Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир ,

          улсын яллагч Г.Эрдэнэ,

          шүүгдэгч М.Д,

          хохирогч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт М.Д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0130 10352 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 15-17 насны 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, М овогт М.Д /РД:…../

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

          М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 20-465 тоот гэртээ хохирогч Б.Э-н зүүн шуунд шар модон иштэй хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар ярьсан тул ярих зүйлгүй гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар ярьсан тул ярих зүйлгүй. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           - Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Э-н: …2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Энх-Амгалан, Сайнжаргал, Даваа бид гурав МОнелын худагийн мөс хагалж 6000 төгрөг авч нэг шил 0,75 литр хэмжээтэй архи аваад Д ахынд орж уусан. Дараа нь Д гудасны завсраас 20.000 төгрөг гаргаж ирээд Сайнжаргалтай нэг шил 0,75 литр архи авчирсныг ууж дуусаад дахиж архинд явах гэсэн чинь Д ахын мөнгө нь алга болсон байна гэж нэхсэн. Би аваагүй гэсэн. Үүнээс болж маргалдаж байгаад Д ах ширээн дээр ил байсан шар иштэй хутгаар зүүн гаранд хутгалсан, гарнаас маш их цус гараад орны даавуугаар боогоод Энх-Амгалан, Сайнжаргал хоёр гэрт хүргэж өгөөд ээж 103 дуудаж госпитал дээр оёдол тавиулсан. Өөр зодоон болоогүй, надад өөр учирсан гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,

          - Мөрдөн байцаалтанд гэрч П.Эрдэнэсувдын…Намайг 18 цагийн үед гэртээ байхад Монелын 12-210 тоотод гэртээ орж ирэхэд манай бага хүү Э зүүн гарын шуундаа гэмтэл авчихсан. Шуундаа хутгалуулчихлаа гээд сууж байхаар нь гайхаад шархыг нь хартал зүүн гарын шуунд нь зүсэгдсэн байсан…гэх мэдүүлэг /19-20 -р тал/,

           - Мөрдөн байцаалтанд гэрч Э.Сайнжаргалын: …2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед гэрээс гараад явж байгаад усанд явж байсан Д таараад хамт худгаас ус авчихаад худагны мөс 6000 төгрөгөөр хагалахаар болсон. Өдөр худаг хаасны дараа 14 цаг өнгөрөөгөөд худагны мөс хагалаад зогсож байхад Э, Энх-Амгалан хоёр ирээд цуг хагалалцсан. Ингээд мөсөө хагалж дуусаад 6000 төгрөг аваад дэлгүүрээсээ нэг шил 0,75 литр хэмжээтэй архи авчихаад Д-н гэрт нь орж уусан. Архи дууссаны дараа Д дахиж архи авах гэтэл гудсан доор байсан мөнгө алга болсон байна дэлгүүр явахад Энхсүх, Энх-Амгалан хоёр гэрт үлдсэн учраас тэр хоёрыг авчихлаа гэж мөнгө нэхээд байсан. Тэгээд би хажуу талын өрөө орчихоод гараад ирсэн чинь хохирогч Д хоёр барьцалдаад байхаар нь салгасан чинь Д орон дээр тасраад унтаад өгсөн. Тэгтэл хохирогч Д ах намайг хатгачихлаа шүү дээ гэж зүүн гараа барьсан, гарнаас нь цус гарч байсан. Тэгээд цамцыг нь тайлаад орны даавуугаар ороогоод Энх-Амгалан бид хоёр гэрт нь хүргэж өгөөд ар гэр нь эмнэлэг дуудаж аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

           - Мөрдөн байцаалтанд гэрч С.Энх-Амгалангийн: …2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Цайз” зах дээр нүүрс шуудайлаад 12 цагийн үед гэртээ харих замд худаг дээр Даваа, Энхсүх, Сайнжаргал нар мөс хагалж байхаар нь хамжиж хагалж дуусаад 6000 төгрөг авсан. Уг мөнгөөр дэлгүүрээс 1 шил 0,75 литр аваад Д-н гэрт нь уусан. Би нилээн согтоод тасраад унтсан байна, дахиж архи авчирсныг мэдээгүй. Тэгтэл Сайнжаргал Д, Э хоёр муудалцаад байна гэж сэрээсэн. Тэгтэл Д Э-тэй маргалдсан хутга барьсан зогсож байсан. Тэгэхээр нь дундуур нь ороод Д-г ор руу түлхэж унагаасан чинь хутгаа хаясан тэгэхээр нь дахиж хутгалж магадгүй гэж бодоод хутгыг нь байшингийн баруун талд цонхон дээр байгаа ширээний ард хэсэг рүү шидсэн. Тэгтэл Э “Д ах дүүг нь шаачихлаа” гэсэн, зүүн гарнаас нь цус гараад байхаар нь сандраад орны даавуугаар ороогоод гэрт нь хүргэж өгөөд түргэнээр эмнэлэг явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/,

          - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2242 дугаартай дүгнэлтэнд:

          1. Б.Э-н биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

              Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр тал/,

           - Мөрдөн байцаалтанд яллагдагч М.Д-н: …2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Э, Сайнжаргал, Энх-Амгалан бид нар манай гэрт архи ууж байгаад гэрт байсан 50.000 орчим төгрөг алга боллоо гэх шалтгаанаар хохирогч Б.Э-тэй муудалцаж ширээн дээр байсан шар өнгийн модон иштэй хутгаар зүүн гаранд нь хутгалсан. Ингээд гарыг нь цамцаар боогоод Сайнжаргал, Энх-Амгалан хоёр гэрт нь хүргэж өгсөн. Би гэртээ согтоод тасраад үлдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 дугаар тал/,

           - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-8 дугаар тал/

           - Шүүгдэгч М.Д-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/,

           - Шүүгдэгч М.Д-н ял шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 20-465 тоот гэртээ хохирогч Б.Э-н зүүн шуунд шар модон иштэй хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       холбогдох М.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч М.Д нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 20-465 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Э-н зүүн шуунд шар модон иштэй хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Б.Э нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт  ирүүлээгүй ба тул шүүгдэгч М.Д-г одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.Э нь өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч М.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч М.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. М овогт М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Д-д 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

            4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Хохирогч Б.Э нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шар өнгийн модон иштэй хутга, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цусаар бохирлогдсон 1 ширхэг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комистт шилжүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ