Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 18

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: П.Гончигдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн  Мандал сумын Сонгуулийн хороонд холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                              П.Гончигдорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                      Г.Амартүвшин

Хариуцагчийн төлөөлөгч:                                         С.Ичинхорлоо

Хариуцагчийн төлөөлөгч:                                         Ж. Алтанцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журмын 154.1.3, 154.3.2, 154.3.3, 154.3.5-т заасан шаардлагуудыг хангасан 10 ширхэг баримтыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргад Мандал сумын Ардчилсан намын дарга Ц.Эрдэнэхүү, дэд дарга Б.Жавхлан, намын улс төрийн ажилтан М.Отгонцэцэг нараар мөн бусад нэр дэвшигчийн баримттай хамт хүлээлгэж өгсөн. Гэтэл үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 85.7% хувийн ирцтэй сонгуулийн хорооны хурлаас Ардчилсан намаас нэр дэвшигч П.Гончигдорж миний нэр дэвших эрхийг хязгаарлаж Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

            Тухайн тогтоолыг миний бие 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр авъя гэж хэлэхэд гараагүй гэж хэлээд маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12.00 цагт авсан. Тухайн тогтоолыг хүлээж аваад Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.5 дахь заалтын дагуу хурлын ирц, хурлын протоколтой танилцъя гэхэд Сонгуулийн хорооны дарга Д.Байгалмаа нь хурлын протокол нь нууцад хамаарах тул үзүүлэх боломжгүй гэж хэлсэн. Улмаар миний бие нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны дагуу Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан боловч тус хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоотоор гомдлыг манай хороо шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн. Иймээс миний бие нь тус шүүхэд хандсан болно.

            Миний бие нь Мандал сумын Сонгуулийн хороонд нэр дэвшихтэй холбогдолтой 10 хуудас баримтыг гаргаж өгсөн ба түүний дотроос нэр дэвших зөвшөөрлийн маягтыг бөглөсөн боловч техникийн алдаанаас гарын үсгээ зураагүй байсныг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-ийг зөрчсөн гэж үзэж татгалзсанг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус сумын Сонгуулийн хороонд гаргаж өгсөн гол баримтууд бүгд шаардлага хангасан байхад зөвхөн өргөдлийн маягтад гарын үсгээ зураагүй нь дээрхи Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үндэслэл биш гэж үзэж байна. Мөн Мандал сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн материалыг хууль журамд зааснаар шалгаж үзэж авах ёстой байтал энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр материалыг хүлээн авчихаад хуулинд заасан 5 хоногийн дотор шалгахгүйгээр шууд хурлаа зарлаж үл ялих шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гомдолтой байна.

            Иймд тус шүүхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр Пүрэвжав овогтой Гончигдоржийг бүртгэхийг тус сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч үнэн зөвөөр шуурхай шийдвэрлэж өгнө үү. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах гэснийгээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот тогтоолын П.Гончигдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж тодруулж байна гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны дарга шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 02 минутанд Ардчилсан намын дарга Ц.Эрдэнэхүү, улс төрийн ажилтан М.Отгонцэцэг, гишүүн Г.Түвшинбаяр нарын 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 30 нэр дэвшигчийн 540 хуудас 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №25 тоот тогтоол 2 хуудас нийт 542 хуудас материалыг сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Алтанцэцэг хүлээн авсан.

         Сум дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэсэн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтын дагуу сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутанд 85.7 хувийн ирцтэй хуралдсан. Сонгуулийн хорооны гишүүд хуулийн 157.7 дахь заалтын дагуу нэр дэвшигчдийн бичиг баримтыг нэг бүрчлэн шалгахад Ардчилсан намаас нэр дэвшигч Пүрэвжавын Гончигдоржийн материал нь 157.2.3-т заасан “нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл”-ийн гарын үсэг, гарын үсгийн тайлалгүй учир сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг дутуу тул сонгуулийн хороо 100 хувийн саналаар бүртгэхээс татгалзсан юм гэжээ.  

          Хариуцагчийн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй гэв.

          Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3 дахь хэсэгт зааснаар П.Гончигдоржийн материалыг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Нийт 512 баримт хүлээн авсан. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сонгуулийн хороо 85.7%-ийн ирцтэйгээр хуралдсан. Ингээд 100 хувийн саналаар П.Гончигдоржийг бүртгэхээс татгалзсан, шийдвэрээ зөв гэж үзэж байна гэв.

                                                            Үндэслэх нь:

Нэхэмжлэгч П.Гончигдорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын П.Гончигдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

           Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан.... баримт бичгийг... биечлэн ирүүлнэ” 157.2.1-157.2.7-д тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ардчилсан намаас нийт 30 нэр дэвшигчийн 542 хуудас[1] материалуудыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Алтанцэцэгт хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хороо нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ардчилсан намаас Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багт нэр дэвшигч П.Гончигдоржийг “нэр дэвшүүлэх зөвшөөрөл” дээрээ гарын үсэг, гарын үсгийн тайлалаа бичээгүй гэж Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 02 дугаар тогтоол[2] гаргажээ. Улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хороо нь П.Гончигдоржийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахдаа Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэсэн үндэслэл тогтоогдоогүй байхад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, 27.4-т “Сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус заажээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 85.7 хувийн ирцтэйгээр хурал хийн нэр дэвшигчдийн материалыг хянан шалгаж шийдвэрлэхдээ Ардчилсан намаас нэр дэвшигч П.Гончигдоржийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахдаа хэдэн хүний саналаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хурлын тэмдэглэлд тодорхойгүй. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоол дээр нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй байна.

Иймд хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор П.Гончигдоржийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “...үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэж заасан зарчимтай нийцэхгүй байх тул дээрх тогтоолын  нэр дэвшигч П.Гончигдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, иргэн П.Гончигдоржийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрх, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг хангах үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  П.Гончигдоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын П.Гончигдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож, П.Гончигдоржийг нэр дэвшигчээр бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг 5692012910 тоот дансанд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооноос 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.БУРМАА