| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03861/И |
| Дугаар | 191/ШШ2025/00994 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/00994
| 2025 02 03 | 191/ШШ2025/00994 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********** тоотод оршин суух, М овогт Д. З /Регистрийн дугаар *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:************** МТЗ ТӨХК /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30.243.360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь М ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Д.З нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр М ТӨХК-тай хөдөлмөрийн гэрээ хийж барилгын инженерийн ажилд орсон. Гэтэл 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ***** тоот захирлын тушаалаар компанийн орлогод авах боломжгүй ашиглалт, чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж худалдан авч ажлын хариуцлага алдаж компанид хохирол учруулсан нь тогтоогдсон гэж ажлаас чөлөөлсөн.
Гэтэл миний бие Д.З ажлаас халах үндэслэл болсон халуун уураар үлээгч АДУ-г худалдан авах эрхгүй. Би худалдан аваагүй. Харин уураар үлээгч шаардлагатай гэж худалдан авах тухай хүсэлтээ л өгсөн. Байгууллагын дүрэм журмаараа уулаасаа ийм эрх үүрэг над байхгүй, харин худалдан авах ажиллагааны газарт харьяалагддаг. Харин худалдан авсан уураар үлээгч нь шаардлага хангахгүй байгаа талаар хэлсэн. Миний ажил үүргийн тодорхойлолтод заасан ажил үүргийн хүрээнд уураар үлээгч худалдан авах шаардлагатай талаар санал гаргасан болно.
Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын ямар үндэслэлээр, хэрхэн зөрчсөн гэдгийг тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл миний бие ямар зөрчлийг хэрхэн зөрчсөн нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл болон хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн аль заалтыг зөрчсөнийг тодорхойлоогүй. Миний бие М ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй.
Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны олговорт тушаалаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 168 хоног, нэг өдрийн дундаж цалин хөлс 180.020 төгрөг байх тул нийт 30.243.360 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.З нь М ТӨХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр **/**** тоот Хөдөлмөрийн гэрээ-г байгуулан барилгын инженер албан тушаалд ажилд орсон бөгөөд Ц өртөөний Барилга, эрчим хүч, ус хангамжийн ангийн Барилга ашиглалтын инженерээр ажиллаж байсан.
М ТӨХК нь Б, Б , Х заг зөрлөгүүдэд 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ерөнхий инженерээр ахлуулсан үзлэг шалгалт явагдсан. Энэ үед зөрлөгүүдийн амрах байрны бохирын шугам нь хальсан нөхцөл байдалтай байсан. Тус нөхцөл байдлаас болоод хөлдөлтийг арилгахын тулд халуун уураар үлээгчийг авах шаардлага үүссэн. Ингээд 1.500.000 төгрөгийн халуун уураар үлээгчийг нэхэмжлэгч Д.З хэлсний дагуу худалдан авсан.
Гэтэл Ц өртөөний хариуцсан инженер болох Д.З 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр компанийн орлогод авах боломжгүй ашиглалт, чанарын шаардлага хангаагүй тоног төхөөрөмжийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн худалдан авч ажлын хариуцлага алдан компанид хохирол учруулсан тул 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар*/**** тоот М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Д.З хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1.5 дэх хэсэгт Ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан бол ажил олгогч нь 6.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан ноцтой зөрчил-д тооцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хугацаанаас нь өмнө цуцалсан.
Ц өртөөний дарга болон нярав энэ уураар үлээгчийг орлогод авах боломжгүй, баримт бичиггүйгээс гадна ашиглах боломжгүй шаардлага хангахгүй талаар анх мэдэгдсэн. Ингээд 2024 оны 02 дугаар сараас хойш 2024 оны 04 дүгээр сар хүртэл худалдан авхуулсан уураар үлээгчийн холбогдох баримтуудыг гаргаж өгөх хангалттай хугацааг нэхэмжлэгчид өгсөн. Санхүүгийн хэлтсээс болон удирдлагаас удаа дараа тухайн баримтуудыг гаргаж өгөхийг шаардахад өнөөдрийг хүртэл ямар ч баримт гаргаж өгөөгүй. Д.З тайлбар өгөхдөө нийлүүлэгч талаас савны мөнгийг буцаан гаргуулах болно гэсэн тайлбарыг захиргаанд өгсөн. Энэ нь гаргасан зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч байсныг нотолно. Гэвч өнөөдрийг хүртэл компанийг хохиролгүй болгоогүй.
Иймд Д.З гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн **** тоот тушаал, С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаар хуралдааны тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн **** тоот Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 3-11, 32-33/
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хариуцлага тооцуулах тухай санал, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн **тоот мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг, санхүүгийн баримт хуулбарлан авсан тэмдэглэл, төлбөрийн хүсэлт, төлбөрийн баримт, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, Д.З -с М ТӨХК-ийн суурь бүтцийн хэлтсийн дарга Э.Б -д хандан гаргасан тайлбар, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2024/**** тоот Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн **** тоот тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ***** тоот Хөдөлмөрийн гэрээ, гар утсаар бичсэн цахим захидал, М ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ***** дугаар тогтоолоор баталсан компанийн дүрэм зэргийг ирүүлжээ. /хх24, 35-56, 73-74, 81-103 /
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.З нь М ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30.243.360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, холбогдох заалтыг баримтлаагүй, түүнчлэн худалдан авах ажиллагааг би хийгээгүй, зөрчил гаргаагүй, хэрэв сахилгын шийтгэл гэвэл хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ажилтан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, худалдан авах саналыг гаргасны дагуу түүний хэлснээр худалдан авах ажиллагааг гүйцэтгэсэн тул байгууллагад хохирол учруулсан, баримт бичгийг бүрдүүлж өгөх эсхүл мөнгийг буцаан төлүүлэх хангалттай хугацааг олгосон гэв.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1.нэг талаас Д.З , нөгөө талаас М ТӨХК нар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч тус хуулийн этгээдэд барилгын инженерээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх 6-11, 53-55/
3.2.Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ***** тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 83 дугаар зүйлийн 83.3, М ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.9, 8.11.11, Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.2, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.6-д заасныг баримтлан
Д.З нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр компанийн орлогод авах боломжгүй ашиглалт, чанарын шаардлага хангаагүй тоног төхөөрөмж худалдан авч ажлын хариуцлага алдаж компанид хохирол учруулсан нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх 4, 52/
Тушаалд баримталсан Компанийн дүрмийн 8.11.9-д Гүйцэтгэх захирал .ажилтныг ажилд томилох, чөлөөлөх эрхийг, 8.11.11-д гүйцэтгэх захирал тушаал гаргах эрхийг заажээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 1.9-д ажил олгогчийн шийдвэр нь Гүйцэтгэх захирлын тушаал байна гэж, 9.2-т ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь дотоод хяналт шалгалт, аудитын дүгнэлт, эрх бүхий этгээдээс ирүүлсэн мэдээлэл, газар, хэлтэс, өртөө, зөрлөгийн нэгжийн хурлын тэмдэглэлд тусгагдсан, холбогдох нотлох баримтаар тогтоогдсон эсхүл зөрчлийн актаар баталгаажсан нөхцөлд зөрчлийн хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан үзэж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож ногдуулна гэж, 9.2.2-т нийт ажилтнуудын дунд нэр цохож зарлах хэлбэрээр нээлттэй сануулах гэж, харин 11 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар зохицуулснаас 11.4-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах 25 төрлийн ноцтой зөрчлийг нэрлэн заасан, 12.6-д шаардлага хангаагүй тоо баримт зөрсөн мэдээ тайланг хүлээн авахаас татгалзаж холбогдох нэгжийн удирдлагад мэдэгдэнэ гэж заажээ.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцална. Хуульд зааснаар "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгохоор, мөн гэрээний талууд тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг нэг бүрчлэн заасны дотор хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол дуусгавар болгох үндэслэлийг заасан.
Маргааны тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тул захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д нэрлэн заасан зургаан үндэслэлийн аль нэгээр эсхүл хэд хэдэн үндэслэлээр өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан гэрээг цуцална.
Хариуцагч тушаалын үндэслэлээ ноцтой зөрчил гэж тайлбарласан ч тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болоод талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээний 6-д ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заасан 25 зөрчлийн алийг ч баримтлаагүй байна.
Мөн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийг бүхэлд нь баримталсан байх боловч мөн л нэрлэн заасан 25 зөрчлийн аль нь нэхэмжлэгчид хамаарахыг тушаалын үндэслэлд тусгаагүй, ерөнхий хэлбэрээр заажээ.
Иймд тушаал хуульд нийцээгүй, баримталбал зохих хуулийн зүйл заалтыг баримтлаагүй тухай нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.
5.Ажил олгогч **** тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг баримтлаагүй ч бичвэр хэсэгтээ ажлын хариуцлага алдсан талаар тусгаж, Хөдөлмөрийн дотоод журамд заасан нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг удиртгал болгож баримталсан байх тул шүүх сахилгын шийтгэл ногдуулсан эсэх талаар дүгнэлт өгнө.
5.1.Зөрчлийн тухайд: нэхэмжлэгч ашиглалтын болоод чанарын шаардлага хангаагүй, баримт бичиггүй тоног төхөөрөмж худалдан авсан гэж тушаалд дурдсан ч хэрэгт авагдсан түүний ажлын байрны тодорхойлолтоор худалдан авах ажиллагааг гүйцэтгэх эрх олгогдоогүй байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй. Харин хариуцсан ажилтны хувиар нэхэмжлэгч уураар үлээгчийг санал болгосноор захиргаа худалдан авалтыг хийсэн болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгчийн санал болгосон үйлдэл сахилгын зөрчилд тэр дундаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хэмжээний байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчилд тооцогдохооргүй, энэ талаар баримтгүй.
5.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.
Хариуцагчаас анх ажилтны үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах, 1.500.000 төгрөгийг төлүүлэх санал гаргаж байсан ч тушаалаар халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнийгээ төлбөрөө төлөөд барагдуулах хугацааг нэхэмжлэгчид олгосон, эсхүл баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх хугацаа олгосон гэж хуралдааны явцад тайлбарлаж байна.
Сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй. Хэргийн баримтаар зөрчлийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс тайлбар авснаар захиргаа мэдсэн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх тул тушаал 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нь зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар-ын хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
6.Нэхэмжлэгч тушаалыг утсаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцэж тушаалыг гардуулсан гэж, мөн тушаалыг эс зөвшөөрч өөрийн байгууллагадаа 2024 оны 6 дугаар сарын 15-нд гомдол гаргасан ч хариу өгөөгүй тул 2024 оны 7 дугаар сарын 16-нд С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, тус шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 17-нд нэхэмжлэл гаргасан гэж хуралдааны явцад тайлбарласан.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, түүнчлэн хуралдааны явцад энэ талаар эсэргүүцсэн тайлбарыг гаргаагүй. Иймд шүүх диспозитив зарчмын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хугацааны талаар маргаагүй гэж үзэн дүгнэлт өгөх шаардлагагүй.
Дээр дурдсанаар тушаал үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан нөхөх олговрын тухайд: нэхэмжлэгч тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 168 хоногоор, нөг өдрийн цалин хөлсийг 180.020 төгрөгөөр тооцож 30.243.360 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн**** дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-т зааснаар ажилтны сүүлийн гурван сарын цалин хөлсний дунджаас /3.905.000+4.756.000+4.048.000/ тооцвол нэг өдөрт 197.038 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 168 хоног, нийт 33.102.384 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч 30.243.360 төгрөг шаардсан тул энэ хэмжээгээр тооцно.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.
9.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Д.З-г М ТӨХК-ийн Ц өртөөний Барилга, эрчим хүч, ус хангамжийн ангийн Барилга ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, М ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30.243.360 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 309.167 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ