| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0008/З |
| Дугаар | 110/шш2025/0047/з |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 110/шш2025/0047/з
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д,
Хариуцагч: Н.Е
Хамтран хариуцагч: Т.Д нарын хоорондын төрд учруулсан хохирлыг гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагч Н.Е өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Т.Д өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан иргэн Н.Е холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн болон хариуцагчийн өмгөөлөгчөөс хамтран хариуцагчаар Толбо сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Д оролцуулах талаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, хэрэгт шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШЗ2025/0171 дүгээр захирамжаар хамтран хариуцагчаар Т.Д татан оролцуулсан.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
3.1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “иргэнийг ,эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5 дах хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэрийн шүүхүүдэд гаргаж шийдвэрлүүлж байсан.
3.2. Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын 1.3-д “Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтын хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ” гэж тус тус хэргийн харьяаллыг тогтоосон.
3.3. Хариуцагч Н.Е хувьд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Х төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн М.Х нь дээрх захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсаны дагуу тус Зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 93 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Тогтоол хүргүүлэх тухай” 04/753 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е, мөн уг тогтоолыг биелүүлээгүй тул дахин 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус аймаг дахь Салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М тус тус хүргүүлсэн.
3.4. Дээрх тогтоолын дагуу М.Х 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилсон. Түүнчлэн, М.Х нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/00629 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2022/00087 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2022/01403 дугаар тогтоолоор М.Х 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
3.5. Иргэний хэргийн дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/82 дугаар тушаалыг үндэслэн 4 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийг М.Х ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Төрийн албаны зөвлөлөөс Н.Е хууль хэрэгжүүлэх чиглэлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 02/2321 дүгээр албан бичгийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй удаашралтай байна.
3.6. Иймд хариуцагч Н.Е хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 20 000 000 төгрөгийг буруутай албан тушаалтан болох Н.Е гаргуулахаар нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд харьяалан гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Төрийн албаны зөвлөлийн зүгээс Н.Е холбогдуулан Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлая.
4.2. Нэгдүгээрт, хариуцагч Н.Е нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Х ажлаас нь чөлөөлсөн. Уг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч М.Х Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл гомдлыг хянан шалгаж, 93 дугаар тогтоолоор Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.Х өмнө нь эрхэлж байсан Толбо сумын Засаг даргын тамгын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллуулахыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е даалгасан. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.3. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/753 дугаар албан бичгийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс тухайн тогтоолыг хүргүүлсээр байтал Н.Е нь М.Х тухайн албан тушаалд томилоогүй явж байгаад өөрөө 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/30 дугаар захирамжаар Толбо сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн.
4.4. Төрийн албаны зөвлөлөөс М.Х урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилохгүй байгаатай холбоотой асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/505 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийн түр орлон гүйцэтгэгч Б.М хүргүүлсэн. Энэ тогтоолыг хүргүүлсний дараа 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Толбо сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Д нь Б/41 дүгээр захирамжаар Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон салбар зөвлөлөөс хүргүүлсэн 47 дугаар албан бичгийг үндэслэн М.Х урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилсон .
4.5. Ингэж томилсны дараа 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Б/08 дугаар захирамжаар Н.Е нь шүүхийн шийдвэрийн дагуу Толбо сумын Засаг даргын ажилд эгүүлэн томилогдсон. Энэхүү хугацаанд буюу М.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 629 дүгээр шийдвэрээр 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох нь зүйтэй гэж, 29,945,966 төгрөгийг М.Х олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүх уг маргааныг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 1103 дугаар тогтоол гарсан.
4.7. Тухайн үед Толбо сумын Засаг дарга Н.Е төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргасан учраас Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчаар Н.Е татсан.
4.8. Дээрх 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж, 2024 оны 3 дугаар сарын 28-ны Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/82 дугаар тушаалаар эхний ээлжид 20,000,000 төгрөгийг олгосон байдаг. Төрийн албаны зөвлөлийн зүгээс эхний ээлжид олгосон 20,000,000 төгрөгийг төлүүлэх тухай Н.Е мэдэгдээд, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт авах ёстой 29,945,966 төгрөгийн 9.945.966 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, шүүхийн шийдвэрийн дагуу М.Хурмангазыд олгосон.
4.9. Түүнчлэн, тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор албажиж, цалинг нэг мөсөн олгосон. Төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргасан этгээд Н.Е шууд хамааралтай учраас хариуцагчаар татсан. Н.Е 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар Толбо сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн.
4.10. Хоёрдугаарт, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар захирамжийн 2 дахь заалтаар дараагийн хүн томилогдох хүртэл хугацаанд мөн өдрөөс эхлэн Х.Д Толбо сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Х.Д нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр М.Х ажилд томилж, захирамж гаргасан.
4.11. Х.Д яагаад хамтран хариуцагчаар татаж байгаа вэ гэхээр, Х.Д нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Толбо сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Төрийн албаны зөвлөл 2021 оны 03 дугаар сард тогтоол биелүүлэхийг мэдэгдэж байсан. Х.Д нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цалинг хариуцах үүрэгтэй гэж үзэж, тус хэрэгт хамтран хариуцагчаар татагдаж байна. Төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн тушаал гаргасан Н.Е болон Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн Х.Д нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэх боломжтой хугацаа бүрэн байсаар байтал 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажилд ороод, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл томилохгүй, эс үйлдэхүй гаргасан.
Тус тусдаа хариуцах эзэнтэй учраас Н.Е болон Х.Д нарыг хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв
5. Хариуцагч Н.Е шүүхэд гаргасан тайлбар:
5.1. Н.Е миний бие Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын албан тушаалыг хашиж байх хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/10 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга болох М.Х төрийн албанаас чөлөөлсөн билээ. М.Х нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа болон Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа өөртөө давуу байдал бий болгож, авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг албан тушаалаас нь халах шийтгэл хүлээлгэж байсан. Улмаар түүний үйлдсэн хэрэгт нь Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон бөгөөд тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
5.2 Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 93 дугаар тогтоол нь үндэслэлгүй, авлигын гэмт хэрэгт үйлдсэн хүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон нь гэмт хэргийг таслан зогсоогоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь хөндлөнгийн баримтаар нотлогдсон хүнээр удирдах албан тушаал гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлсэн явдал болсон.
5.3.Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолд “Анхан шатны шүүх Р.А-ын хуурамч диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэний танхимын зохицуулагчаар ажилласан хугацааны цалинг гэмт хэргийн улмаас улсад учирсан хохиролд тооцохгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэмт хэрэг төгссөн үеийн тооцоолохдоо алдаа гаргаж хохирол тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Р.А хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүйгээр, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн байх тул Р.А-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу ял сонсгосон 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг Р-А-аас хурааж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ. Шүүгдэгч Р.А-ын гэмт хэрэг үйлдэл нь 2013 оноос хойш удааширсан үйлдэл бөгөөд 2018 оны 3 дугаар сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагаа хийгдэж, Р.А хуурамч диплом ашиглаж тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдож, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй” гэж тайлбарласан.
5.4.Үүнээс үзвэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон бол таслан зогсоох арга хэмжээг заавал авах үүрэгтэй байна гэж ойлгосон. Би үүний дагуу Засаг даргын тамгын газрын дарга болох М.Х гэмт хэрэг үйлдсэн асуудлыг 2021 оны эхэнд Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, түүнийг үргэлжлүүлэн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэн таслан зогсоох үүднээс ажлаас нь чөлөөлсөн байхад Төрийн албаны зөвлөлөөс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай тогтоол гаргасан нь хууль бус байсан.
5.5. Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа Засаг даргын тамгын газрын дарга болох М.Х чөлөөлсөн ба үйлдсэн гэмт хэрэг нь нэгэнт тогтоогдож, тухайн үндэслэлээр төрийн албанаас халагдсан. Хэрэв Төрийн албаны зөвлөл түүнийг эгүүлэн томилоогүй байсан бол албан тушаалыг гэмт хэрэгтэн М.Х төрийн албанд буцаан томилогдож, энэхүү нэхэмжилж байгаа мөнгө нь гарахгүй байх байсан.
5.6. Засгийн Газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор “төрийн жинхэнэ албаны түр орлон гүйцэтгэх хугацаа нь 6 сараас дээш үргэлжлэх бол түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалын цалингийн 40 хүртэл хувийг түр орлон гүйцэтгэсэн төрийн жинхэнэ албан хаагчид олгоно” гэж заасны дагуу М.Х эзгүйд түүний ажлыг Х.Б Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Түр ажилтан болох Х.Б нь цалингийн 40 хүртэл хувийг авсан. Төр М.Х олгогдсон байсан цалингийн 60 хүртэл хувь хэмнэгдсэн.
5.7 Иргэний хуулийн 498.1-т бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажиллуулж байгаа байгууллага хариуцахаар заасан хэдий ч Иргэний хуулийн 498.5-т гэм хорыг арилгасан байгууллага гэм буруутай этгээдээс хариуцан арилгасан хохирлын хэмжээгээр биш харин өөрт учирсан хохирлын хэмжээгээр шаардах эрхтэйгээр заасан. Нэхэмжлэгч талын тодорхойлсон 20 000 000 төгрөг бол хариуцагчийн шийдвэрийн улмаас бусдад учирсан хохирол буюу иргэн М.Х учирсан хохирол болно. Харин Иргэний хуулийн 498.5-т заасан гэм хорыг хариуцан арилгасан байгууллагад учирсан хохирлын хэмжээ шууд болохгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 498.5-т заасны дагуу төрд учирсан бодит хохирлыг нэхэмжлэгч ёстой. Гэтэл М.Х учирсан хохирлын хэмжээгээр тогтоож байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас төрд учруулсан хохирлыг бодитоор тогтоогоогүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. Толбо сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Х үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгосноор, түүнийг урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэл бий болсон. Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой холбоотой асуудал дээр төрийн захиргааны байгууллага өөрийн гаргасан захирамжийн биелэлтийн арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс болж, иргэн М.Х Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхээр удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэж явсаар байгаад хэдэн сарын цалин хохирол болж үүсэх нөхцөл байдал үүссэн.
6.2. Төрийн албаны зөвлөл тогтоол гаргасан, уг гаргасан тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагаагаар гүйцэтгэсэн бол их хугацааны цалин хөлсний олговрын асуудал өнөөдөр яригдахгүй байсан. Үүнд зөвхөн Н.Е, Х.Д нарын буруутай үйл ажиллагаа гэж хэлэхээс илүү төрийн захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ цаг тухайд нь биелүүлээгүйгээс болж энэ асуудал гарч байна. Төрийн албаны зөвлөл М.Х ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргачихсан. Уг тушаал, шийдвэрийг сумын Засаг дарга биелүүлэхгүй байсан асуудал дээр шууд гүйцэтгэх хуудас бичүүлж, захиргааны хэргийн шүүхэд баталгаажуулалт хийгээд, албадан гүйцэтгэх ажиллагаа яагаад явуулаагүй вэ, Төрийн албаны зөвлөл энэ асуудал дээр мөн адилхан буруутай, Төрийн албаны зөвлөл шийдвэр гаргаад, түүнийг биелүүлэх ажиллагаанд хайнга хандсан. Энэ асуудлыг шүүхээс харгалзаж үзэхийг хүсэж байна.
6.3. Н.Е хувьд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажлаа өгсөн боловч 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ээлжийн амралт авсан. Н.Е нь ээлжийн амралт авсан учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу түүний орлогч Х.Д түүний бүрэн эрх нь шилжсэн. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Н.Е нь ээлжийн амралтаас орж ирэхэд аймгийн Засаг дарга А.К ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг гаргасан.
6.4. Н.Е хувьд 2021 оны 3 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй асуудал яригдах ёстой. Түүнээс хойш хугацаанд Х.Д гэдэг хүн түүний ажил үүргийг гүйцэтгэж байсан, тэр хүн томилох боломжтой байсан. Тэр хүн яагаад томилоогүй талаар хариу тайлбарыг шүүхэд хүргүүлсэн. Н.Е нь 2024 оны сонгууль хүртэл Баян-Өлгий аймагт Монгол ардын нам төр барьж, удирдаж байсан, хэдэн суман дээр Ардчилсан намын төлөөлөгч олонх болж сумын Засаг дарга Ардчилсан намаас сонгогдсон, аймгийн Засаг дарга Монгол ардын намаас сонгогдсон гэдэг асуудал гараад тухайн хүний хувьд маш их гадуурхагдаж, түүний үйл ажиллагаатай холбоотой гаргасан шийдвэр болгон дээр хариуцлага хүлээлгэж, ажлаас нь чөлөөлж байсан. Хариуцагч Н.Е хувьд 2021 оны 7 дугаар сараас хойш Толбо сумын Засаг даргаар ажиллаагүй. Сумын Засаг даргын хувьд ажлаас түр, эсхүл бүр чөлөөлөгдсөн хугацаанд түүний орлогч бүрэн эрхийг нь шилжүүлэн авч, биелүүлэх үүрэг хүлээнэ.
6.5. Гэм хортой холбоотой Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан. Гэм хортой холбоотой асуудлыг өмнө нь иргэний хэргийн шүүх шийдвэрлэдэг байсан. Цалин хөлсний олговор, үйлчилгээний удирдах албан тушаалтны хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг Улсын дээд шүүхээс тайлбар гарч, захиргааны, иргэний хэргийн шүүхийн харьяаллыг ялган тогтоосонтой холбоотой өнөөдөр энэ маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байна.
6.6. Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн ч шүүхүүдийн хууль хэрэглээний ойлголт нэг мөр байх ёстой. Үүнтэй холбоотой Улсын дээд шүүх аливаа нэгэн маргааныг шийдвэрлэх замаар хуулийг тайлбарлаж байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын дээд шүүхийн 2 дахь хуралдаан дээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд заасан гэм хор учруулж байгаа этгээдийн хөрөнгийн байдлыг зайлшгүй харгалзаж үзэж, түүнээс гаргуулах гэм хорын хохирлыг тодорхой хэмжээгээр багасгаж шийдвэрлэхээр тайлбарласан. 2023 онд Н.Е нөхөр нь нас барсан, 4 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй, 2024 онд үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн, 5,000,000 төгрөгийн үнэлгээний үл хөдлөх хөрөнгөтэй, өөр бусад хөрөнгийн байдал тогтоогдоогүй.
Тиймээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсгийг үндэслэж, Н.Е хөрөнгийн байдалтай холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийг 50 хувь багасгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Хамтран хариуцагч Т.Д шүүхэд гаргасан тайлбартаа:
7.1. Хамтран хариуцагч Т.Д би Төрийн албаны зөвлөлийн тус шүүхэд гаргасан 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцлаа. Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 12- ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Е ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаар захирамжийн дагуу тухайн өдрөөс сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан нь үнэн.
7.2. Иргэн М.Х Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 тоот захирамжаар Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.Энэ захирамжийг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Н.Е гаргасан.
7.3. М.Х нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/753 дугаартай албан бичгээр тогтоолын хувийг ирүүлснийг Засаг дарга Н.Е 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/62 тоотоор хариу явуулсан байна.
Энэхүү үйл ажиллагаанд миний бие огт оролцоогүй.
7.4. Харин Засаг даргын албан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байхад Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлөөс ажлын хэсэг ирж М.Х ажилд томилох шаардлага тавьсны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Х.Б бүрэн эрхийн дуусгавар болгож, тухайн өдрөөс М.Х өмнө ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.
7.5. Миний бие Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжилсэн 20,0 сая төгрөгийн хохирлын зарим хэсгийг надаар төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь, М.Х ажлаас чөлөөлөх шийдвэрийг миний бие гаргаагүй.
Мөн түүнийг ажилд эргүүлэн тогтоосон Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг Н.Е Засаг даргаар ажиллаж байхдаа хүлээн авсан.Хэрэв тухайн үед тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авсан бол маргаан ингэж хугацаа алдахгүй байсан.
Иймд энэхүү нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Хамтран хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:
8.1. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Д хамтран хариуцагчаар татсаны дагуу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хариу тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч тал Х.Д нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хохирлыг хариуцах ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
8.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарынх 12-ны өдрийн Толбо сумын Засаг дарга Н.Е ажлаас чөлөөлөх тухай Б/30 дугаар захирамж гарсан. Тухайн захирамжаар дараагийн Засаг дарга томилогдох хүртэл бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг Х.Д үүрэг болгосон. Х.Д нь тухайн өдрөөс эхлэн Толбо Засаг даргын албаны үүргийг хэрэгжүүлж байсан нь үнэн.
8.3. Гэхдээ энэхүү хугацаанд М.Х ажлаас чөлөөлсөн, эсхүл ажилд томилох тухай ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй. Х.Д ажиллаж байх хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 54 дүгээр тоот мэдэгдэл ирүүлсэн, үүнд, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн учраас тогтоолын биелэлтийг хангуулах арга хэмжээ авах тухай тогтоолыг тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.М ирүүлсэн. Тухайн тогтоолыг дагуу Б.М дарга Толбо сумын Засаг дарга Х.Д мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдлийг хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн Б/44 дүгээр захирамжаар тогтоолын биелэлтийн хангуулах арга хэмжээ авсан.
8.4. Н.Е сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд М.Х 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0414 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тэгэхээр 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл энэ хэрэгт тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Анхан шатны шүүхийн захирамж гарсны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С уг шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолоор хангахгүй орхисон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон.
8.5. Тухайн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Төрийн албаны зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 01/505 тоот албан бичгээр тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.М мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд “Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, цаашид Төрийн албаны зөвлөлийн тогтоолын биелэлтийг хангуулах арга хэмжээ авах тухай” агуулгатай байсан.
8.6. Тухайн мэдэгдлийг Б.М хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 54 дүгээр тоот мэдэгдлээр Х.Д тогтоолын биелэлтийг хангуулан, арга хэмжээ авах тухай мэдэгдэл өгсөн. Толбо сумын Засаг дарга Х.Д уг мэдэгдлийг хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар тогтоолын биелэлтийг хангуулсан. Өөрөөр хэлбэл, Х.Д нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд энэ хэрэг дээр Х.Д шалтгаалсан ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй.
8.7. Иймд, Х.Д 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, Х.Д мэдэгдэл, шаардлага өгөөд, тэрийг биелүүлэхгүй байсан бол түүний буруутай үйл ажиллагаанаас болох байсан. Гэхдээ шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэдэг нь тодорхой харагдаж байна.
8.8. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 04/753 дугаар албан тоотоор Толбо сумын Засаг даргад хүргүүлсэн. Тухайн албан бичгийг Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/62 дугаар тоот албан бичгээр хариу өгсөн байдаг. Тухайн албан бичгийн утга нь “энэ тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа, захиргааны хэргийн шүүхэд хандана” гэсэн. Энэ нь баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Уг тогтоолыг Н.Е 2021 оны 03 дугаар сард хүлээн авч, 2021 оны 08 дугаар сар хүртэл биелэлтийг хангуулахгүй байгаа Н.Е буруутай үйл ажиллагаа болохоос биш Х.Д хамааралгүй учраас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
8.9. Гэм хорын хохирол төлүүлэх гол үндэслэл эхлээд тухайн этгээдийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа байх ёстой, мөн буруутай үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрээр тогтоогдсон байх ёстой. Буруутай үйл ажиллагаанаас болоод гэм хор учирсан байх ёстой.Тэгэхээр өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Д хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагааны талаар тогтоосон Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шүүхийн шийдвэр байхгүй байна.
8.10. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан. Тэгэхээр тухайн шийдвэр гаргасан хүний буруутай үйл ажиллагаа болохоос биш Засаг даргын албан үүргийг орлон гүйцэтгэж байсан Х.Д буруутай үйл ажиллагаанаас гэж үзэж үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн Х.Д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн тус шүүхэд гаргасан хариуцагч Н.Е болон хамтран хариуцагч Т.Д нараас төрд учруулсан 20.000.000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.
2. Тогтоогдсон үйл баримтуудын тухайд:
2.1. Хариуцагч Н.Е нь Толбо сумын Засаг даргын үүрэгт ажлыг хаших хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар /хэргийн 6 дугаар тал/ Толбо сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Х “М.Х хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаагүй байхад томилсон” үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлжээ.
2.2. Улмаар М.Х нь албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд /цаашид Зөвлөл гэх/ гомдол гаргаснаар Зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 93 дугаар тогтоолын /хэргийн 7 дугаар тал/ 2 дах заалтаар дээрх Толбо сумын Засаг даргын Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, 3 дах заалтаар М.Х Толбо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг сумын Засаг даргад даалган шийдвэрлэж, уг тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/753 дугаар албан бичгээр /хэргийн 8 дугаар тал/ хариуцагчид хүргүүлжээ.
2.3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар “Толбо сумын Засаг дарга Н.Е ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн 1 дэх заалтаар /хэргийн 147 дугаар тал/ хариуцагч Н.Е үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дах заалтаар дараагийн сумын Засаг дарга томилогдох хүртэл бүрэн эрхийг сумын Засаг даргын орлогч хамтран хариуцагч Т.Д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх ба хамтран хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр “Захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын тамгын газрын даргын ажлыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” захирамжаар /хэргийн 148 дугаар тал/ М.Х үргэлжлүүлэн ажиллуулах тухай шийдвэрийг гаргасан байна.
2.4. Энэ хооронд М.Х тус шүүхэд “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоол биелүүлэхийг болон М.Х Толбо сумын Засаг даргын тамгын газрын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 19.867.410 төгрөгийг Толбо сумын Засаг даргаас гаргуулах “ шаардлагатай нэхэмжлэлийг Толбо сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, тус шүүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 110/ШЗ/32021/0414 дугаар шүүгчийн захирамжаар /хэргийн 55-63 дугаар тал/ маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг төрийн албаны төв байгууллага тогтоосон үндэслэлээр хэргийг хэрэгсэхүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талаас уг захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн тухай” тогтоолоор /хэргийн 66 дугаар тал/ шүүгчийн захирамжийг хэвээр үлдээснээр шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.5. Уг захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Т.Д оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар илэрхийлсэн үйл баримт нь дээрх захирамжийн “Тодорхойлох” хэсгээр тогтоогдож байна.
2.6. М.Х Толбо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахтай холбоотой маргаан дээрх байдлаар эцэслэн шийдвэрлэгдсэний дараа М.Х нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Толбо сумын Засаг даргад холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 32.163. 545 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, шүүх 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/00629 дугаар шийдвэрээр /хэргийн 12-18 дугаар тал/ хариуцагч Толбо сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт М.Х 29.945.966 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2022/00087 дугаар магадлалаар /хэргийн 19-24 дүгээр тал/ хэвээр үлдээсэн, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2022/01403 дугаар тогтоолоор /хэргийн 25 дугаар тал/ хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.7. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Толбо сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс 9.945.966 төгрөгийг М.Х ХААН банк дах ............ дансанд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гүйлгээгээр олгосон нь №POR20241225143814NG3A7LHFLA9ZP дугаар төлбөрийн хүсэлтээр /хэргийн 152 дугаар тал/ , Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар “Хөрөнгө хуваарилах тухай” тушаалын хавсралтын /хэргийн 26-43 дугаар тал/ 109 дэх хэсэгт заасан 20.000.000 төгрөгийг М.Х олгох шийдвэрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр М.Х дансанд Төрийн банкаар дамжуулан хийгдсэн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг олгосон нь №POR20240425183300MGDJ8PVE7U5ML дугаар төлбөрийн хүсэлтээр /хэргийн 44 дүгээр тал/ тус тус тогтоогдож байна.
2.8. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, Толбо сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Х хариуцагч Н.Е нь Толбо сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас хууль бусаар чөлөөлсөн, Төрийн албаны зөвлөлөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гарснаас хойш Н.Е нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд буюу 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд, мөн хамтран хариуцагч Т.Д нь Толбо сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд М.Х урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргаагүйн улмаас түүний ажиллаж байсан байгууллагад болон төрд нийт 29.945.966 төгрөгийн хохирол учирсан байна.
3. Нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заажээ.
3.2. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд, төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон тохиолдолд бусдад учруулсан гэм хорыг тухайн этгээдийн ажиллаж байсан байгууллага, эсхүл төр хариуцаж арилгахаар, харин уг гэм хорыг хариуцаж арилгасан байгууллагад болон төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах, нэхэмжлэл гаргах асуудлуудыг зохицуулсан байна.
3.3. Энэ хэргийн тохиолдолд М.Х Толбо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг анх Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е гаргасан, төрийн албаны төв байгууллага нь уг шийдвэрийг хууль бус болохыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр тогтоосон, Н.Е болон Толбо сумын Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Т.Д нь төрийн албаны төв байгуулагын М.Х өмнөх албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан шийдвэрийг нэн даруй биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан эс үйлдэхүйн улмаас, тодруулбал, хариуцагчдын нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн үйлдэл болон 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 1 жил 3 сар 7 хоногийн хугацаанд албан тушаалд нь томилон ажиллуулаагүй эс үйлдэхүйн улмаас М.Х учруулсан ажилгүй байсан хугацааны цалин болох 29.945.966 төгрөгийн хохирлын 9.945.966 төгрөгийг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс, үлдсэн 20.000.000 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвөөс тус тус М.Х олгосон байна.
3.4. Иймд, хариуцагч Н.Е нь М.Х албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн үйлдээр, мөн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүртэл буюу 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд түүнийг ажилд томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээр, харин хамтран хариуцагч Т.Д нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд М.Х албан тушаалд нь томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээр тус тус гэм буруутай байх тул төрд учирсан хохирол болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан 20.000.000 төгрөгийг адил хэмжээгээр буюу 10.000.000. төгрөгөөр тус тус хувааж төлүүлэх нь зүйтэй ба энэ нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.7, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498. 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Н.Е, Т.Д нараас “Төрд учирсан 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Е 10.000.000 төгрөг, Т.Д 10.000.000 төгрөгийг тус тус гаргуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША