| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2025/0026/З |
| Дугаар | 110/ШШ2025/0044 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 110/ШШ2025/0044
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Х,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “А.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Х 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч А.Х 2024 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан байна.
3. Тус зөвлөлөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолоор “А.Х шатахуун түгээх станцуудад түгээгч, операторчноор ажиллаж байсан жилүүд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт” -ын 2.19-д заасан “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй тул хортой, хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй” гэж шийдвэрлэснээр 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг А.Х нь одоо 57 настай, улсад 20-иос доошгүй жил ажиллаж ,нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөл буюу шатахуун түгээгч, нефть операторчноор 10-аас доошгүй жил ажилласан юм. А.Х нь “Х” ХХК-д шатахуун түгээгчээр ажиллаж байгаад 2024 оны 01 дүгэр сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. А.Х нь хөдөлмөрийн хортой нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарахаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын байцаагч нарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хандахад “Таны ажиллаж буй шатахуун түгээгчийн албан тушаал нь хортой нөхцөлд хамаарахгүй, энэ талаар яамнаас шийдвэр гарсан” гэж өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох материалыг хүлээн аваагүй байна. Тухайн үед А.Х нь “Р” ХХК-д шатахуун түгээгчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн Ш.С хамт Нийгмийн даатгалын газарт очиж байсан байна.
Ер нь А.Х нь “Х” ХХК-ны харьяа шатахуун түгээх станцад 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал шатахуун түгээгч буюу нефть операторчноор 11 жил 6 сар тасралтгүй хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан юм.
Ингээд А.Х 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөх асуудлыг тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж 2025 оны 01 дүгээр сарын 29-ний гомдол гаргасан байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор А.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.
Иймээс одоо иргэн А.Х нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өөрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. А.Х ажиллаж байсан шатахуун түгээгч буюу нефть операторчны мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамрагдах ёстой гэж үзэж байна.
Иймд иргэн А.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Х 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.
5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрыг төлөөлж дарга М.А хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч А.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гаргасан өргөдлийн дагуу хянан хэлэлцэж, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтад заасан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад хамааралгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн “А.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Х 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.
3. Нэхэмжлэгч А.Х нь 1967 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 57 настай бөгөөд 1986-1988 онд хугацаат цэргийн алба хаасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 6,13 дах тал/ тогтоогджээ.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно”, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: 23.1.3.Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа; 23.1.5.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн цэргийн жинхэнэ алба хаасан нэг жилийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нэг жил зургаан сараар тооцсон хугацаа” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч А.Х хугацаат цэргийн алба хаасан 2 жилийн хугацааг 3 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөнд тооцохоор байна.
4. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2012 он/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул нэхэмжлэгч А.Х ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр /1990-2000 он/ нөхөн тооцсоныг эрх бүхий этгээдээс баталгаажуулсан, мөн А.Х 2003 оны 1-12 дугаар сар, 2004 оны 1-7 дугаар сард “Ш” ХХК, “М” ХХК-д тус тус ажилласан 1 жил 7 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / Хавтаст хэргийн 8 дах хуудасны ар тал, 9 дэх тал/ тус тус тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч А.Х нь 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцад операторчин буюу түгээгчээр ажилласан, үүнээс 10 жил 7 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь “Х” ХХК-ийн захирлын 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 004 дүгээр, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалууд, 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай хөдөлмөрийн гэрээ,уг гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолт, 0826719 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн огноотой, даатгуулагч А.Х нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 7-8,10-11,32-38,61-64 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
6.Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.Х нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин буюу түгээгчээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацаа 10 жил 7 сар, “Ш” ХХК, “М” ХХК-д ажиллаж, шимтгэл төлсөн хугацаа 1 жил 7 сар, хугацаат цэргийн алба хаасан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаа 3 жил, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012 он/-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул нөхөн тооцсон хугацаа 11 жил, нийт 26 жил 2 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.
7. Хариуцагч талаас нэхэмжлэгч А.Х хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ “А.Х ажиллаж байсан ажил, мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”–ын 2.19-д заасан “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй” гэж тайлбарласан.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох бусад болзлыг хангаж байгаа талаар маргаагүй, тодруулбал, 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 насанд хүрсэн талаар, мөн 10-аас доошгүй жил “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин буюу түгээгчээр ажилласан талаар маргаагүй болно.
8. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “"газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг” 4.1.4-т “"түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг” гэж тус тус заасан.
“Х” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин буюу түгээгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч А.Х байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх ажил үүргийг “шатах тослох материалыг хүлээж авах, хадгалах, ачих,түгээх, хэмжилт хийх,түгээгүүр, насосын хэвийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн урсгал засварыг хийх” гэж, хөдөлмөрийн нөхцөлийг “хортой” гэж тус тус тусгаснаас гадна энэ талаар гэрч “Х” ХХК-ийн захирлаас “...Манай компани нь нийт 3 шатахуун түгээх станцтай ба А.Х нь аль алинд нь ээлжээр ажиллаж байсан. Түгээгчийн хувьд шатах тослох материалыг хүлээж авах, ачих,түгээх, хэмжилт хийх зэрэг үндсэн ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Мөн нэмэгдлээр тухайн байр, талбайг цэвэрлэх, тоног төхөөрөмжийн урсгал засварыг хийх зэрэг ажлуудыг хийж байсан.Тухайн түгээгч нар нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг. Манай компанийн зүгээс хортой нөхцөлд ажилладаг гэх үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийг илүү хэмжээгээр төлдөг байгаа. Хөдөлмөрийн нөхцөлийн талаар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгасан байгаа. Хортой гэж үзэж байгаа үндэслэлийн хувьд шатахуунтай байнга харьцаж ажилладаг,шатахууны ууршилттай орчинд ажилладаг хортой нөхцөл байдал байгаа” гэж мэдүүлсэн.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан шатахуун түгээх станцын түгээгч буюу нефть хангамжийн операторчны гүйцэтгэх ажил үүрэг нь Монгол улсад шатахууны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад хуулийн этгээдийн шатахуун түгээх станцад ажилладаг нефть хангамжийн операторчны гүйцэтгэх ажил үүрэгтэй ижил, хөдөлмөрийн нөхцөлийн хувьд мөн ижил буюу ажлын байрны тодорхойлолтод “хортой” гэж тусгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 40-45 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Мөн шүүхээс нотлох баримт цуглуулах хүрээнд тус аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч А.Х ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэн И.С тэтгэврийг хэрхэн тогтоосныг шалгахад иргэн И.С нь “Р” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажиллаж байсныг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан үзэж, тэтгэврийг хөнгөлөлттэйгөөр тогтоосон болох нь тогтоогдсон / Хавтаст хэргийн 52-60 дах тал/ болно.
Үүнээс гадна, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “...бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд дараах 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө: 2.Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ” гэж тусгасан, мөн гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн мэдүүлгээс /Хавтаст хэргийн 46-49 дэх тал/ үзэхэд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр нь ашиглалтад ороогүй, төслийн шатанд байгаа гэж үзэхээр байна.
9. Нэхэмжлэгч А.Х нь 2012 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин буюу түгээгчээр ажилласан нь тогтоогдож байгаа ба энэхүү ажил нь тэтгэврийг “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тогтоох ажил ,мэргэжилд хамаарах эсэх нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулийн дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актаар тус тус зохицуулагдана.
1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.
Уг 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.
Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баталжээ.
Уг жагсаалтын ““2.Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн: 8.Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/; 8.Нефть хангамжийн операторчин /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/, 13. Ачигч, агуулахын /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/ ;13.Шатахуун ачигч, 14.Шатахуун буулгагч /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/ “ гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон өмнө нь үйлчилж байсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын аль алинд нь зааснаар нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчны ажил, мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байна.
Харин дээрх 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын 2.19-өөс бусад хэсэгт нефть буюу шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.
Үүнээс үзвэл уг тушаалуудаар Монгол улсад “нефть”-ийн төрлийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “Шатахуун түгээх станц”-ын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалуудаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалуудаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14, 2.19-т зааснаар тус тус зохицуулсан гэж үзнэ.
10. Дээрх үйл баримтуудыг холбогдох хууль , захиргааны хэм хэмжээний актуудтай холбож үзэхэд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд нефть хангамжийн операторчны ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог болох “бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга, ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг” нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн “хортой” нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр нь нефть, бензин зэрэг хортой шингэнтэй шууд харьцдаг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахыг харгалзан үзэхгүйгээр Монгол улсад байхгүй /төслийн шатанд байгаа/ “нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажилтнуудад хамааралтай гэж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын дээрх хэсгийг явцууруулан хэрэгжүүлж “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байна.
11. Иймд нэхэмжлэгч А.Х нь “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” гэх болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн “Зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчны ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
12. Дээрх байдлаар нэхэмжлэгч А.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг зөрчсөн, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
13. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан.
Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагчаас дээрх үндэслэлээр “тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж хариу өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан хугацаагаар бус харин Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан өдрөөс буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүх хуралдаанд оролцохгүй” талаар шүүхэд мэдэгдсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ