Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/171

 

 

 

 

 

 

     2024             02              01                                         2024/ДШМ/171

                                                       

О.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч О.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.О, тэдгээрийн өмгөөлөгч Х.Гантулга,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оын гаргасан давж заалдах гомдлоор О.Бд холбогдох эрүүгийн 2203005680555 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Онгод овгийн О.Б, 2000 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсрагч засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 109 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НН00281011/;

            Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Найрамдлын зам, “Тэс” шатахуун түгээх станцын зүүн замд “Toyota Crown” маркийн 02-04 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .../... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон зорчигч Д.Тын /эрэгтэй, 16 настай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Агийн /эрэгтэй, 17 настай/ эрүүл мэндэд хүнд хохирол, “Тэс петролиум” ХХК-д 367.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: О.Бгийн үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Онгод овгийн Ц.О.Бг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Бд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрхийн хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч О.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 43 дүгээр хороо, Найрамдлын зам, Тэс шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн талын замд “Toyota Crown” маркийн 02-04 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан байхдаа жолоодож, авто замын хөдөлгөөнд оролцохдоо   хохирогч Д.Тад хүндэвтэр зэргийн гэмтэл, О.Ад хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон боловч шүүхийн шийтгэх тогтоолын 2 дугаар хуудсанд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтад насанд хүрээгүй хохирогч О.Аий “...О.Б ахтай уулзъя гээд дуудаад гэрийн гаднаас машинд нь суугаад байж байгаад хөдлөөд О.Б ах 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг авч ганцаараа ууж байгаад найрамдлын тийшээ хүнтэй уулзах гээд хөдөлж яваад нөгөө хүнтэйгээ уулзаж чадаагүй О.Б ах маргааш ажилтай гээд буцаад явж байхдаа хурдтай явснаас болж замын хажуу руу орж онхолдсон. Ослоос болж миний нуруу хугарсан, хамар хугарсан, нүдний доод ухархайн яс цөмөрсөн, үүдэн хоёр шүд хугарсан гэмтэл учирсан. Одоо миний биеийн байдал эдгэрч байгаа. Жолооч ах ослоос хойш эмчилгээ, эм тарианы асуудлыг шийдээд байнга эргэж тойрч байгаа. Цаашид гарах зардлыг бүрэн даана гэсэн болохоор миний зүгээс нэхэмжлэх зүйл, санаа, гомдол байхгүй” гэх мэдүүлгийн тусгасан хэрнээ шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэм хорын хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг тусгаагүй орхигдуулсан байна. Тухайн үедээ шүүгдэгч О.Б нь би хорих ял авахгүй байвал хохирогч О.Агийн эмчилгээний зардлыг шат шатанд нь дааж байна гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл холбогдохгүйгээр алга болсон. Эмчилгээний зардлыг төлөөгүйгээс гадна хохирогч О.А нь өнөөдрийн байдлаар биеийн байдал нь улам муудаж цаашид хөдөлмөр эрхлэх чадваргүй болоод байна. Гэтэл шүүхээс эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Эдгээр нөхцөл байдал нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд хохирогч О.Агийн амь нас, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байхад шүүх шийдвэртээ тусгахгүй орхисон нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогүй байхаас гадна Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэглээгүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Хохирогчийн зүгээс сэтгэл санааны болон эрүүл мэндийн хохирол учирсан байхад шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нурууны хагалгаанд ороод, шүдээ хийлгээд найзууддаа доромжлуулахгүй, сэтгэл санаа тайван баймаар байна. ...” гэв.

Хохирогч О.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.О нарын өмгөөлөгч Х.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “....дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол. ...” гэж заасныг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн гомдол саналгүй болон нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь нөлөөлсөн байдал харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхэд оршдог. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид маш их хохирол учирсан. Биеийн эрүүл мэндийн байдал болон сэтгэл санааны байдалд өөрчлөлт орсон нь өөрийнх нь мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирогч нь спортоор хичээллэдэг бөгөөд Монгол Улсын 8 удаагийн аварга, Дэлхийн аварга шалгалруулах тэмцээний тусгай байрын шагнал авч байсан ба тамирчин хүн. Энэ ослын улмаас тамирчны замнал дууссан. Цаашид хэвийн ажиллаж, хөдөлмөрлөх чадвар алдагдсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч талаас шүүгдэгч талд хүнлэг чанар гаргасан. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргасан тохилдолд гомдол саналгүй талаараа илэрхийлсэн. Шүүгдэгч ч мөн яллагдагчаар мэдүүлсэн бөгөөд “...одоо 2.500.000 төгрөгрийг өгсөн байгаа. 6 сарын дараа шүд суулгуулах зардлыг даахаар хохирогчийн аав, ээжтэй тохирсон байгаа. ...” гэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөөр харилцан тохиролцжээ. Эдгээр байдлаас үзвэл хохирогч тал шүүгдэгч талд итгэсэн, хүлээсэн, найдсан байдал харагддаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд тодорхой гарсан. Маш олон гэмтлийг авсан бөгөөд 1-ээс 2 жилийн хугацаанд бүрэн эдгэдэггүй талаар анагаахын шинжлэх ухаанд ярьдаг. Хохирогч нийгмийн харилцаанд оролцоод явдаг бөгөөд үүдэн 2 шүд нь унасан байгаа. Авагддаггүй шүд хийлгэх талаар шүүгдэгчид хандсан бөгөөд яасан их мөнгө нэхдэг юм бэ гэсэн байдлаар ханддаг. Мөн анхан шатны шүүх Иргэний журмаар хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөгүй. Гэмтлээс шалтгаалаад хохирогч сэтгэл гутралд орсон ба анги хамт олныхоо дунд доромжлуулдаг. Энэ нөхцөл байдал байнга мэдрэгддэг. Нийгэмд эзлэх байр сууриа ч алдсан. Улсын Дээд шүүхээс баталсан гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Энэ аргачлалд заасны дагуу сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах үндэслэл байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмыг үндэслэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Зам тээврийн ослын улмаас үүсч байгаа гэмтэл нь хүний хүчнээс илүү үүсч буюу хавсарсан байдлаар үүсдэг гэмтэл. Яг тухайн үед үүсэх гэмтлийг тодорхойлж болох боловч цаашид гарах үр дагавар үүсдэг. Сэтгэцэд учирсан хохирлын хувьд шүүх дүгнэлт гаргаад шийдвэрлэх боломжтой. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр заасан бөгөөд хууль буцаан хэрэглэхгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Найрамдлын зам, “Тэс” шатахуун түгээх станцын зүүн замд “Toyota Crown” маркийн 02-04 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .../... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон зорчигч Д.Тын /эрэгтэй, 16 настай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Агийн /эрэгтэй, 17 настай/ эрүүл мэндэд хүнд хохирол, “Тэс петролиум” ХХК-д 367.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч О.Агийн “...Бунчин ахтай уулзъя гээд дуудаад

гэрийн гаднаас машинд нь суугаад байж байгаад хөдлөөд О.Б ах 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг авч ганцаараа ууж байгаад Найрамдлын тийшээ хүнтэй уулзах гээд хөдөлж яваад нөгөө хүнтэйгээ уулзаж чадаагүй. О.Б ах “маргааш ажилтай” гээд буцаад явж байхдаа хурдтай явснаас болж замын хажуу руу орж онхолдсон. Ослоос болж миний биед нуруу хугарсан, хамар хугарсан, нүдний доод ухархайн яс цөмөрсөн үүдэн хоёр шүд хугарсан гэмтэл учирсан. Одоо миний биеийн байдал гайгүй эдгэрч байгаа. Жолооч ах ослоос хойш эмчилгээ, эм тарианы асуудлыг шийдээд байнга эргэж тойрч байгаа. Цаашид гарах зардлыг бүрэн даана гэсэн болохоор миний зүгээс нэхэмжлэх зүйл, санал, гомдол байхгүй. ...” /хх 22/,

насанд хүрээгүй хохирогч А.Түмэнбадрахын “...О.Б ах гадаа ирээд гурвуулаа машинд нь сууж байхад О.Б ах өөртөө 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг аваад талыг нь ганцаараа уусан. Тэгээд бид хоёр Найрамдлын тийшээ хүнтэй уулзахаар болж О.Б ахыг “хамт яваад өг” гэхэд О.Б ах машинаа жолоодон Орбитын Буман Өлзий хорооллын тэндээс хөдлөөд зам руу ороод урдаас хойш Найрамдал зуслангийн чиглэлд явж байгаад О.Б ах “маргааш ажилтай, нойр хүрээд байна, буцъя” гэхээр нь “за тэгье, тэгье" гээд зам дээрээ эргээд буцаад явж байхдаа хурд ихтэй явж байгаад, замын эргэлттэй хэсэгт эргэж чадахгүй замын баруун талын жалга руу ороод онхолдсон. ...Тэгээд үзүүлэхэд нуруу 1-2 дугаар үений сэртэн яс хугарсан, 12 дугаар хавирга хугарсан, баруун хөлийн шагайн хажуу талд зүсэгдсэн гээд 4 оёдол тавиулсан. Ослоос хойш миний эмчилгээний зардлыг жолооч ах бүрэн хариуцсан. Одоо миний зүгээс О.Б ахаас нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй...” /хх 27/,

иргэний нэхэмжлэгч О.Пүрэвдоржийн “...2021 оны 5 дугаар сард 18.000.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн. Тэгээд надаас Бунчин 2022 оны 2 дугаар сард 18.000.000 төгрөгөөр худалдаж авсан боловч нэр дээр шилжүүлж чадаагүй. ...” /хх 36-37/

О.Бгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед танил дүү А.Түмэнбадрах над руу чат бичээд “уулзах уу” гээд намайг очиход А.Түмэнбадрах, О.Атэй хамт манай гэрийн гадаа ирээд “уух уу" гэж хэлэхээр нь “тэгье” гэж хэлээд гурвуулаа миний машинтай дэлгүүр орж литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво авч хувааж уугаад байж байхад А.Түмэнбадрах нь “Найрамдлын тэнд хүнтэй уулзмаар байна, яваад өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд найрамдал руу явж байгаад маргааш нь ажилтай байсан болохоор буцъя гэж бодоод нөгөө хоёртоо хэлж зам дээр буцаж эргэн явсан. Тэгээд “Тэс петролиум” ШТС-ын наад талын бага зэрэг эргэлттэй хэсэгт жолоодлого алдан замын баруун талын усны шуудуу руу орж машин онхолдсон. Би ослоос хойш хохирогч А.Түмэнбадрахын эмчилгээний эардалд 585,000 төгрөг, хохирогч О.Аий эмчилгээний зардалд 2.951.000 төгрөг зарцуулсан. Одоо 2,500,000 төгрөгийг өгч 6 сарын дараа шүд суулгуулах зардлыг даахаар О.Аий аав, ээжтэй нь тохиролцсон байгаа. ...” /хх 94-95/ гэх мэдүүлгүүд,

“...О.Бгийн биед дух, 2 шанаа, зүүн гуянд зулгаралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12715 дугаартай дүгнэлт /хх 56-57/,

 “...А.Түмэнбадрахын биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын хөндлөн сэртэн, цээжний баруун 12 дугаар хавирганы хугарал, 2 шилбэнд язарсан шарх, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12713 дугаартай дүгнэлт /хх 59-60/,

 “...О.Аий биед духны хөндийн гадна, дотор хананы зөрүү багатай хугарал, хугарлын харалдаа гавлын хөндийд хий хуралдалт, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, хоншоор ясны зүүн өмнөд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй хугарал, баруун нүдний ухархайн дээд хананы цууралт, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарап, хоёр талын хөндлөн сэртэн, ламин дайрсан хөндлөн зөрүүгүй хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 4/5, бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалам хоорондын жийргэвч мөгөөрс цүлхийсэн, нурууны булчингийн няцрал арын шар холбоос урагдсан, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, үүдэн баруун дээд 1, зүүн дээд 2 дугаар шүд булгарсан, уруул, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хоёр шүд булгарсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. ...” Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12717 дугаартай дүгнэлтүүд /хх 63-65/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-14/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 15-17/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх 49-51/, хохирол төлсөн баримтууд /хх 153/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Бг тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .../... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон зорчигч Д.Тын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

О.Бгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин, зорчигч Д.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол, “Тэс петролиум” ХХК-д 367.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оын “...Өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх мөн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлүүлж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

            Шүүгдэгч О.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч О.А болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нарт эмчилгээний төлбөрийг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь “...эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гомдол саналгүй” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх 110/ атал анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгээгүй, цаашид эмчилгээ хийлгэх асуудалд дүгнэлт өгөлгүй дээрх хүсэлтийг шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулсан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

            Хавтаст хэрэгт хохирогч О.А эмчилгээ хийлгэсэн гэх баримт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд эмчилгээ хийлгэсэн гэх баримт өгөөгүй байх бөгөөд баримтыг үндэслэн хохирол, төлбөрийг гаргуулах боломжгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оын “...цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. …” гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Хохирогч О.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.О нар нь цаашид гарах эмчилгээ болон хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оын “...цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

                     ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ