Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/172

 

 

 

 

 

                                                                        

2024             02              01                                         2024/ДШМ/172

                                                       

Ц.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч Г.И,

яллагдагч Ц.М,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/2062 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ц.Мд холбогдох эрүүгийн 2303005840490 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Ц.М, 1981 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Начин 6 дугаар баг, Их Уул 12 гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:КК81012102/;

Яллагдагч Ц.М нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтаргана” хотхоны урд замд “Toyota Allex” маркийн 70-77 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ хохирогч Г.Иийн жолоодон явсан “Shangtilo” маркийн цахилгаан дугуйг мөргөж, түүний эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны хугарал, хоёр өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатарын гаргасан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1123 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх 63-64/, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн бичлэг бүхий сиди, үзлэг хийсэн тэмдэглэл болон сиди бичлэгээс үзвэл, яллагдагч Ц.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтаргана” хотхоны урд талын замд баруунаас зүүн чигт 3 дугаар эгнээгээр явж байгаад тасархай зураасаар “Алтаргана” хотхон руу орохоор зүүнээс баруун чиглэлийн гурван эгнээ бүхий замын 3, 2 дугаар эгнээг туулж, 1 дүгээр эгнээг өнгөрч хотхон руу орох үед дугуйтай зорчигч хохирогч Г.И нь яллагдагч Ц.Мгийн жолоодож явсан “Toyota Allex” маркийн 70-77 ӨМӨ улсын дугаартай машины баруун талын хойд хэсгийг мөргөж, улмаар машины ар хэсгийг давж газарт унасан нөхцөл байдал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч...-ийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч М.Сүхбаатар нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч, шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар “Мөрдөгчийн 1123 дугаартай магадалгаа” гаргаж /хх 63/ нотлох баримт цуглуулж бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчжээ. Иймд яллагдагч Ц.М нь “Toyota Allex” маркийн 70-77 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтад “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн эсэх нь эргэлзээтэй байх тул мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Яллагдагч Ц.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хэргийн газарт үзлэг, хэмжилт хийсний дараа би Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэтэл мөрдөгч намайг явсны дараа утасдаад хэргийн газрын үзлэгийг дахин хийсэн гэж хэлсэн. Надад хавтаст хэргийн материал танилцуулахдаа боогоогүй задгай материал танилцуулсан бөгөөд энэ хэрэгт байгаа зургууд байгаагүй. Намайг байлцуулж хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн зураг, бичлэг надад байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зураг нь намайг байцуулж хийсэн хэргийн газрын үзлэгийн үед миний авсан зурагтай тохирохгүй байна.” гэсэн гомдол хүсэлтийг нэг мөр шалгаж шийдвэрлэвэл зохино. Иймд хэрэгт мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байх тул яллагдагч Ц.Мд холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1  дүгээр зүйлд заасан  шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.”, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ. Дээрх хэрэгт мөрдөгч М.Сүхбаатар нь хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн, тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргасан ба өөрийн тусгай мэдлэг эзэмшсэн талаарх сертификатыг хуулбарлан хэрэгт хавсаргасан байна. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3. §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 2.2-т “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадлагаа гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрийг танилцуулах, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан мөрдөгч шинжээчийг татгалзан гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.” гэж тайлбарласнаас үзэхэд мөрдөгч магадлагаа гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг шийдвэрлэх явцад шинжээч томилоход дараах онцлогтой байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдлын онолын хувьд зам тээврийн осол гарахад жолоочийн буруутай үйл ажиллагаанаас гадна бусад олон хүчин зүйл нөлөөлөх боломжтой байдаг. Тэдгээр хүчин зүйлийн нөлөөллийг тогтооход зарим тохиолдолд шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагатай болдог. Харин бусад ямар нэг хүчин зүйл нөлөөлөөгүй зөвхөн жолоочийн буруутай үйлдлийн улмаас Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчигдөж зам тээврийн осол гарсан тохиолдолд мөрдөгч магадлагаа гаргаж шийдвэрлэх боломжтой. Учир нь, Замын хөдөлгөөний дүрмийг ойлгох, хэрэглэхэд зайлшгүй тусгай мэдлэг шаардлагагүй, тухайн тохиолдолд дүрмийн ямар заалт зөрчигдсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоож болно. Дээрх хэргийн хувьд Toyota Allex маркийн 70-77 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж үзэж мөрдөгч магадлагаа гаргажээ. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.40-т “уулзвар” гэж замууд нэг түвшинд огтлолцсон бэлчрийг...; гэж мөн зам тавьж өгнө гэдгийг мөн дүрмийн 1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг;” гэж тайлбарласан байна. Дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудаас үзэхэд хөдөлгөөнд оролцож байгаа оролцогч нар нь аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох ёстой бөгөөд жолооч уулзвараар зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өөдөөс чигээрээ явж байгаа тээврийн хэрэгслийг зогсож өнгөрүүлнэ” гэж ойлгогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-т “тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; гэж зааснаас үзэхэд унадаг (цахилгаан хөдөлгүүртэй) дугуй нь тээврийн хэрэгсэлд хамаарч байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно: а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд; гэж заасан тул тухайн тохиолдолд “Shangtilo” маркийн цахилгаан дугуй унаж явсан Г.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэл болжээ. Мөрдөгчийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий байх тул шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна. Яллагдагч Ц.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хэргийн газрын үзлэг, хэмжилт хийсний дараа би Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэтэл мөрдөгч намайг явсны дараа утасдаад хэргийн газрын үзлэгийг дахин хийсэн гэж хэлсэн. Надад хавтаст хэргийн материал танилцуулахдаа боогоогүй задгай материал танилцуулсан бөгөөд энэ хэрэгт байгаа зургууд байгаагүй. Намайг байлцуулж хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн зураг, бичлэг надад байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зураг нь намайг байлцуулж хийсэн хэргийн газрын үзлэгийн үед миний авсан зурагтай тохирохгүй байна” гэсэн гомдол хүсэлтийг нэг мөр шалгаж шийдвэрлэвэл зохино гэж захирамждаа дурджээ. Хэргийн газрын үзлэг явуулахад хэргийн оролцогч нарыг заавал оролцуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй мөн зам тээврийн ослын дараа хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай бол хохирогчийг эмнэлэг рүү явахад холбогдогч хамт явах тохиолдол байдаг. Энэ үед хэргийн газрын үзлэгийг хийсэн байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэгт тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн цэг нь хэргийн газрын үзлэгийн гэрэл зургууд болон тэмдэглэлд тусгасан А цэгтэй тохирч байна. Яллагдагч Ц.М нь хавтаст хэргийн материалтай танилцаж гарын үсгээ зурсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан байх тул түүний ярьсан зүйл үнэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, шаардлагатай тохиолдолд мөрдөгчийг шүүх хуралдаанд оролцуулж болсон зүйлийн талаар тодруулж болно. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/2062 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Г.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гарсан бөгөөд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Учир нь, намайг эмнэлэг авч явахад Ц.М хамт яваагүй, түргэний машинаар явсан бөгөөд орой нь над руу утсаар л ярьсан. Мөн би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. ...” гэв.

Яллагдагч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийг эмнэлэг явахад би араас нь такси бариад явсан. Хэмжилт хийлгээд араас нь очтол хохирогч “би боолтоо хийлгэчихээд гэртээ ирсэн байна” гэж хэлсэн. Би замын цагдаа дээр буцаж очиход “та яагаад А, Б цэгээ буруу заасан бэ, би дахиж хэмжилт хийчихээд ирлээ” гэж хэлсэн. Надад ингэхдээ дахиж хэмжилт хийх талаараа хэлээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:                        

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор П.Итгэлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Ц.Мг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ хохирогч Г.Иийн жолоодон явсан “Shangtilo” маркийн цахилгаан дугуйг мөргөж, түүний эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны хугарал, хоёр өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...“Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтад “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн эсэх нь эргэлзээтэй байх тул мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Яллагдагч Ц.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хэргийн газарт үзлэг, хэмжилт хийсний дараа би Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэтэл мөрдөгч намайг явсны дараа утасдаад хэргийн газрын үзлэгийг дахин хийсэн гэж хэлсэн. Надад хавтаст хэргийн материал танилцуулахдаа боогоогүй задгай материал танилцуулсан бөгөөд энэ хэрэгт байгаа зургууд байгаагүй. Намайг байлцуулж хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн зураг, бичлэг надад байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зураг нь намайг байлцуулж хийсэн хэргийн газрын үзлэгийн үед миний авсан зурагтай тохирохгүй байна.” гэсэн гомдол хүсэлтийг нэг мөр шалгаж шийдвэрлэвэл зохино....” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Мөрдөгч хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үнэлэлт өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “магадлагаа” гаргасан нь хууль зөрчөөгүй байна.  

Мөн хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын актын талаар талууд гомдол гаргавал дээрх асуудлаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн заалтын хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.  

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах, шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх, бусад нотлох баримттай харьцуулах замаар үнэлж дүгнэх зэрэг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан тул хуулийн заалтыг чанд мөрдөх замаар Ц.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл мөрдөгч, шинжээчийг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Ц.Мгийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэв.

Иймд прокурор П.Итгэлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/2062 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/2062 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ