| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2025/00010/И |
| Дугаар | 191/ШШ2025/01215 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/01215
| 2025 02 10 | 191/ШШ2025/01215 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:*****д байрлах, С Л ХХК /Регистрийн дугаар: ******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** байрлах, А д ХХК /Регистрийн дугаар:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 225.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С Л ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А Д ХХК-тай Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын РМ*** 23/23 тоот гэрээ байгуулсан. Тус даатгалын гэрээгээр 32 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгслийг даатгуулсан, мөн жолоочийн хариуцлагын даатгал, мэргэшсэн жолоочийн даатгалд 50 гаруй жолоочоо бүгдийг энэ компаниар даатгуулсан. Даатгалын гэрээнд манай компанийн 0000 УНГ улсын дугаартай хүнд даацын ачааны автомашин даатгагдсан байдаг.
Манай 0000УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ө аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 0000 УЕУ N B маркийн хүнд даацын ачааны автомашинд мөргүүлж даатгалын тохиолдол гарсан. Бид осол болсон даруйд А Д ХХК-д осол болсон тухай, нөхөн төлбөрийн талаар тус тус мэдэгдсэн. Гэвч даатгалын компаниас цагдаагийн дүгнэлт шаардлагатай гэсэн хариу өгсөн бөгөөд цагдаагийн шинжээчийн дүгнэлт осол болсноос хойш 5 сарын дараа гарсан. Тус ослын улмаас 0000УНГ улсын дугаартай, X G маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан манай жолооч маш хүнд гэмтсэн, хэргийг Ө аймгийн цагдаагийн газар ****** дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Б Х н 0000УЕУ тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол болсон тухай шинжээчийн дүгнэлт 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан.
Ослын улмаас 0000 УНГ тээврийн хэрэгслийн хохирол даатгалын гэрээний тохиролцсон нөхцөл хэсэгт заасан Бүрэн сүйрэл-ийн хэмжээнд хүрсэн болох нь А Б компанийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлан-гаар 125.677.000 төгрөгийн хохирол учирсан гэснээр тогтоогдсон. Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан мөргүүлсэн даатгалын тохиолдол бий болж хохирлын хэмжээ бүрэн сүйрэл хамаарч даатгалын нөхөн төлбөрт 150.000.000 төгрөг авах үндэслэл бүрдсэн. Даатгалын нөхөн төлбөрийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг А ХХК-д 2024 оны 8 дугаар сард гаргасан боловч даатгалын компаниас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг шалгагдаж байна, аль талын жолооч буруутай вэ гэсэн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байх тул даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.
Нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг эс зөвшөөрч Даатгалын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд хорооноос гомдлыг хянаж Тээврийн хэрэгсэл-ийн даатгалын нөхөн төлбөрийг А ХХК үндэслэлгүйгээр олгохоос татгалзсан байна гэсэн хариуг хүргүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч С Л ХХК нь жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр нэхэмжлээгүй, харин тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн. Даатгалын компани Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгтэй гэдэг үндэслэлгүй тайлбар хэлж нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгохоос зайлсхийж байна. Даатгалын гэрээгээр жолооч буруутай эсэхээс үл хамаарч тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцсон байдаг.
Даатгалын гэрээний нөхөн төлбөр нь жолоочийн хариуцлагын даатгал байсан бол гэрээний дагуу бид хэн буруутай вэ гэдгийг тогтоосны дараа шийдвэр гаргахыг ойлгоно. гэтэл Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж даатгалын хураамж авчхаад, шинжээчийн дүгнэлт гарсаар байтал нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүй татгалзаж байна.
Даатгалын зорилго бол даатгалын тохиолдол гарсан хүнд хэцүү цагт нөхөн төлбөр олгохоор урьдчилан хураамж авч, тохиолдол гарсан үед хохирлыг шийдвэрлэх зорилготой байдаг. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээгээр нэгдүгээрт, даатгалын зүйл нь хүнд даацын тээврийн хэрэгсэл байхаар хоёрдугаарт, гэрээний 4.1-д даатгалын тохиолдол бий болоход бүрдүүлж өгөх баримт бичгийг тодорхой тохиролцсон бөгөөд бид гэрээнд заасан баримт бичгийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бүрэн бүрдүүлж өгсөн. Мөн даатгалын компани нөхөн төлбөр олгоход баримт бичгийн эх хувь хэрэгтэй гэсэн тул эх хувь баримтуудыг мөн хүлээлгэж өгсөн болно.
Иймд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын ******* 23/23 дугаар гэрээний даатгалын эрсдэлд ...мөргөлдөх, мөргүүлэх даатгалын эрсдэл хамаарч, гэрээнд заасан бүрэн сүйрэл болж хохирлын үнэлгээ 125.677.000 төгрөг болж бүрэн сүйрлийн /70% давсан/ хэмжээнд хүрсэн, мөн хохирлын үнэлгээний зардал 7.550.000 төгрөг болсон тул Даатгалын гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн даатгалын үнэлгээ болох 150.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү. Түүнчлэн даатгалын нөхөн төлбөр авах баримт бичгийг, шинжээчийн дүгнэлтийн хамт 2024 оны 8 дугаар сарын 14-ний гаргасан бөгөөд даатгалын гэрээний 4.1-д нөхөн төлбөрийг уламжлалт горимоор ажлын 10 хоногт шийдвэрлэхээр заасан бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус хугацаа дууссан. Иймд, Даатгалын гэрээний 3.5-д заасныг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс даатгагч нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй бол 0.5 хувьтай тэнцэх алданги тооцно гэж заасны дагуу хугацаа хоцорсон хоног тутамд 750.000 төгрөг буюу нийт 107 хоногийн алдангид 80.250.000 төгрөг болсон бөгөөд үндсэн үүргийн дүнгийн 50 хувиар тооцон бууруулж алдангид 75.000.000 төгрөг, нийт 225.000.000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... С Л ХХК нь жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр нэхэмжлээгүй, харин тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн, гэтэл даатгалын компани аль талын жолооч буруутай болох тухай шүүхийн шийдвэр гарсны дараа нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үндэслэлгүй хариу өгсөн. Даатгалын гэрээгээр жолооч буруутай эсэхээс үл хамаарч тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцсон байдаг мөн Даатгалын компани Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгтэй гэдэг үндэслэлгүй тайлбар хэлж нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгохоос зайлсхийж байна гэжээ.
Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа шиг хариуцагч А ХХК нөхөн төлбөрийг олгохоос санаатайгаар буюу зориудаар зайлсхийсэн зүйл огт байхгүй. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж даатгалын нөхөн төлбөрийг цаг тухай бүрт нь олгосоор өнөөдрийг хүрсэн. Харин энэ тохиолдлын хувьд даатгагчийн зүгээс гагцхүү талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан *******23/23 тоот Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж, даатгалын нөхөн төлбөрийг үндэслэл бүхий шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах баримт, материал болох шүүхийн шийдвэр шаардлагатай байгаа тухай даатгуулагч С Л ХХК-д удаа дараа албан бичгээр мэдэгдэж, биечлэн уулзалт хүртэл хийсэн байдаг.
Зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд даатгалын тохиолдлыг хөтөлбөргүй тогтоосон баримт, материалын үндсэн дээр шийдвэрлэх үүрэгтэй. Нөгөөтээгүүр уг үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг төрийн эрх бүхий байгууллага ч бий. С ХХК-ийн тохиолдолд даатгалын нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай баримт материалын бүрдүүлбэр бүрэн гүйцэт хангагдаагүй байгааг цохон дурдах нь зүйтэй байна. Тухайлбал:
Зам тээврийн ослын улмаас даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолоочийн эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд тухайн асуудалд Ө аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас шүүхээс хэргийг прокурорт буцаасан тухай нэхэмжлэгч бидэнд урьд нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа буюу хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь хэрэгт хийгдсэн ажиллагааны хүрээнд цуглуулсан нотлох баримтыг шүүхээс үнэлж, дүгнээгүй буюу нотлох баримтаар үнэлэх эсэх нь тодорхойгүй байгааг илтгэж байна.
Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бус тээврийн хэрэгслийн даатгалд нөхөн төлбөрийг шийдвэрлэх гэж байгаа учир шүүхийн шийдвэр шаардлагагүй хэмээн бодож, ойлгож тохиолдлыг хөтөлбөргүйгээр тогтооход тэргүүн ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан эсхүл тухайн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шүүхээс үнэлж дүгнээгүй байхад даатгалын нөхөн төлбөрийг тухайн баримтад үндэслэн олгож шийдвэрлэвэл даатгалын нөхөн төлбөрийг үндэслэл бүхий олгох хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн хэрэг болох нь гарцаагүй юм.
Түүнчлэн тухайн тохиолдолд талууд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсныг нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан бүхий л эрсдэлийг Даатгагчаар нөхөн төлүүлнэ гэх агуулгыг нэхэмжлэлдээ тусгасан нь өрөөсгөл ойлголт юм. Гэтэл нэг талаас даатгагч нь тухайн тээврийн хэрэгсэлд учирч болох бүх төрлийн эрсдэлийг даатгах боломжгүй тул даатгалын бүтээгдэхүүн буюу хэлбэрийг санал болгож, нөгөө талаас даатгуулагч ямар төрлийн эрсдэлд хамгаалалт хүсэж байгаагаас хамаарч тухайн эрсдэлд тохирсон бүтээгдэхүүнийг сонгон даатгалын гэрээ байгуулдаг. Мөн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад суурилж, үндэслэл бүхий олгох зарчим нь дан ганц тодорхой нэг даатгалын хэлбэрт хамаардаггүй, харин бүх төрлийн даатгалын хэлбэрт нэгэн адил хамаарна.
Мөн маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан буруутай этгээд байгаа бөгөөд даатгалын нөхөн төлбөрийг олгосны үндсэн дээр буруутай этгээдээс учирсан гэм хорыг буцаан шаардах эрхийг шилжүүлэн авах асуудал хөндөгдөх нь нэгэнт тодорхой болсон. Энэ ч утгаараа Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасныг хэрэгжүүлэх боломж нь даатгалын тохиолдлын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг буруутай этгээдээс шууд шаардах эрхийг саадгүй хэрэгжүүлэх боломж бүх талаараа бүрдсэн үеэс олгогддог. Өөрөөр хэлбэл даатгалын нөхөн төлбөрийг олгоход үндэслэл болсон баримтууд нь буцаад буруутай этгээдээс даатгагч шаардах эрх шилжүүлэн авсны үндсэн дээр хохирол нөхөн төлүүлэх шаардлага гаргахад үндэслэл болох баримтууд байдаг.
Шаардлага гаргах боломж нь дан ганц эрх хуулиар олгогдсон байхаас илүүтэйгээр тухайн эрхийг хэрэгжүүлэх боломжтой буюу үндэслэх баримттай байхаар тодорхойлогдоно гэж харах нь зүйтэй. Харин нэхэмжлэгчийн хувьд уг ач холбогдлыг хүлээн зөвшөөрөөгүй нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах бас нэг үндэслэл болсон. Хариуцагч А ХХК-ийн зүгээс С ХХК-тай холбоотой тохиолдолд аливаа байдлаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан зүйлгүй бөгөөд даатгалын нөхөн төлбөрийн баримт, материал бүрдсэн үеэс 10 хоногийн хугацаанд даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэдэг. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд тодорхой тусгагдсан.
Гэтэл нэхэмжлэгч нь материалын бүрдүүлбэр бүрэн бус буюу даатгалын нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг дээр дурдсан үндэслэлүүдээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүй татгалзсан хэмээн тухайн асуудалтай холбоотой хэрэг Эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байхад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж, учирсан байж болох хохирол дээр алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй байна. Иймд даатгагчийн зүгээс нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан зүйлгүй, гагцхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан даатгалын гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3/3750 дугаар албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *****23/23 дугаар Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ түүний хавсралт, нэхэмжлэх, төлбөрийн баримт, А ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, Ө аймгийн Цагдаагийн газрын Ц сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ***/*** дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, төлбөрийн баримт зэргийг ирүүлжээ. /хх 2-21, 39-41/
Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, С ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 24/158 дугаар, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/161 дүгээр албан бичиг, А ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01/253, 2024 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 01/351 дугаар албан бичиг, фото зураг зэрэг баримтыг ирүүлжээ. /хх 24-25, 43-52/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
С ХХК нь А ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 225.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийн даатгалын тохиолдолд бий болсон тул нөхөн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: даатгалын эрсдэлд хамаарах хэдий ч ослыг эрх бүхий этгээдээс шалгаж байгаа, цагдаагийн газраас гэм буруутай этгээдийг тогтоогоогүй байгаа тул нөхөн төлбөрийг олгох боломжгүй гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
3.1.Нэг талаас С ХХК, нөгөө талаас А ХХК нар тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацаагаар хавсралтад заасан нэр бүхий тээврийн хэрэгслүүдийг эрсдэлээс хамгаалахаар, даатгуулагч хураамжид 6.020.000 төгрөг төлөхөөр тохиролцож ******** 23/23 тоот Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээг байгуулжээ. /хх 6-8/
Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамж төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 7-14/
3.2.Ө аймаг Ц сум, С 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 0000 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.9, 12.3-т заасныг зөрчсөнөөс даатгалын гэрээний зүйлийн нэг болох С ХХК-ийн эзэмшлийн 0000 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан болох нь Ө аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах цагдаагийн тасгийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх 21, 39/
3.3.Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр хүссэн, хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсанаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан, улмаар тус байгууллагаас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3/3750 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж хариуг мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 6, 43-44, 48-51/
4.Талуудын хоорондох гэрээнд мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх нь даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцсон, маргааны тохиолдолд даатгалын зүйл зам тээврийн осолд өртсөн буюу мөргөлдсөн тул даатгалын эрсдэлд хамаарна. Үүнийг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн гэрээний 2-т нэрлэн заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд багтаагүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлдээ баримтлаагүй гэж хариуцагч хуралдааны явцад тайлбарласан.
Харин эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар буруутай этгээд тогтоогдоогүй байгаа тул эрүүгийн журмаар маргааныг шийдвэрлэхээс өмнө энэ маргааныг шийдвэрлэх учиргүй гэв.
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үндсэн үүргийг тус тус хүлээнэ.
Иймд гэрээгээр хэлэлцэн тохиролцсон даатгалын эрсдэл бий болсон тул даатгагч гэрээгээр тохиролцсон нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй.
5.Зам тээврийн ослын улмаас хүний биед /жолооч/ хүндэвтэр гэмтэл учирсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн хэргийн товч утга хэсэгт дурдсанаар тогтоогдож байна. Иймд даатгалын нөхөн төлбөр шаардсан энэ нэхэмжлэлд хамааралгүй, эрүүгийн журмаар ослын хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.
Талууд тээврийн хэрэгслийн даатгал буюу хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
6.Талуудын хоорондох гэрээний хавсралт №1 нэр томьёоны тайлбар хэсгийн 2, гэрээний 49-д бүрэн сүйрэл гэж даатгалын зүйл нөхөн сэргээгдэх засварлагдах боломжгүй болсон нөхцөл байдлыг болон даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээний 70 хувь буюу түүнээс дээш байхыг тохиолдлыг хэлнэ гэж заажээ.
Ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг А ХХК-иас 125.677.000 төгрөг гэж тогтоосон, даатгалын гэрээний хавсралт 2-т даатгалын зүйлийн үнэлгээг 150.000.000 төгрөг байхаар тусгасан тул бүрэн сүйрэлд хамаарна үндэслэлээр нэхэмжлэгч нөхөн төлбөрт 150.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. /хх 18-19/
Шүүх шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу учирсан бодит хохирлын хэмжээгээр нөхөн төлбөрт 125.677.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
7.Гэрээний 3.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр даатгагч нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж, 4.1-д нөхөн төлбөрийг уламжлалт горимоор ажлын 10 хоногт шийдвэрлэнэ гэж заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэн өргөдөлд хариуцагч 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01/253 тоот албан бичгээр татгалзсан хариуг өгсөн тул энэ өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 89 хоногт ногдох алдангид 55.926.265 төгрөг гаргуулав. /2024.09.18-2024.12.16=89 хоног, 125.677.000*0,5%=628.385 * 89х/
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 181.603.265 /125.677.000+55.926.265/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан А ХХК-иас 181.603.265 /Нэг зуун наян нэгэн сая зургаан зуун гурван мянга хоёр зуун жаран тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43.396.735 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.282.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.065.966 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ