Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                   Прокурор Ц.Эрдэнэбат /цахимаар/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал

  Шүүгдэгч Б.А  

                                                   Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.А-д холбогдох эрүүгийн *** тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл-5, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** баг, *** айлын орон сууц *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** овгийн Б.А /РД: ***/ 

Б.А нь 2022 оны зун Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогч болсон А.М-тай 2022 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн *** сумын *** гэх газарт, 2022 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын үед *** суманд, 2023 оны 01 дүгээр сард *** суманд нийтдээ 3-н удаа уулзаж хэргийн бодит нөхцөл байдлаас эсэргээр зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн хүсэлтийг бичүүлж авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориудаар саад учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** овгийн Б.А-ыг цагаатган, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Эрдэнэбат би 2327000000046 дугаартай Б.А-д холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаартай цагаатгах тогтоолоор Б.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Цагаатгах тогтоолыг хүлээн авч танилцахад цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Анхан шатны шүүх хохирогч А.М нь шүүгдэгч Б.А-тай 3-н удаа уулзсан нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн. Харин өмгөөлөгч Б.А-ын ятгасны улмаас хэнд холбогдох эрүүгийн хэрэгт А.М нь хохирогч эсхүл гэрчээр худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, А.М худал мэдүүлэг өгч шүүхээр шийтгүүлсэн болох нь тогтоогдоогүй.

Өмгөөлөгч Г.Гандөшөөс Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтийн хуулбар, *** дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийн хуулбар зэргийг мөрдөгчөөс хүлээн авч тэмдэглэл үйлдсэн нь хаанаас ямар хэргээс хуулбарлаж хуулбар үнэн дардас дарсан нь тодорхойгүй, ойлгомжгүй, худал мэдүүлэг өгүүлэхээр хүсэлт бичүүлж авсан гэх боловч хүсэлтээ В.Т-ын гэх эрүүгийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн эсэх, хэн гэж хүн ямар хэрэгт шүүхээр шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй, хохирогч А.М, гэрч Б.А нарын мэдүүлэг зөрүүтэй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориудаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр Б.А-ыг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэл нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Үүнд: хохирогч А.М хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо ямар хэргийн хохирогч болсон улмаар өмгөөлөгч Б.А-тай хэдэн удаа хаана ямар шалтгаанаар уулзсан талаар тодорхой мэдүүлсэн. Шүүх хохирогчийн мэдүүлгээс шүүгдэгчтэй 3-н удаа уулзсан гэдгийг нь нотлох баримтаар үнэлээд бусад хэсгийг нь үнэлээгүй, яагаад  үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй.

Гэрч Д.А, А.А нарын мэдүүлгээс Д.А-ийн ...А.М-ын ээж Д.А манай өрөөнд бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэх утга бүхий хүсэлт бичиж орж ирсэн... гэх мэдүүлэг, А.А-ын ...өмгөөлөгч Б.А 3-н удаа хүсэлт бичүүлж авсан гэж ярьсан, миний шалгасан хэрэгт хүсэлт нь байхгүй гэх мэдүүлгийг хэсгийг үнэлсэн байна. Гэтэл хэрэгт гэрч А.А-ын ...Сүүлд хэргийн материал танилцуулах үед мэдүүлэг авах өрөөний ширээн дээр байдаг өмгөөлөгч нарын зурагтай танилцуулга хохирогч А.М хараад Б.А гэх өмгөөлөгчийг заагаад энэ эмэгтэй 2022 оны зун 3-н удаа ирж манай гэр бүлийн гишүүдтэй болон холбогдогч талын хүмүүстэй уулзсан намайг Тт хайртай гэж хэл тэгэх юм бол гайгүй өнгөрнө чи мэдүүлгээс буцах юм бол үсрээд л торгуулах байх гэх мэтээр нөлөөлж цаас бал өгөөд өргөдөл хүсэлт бичүүлж аваад байдаг байсан. ... Хохирогч өөрөө бол би огт юм санахгүй согтсон байсан. Т-тай үерхсэн хайртай дотно гэх зүйл огт байхгүй гэдгээ үнэн зөв хэлж өгсөн... гэх мэдүүлэг байдаг. Үүнийг шүүх яагаад үнэлээгүй талаар тодорхой тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэх,

Хохирогч А.М-ын ...өмгөөлөгч Б.А-тай 3-н удаа уулзахдаа 2 удаад нь ээжийн хамт уулзсан... гэх мэдүүлэг, гэрч Б.А-ийн ...өмнө нь тааралдаж байгаагүй, цагдаа дээр тааралдаж цайны газарт очиж уулзсан дахиж уулзаагүй... гэх мэдүүлэг хоорондоо зөрүүтэй гэж дүгнэсэн боловч дээрх гурван удаагийн уулзалтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар маргадаггүй, шүүх бас үнэлсэн байдаг. Шүүх мэдүүлгэн нотлох баримтуудаас цагаатгах үндэслэл болсон хэсгээ дурдаж тайлбарласан байна. Харин дээр дурдсан шүүгдэгчийн гэм бурууг нотлох чиг үүрэг бүхий мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл мэдүүлгэн нотлох баримтын хэрэгт ач холбогдол бүхий хэсгийг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А-аас Б.Т, Б.Э нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тэрээр гэрээний дагуу төлбөрийг хүлээн авсан баримт ч хэрэгт байдаг. Түүнчлэн шүүгдэгчээс ямар хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байснаа ч тодорхой мэдүүлдэг. Шүүгдэгч Б.А өмгөөллийн үйл ажиллагаа явуулснаа шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг ба өөрөө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн нь хэргийн оролцогч нар болох А.М, Б.Т. Б.Э нартай уулзсаныг давхар илэрхий нотолдог. Хэргийн оролцогч буюу шүүгдэгч, хохирогч нартай уулзах, зөвлөгөө өгөх нь ялангуяа шүүн таслах ажиллагаанд оролцох эрхтэй субъект буюу өмгөөлөгчийн хувьд хориглосон үйлдэл юм. Тийм учраас Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өмгөөлөгч гэдэг нэршлээр нь хууль тогтоогчоос хуульчилсан. Энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шүүхээс түүнийг цагаатгасан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн шинжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал, цагаатгах тогтоолд ... хэнд холбогдох эрүүгийн хэрэгт А.М хохирогчоор ... худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна... гэсэн нь уг зүйлийн хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх шинжээс өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан” гэх шинж байхгүй. Яллах дүгнэлтэд ийм байдлаар ташаа бичигдсэн байдлыг анхан шатны шүүх засаж зөвтгөхгүйгээр тухайн дурдсан буруу шинжээр хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байдалтай байсан. Миний хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар хэлсэн. Би ямар нэгэн байдлаар худал мэдүүлэг өг гэж ятгасан зүйл байхгүй. Миний хардаж байгаа зүйл нь хохирогч, шүүгдэгч нарын хоёр талын ээж нь ойр дотно хүмүүс байдаг. Би өмгөөлөгчөөр ажиллаад удаагүй, хүний эрхийн чиглэлээр олон жил ажилласан. Миний туршлагагүй, хүнд итгэмтгий байдлыг минь ашиглаад тэд нарын ярьж байгаа зүйлд нь итгэсэн итгэл дээр суурилж гуйвуулж албаар тэгсэн. Энэ хүмүүс угаасаа худлаа ярьж байгаа учраас мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, авцалдахгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд зарим тохиолдолд гүтгэж, ярьсан зүйлийг үгүйсгэсэн зүйл харагдаж байсан. А.М нь Д гэх хүн ингэж мэдүүлэг өг гэж ятгасан гэх зүйлийг ярьдаг. Аль аль нь намайг гүтгэсэн байдалтай гэж харж байна. А.М хүсэлт бичүүлсэн гээд байгаа. А-ийн мэдүүлгээр өөр хүн хүсэлт барьж явж байсан гэдэг. Сүүлд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт А.М-тай хамт явж байсан гэдэг. Өөрсдөө тэр хүсэлтээ барьж явж байсан. Би ямар нэгэн байдлаар ятгасан зүйл байхгүй. Б.Т, А.М нарт би гомдохгүй байна. Энд олон хүмүүсийн ятгалганд орж намайг гүтгэж, өөрсдийнхөө хийсэн зүйлийг намайг хийсэн болгож гуйвуулж байгаа нь өөрсдөө хэргээс мултрах гэсэн санаа байх гэж бодож байна. Би ямар нэгэн байдлаар тийм зүйл хийгээгүй. Би үнэнээр л явсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Мөн хэрэгт ямар нэгэн баримтаар нотлогдсон зүйл байхгүй учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн, хуулийг зөв хэрэглэж үндэслэл бүхий цагаатгах тогтоолыг гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэрч, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үйл баримт дээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор нотлох үүргийг хүлээж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэнд холбогдох хэрэгт А.М нь гэрч, хохирогчоор тогтоогдсон эсэхийг шалгаж тогтоогоогүй. Мөн ямар хэрэгт хэн гэх хүн татагдаж шалгагдсан гэх үйл баримтыг нотлох баримтаар тогтоогоогүй. Талуудын мэтгэлцэх тэгш эрхийн зарчмын хүрээнд тодорхой үйл баримтаар нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж ярих гэхээр яг ямар хэрэг дээр хэн гэрч, хохирогчоор мэдүүлэг өгсөн гэдгийг нотлох баримтаар тооцсон баримт байхгүй, ойлгомжгүй байсан. Одоо ч гэсэн энэ талаарх баримт байхгүй. Г.Гандөш гэх иргэн гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг гаргаад А.М-ын хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогч гэдгийг тодорхой зааж өгсөн. Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл хэлэлцэж байгаа *** дугаартай хэрэгт хэн хохирсон нь тодорхойгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хохирогчтой ч юм шиг, хохирогчгүй ч юм шиг нөхцөл байдал байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг үндэслэлгүй тогтоосон нөхцөл байдал байдаг. Буруу тогтоогдсон хохирогчийн мэдүүлгийг үнэлэх болсон. Хэрэгт авагдсан гэрч Д.А, хохирогч А.М нарын мэдүүлэг нь хэргийн цаг хугацаа, 3-н удаа уулзсан гэх талаар зөрүүтэй. Прокуророос Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэх нөхцөл байдал байсан. Яллах дүгнэлтэд дурдагдсанаар хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн хүсэлтийг бичүүлж буюу идэвхтэй үйлдлийн талаар дурдаж оруулж ирсэн. Гэтэл хохирогчийн өмгөөлөгчөөс дээрх баримтыг гаргуулж өгсөн гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт зааснаар нотлох баримтыг хэн яаж бүрдүүлэх талаар тодорхой тусгасан. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баримтыг гаргаж өгөх эрх, үүрэг байхгүй. Дээрх эрхийг мөрдөгч, прокурор хэрэгжүүлнэ. Мөрдөгчөөс прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баримтад хуулбар үнэн тэмдэг даруулж хэрэгт хавсаргаж байж нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг. Дээр дурсан нотлох баримтыг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөгч хүлээж авчихаад 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуулбар үнэн дарсан гэх асуудал ч эргэлзээ төрүүлдэг. Үүнийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй, мөн хохирогчийн мэдүүлэг нь хаанаас гарч ирсэн, хэнд холбогдох хэргээс хуулбарласан болох нь ойлгомжгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдал дээр анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлд заасан шийдвэрийн бүтэц, агуулгын бүгдийг нь хангасан. Уг шийдвэрт нотлох баримтуудыг дурдсан, прокурорын яллах нотлох баримтуудыг үгүйсгэсэн, мөн Эрүүгийн хуулийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарыг хийсэн.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлд заасан хууль зүйн шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч болон хохирогч нарыг гурван удаа уулзсан гэдгийг үнэлдэг. Гэхдээ дээрх үйл баримтыг үнэлсэн хэрнээ хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан бусад нөхцөл байдлуудыг үнэлээгүй. Яагаад үнэлээгүй талаараа тогтоолдоо дүгнэлт хийгээгүй. Гэрч А, А нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан бөгөөд шүүх холбогдох хэсгийг үнэлдэг хэрнээ мөн бусад хэсгийг үнэлээгүй. Үүнд мөн адил ямар үндэслэлээр үнэлээгүй талаар тайлбар, дүгнэлт хийгээгүй нөхцөл байдлууд байдаг. Хохирогч А.М-ын Б.А-тай 3-н удаа уулзсан, 2 дахь удаад нь ээжтэйгээ хамт уулзсан гэх мэдүүлэг, гэрч Д.А-ийн өмнө нь тааралдаж байгаагүй, цагдаа дээр анх тааралдаж байсан. Тэгээд цайны газарт очиж уулзсан гэх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй гэж дүгнэсэн. Гэхдээ өмнө нь 3-н удаа уулзсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар тайлбарлаж, шүүхээс мөн ингэж үнэлсэн. Хэрэгт авагдсан эдгээр мэдүүлгийг нотлох баримтуудаас цагаатгах хэсгийг тодорхой дурдаж, тайлбарласан. Харин шүүгдэгчийн гэм бурууг нотлох чиг үүрэг бүхий яллах талын баримт болох хохирогчийн мэдүүлгийг үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байдаг. Анхан шатны шүүхээс уг хохирогчийн мэдүүлгийн энэ хэсгийг дүгнээгүй гэдэг талаараа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Цагаатгах тогтоол гарсан учир үгүйсгэсэн гэж ойлгож байгаа ч үгүйсгэсэн талаар тогтоолд тодорхой заагаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А нь Б.Т, Б.Э нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан гэж гэрээг нотлох баримтаар гаргаж өгдөг. Мөн хэрэгт шүүгдэгч Б.А-ын дансны хуулга авагдсан. Уг дансны хуулгаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг шилжүүлэн авсан нөхцөл байдал харагддаг. Мөн дээрээс нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс хууль зүйн туслалцаа үзүүлсэн талаараа хэлдэг. Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө биш хууль зүйн туслалцаа буюу өмгөөлөгчийн гэрээ байгуулж гэрээ байгуулсан талаараа тодорхой мэдүүлдэг. Энэ талаар хохирогч талаас мөн адил тодорхой мэдүүлдэг. Энэ мэдүүлэгтээ хэдэн удаа уулзсан, ямар байдалтай уулзсан, хаана уулзсан, уулзаад юу ярьсан гэдгийг тодорхой тайлбарладаг. Өмгөөлөгчийн тухайд ажил мэргэжлийн тусгай онцлогтой. Тийм ч учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өмгөөлөгч гэдэг нэршлээр хууль тогтоогчоос хуульчилсан байдаг. Энэ нөхцөл байдлуудыг шүүхээс анхаарч үзэж цагаатгах тогтоолдоо дурдаагүй.

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц асуудлыг анхаарч үзэлгүйгээр орхигдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүх тухайн хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ нотлох баримтад тулгуурлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн эсэх дээр шүүхээс тодорхой дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл гэмт хэргийн шинжийг өөр байдлаар тайлбарлан дүгнэлт өгсөн.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокуророос ... анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч Б.А ятгасны улмаас хэнд холбогдох эрүүгийн хэрэгт А.М нь хохирогч эсхүл гэрчээр худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, А.М худал мэдүүлэг өгч шүүхээр шийтгүүлсэн болох нь тогтоогдоогүй. Хохирогч А.М, гэрч Б.А нарын мэдүүлэг зөрүүтэй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориудаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр Б.А-ыг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн шинжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.  

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зарим хэсгийг цагаатгах тогтоолын үндэслэл болгосон боловч бусад хэсгийг үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. Мөн цагаатгах тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарыг бүрэн бичээгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэх ёстой ажиллагаануудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайлбал Б.Т, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт А.М нь хохирогчоор тогтоогдсон эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойгүй. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан “Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл”-д хохирогч А.М-аас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтийн хуулбар, *** дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийн хуулбарыг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв гэсэн байгаа боловч хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан хохирогч А.М-ын мэдүүлэг гэх баримтын он, сар засвартай, хаанаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.