| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0369/Э |
| Дугаар | 418 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт М.У-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0178 30378 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, ганцаараа оршин суудаг боловч одоогоор … тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Т овогт М.У /РД:…./
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
М.У нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” нэртэй хүнсний дэлгүүр дотор салсан эхнэр болох хохирогч С.У-г зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У мэдүүлэхдээ: Миний буруу тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.У-н: …2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчим Ууган-Эрдэнэ над руу утсаар яриад хүүхдээ ирээд ав, Дарь-Эхийн “Хараа” дэлгүүрийн гадна зогсож байгаарай гэсэн. Тэгээд би Ууган-Эрдэнэтэй уулзахаар очих болгондоо түүнд зодуулж байсан болохоор өөрийн эмэгтэй найз Алтангоогийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Хараа” дэлгүүрийн гадна очсон. Тухайн үед өдөр 13 цаг өнгөрч байсан байх. Алтангоо бид хоёрыг “Хараа” дэлгүүрийн гадна ирэхэд У нь уг дэлгүүрийн гадна өөрийн “Соната-5” маркын машинтайгаа ирчихсэн машин дотроо ганцаараа сууж байсан. Тэгээд намайг наашаа ганцаараа суучих гэсэн. Тэгэхээр нь би үгүй би ганцаараа суухгүй, найзтайгаа хамт сууна гэсэн чинь Ууган-Эрдэнэ машинаасаа бууж ирээд намайг хүчээр машиндаа суулгаад намайг машин дотроо хоолой багалзуурдаж, тархи толгой руу хэд хэдэн удаа цохисон. Хичнээн цохиулснаа санахгүй байна. Тэгсэн чинь найз Алтангоо нь У-г араас нь татаад болиулахаар нь би машинаас гараад “Хараа” дэлгүүр рүү орсон. Гэтэл Ууган-Эрдэнэ миний араас дэлгүүрт орж ирээд намайг дэлгүүрийн коридорт тархи толгой руу цохиж зодсон мөн намайг шалан дээр унагааж дээрээс дэвссэн. Тухайн үед манай найз Алтангоо цагдаа дуудсан. Миний толгой хагарсан байна. 103-т үзүүлсэн чинь Гэмтлийн эмнэлэгт очиж толгойндоо оёдол тавиулж, гэдэс дотроо ЭХО-д харуулаарай гээд миний толгойнд боолт хийж өгсөн. Мөн хоолойд багалзуурдсан мөр гарч улайсан байна. Эдгээр гэмтлийг Ууган-Эрдэнэ надад учруулсан ба дэлгүүрийн коридорт Ууган-Эрдэнэ намайг шалан дээр унагаахад би унахдаа паар мөргөж толгойгоо хагалсан юм болов уу гэж бодож байна…
…Анх 2010 онд Завханд танилцаад 2012 онд хүүгээ гаргаад Хаш-Эрдэнэ гэж нэр өгсөн. Гэр бүлээ 2015 онд батлуулсан. 2017 оны 02 дугаар сард гэр бүлээ Баянгол дүүргийн шүүхээр салгуулсан санагдаж байна. Хамт амьдарсан хугацаа нь 2010 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэл цугтаа амьдарсан. Хамт амьдарсан 7 жилийн хугацаанд гэвэл эхний 2 жил зүгээр байсан ба 2014 оноос гар хүрдэг болсон. 2014 оны зун Завханд хадам ээжийндээ оччихсон байхад зодсон. Энэ үед цагдаад өгөөгүй, манай хадмууд одоо хэр нь Завханд байгаа. Дараа нь 2016 оны 12 дугаар сард санагдаж байна. Манай хүргэн ах Түвшинбаярынд намайг хүргэж өгөх зуураа манай ажлын газрын хүнтэй хардаж зодсон. Энэ байдлаараа мөн цагдаад хандаагүй. Энэ үед намайг гэмтээсэн, бэртээсэн зүйл байгаагүй, цагдаа сэргийлэхэд өгөөгүй. Маргааш нь нөхрөө дагаад Сансарт байдаг түрээсийн гэртээ очоод хоносон. Энэ үед би цагдаад өгье гэж бодоогүй ба нэг их сүртэй зодоогүй, гэртээ харья гэж заамдаад хүзүү жаахан улайлгасан байсан. Эдгээр явдлын тухай манай төрсөн ах С.Бямбажаргал мэдээд сал гэж хэлээд тэгээд би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр өргөдлөө шүүхэд өгөөд 2017 оны 02 дугаар сард салсан. Тэгээд тусдаа амьдарч эхэлсэн. Хүүхдээ би өсгөхөөр болсон хэдий ч нөхөр аваад өөр дээрээ байлгаад байгаа. Хүүхдээ авъя гэхээр энд тэнд уулзъя гээд хэлдэг ч өгдөггүй. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүүхдээ авахаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн орчимд буюу “Магнай Трейд” колонкийн ойролцоо уулзахаар ярилцаж тохироод хүүгээ авч чадалгүй мөн зодуулсан. Энэ талаараа цагдаад мэдэгдээд эрүүгийн хэрэг үүсгээд Баянзүрх дүүргийн шүүхээр ороод М.У 450.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ хэргийн шүүх хурлын үеэр би гомдолгүй, шүүх хуралд очихгүй гэж хэлээд очоогүй…гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч А.Амаргүлийн: …2018 оны 02 дугаар сарын 25-нд 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Хараа” хүнсний дэлгүүрт ажиллаж байхад гаднаас 2 эмэгтэй хүн орж ирсэн. Араас нь нөхөр нь бололтой залуу орж ирээд юу юугүй зодоод, орилуулаад эхэлсэн. Эмэгтэйгийн баруун дагзны орчмоос цус гараад би эмнэлэг цагдаа дуудъя гээд дуудах гэж байхад хамт явсан эмэгтэй нь дагуулаад гарсан. Нөхөр нь бололтой байсан. Тэр 2 хүнийг аль алиныг нь танихгүй. Хүүхний толгой хагарсан байсан. Дэлгүүр камертай, гэхдээ энэ үйл явдал хаалганы тусгалд ороогүй, хаалганы булан хэсэг хаагаад харагддаггүй юм…гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Алтангоогийн: …2018 оны 02 дугаар сарын 25-ны өглөө манай найз У манайд ирээд надтай хамт яваад хүүхэд авалцаадах гэж хэлэхээр нь за гээд ханиндаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хараа” хүнсний дэлгүүр дээр хамт очсон. Тэгээд хүлээж байхад түүний нөхөр машинаараа ирсэн ба ганцаараа суу гэхээр нь Урнаа суугаагүй, нөхөр нь машинаасаа бууж ирснээ хүчээр чихэж арын суудал дээр суулгаад үсдээд, хоолойг нь боогоод машины голын хайрцаг мөргүүлээд, өөрөө цаашаа сандал дээгүүрээ давж суухад Урнаа нөгөө хаалгаараа гараад зугтсан. Дэлгүүр рүү ороход араас нь дагаж орж ирээд үүдний хэсэгт барьж аваад, газар унагаад хаа таарсан газраа өшиглөөд, салгах гээд хүчрэхгүй, араас нь хэд хэдэн удаа татаад энэ хооронд дэлгүүрийн үүдний төмөр мөргөсөн үү яасан толгойноос нь цус гараад язарсан байсан. Энэ байдлыг би гэрчилнэ. Цагдаа дуудахад гараад явсан. Хүлээгээд байж байтал Ууган-Эрдэнэ эргэж ирээд цагдаад баригдаад хэлтэс дээр ирцгээсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн М.У-н : …2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” хүнсний дэлгүүрийн гадна өөрийн салсан эхнэр болох Содномпил овогтой У-тай уулзаж, хүүхдээ өгөхөөр болсон. Тэгээд 13 цаг болох гэж байхад уг дэлгүүрийн гадаа би өөрийн эзэмшлийн 74-47 УНЧ “Соната-5” маркын машинаараа яваад очиход дэлгүүрийн гадна Уранжаргал ганцаараа зогсож байсан. Наашаа машинд суучих гэхэд цаашаа эргээд дэлгүүр рүү ороод найз Алтангоогийн хамт гарч ирээд зогсоод байсан. Ганцаараа наашаа суу гэхэд суухгүй, мэндийн зөрүү байхгүй уурлалаа гээд байхаар нь би машинаасаа буугаад татаж арын суудал дээр суулгаад, энэ хооронд Алтангоо цагдаа дуудсан байсан. Нөгөө хаалгаар эхнэр гараад “Хараа” дэлгүүр рүү орсон. Араас нь ороод үүдний хэсэгт толгой гэдэс, шанаа руу хэд хэдэн удаа цохиж авсан. Унахдаа юм мөргөсөн үү яасан бүү мэд, толгой нь хагараад цус гоожоод ирсэн. Би яваад өгсөн. Ийм л зүйл болсон. Би салсан эхнэрээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Энэ өдөр эхнэр цагдаад өргөдөл өгсөн байсан. Завхан аймагт нэг удаа алгадсан. Түвшинбаярынд хүргэж өгөхдөө ажлынхантайгаа согтуурхаад байхаар нь нэг удаа маргаж, гэр рүүгээ явъя гэж хэлээд заамдаад татсан. Өөрөөр зодож байсан удаа байхгүй. Учиргүй зэрлэгээр зодоод байсан нь ховор доо. Хийсэн хэргээ зуун хувь хүлээн зөвшөөрнө, одоо энэ ялаа эдэлчихээд нэг мөсөн салж, амьдралаа бодмоор байна, гэхдээ нэг мөсөн салах бодол алга, зууралдаад яваад байна гэсэн бодолтой байна. Надтай яаж харьцана, тэгж харьцана. Надад өшрөөд байгаа зүйл алга…гэх мэдүүлэг /хх-ийн 70-73 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 2986 дугаартай дүгнэлтэнд:
1. С.У-н биед дагзны хуйханд шарх, дух, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 19-22 дугаар тал/,
- Шүүгдэгч М.У-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/,
- Шүүгдэгч М.У-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 61-65 дугаар тал/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 5-8 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.У нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” нэртэй хүнсний дэлгүүр дотор салсан эхнэр болох хохирогч С.У-г зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул М.Ухолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч М.У нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” нэртэй хүнсний дэлгүүр дотор 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр салсан эхнэр болох хохирогч С.У-г зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч С.У нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч М.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.У нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-н 59, 61-65-р тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.У-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт М.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.У-г 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар М.Узан үйлээ засах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.У-д оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ