2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00997

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03

191/ШШ2025/00997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ундраа, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ***************** тоотод оршин суух, Б овогт Э.Э /Регистрийн дугаар: *********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************** давхарт байрлах Х ,С ХХК /Регистрийн дугаар: *********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 950.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Х С ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 950.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.Э  би 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *******  байрлах Ж  төвөөр үйлчлүүлэхээр ирэхдээ тус төвийн ард байрлах босоо төмөр шонгуудтай зогсоолд ****УЕК L маркийн тээврийн хэрэгслээ байршуулчихдаг дотогш орж таазны гарниз авчхаад буцаад машиндаа суугаад машинаараа хойшоо ухартал Ж  төвийн авч хэрэгжүүлсэн стандартад нийцэхгүй зогсоолын шаардлага хангахгүй босоо шон (40-50 см өндөртэй)-г мөргөн шүргэж,  **** УЕК L тээврийн хэрэгслийн баруун урд крыло хонхойн зурагдаж, баруун урд хаалга хонхойж, будаг нь халцарч хөдлөх хөрөнгөөрөө хохирсон. Энэ тухай тус төвийн * давхарт гарч Х  ХХК-ийн оффист орж мэдэгдэхэд менежер ***** гэх дугаар өгсөн. ****** дугаарт залгаж танай зогсоолын төмөр шонд машинаа зураад эд хөрөнгөөрөө хохирчихлоо гэхэд арын эмнэлэг, барилгын ажилчид манай зогсоолд машинаа байршуулаад байхаар нь ийм төмөр шонгууд зоосон. Ямартай ч чиний талаар захиралдаа хэлж, хохирлын талаар мэдэгдье эд хөрөнгөөрөө хохирч байгаад чинь би ч гэсэн харамсаж байна гээд менежер нь дахиж надтай холбогдоогүй. Ингээд үнэлгээний К  ХХК-аар автомашин техникийн үнэлгээ хийлгэхэд 950.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон. Иймд стандарт бус зогсоолд төмөр шон байршуулж эд хөрөнгөнд минь хохирол учруулсан 950.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолд иж бүрэн гудамжинд хамаарах хотын стандартыг баталсан байдаг. Үүнд гудамж зам дээрх зогсоолд тавигдах шаардлага гэж байгаа бөгөөд тээврийн хэрэгсэл болон явган зорчигчид түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэсэн байгаа. Уг заалтыг зөрчиж, шонгууд байршуулсан байсан. Тухайн шон нь толинд харахад харагдах боломжгүй хэт намхан байсан. Би зогсоолд тавихдаа шонгуудыг хараагүй, шүргэхдээ л мэдсэн гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг нэхэмжлэгч өөрөө зөрчсөн. Тухайн үед шон байсныг харсаар байж, өөрөө аюулгүй байдлаа хангалгүйгээр хөдөлсөн учраас Х,С ХХК гэм буруугүй.

Нийтийн эзэмшлийн талбайн талаар зохицуулсан иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолыг тайлбарлаж байна. Хэрэгт баримтаар өгсөн кадастрын зургаас харахад уг талбай нь нийтийн эзэмшлийнх бус, Х,С ХХК-ийн эзэмшлийн талбай байгаа. Мөн тухайн шон нь 80 см өндөр шон байгаа. Жолооч түүнийг хараад орсон байх ёстой, харахгүй хөдөлнө гэдэг нь дээр дурдсан дүрмийг зөрчиж байна. Иймээс жолоочийн өөрийнх нь ур чадвар, сонор сэрэмжгүй, хариуцлагагүй байдлаас болсон. Тухайн зогсоол албан ёсоор машин зогсоогоод, төлбөр авдаг зогсоол биш, компанийн ажилчдын машинаа тавьдаг зогсоол байгаа. Нийтийн эзэмшлийн талбайд шон байрлуулж тавьчхаад байгаа зүйл биш, манай компанийн өөрийн эзэмшлийн талбай байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч өөрөө мөргөсөн, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, **** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн лавлагаа, К ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээний тайлан, гэрэл зургууд зэргийн ирүүлжээ./хх 2-9/

Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэргийг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Э  нь хариуцагч Х,С ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 950.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2.Нэхэмжлэгч үндэслэлээ: нийтийн эзэмшлийн талбайн зогсоолд стандарт бус төмөр шон байршуулснаас тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч өөрөө тээврийн хэрэгслийг зогсоолд тавихдаа мөргөөгүй хэр нь гарахдаа мөргөж замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, өөрийн эзэмшлийн талбайд ажилчдын зогсоол хийсэн тул нийтийн эзэмшлийн талбайн талаарх журам хамаарахгүй, байршуулсан шон стандартын дагуу гэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

 

3.Зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр С дүүрэг, ** дугаар хороо, ******* төвийн гадаах ил зогсоолд тавьсан тээврийн хэрэгслээ ухрааж гаргахдаа уг зогсоолд байршуулсан шонг мөргөсөн, улмаар тээврийн хэрэгсэлд 950.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтад маргаагүй. /хх 5, 6-9/

3.2.Жоби худалдааны төв нь хариуцагч Х,С ХХК-ийнх, **** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э.Э  болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон. /хх 4, 30-32/

 

4.Дээрх үйл баримтад зохигчид маргаагүй, харин гэм бурууд маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардахын тулд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон ч хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж хохирол учирсан, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх боломжгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.1.Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасан.

Нэхэмжлэгч зогсоолоос хөдлөх үйлдэл хийхдээ тухайн зогсоолд газартай хөдөлгөөнгүй бэхэлж байршуулсан шонг мөргөсөн үйлдэл гаргасан нь жолоочийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг баримтлаагүй өөрийн буруутай үйлдэл гэж үзнэ.

4.2.Нэхэмжлэгч үндэслэлээ: стандартад нийцэхгүй шонг нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан гэж тайлбарласан. Харин хариуцагчаас маргаанд хамаарах зогсоол нийтийн эзэмшлийн талбайд хамаарахгүй, тус компанийн эзэмшилд багтдаг гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтаар Х,С ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн **** тоот захирамжаар  **** дүүргийн ** дугаар хороо, ******  газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургаар тогтоогдсон.

Харин маргаанд хамаарах зогсоол нийтийн эзэмшлийн талбайд багтах болохыг, түүнчлэн зогсоолд байршуулсан төмөр шон холбогдох стандартад нийцээгүй болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болоод шүүх хуралдааны явцад шүүхэд аливаа санал хүсэлтийг гаргаагүй.

Иймд нэхэмжлэгч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1, 502 дугаар зүйлийн 502.1-д зааснаар гэм буруугүй байсан ч хариуцлага хүлээх хуульд заасан гэс хорын тусгай төрлөөр шаардах эрх хэргийн баримтаар үүсээгүйг дурдав.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч өөрийн хэт болгоомжгүй үйлдлийн улмаас зогсоолоос ухарч гарах үйлдэл хийхдээ газарт байршуулсан шонг шүргэж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. зааснаар хариуцагч хариуцлагаас чөлөөлөгдөнө.

5.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч өөрөө буруутай хэмээн дүгнэсэн дүгнэлт дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцэж байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Х,С ХХК-иас 950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Б.УНДРАА

 

С.ХИШИГБАТ