Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01367

 

Төрийн банкны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/04785 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1611 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Төрийн банк,

Хариуцагч : Бөмбөөхөн цэцэрлэг,   

Нэхэмжлэлийн шаардлага:  992.697.012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн  гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, М.Батгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Х.Батдэлгэр, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бөмбөөхөн цэцэрлэг нь 2012.4.13-ны өдөр Төрийн банктай 8 тоот зээлийн болон барцааны гэрээ байгуулж, 897 сая төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 2022.4.13-ны өдрийг хүртэл 10 жилийн /120 сар/ хугацаатайгаар зээлсэн. Хоёр тал зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тэнцүү төлөх нөхцөлтөйгээр тохирсон. Уг зээлийн барьцаанд Y-2205036838, Y-2205036840, Y-2205036839, Y-2205036841, Y-22050227685, Y-2205036843 дугаарт тус тус бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000122585, 000182588, 000182587, 000182589, 000182584, 000182586 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 1 давхрын 101-102 тоот, 2 давхрын 201-203 тоот, 3 давхрын 301-303 тоот, 5 давхарын 501-503 тоот эд хөрөнгийг  барьцаалсан.Зээлдэгч  гэрээний нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Мөн 239 м.кв газрыг барьцаалсан байдаг. Зээлдэгч 2013.1 дүгээр сараас 2015.1 дүгээр сар хүртэл 15 удаа нийт 95 хоног хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөлгүй гэрээний 1.3.10-1.3.12, 3.2.4, 3.2.5 дахь заалтыг зөрчсөн. Иймд зээлдэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, үндсэн зээл 789.200.249 төгрөг, зээлийн хүү 201.781.358  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.715.403 төгрөг нийт 992.697.012 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус цэцэрлэг нь 2012 оны 4 дүгээр сард Төрийн банкнаас 897 сая төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатайгаар авсан. Тодорхой нөхцөл байдлын улмаас зээлийн төлбөр хугацаа хэтрэх тохиолдол гарч байсан нь үнэн. Тухайлбал, Төрийн банкны зүгээс 2016 оны 2 дугаар сард цагдаагийн байгууллагад манай цэцэрлэгийн захирлын нэр дээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хандсан. Цагдаа, прокурорын байгууллага шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ асуудал болж байх 2 сарын хугацаанд манай байгууллага зээлийн төлбөрөө төлөх эсэх нь тодорхойгүй байв. Гэтэл банк энэ хугацааны зээл, зээлийн хүүг нэхэмжлэлдээ оруулсныг буруу гэж үзэж байна. Уг зээлийн гэрээний хугацаа 2022.4.13-ны өдөр дуусна. Урт хугацаатай зээлийн хувьд дээрх үүргийн зөрчил нь ялимгүй зөрчилд хамаарна. Мөн зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг зээлийн гэрээний хугацаагаар ойлгогдохоор байгаа бөгөөд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаа зээлийн үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн гээд гэрээ цуцлах үндэслэлд хамаарахгүй. Үүнээс гадна зээл авснаас хойш одоогийн байдлаар нийт 593.428.400 төгрөг банкинд төлсөн. Гэвч үндсэн төлбөрөөс 107.800.000 төгрөг хассан байна. Энэ талаар банкинд өмнө нь хандаж байсан боловч хариу өгч байгаагүй. Хүү эхэлж төлдөг эргэн төлөлтийн зээлийн хуваарийг зээл авах үедээ бид сайн ойлгоогүй, банкны ажилтнууд ч үр дагаврыг нь сайн тайлбарлаж өгөөгүй. Гэтэл зээлийн ийм их дарамт ирнэ гэж бодсонгүй. Манайх төлбөрийн чадваргүй болоогүй, гэхдээ моргейжийн зээлтэй адил хүүгээ эхэлж авч байгаа нь ашгийн төлөө бус, хүүхдийн эрх ашгийн төлөө ажилладаг цэцэрлэгийн байгууллагын хувьд дарамт учруулж байна. Уг эргэн төлөлтийн хуваарийн үр дагаврыг сүүлд нь ойлгож байна. Үүнийг банкны ажилтнууд анхааруулж хэлэх ёстой байсан. Эргэн төлөлтийн хуваарь тохирохгүй байна, дарамт их байгаа талаар банкинд хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Аль болох эв зүйгээр, аль альнийхаа эрх ашигт ашигтай байдлаар шийдвэрлэж болно.  Зээл эргэн төлөх сүүлийн хугацаа дуустал 6 жил буюу 72 сарын хугацаа байгаа тул барьцаа хөрөнгөөрөө зээлдүүлэгчийн шаардлагыг хангахыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Улс нийтээрээ эдийн засгийн хямралтай байгааг харгалзан үзэж зээлдэгчид хохиролгүй байдлаар шийдвэрлэж өгнө үү. Банкинд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг одоо байгаагаас өөр байдлаар өөрчилж эвлэрэх саналыг албан ёсоор тавьж байгаа дамжуулан өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/04785 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 227 дугаар 227.1, 451 дугаар 451.1 Бөмбөөхөн цэцэрлэгтэй 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 8 тоот болон барьцааны гэрээг цуцлах, 992.697.012 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Төрийн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1611 дүгээр магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/04785 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “Хан-Уул, Сонгинохайрхан” гэснийг хасч, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227-р зүйлийн 227.1” гэснийг “221 дүгээр зүйлийн 221.3” гэж, “451.1” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.2” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 992.697.012 төгрөг гаргуулах, барьцаа  хөрөнгүүдээр  үүргийн гүйцэтгэл хангуулах /БГД-ийн 19 хороо, 4 хороолол, 63 байрны 101, 102, 201, 203, 301, 303, 501, 503 тоотуудад  байрлах үйлчилгээний талбай, мөн 239 м.кв газрын хамт/. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ирсэн. Тийм ч учраас, тухайн хүснэгтийн нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан гэсэн хэсэгт 2013.01.21-ний өдрөөс эхлэн 224,43 төгрөг, 2013.02.20-ны өдөр 325.17 төгрөг гэх мэт байнгын хугацаа хэтрүүлж зээлийг төлж байсан байгаа. Тодруулбал: Бөмбөөхөн цэцэрлэг нь 2012.4.13-ны өдөр зээлийн гэрээг банктай байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зөвхөн эхний 9 сарын туршид төлж, сүүлийн 3 жил 4 сарын хугацаанд маш олон удаа гэрээгээ зөрчиж, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Энэ бүх хугацааны туршид банкны зүгээс удаа дараа анхааруулж ирсэн бөгөөд тухай үүргийн хэрэгжилтийг хангах хугацааг олгосоор ирсэн. Нэгэнт 3-4 жилийн хугацаанд олон удаа зөрчил гаргаж ирсэн бөгөөд гүйцэтгээгүй үүргийн хэрэгжилтийг хангахгүй явсаар ирсэн тул төлбөрийг барьцааны хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Аль ч тохиолдолд энэхүү нөхцөл байдлыг гэрээг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хэмжээнд асуудлыг шийдвэрлэх ёстой байтал шаардлагаас давсан шийдвэр, магадлал гаргалаа. Тухалбал, зээлийн төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байхад эдгээрийг хэрхэн яаж шийдвэрлэснийг заагаагүй боловч, гэрээний хугацаа цуцлах талаар шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний 1.3.10, 2.9-н заалтаас үзвэл нэмэгдүүлсэн хүү бодогдсон өдөр бүрт зээлдэгч зээлийн хэсэгчилсэн хугацааг зөрчиж байсан нь нотлогдоно. Магадлалд өөрчлөлт оруулсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн харилцаа байхад иргэний хуулийн 221.3 дахь хэсгийг хэрэглэх шаардлагагүй.Түүнчлэн, зээлийн гэрээ цуцлах асуудлыг шийдвэрлэсэн байгаа шүүх  хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэл болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Төрийн банк нь Бөмбөөхөн цэцэрлэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 789.200.249 төгрөг, хүү 201.781.358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.715.403 төгрөг нийт 992.697.012 төгрөгийг нотариатын зардал 40.000 төгрөгийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй... гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй...” гэж үзсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчдын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 8 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр Бөмбөөхөн цэцэрлэг нь нэхэмжлэгчээс 897 сая төгрөгийг 10 жилийн буюу 120 сарын хугацаатай, жилийн 19.20 хувийн хүүтэй зээлж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 101-102, 201-203, 301-303, 501-503 тоот болон 239 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй, нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасан журмын дагуу гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусах гэрээнд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 563.165.804 төгрөг төлөгдсөн, үүргийн гүйцэтгэлд 1.289.601.859,3 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

Хариуцагч 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 8 тоот зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд  хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгч гэрээг цуцлахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1611 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 5.121.435 /таван сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                                 Б.УНДРАХ