Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

           улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

         хохирогч Б.Н

          шүүгдэгч Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Улаанбаатар Такси Трансфорд Сервис”-т жолооч   ажилтай байсан, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт, оршин суудаг, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн. Х овогт Г.А-т /РД:УК95051816/

          Баянзүрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0339 50355 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

          Г.А  нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх  дүүргийн 10 дугаар хорооны 14 дүгээр байрны гадаа 37-97 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд иргэн Б.Н зүүн гарын бугалга хэсэгт олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт Г.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд би хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.  

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н мэдүүлэхдээ: Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Н-н: …Байнга хардаж байгаагүй. Намайг анх 2015 оны 01 дүгээр сарын 10-даар байх /өдрийг санахгүй байна/ би А-г ажилд орохгүй байна гэж хэлдэг байсан ба тэр өдөр бас л ажилд орсонгүй гэж муудалцсан байсан. Тэгээд памперс аваад өгчих гэсэн чинь А авч өгөхгүй гэж уур хүргээд, тэрнээсээ болж хэрэлдээд, хэрүүл нь даамжираад А намайг гараараа нүүр, гар руу цохисон. Тэр үед би цагдаагийн байгууллага болон өөр бусад байгууллагад өргөдөл гаргаж шалгуулж байгаагүй, дуудлага ч өгөөгүй. Энэ зодуулсныгаа би хэнд ч хэлээгүй. Ээж Гантулга 2015 оны 04 дүгээр сард мэдээд надаас асууж байсан. Энэнээс өөрөөр зодож байгаагүй. А бид хоёр гэр бүлийн баталгаатай боловч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй, би ч гэсэн ааштай, хэн хэнээс нь л болдог байх. 2015 оноос хойш одоо хүртэл би Анараас тусдаа өөрийнхөө гэрт амьдарч байгаа. Бид хоёрт гэр бүлийн харилцаа байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хамгийн гол нь би гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байсан учир шүүхэд хандсан. Гэтэл энэ асуудлыг иргэний шүүх шийдэж өгөхгүй удааширсан. Одоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлах нэхэмжлэл байгаа...гэх мэдүүлэг /хх-н 59 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтанд өгсөн яллагдагч Г.А : …Би Б.Н хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, бусадтай харьцахыг хязгаарлаж, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж үзээгүй. Харин би 2015 оны 01 дүгээр сард Номин-Эрдэнэ намайг ажилд оруулах гэж байхад нь би ороогүй, тэрнээс болж Номин-Эрдэнэ уурлаад бид хоёр муудалцаад намайг алгадаад байхаар нь би нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон юм. Тухайн үед надад хөхөрсөн юм байгаагүй. Номин-Эрдэнийн зүүн нүдний зовхи нь хөхөрч байсан. Номин-Эрдэнэ намайг цагдаад барьж өгөөгүй, намайг цагдаад өгч шалгуулаагүй. Энэ асуудалд Номин-Эрдэнийн ч буруу байгаа, миний буруу ч байгаа. Би их хүлээцтэй, Номин-Эрдэнэ тэвчээргүй. Хүнийг зүгээр байхад алгадаад байхаар нь үнэхээр тэвчээр алдардаг юм байна лээ. Гэхдээ би өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Миний зүгээс Номин-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэлд оруулж байсан зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-н 64 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14037 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Н биед зүүн бугалганы зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.А  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.А  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25 дугаар тал/

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 17 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Г.А нь гэр бүлийн хүн Б.Номин-Эрдэнийг зодож биед нь гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

            Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 14 дүгээр байрны гадаа 37-97 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд иргэн Б.Н зүүн гарын бугалга хэсэгт олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Баянзүрх дүүргийн Прокуророос Г.А гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

          Шүүгдэгч Г.А  бусдын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

          Иймд Прокуророос Г.А  гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Г.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

          Шүүгдэгч Г.А нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна. /хх-ийн 25 дугаар тал/

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Б.Н нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй  гэсэн  тул шүүгдэгч Г.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Х овогт Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.           

             5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ.