| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2021/00007/И |
| Дугаар | 210/МА2021/01012 |
| Огноо | 2021-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2021/01012
З- ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00896 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З- ХХК-ийн хариуцагч С- ХХК-д холбогдуулан гаргасан 120 125 244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь С- ХХК-ийн барьсан Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчлэн хийдийн 1080 лам хурах Их цогчин дуган-ы барилгад барилгын бараа материал нийлүүлэн угсралтын ажлыг гүйцэтгэсэн. С- ХХК-иас 2013 оноос эхлэн 2017 оны 4 сар хүртэл бараа материал авч, авсан барааныхаа тооцоог төлж, тооцоо нийлж байсан. Хамгийн сүүлд тус компанитай 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, тооцоогоо баталгаажуулсан бөгөөд уг актаар хариуцагч С- ХХК нь 120 125 244 төгрөгийн өглөгтэй гарсан. Уг акт нийлсэн өдрөөс хойш бидний зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд хариуцагч С- ХХК-иас бараа материалын үлдэгдэл төлбөрт 120 125 244 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С- ХХК нь Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчлин хийдийн Их цогчэн дуган-ы барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Ийнхүү ажил гүйцэтгэх хугацаандаа нэхэмжлэгч З- ХХК-иас барилгын бараа, материал авч байсан. Нэхэмжлэгч нь өөрсдийн нийлүүлсэн бараа, материалыг бидэнд худалдан борлуулж, авч ирсэн бараануудаа барилга дээр угсарч өгч байсан. Хамгийн сүүлд тодорхой хэмжээний барааг нэхэмжлэгчээс хүлээн авсан нь үнэн. Тодорхой хэмжээний өглөг, төлбөр байгаа нь ч үнэн. Гэхдээ нэхэмжлээд байгаа төлбөрийн дүн арай л өндөр байна. Мөн худалдсан эд хөрөнгө нь доголдолтой, чанарын шаардлага хангахгүй зүйлс ч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талтай уулзаж төлбөрийн талаар тооцоо нийлэх гэсэн боловч амжаагүй. Ийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагаас 70 000 000 төгрөгийг төлж, өр төлбөрөө дуусгавар болгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгчээс хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй бичгийг, хариуцагч С- ХХК-иас Зуун найман суврага ХХК-д хандаж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр явуулсан 01/208 тоот албан бичиг зэргийг хавсаргасан байна. Эдгээр баримтуудыг үндсэндээ нэхэмжлэгч талаас намайг төөрөгдүүлж, хуурч байгаад хийлгэсэн, гарын үсэг зуруулсан баримтууд юм. Нэхэмжлэгч компанийн удирдлагатай би олон жил хамтран ажиллаж, найз нөхөд явсан бөгөөд ийм бичиг хийгээд өг гээд байсан учраас хийж өгсөн гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С- ХХК-иас 120 125 244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зуун найман суварга ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 577 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С- ХХК-иас 758 577 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зуун найман суварга ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч С-" ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 120 125 244 төгрөгийн 70 000 000 төгрөгийг 2021 оны 6 болон 7 сард багтаан төлөх боломжтой. Төлбөр бүрэн барагдуулахаас татгалзаж буй шалтгаан нь талуудын хооронд гэрээ байхгүй. Зохигч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ болон барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Яг ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн, нийт хэдэн төгрөгийн материал худалдаж авсан, нийт хэдэн төгрөгийн санхүүжилт, төлбөр төлсөн нь тодорхой бус байна. Хоёр талын хооронд тооцоо нийлсэн удаа нэг ч байгаагүй. Санхүү төлбөрийн тооцоо нийлнэ гэдэг нь анх ямар гэрээ хийж, ямар үүрэг харилцан хүлээлцсэн болох, ямар үнийн дүнтэй хэлцэл хийсэн, ажил гүйцэтгэсэн хүлээлцсэн акт баримт, барилгын материалыг хэдэн удаа худалдаж авсан, хичнээн төгрөгийн материал авсан тухай бүх падаан баримтыг тулгаж үзэх шаардлагатай. Хүчинд автаж бодит бус тодорхойлолт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараагийн төлбөр барагдуулах эрчимтэй тэсэшгүй шаардлагыг даалгүй, төлбөр төлнө гэх бичиг өгч үлдэгдлийг зөвшөөрсөн бичигт гарын үсэг зурсан нь бидний хууль эрх зүйн мэдлэггүй байдлаас болсон. Бүх ажил гэрээтэй байсан. Жишээ нь: шалны халаалт угсрах ажлын гэрээ үнэ нь 65 000 000 төгрөг. Хоёр тал хамтран ажилласан барилга дээр улсаас чанарын барьцааны мөнгө болох 583 000 000 төгрөгийг өнөөдөр хүртэл авч чадаагүй байна. Учир нь Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаас манай барилгад туслан гүйцэтгэгчээр ажилласан, З- ХХК, барилгын дотор халаалт, шалны цахилгаан халаалт гэсэн 2 ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Эдгээр ажил дээр зөрчил илэрч өөрийн хөрөнгөөр засч дуусган хянуулж хүлээлгэн өгөх үүргийг Соёлын яамнаас өгсөн. З- ХХК энэ зөрчлүүдийг арилгаж, хүлээлгэн өгч байж биднээс төлбөрөө авах нь зөв юм. Миний тооцоогоор 70 000 000 сая төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа гэж үзэж байна. Энэ хэмжээнд төлбөрийг зөвшөөрөх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч З- ХХК нь хариуцагч С- ХХК-д холбогдуулан 120 125 244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шууд худалдах, худалдан авах гэрээний талаар зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэл болгосон нь учир дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч С- ХХК нь худалдан авсан плита, шал, сантехникийн материалын үнийг бүрэн төлөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсон бол хариуцагч эс зөвшөөрч манай компани нь нэхэмжлэгч З- ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн, мөн барилгын материал авсан гэх агуулгатай тайлбарыг гаргасан.
Хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид явуулсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигт бараа материал нийлүүлсэн болон ажил гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөрийн талаар дурьджээ. Түүнчлэн хоёр компанийн нягтлан бодогч нарын үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан боловч тус баримтууд нь талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцаа болон гэрээний зүйлийн шинж байдлыг шууд нотолсон баримт биш байна. Хэрэв талуудыг гэрээний харилцаанаас үүдэлтэйгээр тооцоо нийлсэн гэж үзвэл тус баримтад гарын үсэг зурсан нягтлан бодогч нарт компанийг төлөөлөн хэлцэл хийх эрхийг холбогдох этгээдээс олгосон эсэхийг тодруулах шаардлага үүснэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажил хэргийн харилцаанаас үүссэн өр төлбөр шаардаж байгаа эсэх, эсхүл худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардаж байгаагийн аль үндэслэл болохоос хамаарч талуудын нотлох зүйл, нотолгооны үүргийн хуваарилалт өөр болно.
Хариуцагч С- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн тайлбар гаргасан хэдий ч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу гэрээний зүйл тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 577 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Г.ДАВААДОРЖ