Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 1806 0000 10164 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй. бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн т харуул ажилтай байсан, одоогоор ам бүл 3. эхнэр охиний хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Д А, регистрийн дугаар.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч: Д.А нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Усан сангийн 2-12 тоотод 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн А.Жавхланг нь зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Жавхлангийн мэдүүлэг /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, яллагдагч Д.Агийн мэдүүлэг /хх- 25/, шүүгдэгч Д.Аий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/, шүүгдэгч Д.Аий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Усан сангийн 2-12 тоотод 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн А.Жавхланг нь зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Жавхлангийн өгсөн "... Миний ажлын байр луу буюу цэцэрлэгийн гал тогоо руу Амартүвшин нарийн төмөр гартаа барьж орж ирсэн. Тэгээд намайг үгийн зөрүүгүй баруун өвдөг рүү маань нэг удаа цохисон. Яаж байгаа юм гэхэд чи намайг галын дэгээ төмөрөөр цохьсон одоо би чамайг цохино гээд цохисон. Өвдөг хавдаж улайгаад нугаларч болохгүй эмзэглэлтэй болсон." /хх-14/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Агийн өгсөн "... Би араас нь ажил дээр очоод эхнэрийн байгаа гал тогтооны өрөө рүү нь очиж үүдэнд нь байсан төмөр иштэй шүүрний ишийг нь мулталж аваад Жавхлангийн баруун өвдөг рүү нэг удаа цохисон." гэх мэдүүлэг /хх-25/.” гэх мэдүүлэг,     

 Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 125 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1. А.Жавхлангийн биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдээс баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь мохоо зүйлийн, зүүн хацрын түлэгдэлт нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэн.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хцгацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-18/,

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/,

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон

прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.А нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирогч А.Жавхлан нь шүүгдэгч Д.Ад гомдол, саналгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

         Шүүхээс шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Боржигон овгийн Дын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Аийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.А нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

           6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж

заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС