| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 110/2022/0054/З |
| Дугаар | 110/ШШ2025/0046 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 110/ШШ2025/0046
Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн С.Еркеш би, Улаанхус сумын 7 дугаар багийн оршин суугч А.Х, тус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Улаанхус сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/57 дугаар “Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х ажлаас халах тухай” , 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, А.Х Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс , нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С би нэхэмжлэгч А.Х өмгөөлөгчөөр ажиллаж байна. А.Х нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохигчид “Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ” байгуулан уг гэрээний төслийг тус шүүхэд хүргүүлсэн байна.
Уг эвлэрлийн гэрээг дараах хууль зүйн болон бусад нөхцөлөөр баталгаажуулж өгөхийг хүсье.
1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/1435 дугаартай албан бичгээр А.Х холбогдох ёс зүйн асуудлыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор нэг тийшээ шийдвэрлэн хариу ирүүлэхийг үүрэг болгосон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар А.Х асуудлыг хэлэлцсэн боловч ажил олгогч нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр буюу 22 хоногийн дараа ажлын хариуцлага тооцсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн гэж үзэж байна.
2.Ажил олгогчоос нэхэмжлэгч А.Х ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас халсан боловч ажилтан А.Х нь уг зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан нь тодорхой бус, байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс зохих журмын дагуу хуралдаагүй, ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг танилцуулаагүй байна.
3.Ажил олгогчоос гаргасан гэх Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х ажлаас халах тухай” Б/57 дугаартай захирамж нь тухайн үед бодит байдалд нийцээгүй буюу батлагдаагүй асуудалд өнгөцхөн дүгнэлт хийсэн, эх сурвалж нь тодорхойгүй байсан гэж үзэж байна.
4.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн дарга, мэдээллийн технологийн мэргэшсэн инженер Д.М үйлдсэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3357 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ээр шинжилж буюу “gt.mp4”, “Хонырат Ахылай. mp4”, “111.mp4” , “222.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийг хөдөлгөөнт төхөөрөмжийн дэлгэцээс /гар утасны дэлгэц/ хуулбарлан үүсгэсэн байх тул тухайн дүрс бичлэгүүдийн агуулгад өөрчлөлт орсныг файлын мэдээллээс тогтоох боломжгүй байна” гэж тусгагдсан нь нэхэмжлэгч уг бичлэгийг өөрөө үйлдсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
5. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2025.04.22-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байсан А.Х холбогдох асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Учир нь уг прокурорын тогтоол нь одоо хүчин төгөлдөр болсон байна. Ийм зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Х, Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан, “Улаанхус сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/57 дугаар “Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А6Х ажлаас халах тухай” , 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, А.Х Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс , нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэгч “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-т хариуцагч нь “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.
3. Нэхэмжлэгч А.Х нь “ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Улаанхус сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн “Улаанхус сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/57 дугаар “Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х ажлаас халах тухай”, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, А.Х Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо тохиролцож, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээг бичгээр хийсэн байна.
4. Нэхэмжлэгч А.Х, хариуцагч Улаанхус сумын Засаг даргаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаа К.С нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуулийн дээрх заалтуудтай зөрчилдөхгүй байна гэж үзлээ.
Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д ”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч /цаашид "албан хаагч” гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж,
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө” гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 59.1.22.сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно” гэж тус тус зохицуулжээ.
5. Маргаан бүхий захиргааны акт болох Улаанхус сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/57 дугаар захирамжаар ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5 дах заалтыг үндэслэн төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Мөн Улаанхус сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар захирамжаар дээрх 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/57 дугаар захирамжид заасан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5 дах заалт гэснийг 48.1.4 гэж өөрчилж, тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.6 дах заалтыг нэмсэн байна, өөрөөр хэлбэл, А.Х төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгч талаас “…Миний бие цахим гэмт хэргийн золиос болж хохирсон,...надтай холбоотой гэх энэ бичлэг 2 жил гаруйн өмнө болсон, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, …”Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэж заасныг хэрэгжүүлээгүй” гэж маргасан.
Харин хариуцагч Улаанхус сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...А.Х гаргасан зөрчил нь илэрхий, нотлох баримтаар нотлогдож байсан” гэсэн хариу тайлбарын хамт нэхэмжлэгч А.Х ёс зүйн зөрчил гаргасныг нотлох баримт гэж дүрс бичлэгүүд бүхий СD дискийг ирүүлсэн боловч тухайн дүрс бичлэгүүдийн агуулгад өөрчлөлт оруулсныг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан, мөн нэхэмжлэгч А.Х холбоотой гэх дүрс бичлэгийг 2020 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчийн эхнэрт явуулж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Үүнээс гадна, Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн С.Б 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс түр орлон гүйцэтгэж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
6. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх байдлаар нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Х “...ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, “Улаанхус сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/57 дугаар “Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х ажлаас халах тухай”, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, А.Х Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж, нэхэмжлэгч А.Х нэхэмжлэлтэй, Улаанхус сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэх бөгөөд хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ