| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2025/0023/З |
| Дугаар | 110/ШШ2025/0045 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 110/ШШ2025/0045
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Д.С холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Өлгий сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.С 2,5 га газрыг ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.
3. Хариуцагч уг захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бахытжанд
2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардуулснаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч Д.С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 161 тоот захирамжаар Өлгий сумын 6 дугаар баг, Булбулын хашааны хажууд байршилтай, нэгж талбарын 031306568 дугаар бүхий 25000 м.кв газрыг таримал ой зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон.
Засаг даргын захирамж гарсны дараа сумын газрын даамал иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Би газар эзэмших эрхийн гэрчилгээ авсны дараа тухайн газрыг хашиж хамгаалж, усны том сав тавьж, хашааны дотор хоёр машин уулын чулуу, шургааг болон бетонон шон буулгаж, цаашид ашиглахаар хөрөнгө оруулж , төсөл боловсруулж, төр захиргааны болон төрийн бус байгууллагуудад уламжилж оруулсан боловч тухайн үед санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хандаж байсан боловч дэмжлэг авч чадаагүй.
Мөн миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 3 жил эмчилгээ хийлгэж, дараа нь Ковид-19 өвчин гарч газар ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Алтанцөгц сумын “Б” гэдэг аж ахуйн нэгжтэй чацаргана авахаар гэрээгээ хийж, тохиролцсон. Гэхдээ эрүүл мэндийн байдал болон санхүүжилтийн байдлаас болж үйл ажиллагааг явуулж чадаагүй. Түүнтэй холбоотой бүх тодорхойлолтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Гэтэл Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байв. Дээрх захирамжийн хувийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардуулж өгсөн.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 тохиолдлыг хуульчилсан бөгөөд миний хувьд дээрх зүйл, хэсэгт заасан зөрчлийн аль нэгийг гаргаагүй. Ийм байхад урьдчилан мэдэгдэхгүйгээр, ямар нэгэн сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна.
Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Д.С холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
5. Хариуцагч Өлгий сумын Засаг дарга хариу тайлбартаа:
“Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага хүргүүлсэн тул Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд Д.С нь таримал ой зориулалтаар эзэмшсэн байна.
Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтаар нь ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгож боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан.
Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа явуулсан.
Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан 12 жилийн хугацаанд мод тарьж ургуулж, ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох бөгөөд ажлын хэсэг очиж үзлэг хийх явцад хашаа татсан, усны том сав байрлуулсан, чулуу асгасан зүйл харагдаагүй юу ч байхгүй байсан. Иймд Д.Саулегийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Тухайн 2.5 га газрыг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр захирамжаар 30 жилийн хугацаагаар Д.С гэдэг хүнд эзэмшүүлж, гэрчилгээ бичүүлж, гэрээ байгуулж байсан. Д.С нь гэрээний үндсэн дээр тухайн газарт 2 жилийн дотор ойжуулж, мод тарих ёстой. Д.С нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 жил эмнэлгийн хяналтад байсан гэж тайлбарлаж байна. Тухайн газрыг ойжуулах зориулалтаар авснаас хойш 12 жилийн хугацаа болсон байна. Газар эзэмших хугацааны 3 жилд өвчтэй байсан бол үлдсэн 9 жилийн хугацаанд ойжуулах зориулалтаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна. Тухайн газрын 4 буланд 4 тэмдэг тавьсан байдалтай байсан, хашаа татах, худаг гаргах эрэг ямар нэгэн ойжуулах зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тухайн газрыг ойжуулах зориулалтаар авснаас хойш 12 жил жилийн дотор тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Д.С нь эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна. Д.С нь хэвтэрт байгаа юм уу, хөдөлмөр эрхлэх чадвар алдсан гэх хувийг тогтоосон зүйл байхгүй байна. Хавтаст хэрэгт хагалгаанд орсон, эмчлүүлсэн талаар тодорхойлолт зэрэг нотлох баримтууд байна. Хагалгаанд орсон хүмүүс бүгд хэвтэж эмчлүүлэн ,эмчилгээ хийлгэж явдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй гэвэл нэхэмжлэгч хэдэн хувийн хөдөлмөр эрхлэлтийн чадвараа алдсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Д.С холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг үндэслэн “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр Д.С газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.
3. Нэхэмжлэгч Д.С 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2,5 га газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар Өлгий сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр захирамжаар тус сумын 6 дугаар баг /одоогийн 10 дугаар/-ийн нутаг дэвсгэрээс 2,5 га газрыг ойжуулах зориулалтаар, 30 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэх гэрээ /Хавтаст хэргийн 27-31 дэх тал/ байгуулжээ.
4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба албан шаардлагын хавсралтад Д.С газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээг тусгасан байна.
5. Уг албан шаардлагын дагуу Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 24-ний өдрүүдэд хяналтын улсын байцаагчийн албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан байна.
Ажлын хэсэг нь албан шаардлагад заасан иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газруудад очиж шалгаад Д.С эзэмшлийн газрын талаар “хашаа татагдаагүй, ойжуулалт хийгдээгүй” гэсэн судалгаа гаргасан бөгөөд ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дүнгийн хурлаас “...хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож,...харин ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа хашаа татаж, худаг гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 21-23,33,37-39,42-52 дах тал/ тогтоогдсон болно.
6. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “”газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
7. Нэхэмжлэгчийн хувьд “Тухайн газрыг хашиж хамгаалж, усны сав тавьж, хашааны дотор 2 машин уулын чулуу, шургааг болон бетонон шон буулгаж,цаашид ашиглахаар хөрөнгө оруулж, төсөл боловсруулж, төр захиргааны болон төрийн бус байгууллагуудад уламжилж оруулсан боловч тухайн үед санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар 3 жил эмчилгээ хийлгэж, дараа нь Ковид -19 өвчин гарч газар ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэж, өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшүүлсэн газраа ашиглаагүй гэж маргасан.
8. Шүүхээс үзлэг хийхэд /Хавтаст хэргийн 59-64 дэх тал/ нэхэмжлэгчид ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн Өлгий сумын 10 дугаар багт байрлах 2,5 га газрыг хашаалаагүй, нүх ухаагүй, мод тариагүй, худаг гаргаагүй байсан ба уг газрын 4 буланд 4 бетон шон байрлуулснаас 2 нь хугарсан, 4 талд нь 14 модон шон /шургааг мод/ байрлуулснаас 10 нь хугарсан, мөн газрын зүүн урд буланд чулууны үлдэгдлүүд байсан болно.
Дээр дурдсан хариуцагчийн шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хийсэн шалгалт болон шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Д.С нь 2014 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий захиргааны актаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэлх 10 жилийн хугацаанд эзэмшлийн 2.5 га газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, тодруулбал, гэрээнд заасан “ойжуулах” зориулалтын дагуу ашиглах зорилгоор үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Д.С нь 2020 оны 4 дүгээр сарын 16-аас 21-ний хооронд 6 хоног, 2022 оны 5 дугаар сарын 06-аас 07-ны хооронд 1 хоног, 2023 оны 8 дугаар сарын 21-ээс 27-ны хооронд 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мэс засал хийлгэсэн, мөн 2023 оны 3 дугаар сарын 24-ний, 2023 оны 8 дугаар сарын 14-ний, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд эмчид үзүүлсэн, компьютер томограф, рентген зураг авхуулсан, шинжилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтуудыг /Хавтаст хэргийн 53-55, 81-84, 85 дах тал/ гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Д.С нь эрүүл мэндийн шалтгаанаар 3 жил эмчилгээ хийлгэсэн гэх боловч дээрх нотлох баримтуудаас үзэхэд 2020, 2022, 2023 онуудад бүтэн жилийн турш өвчний улмаас эмчилгээ хийлгэж байсан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна тухайн өвчин нь хөдөлмөрийн чадварт нь нөлөөлсөн гэж үзэхээр нотлох баримт гаргаж өгөөгүй тул газар ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байсан нь эрүүл мэндийн шалтгаантай нь шууд хамааралтай гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Өлгий сумын 10 дугаар багийн /хуучин 6 дугаар багийн/ Засаг даргаас “...иргэн Д.С газар эзэмшүүлсэн хугацаа буюу 2012 оноос хойш багийн Засаг дарга надад хандаж газраа эзэмшиж, ашиглахгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар тайлбарласан, хүсэлт гаргасан тохиолдлууд байхгүй“ гэж мэдүүлсэн /Хавтаст хэргийн 76-80 дах тал/ бөгөөд газар эзэмшигчээс энэ талаар эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, гаргаж өгөх боломжгүй нотлох баримтын эх сурвалжийг зааж хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч талаас “төсөл боловсруулж, төр захиргааны болон төрийн бус байгууллагуудад уламжилж оруулсан боловч тухайн үед санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй” гэсэн тайлбар гаргасан боловч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргаснаар хэрэгжих бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2012 оны 6 дугаар сард 2,5 га /25000 м.кв/ газрыг “ойжуулах” зориулалтаар эзэмших тухай хүсэлт гаргаснаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргаж эзэмшүүлсэн байх тул газар эзэмшигч Д.С өөрөөс хамаарах асуудал болох санхүүжилтийн асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзлээ.
Мөн “цаашид ашиглахаар хөрөнгө оруулсан” гэх боловч маргаан бүхий газарт хариуцагчийн байгуулсан ажлын хэсгээс хийсэн шалгалт болон шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
11. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах боловч нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ байгуулсан 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сар хүртэлх 6 жил 5 сарын хугацаа, 2022 оны 02 дугаар сарын 14-өөс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 2 жил 7 сарын хугацаанд тус тус газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна. Өөрөөр хэлбэл, Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал арилснаас хойш 2 жилийн дараа маргаан бүхий акт гарсан байх тул хүндэтгэн үзэх шалтгаанд мөн хамаарахгүй юм.
12. Дээрх байдлаар төрөөс нэхэмжлэгч Д.С хүсэлтийнх нь дагуу “ойжуулах” зориулалтаар 2,5 га газрыг гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн боловч газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд захиргааны байгууллагаас шийдвэр гаргахын өмнө газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг шалгаж тогтоосон буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Д.С газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай тус тус нийцсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгчээс “урьдчилан мэдэгдэхгүйгээр, ямар нэгэн сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна” гэж маргадаг боловч сонсох ажиллагаа явуулсан ч маргаан бүхий актад дурдсан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал, бусад үр дүнд хүрэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
13.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 4.1.4.газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” гэж тус тус заасан ба газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 10 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй нэхэмжлэгч Д.С газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь төрөөс газрын талаар баримтлах шударга ёс, тэгш байдлын зарчим болон газрыг үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах хамгаалах зарчимтай тус тус нийцэж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Д.С холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ