| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0349/Э |
| Дугаар | 400 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Отгонбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Ж.Отгонбаяр,
шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Х.У-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0168 90382 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 11-13 насны 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Х овогт Х.У /РД:……./
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Х.У нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 51-29 тоотод эхнэр Х.У-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.У мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Уянгын: …2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 51-р гудамж 29 тоот гэрт минь өмнө нь хамтран амьдарч байсан Х.У нь 23 цагийн үед ирээд гэрт байсан ширээн дээр байсан архийг ууя гэхээр нь би тэг тэг гэж хэлээд тэр ганцаараа архи уусан. Бид хоёр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гэр бүл салах гээд өргөдөл өгсөн байгаа. Тэр талаар Х.У нь одоо хоёулаа ярилцъя гэсэн. Тэгэхээр нь би чи хуучин эхнэр рүүгээ явахгүй гэвэл болж байна гэж хэлэхэд Х.У нь чадахгүй гэж хэлээд шууд миний хүзүүг боогоод эхэлсэн. Тэнцвэр алдаад хүүхэдээ дараад унасан. Тэгэхээр нь доод айл руу гүйгээд тэндээс цагдаа дуудсан. Хүүхэддээ санаа зовоод буцаж гэртээ орж ирэхэд дахиж боогоод шар хутга хоолойд тулгасан, би гуйж аваад аргадаад гаргаад хаалгаа түгжсэн. Тэгсэн чинь үүдний амбаарын хаалга эвдээд, гэрийн хаалганы эвдэж чадахгүй болохоороо аваад намайг бүлнэ, ална гээд байсан…
…Нөхөр бид хоёр 2016 оны 10 дугаар сараас эхлэн хамт амьдарч эхэлснээс хойш хэл үгээр их доромжилдог байсан, түлхэж унагаачихаад явдаг байсан. 2018 оны 02 дугаар сард шүүхээр салсан байж байгаад хүүхдээ бодоод цагаан сарын өмнө эвлэрэх санаатай уулзалдаж тус бүр 2 пиво уучихаад гадуур хамт хоноё гэхээр нь гэрт жоохон хүүхэдтэй явахгүй гэснээс болж 16-ийн автобусны буудал дээр маргалдаж байгаад хувцаснаас татаад чирээд байхаар нь түлхсэн чинь унасан. Тэгэхээр нь эргээд явж байсан чинь ардаас гүйж ирээд нүүрэнд хэд хэдэн удаа цохиж унагаачихаад араас цохиод байсан. Би хүүхдээ тэвэрсэн байсан учраас нэг гараараа гарыг нь тавиулахаар оролдож байхад нөгөө гарнаас хүүхэд унангуут намайг тавиад хүүхдээ булааж авсан. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод зугтаагаад гарсан чинь цагдаа ирж таарсан. Тэгээд цагдаа орж ирэнгүүт хүүхдээ тэвэрчихээд одоо битгий агсам тавиад бай л даа гэж жүжиглээд байсан. Үсдсэнээс болж үс туг тугаараа унасан, одоо тархи хөдөлсөн хэд хоног бариулж байгаа. Миний хувьд Ууганбаяртай 1 жил гаран амьдрахдаа 2 удаа зодуулж байна…гэх мэдүүлэг /9-10, 12-13 дугаар тал/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2653 дугаартай дүгнэлтэнд:
1. Х.У-н биед дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, эрүү, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар тал/,
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 26-36 дугаар тал/,
-Мөрдөн байцаалтанд яллагдагч Х.У-н: …Би согтуу тасарсан байсан учраас хутга барьж, цохисон эсэхээ санахгүй байна. Би хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Уг гэмтлүүдийг би согтуудаа цохиж учруулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр тал/,
-Шүүгдэгч Х.У-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/,
-Шүүгдэгч Х.У-н ял шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.У нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 51-29 тоотод эхнэр Х.У-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Х.Ут холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Х.У нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 51-29 тоотод 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Х.У-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.У нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Х.У нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба тул шүүгдэгч Х.У-г одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Х.У нь өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Х.У нь уг гэмт хэргийг үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. /хх-ийн 26-36 дугаар тал/
Шүүгдэгч Х.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.У-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.У-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.У-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.У нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ