Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Уянга,   

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Шүүгдэгч М.Ө, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Мягмаржавын Өнөрсайхан, Цэнд овогт Бямбаагийн Даваасамбуу нарт холбогдох эрүүгийн 1706 0402 60258 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран Уулын Ар 3-33 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт М.Ө /регистрийн дугаар /,

     Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин, мэргэн буудаг мэргэжилтэй, ял шийтгэлгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 4-1648 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Цэнд овогт Б.Д, /регистрийн дугаар /.

 

     Үйлдсэн хэргийн талаар:

М.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрс зардаг газарт иргэн Б.Дтай маргалдан зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Б.Д нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  нүүрс зардаг газарт иргэн М.Өтай маргалдан зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                             /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Ө, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох эрүүгийн 1706 0402 60258 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад М.Ө Б.Д нар нь харилцан зодолдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Б.Дгийн мөрдөн байцаалтын шатан хохирогчоор өгсөн:

“Би Өнөрөө гэх хүнээс мөнгө авах ёстой байсан. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим БЗД-ийн 21 хороооны урд нүүрс, түлээ зардаг хашаанд буюу Өнөрөөгийн ажил дээр очсон. Тэгээд би Өнөрөөтэй уулзаж мөнгөнн асуухад “чи муу утасны цаанаас юу гэдэг гэнээ” гээд босоод ирэхээр нь би мөнгөө авъя гэж хэлсэн чинь намайг бариад авсан. Тэгээ Өнөрөө намайг боож унагаасан. Өнөрөөтэй хамт байсан нэг өндөр залуу намайг ямар ч хөдөлгөөнгүй тэвэрч байсан. Тэгж байхад Өнөрөө намайг баруун хөл рүү цохисон, толгой руу гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 281 дугаартай:

“Б.Дгийн биед нуруунд зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 13/

 

М.Өы мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн:

“2017 оны 06 дугаар сард Даваасамбуу надаас Ниссан Икс-терра гэдэг машиныг худалдаж аваад тооцоо дууссан. 5 сарын дараа надаас авсан машин нь доголдоод эвдрээд болохоо байчихлаа та зараад өгөөчээ гэж Даваасамбуу надад хандсан. Тэгэхээр нь би тэр машиныг нь өөрийнхөө зардлаар засуулахаар засварын газарт өгсөн... Энэ маргаан үүсэх шалтгаан нь машины мөнгийг гаргаж өгөөч гэж Даваасамбуу надаас шахаж эхэлэн. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Даваасамбуугийн эхнэр нь надруу утсаар яриад чи мөнгө гаргаж өг лдөө гэхээр нь би “та нарт ингэж шахаанд орох үндэслэл байхгүй шдээ, өөрийнхөө мөнгөөр засварын газарт машиныг засуулж мөнгийг гаргаж өгөх гэж байна шүү дээ” гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэр өдрийн орой 21-22 цагийн үед нөхөр Даваасамбуу нь халамцуу миний ажиллуулдаг нүүрс зардаг цэгт орж ирээд Өнөрөө ахаа юу болсон бэ, мөнгөө авъяаа гэхээр нь “би та нарт би ингэж шахаанд орох ёсгүй, машин тэргийг чинь зарчихсан биш, өөрийнхөө мөнгөөр засварыг хийлгээд байж байхад чинь” гэж хэлээд би босч ирэхэд Даваасамбуу намайг барьж аваад мөргөх гэхээр нь би бултсан. Тэгээд бид 2 барьцалдаад, зууралдаад дээр доороо ороод бие биенийхээ үснээсээ зулгаалцаад энэ байдал бараг 10 минут үргэлжилсэн. Тэр үед эхнэр утсаараа цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3077 дугаартай:

“М.Өы биед эрүүний баруун хэсэг, хамрын үзүүр, уруулын дээд хэсэгт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалгид нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Гэрч Э.Энхцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 12 дугаар сарын 15-ны орой зэргэлдээ хашааны Өнөрийн эхнэр Гэрэлмаа над руу 96664151 гэсэн дугаараас залгаад “гялс манайд ороод ир” гэж хэлээд утсаа тасалсан... Тэгээд би гэрт нь яваад ортол Өнөрөө үл таних залуугийн доор нь орцон ноцолдоод зодолдоод байсан. Би тэр хоёрыг хараад үл таних залууг Өнөрийн дээр гарсан байхад нь салгаад гэрээс нь авч гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

Гэрч С.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БЗД-ийн 21-р хорооны нутагт байрлах нүүрс түлээ зардаг хашаанд байрлах амбаарт Даваасамбуу архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгээд шууд мөнгөө авъя гэж орилоод ороод ирсэн. Манай нөхөр Өнөрсайхан өөдөөс нь босоод машиныг чинь засварт өгчихсөн байгаа гэж яриад тэр 2 барьцалдаад Даваасамбуу манай нөхөрийг мөргөх гэхэд тэр бултчихсан. Тэр 2 жижигхэн амбаарт дээр доороод ороод нэг нэгнийхээ үсийг зулгаачихсан ноцолдоод байсан. Би гүйж гараад цагдаа дуудаад, хажуу айлын залуу Энхцэрэнг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

 

М.Өы шүүх хуралдаанд өгсөн:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Даваасамбуутай эвлэрч учир зүйгээ олсон. Дахин ийм байдал гаргахгүй, гэмт хэрэгт холбогдохгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэх мэдүүлэг,

 

Б.Дгийн шүүх хуралдаанд өгсөн:

Өнөрсайхантай эвлэрсэн. Яриалцаад шийдэх зүйлийг ийм байдалд хүрэгсэнд харамсаж байгаа. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

 

-зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-М.Ө иргэний үнэмлэхийн хуулбар, цагдаагийн хайлтын системд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх-ийн 23-26/,

-М.Өы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

-Б.Дгийн Цагдаагийн байгуулагад гаргасан өргөдөл /хх-ийн 04/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

    

Шүүгдэгч нар нь гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Ө, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч М.Ө, Б.Д нар нь харилцан зодолдсон, үүний улмаас тэдний биед хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч М.Ө, Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарт харилцан хөнгөн гэмтэл учирсан бөгөөд үүний улмаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Харчин овогт М.Ө, Цэнд овогт Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө, Б.Д нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө, Б.Д нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ө, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.            

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.БААСАНБАТ