үндсэн хуулийн 16.12-т зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. ******* байгууллага, албан тушаалтан өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байна гэж үзээд төр, түүний төлөөллийн байгууллага буюу ******* аймгийн Нийгмийн даатгалын газар хуулийг хэрэгжүүлэхдээ даатгуулагчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэж байна... Нэхэмжлэл гаргах явцдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тухайн ажлын байран дээр байцаагчийн дүгнэлт гаргуулъя гэж хүсэлт өгсөн боловч уг хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлээд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шийдвэр нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй гэж албан бичгээр хариу өгсөн. Энэ талаар 2 удаа хүсэлт гаргахад Нийгмийн даатгалын ерөнхий газраас боломжгүй гэсэн хариуг өгсөн, хэрэгт авагдсан байгаа... Компанийн гүйцэтгэх захирлын тушаал ямар ч судалгаа шинжилгээгүй гарсан гэж хариуцагч тал ярьж байна. Миний хувьд уг компанийн захирлын тушаалыг судалгаа шинжилгээтэй, бодит байдал дээр тулгуурлаж гарсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрүүдийг судалж үзэх юм бол Баянгол дүүрэг, Говьсүмбэр аймаг, Дорнод аймагт нефть хангамжийн операторчин, жолоочоор ажиллаж байсан ажилтныг хортой нөхцөлөөр тооцож тэтгэвэрт гаргасан байдаг. Эдгээр нөхцөлүүд нь шүүхээр хэлэлцэн шийдвэрлэгдээд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тогтоосон байдаг. Үүний үндсэн дээр ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, давуу байдал үүсгэх үүднээс дээрх тушаалыг гаргасан байх гэж бодож байна. Нефть хангамжийн операторчны ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөл биш гэж үзэж байгаа юм бол өмнө тухайн ажлын байранд ажиллаж байсан хүмүүс хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тооцуулаад тэтгэвэр тогтоолгож тэтгэвэрт гарсан байгаа хүмүүс одоо тэтгэврээ цуцлуулах юм уу, дээрх хүмүүсийг буруу шийдвэрээр тэтгэвэр тогтоолгосон гэж үзэх үү, ийм боломжгүй байх... Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн эрх нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа, төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хязгаарлагдах ёсгүй. Хүн эрхээ эдлэх ёстой... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
7. Хариуцагч ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р. нь 2026 онд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох талаар манай байгууллагаас зөвлөгөө авахаар ирсэн. Р.ын хувьд ажлаасаа чөлөөлөгдөөгүй, хортой нөхцөлөөр ажилласан жилийн болзол журам хангасан байна уу гэдэг байдлаар анхан шатны зөвлөгөө авахаар анх манайд хандсан. Манай байгууллагаас хортой нөхцөлөөр ажилласан гэж үзэх боломжгүй байна гэдэг хариуг өгсөн. Хортой нөхцөлөөр ажилласан тэтгэвэр тогтоолгох болзол журмыг хангасан тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдсөн тушаал байх ёстой. Р.ын хувьд ажилласан жил нь 20 жил хүрээд түүнээс 10 жил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гэх журмыг хангаагүй байсан учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хөдөлмөрийн хортой нөхцөл нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын жагсаалтад орсон ажил мэргэжлийн дагуу нефть хангамжийн операторчин гэсэн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгомоор байна гэж материалаа бүрдүүлж зөвлөгөө авахаар ирсэн. Р.ыг нефть хангамжийн операторчноор ажилласан гэх тушаал байхгүй, түгээгчээр түр томилсон тушаал байсан. 2020 онд компанийн гүйцэтгэх захирал нь түгээгч ажил мэргэжлийг нефть хангамжийн операторчин гэсэн нэршлийг нь өөрчилж тушаал гаргаснаас биш иргэн Р.ыг нефть хангамжийн операторчноор томилсон гэсэн тушаал байхгүй байсан. Манай байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зөвлөмж ирсэн. Түгээгч буюу нефть хангамжийн операторчин нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаал дээр нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчин гэсэн ажил мэргэжил хортой нөхцөлд хамаарна, жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгжийн операторчин энэ ажил мэргэжилд хамаарахгүй гэсэн зөвлөмж ирсэн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Р.ыг хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн хариуг өгсөн... Р.ыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шатахуун түгээгчээр түр томилон ажиллуулсан байна, түүнийг хэзээ жинхлэн томилсон тушаал шийдвэрээ манай байгууллагад авчирч өгөөгүй. Нефть хангамжийн операторчин гэж нэршлийг өөрчлөхдөө Р.ыг нефть хангамжийн операторчин гэж нэр заан томилоогүй зөвхөн албан тушаалын нэршлийг нь өөрчилсөн байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 тоот тушаалд нефть боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаа ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна гэж заасан байгаа болохоос жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа ажил мэргэжилд хамаарна гэж заагаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.
8. Хариуцагч ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс гаргаж байгаа тайлбарууд агуулгын хувьд ижил. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлтээр тайлбарлахад хөдөлмөрийн хүнд нөхцөлд боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаа ажилтан хамаарах болохоос биш жижиглэн борлуулагч буюу шатахуун түгээх газруудад ажиллаж байгаа түгээгчээр ажиллаж байгаа хүнийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэж тооцохгүй. Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэдгийг яаж тогтоодог вэ гэхээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тухайн аж ахуйн нэгж байгууллага ажиллах орчин нөхцөлд хийлгэн, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тогтоолгож байж тухайн хөдөлмөр нь хүнд нөхцөлд орох уу, үгүй юу гэдгийг шийддэг. Монгол Улсад байгаа нийт 4000 гаруй ажил мэргэжлийн жагсаалт байдаг. Үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд 1300 гаруй ажлыг оруулсан. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад түгээгч болон нефть хангамжийн операторчны ажил мэргэжил ороогүй. Монгол улсын хувьд импортлогч орон болохоос экспортлогч орон биш. Мөн нефть боловсруулах үйлдвэргүй учраас бид цааш дамжуулдаг орон учраас тухайн хүний өөрийнх нь ажиллаж байгаа орчин нөхцөл хүнд нөхцөлийн ажил мэргэжил биш… Маргаан хянан хэлэлцэх зөвлөлийн гишүүн нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа уг гомдлыг хянан шийдвэрлэхдээ 6 хүн оролцсон гэж байна. Гэтэл уг хуралд 8 хүн оролцсон. Мөн уг гомдлыг шийдвэрлэхдээ хугацаа алдаж шийдвэрлэсэн гэж байна. Маргаан хянан хэлэлцэх зөвлөлийн гишүүнд ажил олгогчийн төлөөлөл, иргэний төлөөлөл, захиргааны байгууллагын төлөөлөл, гадны байгууллага гээд 4 байгууллагын төлөөлөл ордог. Мөн нийгмийн даатгалын газрын дарга, гаднаас 5 гишүүний төлөөлөл нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр 75%-иас дээш ирцтэйгээр хуралддаг. Тухайн гадны байгууллагын төлөөллүүд хуралд оролцохгүй байх шалтгаан нөхцөл байдаг. Дээрх шалтгаан нөхцөл болон ирц хүрэхгүй байх шалтгаанаар зөвлөлийн хурал маань хойшлогддог. Тухайн үед ажиллаж байсан нарийн бичгийн дарга одоо өндөр насны тэтгэвэртээ гарсан байгаа. Маргаан хянан шийдвэрлэх хуралд 6 хүн оролцсон гэж байна. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралд оролцсон хүмүүс өөр өөрсдийн гэсэн тэмдэглэл хөтөлдөг. Тухайн өдрийн хуралд орсон хурлын тэмдэглэл өөр өөрсдийнх нь дэвтэр дээр байгаа. Маргаан хянан хэлэлцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга бусад оролцогч нарын саналыг нэгтгэж гаргадаг… Хөдөлмөрийн хортой хүнд нөхцөл гэдэг нь Монгол улсад биш дэлхийн хэмжээнд яригддаг зүйл. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээнд яригддаг зүйл. Түүнээс бусад улсуудаас шинжилж гаргаж ирсэн ажил мэргэжлийн жагсаалт байдаг. Түүнээс биш Монгол улсад байхгүй ажил мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй гэж жагсаалтад оруулахгүй хаяж болохгүй юм байна лээ. Ирээдүйд бий болохоор ашиглана гэдэг байдлаар авч үздэг… Манай зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан хөдөлмөрийн хортой нөхцөлийг тогтоосон жагсаалтын дагуу тухайн даатгуулагчид тайлбарлаж зөвлөөд явуулдаг… бусад шатахуун түгээх газрын түгээгч хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарсан талаар ямар нэгэн мэдээлэл бидэнд байхгүй… Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиар тэтгэвэр тогтоохоос гадна анхан шатандаа тухайн ажилтан хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байгаа гэдэг нөхцөлийг нь тодорхойлоод тухайн ажилтанд шат шатанд нь урамшуулал олгоод явдаг. Хөдөлмөрийн хортой нөхцөл гэдгийг тогтоолгохын тулд хөдөлмөрийн тусгай байгууллагаар шинжлэн судлуулдаг. Яг ингэж шинжлэн судлуулж хөдөлмөрийн хортой нөхцөлийг тогтоосон байгууллага манай аймагт Алтай Улиастай эрчим хүчний байгууллага байгаа. Түүнээс өөр байгууллага хөдөлмөрийн хортой нөхцөлийг тогтоолгосон тохиолдол байхгүй. Ингэж тогтоодог мэргэжлийн байгууллага манай аймагт байхгүй… Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа -ийн гүйцэтгэх захирлын тушаалаар уг ажлын байрыг хортой нөхцөлийн ажлын байр гэж тодорхойлж тухайн ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж байна. Мэдээж тэгнэ. Гэхдээ өнөөдөр хөдөлмөрийн хортой нөхцөл гэдэг асуудал 70, 80 оноос яригдаж ирээд цаашлаад хөдөлмөрийн хортой нөхцөл гэж байхгүй болох боломжтой. Яагаад вэ гэхээр бүх зүйл техник технологитой болсон, хуучинтай адил гараар маниулдаж шатахуун өгөхөө байсан, бүх зүйл автомажсан хүний оролцоогүй шатахуун өгөх боломжтой болсон гэх мэт, тийм учраас цаашид хөдөлмөрийн хортой нөхцөл байхгүй болно гэдэг асуудлыг баримталдаг юм байна лээ. Мөн -ийн гүйцэтгэх захирлын гаргасан тушаал нь өөрөө учир дутагдалтай. Дээрх мэргэжлүүд нь хөдөлмөрийн хортой нөхцөлд орно гэж үгчлээд заагаад өгсөн байгааг ажилтнууддаа арай ойр дөхөм болгох үүднээс ажлын байрны нэршлийг нь өөрчлөөд тушаал гаргасан байгаа болохоос биш ямар нэгэн судалгаа шинжилгээг үндэслэж гаргаагүй. Тухайн ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөлд орох юм уу, орохгүй юм уу гэдгийг огт судалж шинжлэхгүйгээр нефть хангамжийн операторчин гэж тушаал гаргасан нь ямар ч үндэслэлгүй гарсан байна. Цаашлаад улсын хэмжээнд ажиллаж байгаа шатахуун түгээх газрын бүх ажилчид хөдөлмөрийн хортой нөхцөл гэдэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох асуудал үүсэж байна. Нефть шатахуун түгээх газрын буруутай тушаалаас болоод цаашид гарах үр дагавар, сөрөг нөлөөлөл асар их болно… гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р. нь хөнгөлөлттэй нөхцөл /хөдөлмөрийн хортой нөхцөл/-өөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа захиргааны байгууллагын татгалзал /эс үйлдэхүй/-ын улмаас тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн үзэж, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Р.ад хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал /эс үйлдэхүй/-ыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Р.ын хуульд нийцүүлэн гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд хөдөлмөрийн хөнгөлөлттэй /хортой/ нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, харин ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан тус зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухайд:
3.1. Нэхэмжлэгч Р. нь -ийн ******* аймаг дахь салбарын 4 дүгээр шатахуун түгээх станцын түгээгчээр томилогдон өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж ирсэн бөгөөд түүний ажиллаж ирсэн шатахуун түгээгчийн ажлын байрны нэршлийг “нефть хангамжийн операторчин” хэмээн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан -ийн ******* аймаг дахь салбарын даргын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар, -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дүгээр, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 193 дугаар тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Ц., Г.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 6,7, 44, 80, 57, 58, 119-122 дугаар хуудас)
3.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1971 онд төрсөн, 53 настай, улсад 20-оос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах үндэслэл бүрдсэн” гэж тайлбарласан.
3.3. Хариуцагч захиргааны байгууллагаас “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” байх хууль тогтоомжид заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, шатахуун түгээх газрын буюу нефтийг жижиглэнгээр худалдаж буй газрын нефть хангамжийн операторчноор ажилласныг хортой нөхцөлд ажилласанд тооцохгүй гэх үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.
3.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: …5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй…” гэж заасан.
3.5. Хуулийн дээрх заалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг эрэгтэйн хувьд нийт 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 насанд хүрсэн байх урьдчилсан нөхцөлүүдийг тодорхойлжээ.
3.6. Нэхэмжлэгч Р. нь 1971 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай бөгөөд 1991 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 1992-2000 оныг дуусталх хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь түүний ИХ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, 0557740 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 0924000039 дүгээр баталгаажилтын хуудас зэргээр тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас)
3.7. Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн /2012 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан "ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох" гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг” ойлгохоор байгааг дурдах нь зүйтэй.
3.8. Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, ******* аймаг дахь нефть хангамжийн салбарын шатахуун түгээх 4 дүгээр станцын түгээгч, ээлжийн операторчноор 2012 оны 05 дугаар сарын 1-нээс 2024 оны 09 дүгээр 30-ны өдөр /нэхэмжлэгч нийгмийн даатгалын байгууллагад хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор хандсан хугацаа/-ийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа 12 жил, 5 сар, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн /2012 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөнд нөхөн тооцуулсан хугацаа 9 жил, 4 сар, нийт 21 жил 9 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласнаас 12 жил 5 сар шатахуун түгээгч болон нефть хангамжийн операторчноор ажилласан байна.
3.9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталсан байх ба уг жагсаалтын “хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хоёр дахь хэсгийн 2.19-д “нефть боловсруулах үйлдвэрийн операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөрөмжийн операторчин гэх ажил мэргэжилд нефть хангамжийн операторчинг дүйцүүлэн хэрэглэж болохоор байна.
3.10. Энэ жагсаалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч дээрх “хөдөлмөрийн хортой нөхцөл” гэх хэсэгт ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй болно.
3.11. Дээрх тогтоолуудаас өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасныг энд дурдах нь зүйтэй.
3.12. -ийн ******* аймаг дахь нефть хангамжийн салбарын даргаас нэхэмжлэгч Р.тай 2017 оны 01 дүгээр сарын 01, 2020 оны 01 дүгээр сарын 02, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлж дурдаагүй бол 2022 оны 02 дугаар сарын 01-ний, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод шатахуун түгээх газрын нефть хангамжийн операторчны ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг “хэвийн бус” гэж тодорхойлсон байх тул ажиллах нөхцөлийг “хэвийн” гэж үзэх үндэслэлгүй байна. (Хавтаст хэргийн 59-77 дугаар хуудас)
3.13. Нефть боловсруулах үйлдвэр Монгол Улсад бий болоогүй /энэ талаар гэрч газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Г.*******, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.******* нар мэдүүлсэн/ нь илэрхий үйл явдал ба Монгол Улсад одоогийн байдлаар “нефть”-ийн төрлийн бодистой байнга харьцдаг, “нефть хангамжийн газар буюу шатахуун түгээх станц”-ын алинд нь ажиллаж байгаагаас үл хамааран шатахуун түгээгч, нефть хангамжийн операторчны ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог нь бензин шатахуунтай, тэсэрч дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг худалдан түгээх замаар хортой нөхцөлд ажилладаг нь хамгийн түгээмэл, нийтэд илэрхий тул дээрх ажил, мэргэжлийг хөдөлмөрийн “хэвийн бус” нөхцөлд хамруулан ойлгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
3.14. Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан 10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гэж үзэх үндэслэлтэй, зөвхөн “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн “…нефть хангамжийн операторчны ажлын байрыг “хэвийн бус” нөхцөлд хамаарна, нефть хангамжийн байгууллагын шатахуун түгээж “нефть”-тэй шууд харьцдаг “шатахуун түгээгч”-ийн ажлыг уг жагсаалтад хамаарахгүй” гэж хариуцагч захиргааны байгууллагаас тайлбарлан шийдвэрлэсэн нь дор дурдсан хуульд нийцэхгүй, хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
3.15. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.14-д “Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.14.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах; …37.14.9.ажил олгогч, даатгуулагч, хүний өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хянан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх…, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно”, 22 дугаар зүйлийн 22.2-д “Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, эсхүл даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Р. нь ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг доор дурдсан хуулиар тогтоосон журамд нийцүүлэн гаргасан тохиолдолд түүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах нь зүйтэй байна.
3.16. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлд тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргах, шийдвэрлэх талаар зохицуулсан ба уг зүйлийн 22.1-д “Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана: 22.1.1.өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаанд; …22.3-д “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар тогтоолоор баталсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2.2-д “Даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход доор дурдсан баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ: 2.2.1.ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр; 2.2.2.1995 оноос өмнө ажилласан хугацааг нотлох хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, ажилласан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр; 2.2.3.цэргийн батлах, эсхүл тусгай архивын лавлагаа; 2.2.4.тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын лавлагаа (1995 оноос өмнөх хугацааны); 2.2.5.итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, итгэмжлэл; 2.2.6.ургийн овог, овог нэр, регистр, ажил олгогчийн нэр, өмчийн хэлбэр өөрчилсөн лавлагаа” гэж заасан байгаа болно.
4. ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан тус зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:
4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар албан бичгээр “…Р. таны ажилласан хугацааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2, 19 дахь заалтад хамаарахгүй... хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлд тооцох боломжгүй...” гэжээ. (Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас)
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус...”, 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасан.
4.3. Дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйл 13.1-д /Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ/ гэж заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно.
4.4. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь “нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх”, улмаар маргаж буй шийдвэр нь захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийнэ.
4.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж захиргааны актын үндсэн шинжийг тодорхойлон заасан.
4.6. Энэ маргааны тухайд нэхэмжлэгч Р.ын нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Өргөдлийн хариу” 05 дугаар албан бичиг нь хуулийн дээр дурдсан үндсэн шинжүүдээс зохицуулалт агуулсан байх шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт биш байна.
4.7. Аливаа захиргааны актаар хаяглагдсан этгээдэд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу тухайн этгээдэд эрх үүсгэсэн, эсхүл үүрэг бий болгосон зэрэг зохицуулалт агуулсан байх учиртай.
4.8. Гэтэл Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар албан бичиг нь тийм шинжгүй бөгөөд нэхэмжлэгчээс маргаантай асуудлаар шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд хариу өгсөн, нэхэмжлэгчид хамаарах үйл баримтыг мэдээлсэн шинжтэй байна.
4.9. Иймд хөнгөлөлтэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар 93.1-д заасан гомдол урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлээд гаргасан ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар албан бичгийг бие даасан захиргааны акт /шийдвэр/ гэж үзэхгүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаан дээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 04/1091 дүгээр албан бичиг болон түүнд хавсаргасан Монгол Улсын ******* ******* зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/836 дугаар, Монгол Улсын ******* ******* хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/67 дугаар, Архивын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04/23 дугаар албан бичгүүдийг нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар байдлаар гаргасныг шүүх үнэлээгүй бөгөөд тэдгээрийг нотлох баримтын шаардлага хангуулан авах шаардлагагүй гэж үзлээ. (Хавтаст хэргийн 141-145 дугаар хуудас)
“Зөвлөмж” нь аливаа нэгэн зүйлийн талаар өөрийн санал бодлыг зөвлөн зааварлах маягаар бичсэн баримт бичгийг хэлэх ба Нийгмийн даатгалын ерөнхий газраас хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх талаар харьяа доод шатны байгууллагад ирүүлсэн дээрх зөвлөмж, зааврыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн бөгөөд дээрх зөвлөмжид хавсарган ирүүлсэн 03/836, 03/67, 04/23 дугаартай албан бичгүүд энэ маргаанд хамааралгүй өөр асуудлаар гарсан байгааг дурдах нь зүйтэй. (Хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас)
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.14.1, 37.14.9, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Р.ад хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоохоос татгалзсан ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, -ийн ******* аймаг дахь нефть хангамжийн салбарын шатахуун түгээх станцын нефть хангамжийн операторчны ажлаас чөлөөлөгдсөний дараа хуульд заасан шаардлагад нийцүүлэн гаргасан нэхэмжлэгч Р.ын хүсэлтийг үндэслэн түүнд хөдөлмөрийн хөнгөлөлттэй /хортой/ нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 51.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай тус салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Нийгмийн даатгалын газраас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.ад олгосугай.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ