| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02386/И |
| Дугаар | 191/ШШ2025/01157 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01157
| 2025 02 07 | 191/ШШ2025/01157 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:*****************тоотод оршин суух, М овогт Э.У /Регистрийн дугаар:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************тоотод оршин суух, А овогт С.Б /Регистрийн дугаар: *********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 24.211.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.У би С.Б-т 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр **** брэндийн хуучин угаалгын машиныг 3.400.000 төгрөгөөр худалдахаар тохирсон. С.Б хүсэлтээр барааны үнийг 3 хувааж авахаар тохиролцож гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Барааг өөрөө ирж үзээд шалгаад, тээвэрлээд аваад явсан. Уг гэрээний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барааны үнийг бүрэн төлж дуусгах ёстой боловч ямар ч төлөлт хийлгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд үлдэгдэл төлбөр болох 2.400.000 төгрөг, алдангид 4.332.000 төгрөг, нийт 6.792.000 төгрөгийг нэхэмжилж байна. Анх угаалгын газарт зориулсан хуучин угаалгын машиныг зарах зар тавьсны дагуу С.Б ирж машиныг үзсэн. Өмсөж явсан куртикээ угааж үзэж шалгаад ажиллаж байна авья гээд авч явсан. Ус нь халж байсан. Тээвэрлэлтийг С.Б өөрөө хийсэн. Доголдолтой гэж надад энэ хугацаанд нэг ч удаа хэлж байгаагүй.
Мөн нотариатаар гэрээ хийж байхад хариуцагч яаралтай мөнгө хэрэгтэй байна, гааль дээр ирсэн бараа материалаа авах шаардлагатай байгаа учраас мөнгө зээлээч гэсний дагуу би 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр түүнд 6.000.000 төгрөгийг 21 хоногийн хугацаатайгаар 5 хувийн хүүтэй зээлүүлж, *** тоот зээлийн гэрээ, *** тоот барьцааны гэрээ байгуулан нотариатаар батлуулсан.
Барьцаанд түүний өмчлөлийн **********тоот хаягт байрлалтай хувийн сууцыг авсан. Э.У би мөнгөө зээлүүлэхдээ 4 дүгээр сарын 22-ны өдөр гадагшаа явах тул түүнээс өмнө мөнгөө авах хэрэгтэй шүү гэдгээ сайн хэлсэн. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгө, хүүгээ өгөөгүй, мөнгө орж ирэхгүй байна гэсээр байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 300.000 төгрөг, алданги 11.119.500 төгрөг, нийт 17.419.500 төгрөгийг нэхэмжилж байна. Би зээлийн үйл ажиллагааг байнга тогтмол эрхэлдэг хүн биш. Баатарт мөнгө өгөхийн тулд мөнгө нэмж зээлж байгаад авч өгсөн.
Хариуцагч С.Б өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг надад өгөөгүй, утсаа авахгүй, зугтсаар байгаа тулд худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6.792.000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 17.419.500 төгрөг нийт 24.211.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: С.Б миний бие хувцас угаалгын газар ажиллуулдаг байсан бөгөөд угаалгын машин зарна гэсэн зарын дагуу 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Э.У хуучин угаалгын машин авсан. Авахдаа ажиллуулж авсан боловч ажил дээр авчирч үйлчилгээнд ажиллуулах гэтэл доголдолтой /ус нь халахгүй/, хувцасны хир арилгаж чадахгүй байсан. Ажил үйлчилгээнд шаардлага хангахгүй байсан тул тухайн үед Э.У угаалгын машинаа буцааж авахыг хүсэж байсан. Тийм учраас үлдэгдэл төлбөр 2.400.000 төгрөг, алданги 4.332.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зээлсэн мөнгөний хувьд үндсэн зээл 6.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү 300.000 төгрөг, алданги 17.419.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э.У нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй бөгөөд Мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах тухай хуульд зөвшөөрөлгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон байдаг. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг эрхэлж, хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан. Иймд үлдэх 18.211.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн анзын хэмжээ хэт их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар бууруулж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, С.Б иргэний үнэмлэхний лавлагаа, ************************ тоот эрэн сурвалжилж хаяг тогтоосон тухай албан бичиг зэргийг ирүүлжээ. /хх 2-10, 35/
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Э.У нь С.Б -т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6.792.000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 17.419.500 төгрөг нийт 24.211.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зээлд 6.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
2.худалдах худалдан авах гэрээний тухайд:
Нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр 2.400.000 төгрөг, алданги 4.332.000 төгрөг, нийт 6.792.000 төгрөг шаардсан.
2.1.Нэг талаас Э.У с, нөгөө талаас С.Б нар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тохирч, Худалдагч нь ******д үйлдвэрлэсэн ***** брэндийн бүрэн автомат угаалгын машиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нь үнэ 3.400.000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан өдрөө 1.000.000 төгрөг төлж, үлдэх 2.400.000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сард хэсэгчлэн төлөхөөр тохирч Хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулжээ.
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 4/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчид гэрээний зүйл болсон угаалгын машиныг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрөө хүлээлгэн өгч, хүлээн авсан үйл баримтад маргаагүй, түүнчлэн урьдчилгаа 1.000.000 төгрөг төлсөнд маргаагүй.
Иймд худалдсан хөрөнгийн үнийн үлдэгдэл болох 2.400.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
2.2.Худалдан авсан хөрөнгө биет байдлын доголдолтой байсан талаар хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарласан ч энэ талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар гомдлын шаардлага гаргаж байсан байдал тогтоогдоогүй.
Түүнчлэн хүлээн авсан хөрөнгө биет байдлын доголдолтой байсныг хариуцагч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Үүнээс гадна гэрээний 3-т угаалгын машиныг хүлээж авахдаа үйл ажиллагааг нь бүрэн шалгаж авах үүрэгтэй бөгөөд угаалгын машиныг шалгаж, хүлээн авч явснаас хойшхи асуудлыг худалдан авагч тал бүрэн хариуцна гэж тохирсон. Зохигчдын тайлбараар анхнаасаа талууд ашиглаж байсан хуучин хөрөнгийг худалдах худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан, хариуцагч өөрөө хөрөнгийг тээвэрлүүлсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2-т зааснаар эрсдэл худалдан авагч талд шилжсэн.
2.3.Талуудын хоорондох гэрээний 6-д хэрэв хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон, дээрх анзын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул шүүх энэ гэрээний алдангид 1.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
2.4.Хариуцагч татгалзлаа: Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэж худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч анз авах эрхээ алдсан гэж тайлбарласан ч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэргийн баримтаар нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн байдал тогтоогдоогүй.
Мөн анзын хэмжээ илт их тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгаж өгнө үү хэмээн тайлбарласан. Гэвч хэргийн баримтаар анзын хэмжээ хэт их гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Иймд худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 2.400.000 төгрөг, алданги 1.200.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
3.Зээлийн гэрээний үүргийн тухайд:
Нэхэмжлэгч үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 300.000 төгрөг, алданги 11.119.500 төгрөг, нийт 17.419.500 төгрөг гаргуулахаар шаардсан.
3.1.Э.У , С.Б нар 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 6.000.000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай шилжүүлэх, зээлдэгч 5 хувийн хүүтэйгээр 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буцаан төлөхөөр *** тоот гэрээг байгуулжээ. /хх 35/
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд хариуцагч тухайн өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 6.000.000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
3.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг С.Б -ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн****** дугаарт бүртгэлтэй, ********************* тоотод байрлах 240 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай хөрөнгөнөөс хангуулахаар тохирч барьцааны гэрээг байгуулсан, дээрх гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 6-9/
3.3.Зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг буцаан төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарласанд хариуцагч эсэргүүцэж маргаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх-ээр заасан тул нэхэмжлэгч зээлийг буцаан шаардах эрхтэй тул үндсэн зээл 6.000.000 төгрөг гаргуулна. Үүнд хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрсөн.
3.4.Түүнчлэн гэрээгээр 5 хувийн хүү-тэй байхаар заасан, энэ тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул зээлийн хүү 300.000 төгрөгийг гаргуулна.
3.5.Гэрээний 3.7-д хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон, уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Алдангийг зээл эргүүлж төлөх ёстой 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацаанд тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаас хэтэрч байх тул төлбөл зохих алдангид 3.000.000 төгрөг гаргуулна.
3.6.Хариуцагчаас зээлийн хүүгийн хэмжээ хэт их үндэслэлээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т зааснаар багасгах хүсэлт гаргасан.
Хэргийн баримтаар талууд зээлийн хүүгийн хэмжээг 5 хувь байхаар, гэрээний хугацаа 21 хоног байхаар тохиролцсон, дээрх хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн зээлдүүлэгч энэ төрлийн үйл ажиллагааг ашиг олох зорилгоор тогтмол эрхэлдэг байдал тогтоогдоогүй тул Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль зөрчсөн тухай хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 300.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
4.Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 12.900.000 /3.600.000+9.300.000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан С.Б-с 12.900.000 /арван хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.311.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279.007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 221.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ