| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 113/2025/0008/З |
| Дугаар | 113/ШШ202/0009 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Тендер, Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 113/ШШ202/0009
2025 08 21 113/ШШ2025/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С овогт Д.А, (РД:ДЭ......),
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ш сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 4,800,000 төгрөгийг Ш сумын ЗДТГ-аас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэхийг Шивээговь сумын ЗДТГ-т даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Д.А нь Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Ш сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр 1 жилийн туршилтын хугацаагаар томилогдон ажилласан.
2.2. Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар Д.А 3 сарын хугацаанд цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
2.3. Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Д.А төрийн албанаас халсан байна.
2.4. Дээрх тушаалыг нэхэмжлэгч Д.А эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/1353 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
2.5 Уг зөвлөмжийн дагуу Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс.....: Ш сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.О нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.А миний биеийг туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлыг цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил удаа дараа тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсугай гэжээ.
Хариуцагч Д.О нь дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.А миний биеийг төрийн албанаас халахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.7, Засгийн газрын хэрэг эрхлэгч газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1 дэх, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 3.2, 3.3, төрийн албаны зөвлөлийн 2024 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 3.1, Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэжээ. Нэхэмжлэгч миний биеийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т зааснаар төрийн албанаас халсан нь үндэслэлгүй. Миний бие төрийн албанаас халагдах хэмжээний сахилгын зөрчил гаргаагүй.
Иймд “Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ш сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 4,800,000 төгрөгийг Ш сумын ЗДТГ-аас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэхийг Ш сумын ЗДТГ-т даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэх агуулгаар маргаж байна.
2.7 Хариуцагч Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Д.А “туршилтын хугацаагаар ажилд томилох” тухай тушаалаар Д.А Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар томилсон. Мөн нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албан хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байсан тул түүнд Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар “Д.А сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаалын дагуу сахилгын арга хэмжээ авч байсан. Нэхэмжлэгч нь томилогдсоноосоо хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаа тасалдаг байсан бөгөөд нийт 35 өдөр буюу 280 цаг ажил тасалсан.
Иймд Д.А туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлыг цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажид удаа дараа тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны үйл ажиллагааг алдагдуулж байсан тул дээрх тушаалыг гаргасан нь хуульд нийцнэ... гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албанаас халсан тушаал гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан гэж үзэж 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь ажлын цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж бусад албан хаагчид болон нийгэмд сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэсэн үндэслэлээр Д.А ажлаас халах болсон. Үүнээс төрийн албан хаагчийг нийтлэг үүрэгт заасан үүргээ биелүүлээгүй төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, мөн төрийн албан хаагч нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэж үзсэн. Үүнээс төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ажил тасалсан, удаа дараа ажилд хангалтгүй ажилласан гэх зүйлийг Д.А өөрөө тайлбарлана.
Төрийн албанаас халах гэдэг нь том сахилгын зөрчил. Тушаал гаргахдаа хамгийн гол юу баримталсан бэ гэхээр хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан байдаг. Хөдөлмөрийн дотоод журам болон Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгж удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 37, 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 48 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 36/32 дугаар тушаалаар хамтран батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, гомдол гаргах журам, Төрийн албаны зөвлөлийн 2024 онд батлагдсан төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам, Засаг даргын Тамгын газрын 2024 оны 26 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 1.6-д заасныг баримталж төрийн албанаас халсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч ажиллана гэсэн зохицуулалт байгаа. Халах, чөлөөлөх гэдэг бол Төрийн албаны тухай хуульд хоёр өөр ойлголт байгаа. Дотоод журмын дагуу чөлөөлөх гэдгийг үндэслээд төрийн албан хаагчийг ажлаас халсан энэ шийдвэр хуульд нийцэхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-т зааснаар “төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчийг чөлөөлөх, албадахгүй байх” гэсэн нийтлэг эрхтэй. Энэ эрхийг нь зөрчөөд төрийн албан хаагч чөлөөлөгдөх үндэслэл байхад ажлаас халсан. Ажлаас халах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалтан халах үндэслэлээ заах ёстой гэсэн 47 дугаар зүйлийг огт баримтлаагүй сахилгын шийтгэл шууд оногдуулаад мөн хуулийн 48 дугаар зүйлийн 1.4-т зааснаар халсан. Төрийн албаны тухай хуулийн 47-д заасан үндэслэлийг заавал зааж байж Төрийн албаны тухай хуулийн 48-д заасан сахилгын шийтгэл ноогдуулна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т аль тохирох үндэслэл хэрвээ халах байсан бол аль тохирох үндэслэлийг заавал заах ёстой байсан. Гэтэл ямар ч үндэслэлээ заагаагүй шууд сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-т заасныг зөрчсөн. Энэ үндэслэлээр хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Төрийн алба мерит зарчмаар явах буюу ухаалаг байх ёстой, мэргэшсэн байх ёстой, чадварлаг байх нь төрийн албаны гол үзүүлэлт. Хариуцагчийн хэлсэн болон сонсох ажиллагааны тэмдэглэлд А-г ажлаа гүйцэтгэл өндөртэй сайн хийдэг гэж хэлсэн. Гүйцэтгэл сайн гэдгийг хариуцагч өөрөө ч хэлсэн. Гэрч нар мөн тодорхой байдлаар хэлдэг. А хэд хэдэн хүний ажил албан тушаалыг гүйцэтгэж байсан гэж мэдүүлдэг. Иймээс гадагш ажил албаны шаардлагаар тогтмол явах ажил нэлээн байсан. Үүнийг баримтжуулаад ажил хариуцсан удирдах албан тушаалтнаас ажлын гүйцэтгэл сайн гэсэн үнэлгээ авсан. Хүнс хөдөө аж ахуйн газрын удирдах болон шууд ажлуудын гүйцэтгэж ажилладаг Д, Б гэсэн гэрчүүдийн мэдүүлгийг харахад ажилдаа сайн, тухайн цаг хугацаанд хийх ёстой ажлуудаа хийгээд тайлагнах ёстой төлөвлөгөөгөө тайлагнаад ажил үүргээ гүйцэтгээд явдаг гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Ийм байхад ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэлээ, төлөвлөгөөний биелэлт байхгүй гээд цаас хөөсөн шаардлагуудыг тавиад ажлаас халсан байдаг. А-гийн өнөөдрийг хүртэл хийсэн ажил, ямар түвшинд хүргэсэн гэдгийг дүгнэсэн зүйл байхгүй. А өөрөө ярихдаа ажлыг гүйцэтгэл сайн гээд байгаа. Туршилтын хугацаагаар ажиллуулж байхад тодорхой гэрээ байгуулаад, гэрээндээ заасан эрх, үүргийг бид шаардах ёстой байсан. Гэхдээ хэрэгт А-тэй байгуулсан гэрээнүүд ирээгүй. Төрийн албаны зөвлөлийн төрийн албанд ажиллах туршилтын хугацаанд болзол журам байдаг. Энэ журмын 3.2, 3.4-т туршилтын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах гэрээг байгуулна гэж байгаа. 3.4-т төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын үр дүнг Засгийн газраас баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах ажлын гүйцэтгэл үр дүн мэргэжлийн түвшинд үнэлэх дүрмийн дагуу үнэлнэ гэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 61.1-т заасан үндэслэлээр ажлаас халаагүй. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэлээ болгоогүй. Хөдөлмөрийн дотоод журамд чөлөөлөх гэсэн ойлголт байгаа. Хэрвээ төрийн албан хаагчийг халах уу, чөлөөлөх үү гэдэг хоёр өөр ойлголт шүү дээ. Тиймээс чөлөөлөх гэсэн агуулгаар халсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.2 Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн тодорхой үйл баримт бол нэхэмжлэгч Д.А-н ажлын үр дүн, үр бүтээл хэр байдаг бэ гэдэг асуудал. Төрийн албаны тухай хуулийн 47.1-т албан үүргээ хангалттай биелүүлж байсан уу гэх асуудлын талаар энэхүү тушаалыг гараагүй гэдэг нь тодорхой. Энэ талаар бид маргадаггүй. Ажил хийгдэж байсан уу, хийгдээгүй юу гэдэг талаар огт энэ тушаалд дурдагдаагүй. Харин урьдчилсан шаардлага буюу төрийн албан хаагч хүнд байх ёстой үндсэн шаардлагууд болох ажлын цагийг баримталж ажиллах, ёс суртахуунтай байх зэрэг хамааралтай холбоотой асуудлаар Б/23 тушаал гарсан гэдгийг нэхэмжлэгч сайн ойлгох хэрэгтэй. Ажлын 5 хоногийн 4 хоногийг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтмол ажлаа тасалж байна. Тогтмол ажлаа тасалж байгаа нөхцөл байдлыг нь харахад орон нутагт хүний нөөцийн хувьд хомс учир энэ нөхцөл байдлыг нь харгалзаад чи ажлаа хийгээдхээч, үүнийг ингээдхээч гээд удаа дараа сануулаад чиний гаргаад байгаа үйлдэлтэй чинь холбоотой энэ байгууллагын ажилтан, албан хаагчдад нөлөөлөөд байна шүү, болих хэрэгтэй шүү гэдэг асуудлыг өөрт нь дахин дахин хэлж, сануулаад Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-т зааснаар гурван сар хүртэлх хугацаагаар цалинг 20 хувь бууруулах ийм арга хэмжээ авч, нэхэмжлэгчийн ажиллах нөхцөл боломжоор удаа дараа хангаж байсан. Нэхэмжлэгч гаргасан зөрчлөө ухамсарладаггүй, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, ажлаа үргэлжлүүлэн тасалсан. Нэхэмжлэгч 13-ны өдөр ажилд томилогдоод 14-ний өдөр ажлаа тасалж байсан байна. Ийм насны хүмүүс өнөөдөр ийм зүйл яриад сууж байх нь өмгөөлөгчийн хувьд хэцүү байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан тушаалд туршилтын хугацааг тогтоох болзол журмын 3.2-т туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагч ажлын төлөвлөгөөний биелэлтийг сар бүр тайлагнана. Мөн журмын 3.3-т энэ журмын 3.2-т заасан төлөвлөгөөний биелэлт дээр холбогдох албан тушаалтанд сар бүр нэмж баталгаажуулна гэдэг заалттай. Мөн журмын 3.1-т заасан туршилтын хугацаанд ажиллаж байгаа албан хаагч нар үйл ажиллагаандаа тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллана гэдэг дүрэмтэй.
Байгууллагын дотоод журмын 13.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажлаа тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Мөн 26 дугаарт зааснаар сахилтын шийтгэл оногдуулах гэдэг зохицуулалт дээр сахилгын зөрчлийг удаа дараа зөрчсөн буюу ноцтой зөрчил, энэ дотроо хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол ажлаас хална гэдэг зохицуулалттай. Төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн захиргааны албан хаагч Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар ажиллаж байгаа нийт албан хаагчдад зориулсан хөдөлмөрийн дотоод журам учраас Хөдөлмөрийн тухай хуультай нэгдэнэ. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлнө гэдэг арга хэмжээ байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл өөрөө гэмт хэрэг үйлдсэн, ажлаа дутуу гүйцэтгэсэн, харьяаллаас гарсан, бусад үндэслэл буюу мөн хуулийн 48.1.4-т зааснаар ажлаас халах нь өөрөө 37 дугаар зүйл буюу байгууллагын дотоод журам барьсан бариагүй, ажлаа тасалсан таслаагүй, ёс зүйн зөрчил гаргаснаа ухамсарлаж байгаа эсэх хамгийн гол нь зөрчил гаргасан хүн түүндээ сахилгын шийтгэл хүлээнэ. Сум орон нутагт ажиллах хүн бага болсон. Хэнийг ч ажлаас халъя гэсэн сонирхол байхгүй байдаг. Гэтэл таны өөрийн хувь хүний ёс зүйн зөрчил, ажлаа таслаад байгаа учраас энэ тушаал гарах болсон. Төрийн жинхэнэ албан хаагч гэдэг бол тангараг өргөж ажил албаа эрхэлдэг. Мөн төрийн албанаас халагдахгүй гэж бодож явсан бол нэхэмжлэгч 1 дүгээрт алдаа дутагдал гаргахгүй байх, 2 дугаарт эвлэрэх санал гаргахаа өөрөө илэрхийлж болох байсан байх. Гэтэл тийм байр сууриа бид нарт илэрхийлээгүй тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 4 800 000 төгрөгийг Ш сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгчээс “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т зааснаар төрийн албанаас халсан нь үндэслэлгүй, миний бие төрийн албанаас халагдах хэмжээний сахилгын зөрчил гаргаагүй” гэх тухайд:
6.1 Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 дугаар “Д.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.А нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг нь харгалзан үзэж 3 сарын хугацаанд цалингийн 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цаашид уг алдааг давтахгүй, ажилдаа дүгнэлт хийж өдөр тутмын үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Дээрх сахилгын шийтгэлийг авах үндэслэл нь хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ажил тасалсан байх бөгөөд энэ тушаалын тухайд ямар нэг маргаан гаргаагүй хүчин төгөлдөр болжээ.
6.2 Ингээд 6 сарын дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/23 дугаар тушаалаар Д.А-г туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлын цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил удаа дараа тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзаж 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна.
6.2.1 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ... гээд 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48 дугаар зүйлийн 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж тус тус заажээ.
Дээрх нөхцөл байдлуудаас харгалзан мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар “зөрчлийн шинж байдал”-ыг харгалзан сахилгын ямар шийтгэл ногдуулах нь сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдэд хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нь тохироогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Маргаан бүхий тушаалыг гаргахын өмнө “Сонсох ажиллагаа”-г биечлэн хийж, тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.3-т “биечлэн уулзах” гэж заасан хуульд нийцсэн гэж үзлээ.
7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан гэх үндэслэлийн тухайд; Сонсох ажиллагааны явцад ажил тасалсан талаар асууж тайлбар авсан байна. Мөн хэрэгт авагдсан сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг шалган тогтоосон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус аймгийн Ш сумын Засаг даргын Тамгийн газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Д.А-г туршилтын хугацаагаар ажилд томилсон байх бөгөөд 2024 оны 6 сард 1 өдөр, 7 сард 4 өдөр, 8 сард 3 өдөр, 9 сард 5 өдөр, 11 сард 4 өдөр, 12 сард 5 өдөр, 2025 оны 1 сард 7 өдөр, 2 сард 5 өдөр, 4 сард 3 өдөр тус тус ажил тасалсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ асуудал дээр талууд маргаагүй.
Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйл, Байгууллагын дотоод үйл ажиллагааны 13.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллана” гэжээ.
Иймд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасан нийтлэг үүргээ зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-с Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 4 800 000 төгрөгийг Ш сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ