Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Ж.Отгонбаяр,

          шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Х.Э-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0150 40375 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Х.Э /РД:…../

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

          Х.Э нь 2018 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод иргэн Б.А  тай маргалдан улмаар түүний гуян тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: Болсон асуудал үнэн тул хэргийн талаар ярихгүй гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А  гийн: …Манай авгайгийн хүү найзтайгаа болон найз охинтойгоо ирэхээр нь 1 шил 0,75 литрийн “Хараа” архи авч өгсөн. Тэгээд архиа ууж дуусаад унтаж байтал Эрхэмбаяр найз охинтойгоо маргалдаад байхаар нь би миний хүү боль оо гэж хэлтэл ирээд зүүн гуянд 1 удаа хутгалсан. Гуянд хутгалсан, зүүн шуу жаахан гэмтсэн байсан. Гомдол санал байхгүй…

…Надад одоо гомдол санал байхгүй, Нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдрийн маргаанаас болж надад гэмтэл учруулсан. Бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзон, өр авлага байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтанд яллагдагч Х.Эрхэмбаярын: …Надад 2018 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27-1597 тоотод иргэн Б.А  тай маргалдан түүний гуян тус газар хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байна. Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ээж Одгэрэлийн гэрт очсон. Хойд эцэг А-тай хамт 0,75 литрийн “Хараа” гэдэг нэртэй архи уусан. Тэгээд унтаж амрах болсон. Тэгтэл хойд эцэг А ээж Одгэрэлтэй маргалдсан. Тэгэхээр нь би хойд эцэг А-тай маргалдсан. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад би ширээн дээр байсан жижиг хутгыг аваад гуян тус газар нь нэг удаа хатгасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2550 дугаартай дүгнэлтэнд:

            1.Б.А  гийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно.

            Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 14-16 дугаар тал/,

            - Шүүгдэгч Х.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18 дугаар тал/,

            - Шүүгдэгч Х.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 20, 44-45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Э нь 2018 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод иргэн Б.А  тай маргалдан улмаар түүний гуян тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Х.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Х.Э нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод 2018 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед иргэн Б.А  тай маргалдан улмаар түүний гуян тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Б.А нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Х.Эрхэмбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Э нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан болох нь  шүүхийн шийтгэх тогтоол, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. / хх-ийн 20, 44-45 дугаар тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Э-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялыг тусад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгч Х.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Б овогт Х.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Х.Э-г 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Х.Э-т оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ