Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/05

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/05                           Өвөрхангай аймаг

 

П.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                Прокурор Л.Галбадрах  

Шүүгдэгч П.О

                                                Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр П.О-т холбогдох эрүүгийн 2326002110227  тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн .... суманд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ..... сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл ..., аав, ... хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын ... дүгээр баг .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн,  П.О

П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төв дотроос гээгдэл эд зүйл болох хохирогч Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны картыг авч, түүний ******* тоот дугаарын данснаас өөрийн ******* тоот дугаарын данс руу 2300000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: П.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  34.14  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Өндөр овгийн П.О-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Өндөр овгийн П.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.О-т мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгчид  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Гд 2,300,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэг бүхий DVD1 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн “Арвин худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

              Шүүгдэгч П.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар иргэн Д.Г-ийн картнаас 2300000 төгрөг авсан хэргээр 2 сарын зорчих хэргийг хязгаарлах ял авсан. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч ойлгон, дахин ийм хэрэг үйлдэхгүй, иргэн Д.Г-ийн хохирлыг барагдуулсан тул миний хийсэн хэргийг дахин шүүж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагч болон өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтүүд үндэслэлгүй байх тул зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийсэн.

Шийтгэх тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төвийн орчмоос хохирогч Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны картыг олж авч, улмаар түүний 5555114141 тоот дугаарын данснаас өөрийн ******* тоот дугаарын данс руу 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/-н төгрөгийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үйл баримтыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бус аргаар авч байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байгаа талаар шийтгэх тогтоолд дурдсан.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай зорилгоор, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснийг ойлгохоор хуульчилсан.

Завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно гэж томьёолсон.

П.Онь шунахайн сэдлээр Д.Г-ийн Хаан банкны харилцах 5555114141 тоот дугаарын данстай виза картыг ашиглан цахим тооцооллын суурь боломжид тулгуурлан боловсруулсан автомат системд хандалт хийж түүний мөнгөн хөрөнгө болох 2,300,000 төгрөгийг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр, нууцаар,  хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн хаан банкин дахь харилцах ******* тоот дансанд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Анхан шатны шүүхээс ... 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төвийн лангуун дээр байсан гээгдэл эд зүйл болсон Д.Г-ийн эзэмшлийн картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, тус сумын 5 дугаар багт байрлах “Баку” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд уг картыг уншуулж, 2,300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах ******* тоот дугаарын дансанд шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн мөртлөө эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүх нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтуудаар тодорхойлогдсон хэргийн үйл баримтаас өөр байдлаар дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа буюу гэмт этгээдэд хохирогчийн эд хөрөнгө хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг. Өөрөөр хэлбэл хохирогчийн эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжсэний дараа эд хөрөнгийг завших санаа бий болж хэрэгждэг ойлголт юм.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Улсын яллагч Ц.Нэргүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан шүүгдэгч П.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтүүдийг үндэслэлгүй байна” гэж үзлээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй болохыг дурдаж яллах дүгнэлт үйлдсэн байхад ямар нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй, дүгнэлт хийгээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхэдтэйгээ хотоос ирээд удаагүй байсан ба 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Арвин” худалдааны төвийн үүднээс карт олж, АТМ дээр очин картыг хийж дөрвөн удаа 0 гэсэн пин код хийхэд мөн байж таараад мөнгийг нь авсан. Миний бие бага ангийн багш мэргэжилтэй, өөрийн алдаа дутагдлыг ухаарч, Д.Гтой ярьж хохирлыг нь барагдуулсан, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Бага ангийн багш учраас хөдөө, орон нутагт сургалтаар их явдаг. Сар бүрийн цалингаасаа оногдуулсан торгуулийг төлж барагдуулах болно. Тийм учраас надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокуророос П.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзсэн. Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд яллах дүгнэлтийг үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад буюу анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг болж талаар дүгнэлт хийж байгаагүй. Дүгнэлттэй холбогдуулж улсын яллагч болон яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлүүд байна. П.Онь шунахайн сэдэлтэйгээр Д.Г-ийн “Хаан банк” дахь харилцах 555511413114 тоот дугаартай виза картыг ашиглан цахим тоолуур тооцооллын суурь боломжид тулгуурлан боловсруулсан автомат системд хандалт хийж түүний мөнгөн хөрөнгө болох  2,300,000 төгрөгийг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр нууцаар хүч хэрэглэхгүйгээр өөрийн “Хаан банк”-ны харилцах 5547078625 тоот дансанд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Тухайн карт нь Д.Г гэх хүний эзэмшил байсан мөн карт дотор байгаа мөнгө нь хохирогчийн мөнгөн хөрөнгө байсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч П.О-ийн гомдол болон  прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төв дотроос гээгдэл эд зүйл болох хохирогч Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны картыг авч, түүний ******* тоот дугаарын данснаас өөрийн ******* тоот дугаарын данс руу 2300000 төгрөгийг авсан болох нь хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хайрхандулаан сумаас аймгийн төвд ирээд хүнс барааны захын “Арвин” худалдааны төв рүү орж хүнс авчихаад картаараа тооцоогоо хийсэн. Тэгээд маргааш өглөө буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өглөө сум руу орж утсаа цэнэглэчихээд Хаан банк орж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд банкны ажилчнаар шалгуултал 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг ******* тоот дугаарын данс руу шилжүүлсэн байсан гэж хэлсэн. Картны нууц кодыг манай хүү Сосорбурам мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Тухайн үед би хүүтэйгээ уулзалдаагүй. Би хамгийн сүүлд Арвин худалдааны төвөөс 10,400 төгрөгийн гүйлгээ хийсэн. Миний 86224916 дугаартай утсанд мэдээлэл ирдэг. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),

Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Оюундэлгэр гэдэг хүнийг мэднэ. Би энэ хүнтэй багын найзууд, 10 жилийн нэг анги, байнгын холбоотой байдаг. Энэ хүн Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд бага ангийн багш ажилтай. Миний 5545063861 тоот дугаарын дансанд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 53 минутад ******* тоот данснаас 500,000 төгрөг орсон. Уг гүйлгээг над руу иргэн Оюундэлгэр гэдэг хүн шилжүүлсэн. Ямар учиртай шилжүүлсэн гэхээр би өмнө нь мөнгө зээлээд тэр мөнгөө буцаан авч байгаа хэлбэр юм. Би Оюундэлгэрт 2023 оны 01 дүгээр сард мөнгө зээлсэн. Тэгээд энэ оны 05 дугаар сард буцаан өгсөн. Би мөнгө зээлэхдээ өөрийнхөө Хаан банкны данснаас явуулсан. ” гэх мэдүүлэг (хх-ийн 53 хуудас),

Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.Огэх хүн миний төрсөн ээж байгаа юм. Би 5037798680 дугаарын дансыг 2022 онд нээж одоог хүртэл ашиглаж байна. Миний хаан банкны 5037798680 тоот дугаарын дансанд ээж П.Оийн ******* тоот данснаас тухайн үед 150,000 төгрөг шилжиж орж ирсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 57 хуудас),

           Хаан банкны Өвөрхангай зээлийн багц хариуцсан менежерийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/225 дугаартай “П.О нь Хаан банкид ******* тоот данстай, Өвөрхангай аймаг, Гучин-Ус сум 4-р баг Аргуйт тоот. Утас ..., .... байна. ******* тоот дансны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэлх хуулгыг хүргүүлж байна.” гэх албан бичиг (хх-ийн 14 хуудас),

Шүүгдэгч П.О-ийн Хаан банканд эзэмшдэг ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй “№ 20, гүйлгээний огноо: 05/30/2023, салбар код: 5540, журнал № 30950687, харьцсан данс: *******, цаг: 17:23, хуулгын агуулга: TRF=005044929372-*********XX2104-ATM1044>Uvurkhan 1, орлого 2,300,000, үлдэгдэл 2,323,058.41” гэх хуулга  (хх-ийн 15 хуудас),

Хаан банкны Өвөрхангай зээлийн багц хариуцсан менежерийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/227 дугаартай TRF=005044929372-XX2104-ATM1044-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 23 минутын дүрс бичлэг, АТМ байршил хүргүүлэв. “Өвөрхангай 3.3. UVH Baku HUT H3 7500, 5540, 16044, ATM1044, Өвөрхангай аймаг Арвайхээр сум 5-р баг Төв бараан зах Баку худалдааны төв” гэсэн албан бичиг (хх-ийн 18 хуудас) болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  34.14  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Өндөр овгийн П.О-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Өндөр овгийн П.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ.

Прокуророос давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүх П.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй болохыг дурдаж яллах дүгнэлт үйлдсэн байхад ямар нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй, дүгнэлт хийгээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү... гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс П.О-т холбогдох хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж дүгнэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Хулгайлах гэмт хэрэг гэж шунахай сэдэлт, санаа зорилгоор  бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хүч хэрэглэхгүйгээр, өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, эсхүл захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгодог бол гээгдэл эд хөрөнгө завших гэдгийг бусдын эд хөрөнгийг өөртөө олж авахын тулд  идэвхтэй үйлдэл хийгээгүй ч өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэл зорилгоос үл хамааран хайхрамж, болгоомжгүйгээс хаяж гээгдүүлсэн эд зүйлийг олж авсны дараа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч  хэн болох нь мэдэгдэхгүй байгааг далимдуулан бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, тухайн эд хөрөнгийг завших шунахай сэдэлт төрж, өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран  зарцуулж шамшигдуулсан шууд санаатай үйлдлийг ойлгохоор хуульчлагдсан.

Бусдын эд хөрөнгө хулгайлах, гээгдэл эд хөрөнгө завших зүйл ангиуд нь  бусдын эд хөрөнгийг өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байдгаараа ижил төстэй боловч, бусдын эд хөрөнгийг олж авч байгаа арга хэлбэр, шунахай сэдэлт, санаа зорилго хэзээ үүсэж байгаа цаг хугацаагаараа ялгаатай байдаг.

Шүүгдэгч П.О нь  2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 10 минутаас 17 цаг 14 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт ордог хаалганы дэргэдэх гоо сайхны барааны ногоон өнгийн лангуун дээр байсан гээгдэл эд зүйл болох Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 23 минутад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Төв барааны захад үйл ажиллагаа явуулдаг “Баку” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд /АТМ/ тус картыг уншуулан 2300000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг ******* тоот дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.  

Үүнээс дүгнэж үзэхэд шүүгдэгч П.О нь иргэн Д.Г-ийн Хаан банкны картыг өөртөө олж авахын тулд  идэвхтэй үйлдэл хийгээгүй ч хохирогчийн хүсэл зорилгоос үл хамааран хайхрамж, болгоомжгүйгээс хаяж гээгдүүлсэн Хаан банкны картыг олж авсны дараа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч хэн болох нь мэдэгдэхгүй байгааг далимдуулан бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, тухайн эд хөрөнгийг завших гэсэн  шунахай сэдэлт төрж, өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил нууц үгийг ашиглан Хаан банкны картад байсан 2300000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ  захиран зарцуулж шамшигдуулсан шууд санаатай үйлдэл нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Мөн шүүгдэгч П.О-ээс ... Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч ойлгон, дахин ийм хэрэг үйлдэхгүй. Иргэн Д.Г-ийн хохирлыг барагдуулсан тул миний хийсэн хэргийг дахин шүүж, ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зааснаас анхан шатны шүүх шүүгдэгч П.О-т зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, түүнд хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч П.О-ийн гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.