Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 23-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/07                           Өвөрхангай аймаг

 

Ш.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Н, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                 Прокурор Л.Галбадрах

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох

Шүүгдэгч Ш.Б

Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалайн гомдлоор Ш.Б-д холбогдох эрүүгийн 2227001160109  тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич байгаль хамгаалагч мэргэжилтэй, ******* сумын ******* хариуцсан байгаль хамгаалагч ажилтай, ам бүл ..., .... хамт Өвөрхангай аймгийн .... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ш.Б

Ш.Б нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчин албан үүргээ бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард тус аймгийн ... сумын ... гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн Д.Н-ийн үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон

2021 оны 7 дугаар сард /наадмын өмнө/ мөн ******* сумын ******* гэх  газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн Г.Д тааралдаж торгуулийн мөнгө гэж 300 000 төгрөг авч, түүнийг  Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Ш.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Цогт овгийн Ш.Б-г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бнь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдан, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.

Шүүх дүгнэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тодруулбал нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” гэсэн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн сэдэл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харгалзан үзээгүй ба мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ... шүүгдэгчийн яллах цагаатгах, ял хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно” гэсэн заалтыг анхаарч үзээгүй байна.

Анхан шатны шүүхийн 122 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь нүүрэнд гэрч Д.Н, П.Д нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээ өөрчилсөн байгааг анхаарч үзээгүй, гэмт хэргийн объектив талын шинжийг зөрүүтэй дүгнэсэн.

Шүүгдэгч Ш.Б нь сумын захиргааны ажлын төлөвлөгөөний дагуу хүүхдийн хөдөлмөр зусланг хариуцаж ажиллуулсан, эдгээр хүүхдийн эцэг нь эх нь зуслангийн ажилд тусалж байсан үйлдэл, нэг сумын ард түмний өдөр тутмын харилцааг “ ...өөртөө давуу байдал олгосон” гэж үзэж гэмт хэрэгт тооцсон нь үндэслэлгүй байна. Тухайлбал гэрч Д.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр өвс ачиж өгөөгүй, Ш.Б-ийнх өвс ачих гэхэд нь өөрөө архи уух гэж дагаж явсан, түлээ хагалж өгсөн нь хүүхдээ Ш.Б-ийн хариуцсан хөдөлмөр зусланд өгсөн байсан учир нэг удаа эцэг эхийн хариуцлагын хүрээнд түлээ модонд тусалж өгсөн нь хавтаст хэргийн 53, 57-58-р хуудаст авагдсан мэдүүлгээс илт зөрүүтэй байгааг анхаарч үзээгүй байна.

Мөн гэрч П.Д-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...300 мянган төгрөгийг авч өгснийг өөрийн биеэр хараагүй, эхнэр ярихдаа зээл гэж юм ярьж байсан гэсэн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтад өгсөн /хх-ийн 60-61 хуудас/ мэдүүлэг нь хоорондоо илт зөрүүтэй, мэдүүлгээсээ буцсан байна.

Хохирогчоор тогтоосон Д.Х-ийн мэдүүлэгт болон гэрчүүдийн мэдүүлэг нь он сар, цаг хугацааны хувьд илт зөрүүтэй, хэдэн сарын хэдэнд хэдэн цагт гэсэн нь тодорхой бус мэдүүлэг, мөн ”... наадмын өмнөхөн, 07 дугаар сарын 05-ны өдөр шиг санаж байна” гэсэн мэдүүлгүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн тал бүрээс бодитой тогтоох боломжгүй бөгөөд гэм буруутайд тооцоход хэтэрхий үндэс муутай, хэргийг шүүхэд шилжүүлэх явцад утсаар авсан мэдүүлэг нь шүүгдэгч Ш.Б-ийн үүнтэй холбогдуулж тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргах эрхийг ноцтой зөрчсөн байхад яаруу сандруу хөнгөн хуумгай ажил болсныг шүүх анхаарч үзээгүй.

Учир нь хохирогч Д.Х-ийн 07 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөгийг надад буцааж өгсөн мэдүүлэг үнэн зөв гэвэл яг энэ цаг хугацаанд шүүгдэгч Ш.Б нь өөр газар /Билүүтэй 50-60 км зайтай/ гэх газар гэр бүлийн хамт гурав хоног байсан нь түүний гар утас дээрх зураг, бичлэгүүдээс харагддаг боловч дээр дурдсан эрхээ хангуулж чадаагүйгээр эдгээр баримт, тайлбар мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгөх боломжгүй болсон байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хэрэглэхдээ анхаарах гол зарчмын нэг бол гэмт хэргийн үйлдэл холбогдол нь цаг хугацааны хувьд тодруулбал өөрт нь давуу байдал олгож байгаа нь нөгөө этгээдийн хууль бус үйлдлийн өмнө, дараа аль нь болохоор тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл түлээ хагалуулсан, өвс хадуулсан, 300000 төгрөг авсан нь шүүгдэгч Ш.Б-ийн таслан зогсоох байсан үйлдэл, эс үйлдэхүй хэзээ болоод байгааг шүүх анхаарч үзээгүй зэрэг учир дутагдалтай олон асуудал үлдсэн байгааг хавтаст хэргийн хүрээнд бүхэлд нь хянаж шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг нь шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээсээ илт зөрөөтэй байгаа. Д мөрдөн шалгах ажиллагаанд тухайн үед 300,000 төгрөгийн талаар эхнэртэйгээ ярихдаа Б гэрт нь очиж өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл шүүх хуралдаан дээр энэ талаар асуухад би хараагүй, мэдээгүй, эхнэр зээл юм шиг ярьж байсан гээд мэдүүлгээсээ буцсан. 2021 оны 07 дугаар сарын хэдний өдөр гэдэг нь мэдэгдэхгүй, наадмын өмнө гэдэг хугацаагаар ярих юм бол Х, Д нар буюу эхнэр, нөхөр хоёр түлээ мод бэлтгэж байгаад баригдсан. Мөн энэ хоёр 300,000 төгрөгийг 3 хоногийн дараа аваачиж өгсөн гэж ярьдаг. 2021 оны 08 дугаар сард түлээ бэлдээд ачиж явж байгаад баригдсан гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлгээс харахад Н нь байгаль орчны байцаагч Б-д өвс ачиж, түлээ мод хагалж, гэрийн ажилд нь тусалдаг гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөр зүйлийг ярьдаг. Н нь бага насны 3-н хүүхэдтэй. Байгаль орчны байцаагч Б нь сумандаа “Хөдөлмөр” гэдэг нэртэй хүүхдэд зориулсан зуслан ажиллуулж байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ноос асуухад хүүхдүүд нь энэ зусланд явдаг байсан гэж хэлсэн. Эцэг эхчүүд нь өглөө нь хүүхдүүдээ хүргэж өгөөд орой нь авч явахдаа түлээ мод хагалж өгдөг байсан. Хөдөлмөр зуслан нь хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор түлээ мод хагалах, ойр зуурын зүйл хийж өгдөг байсан. Энэ талаар Н  мөрдөн шалгах ажиллагаанд Б нь хувийн ашиг сонирхолтойгоор байнга намайг зарж байсан гэж мэдүүлсэн. Д, Х нар 2021 оны 07 дугаар сард наадмын өмнөхөн таарсан гэж байгаа боловч энэ нь Батчулуун гэдэг хүний машинтай явж байсан гэж мэдүүлдэг. Эдгээр гэрчүүдээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Бтэй хэдэн удаа уулзсан бэ гэж асуухад нэг л удаа уулзаж байсан гэж мэдүүлдэг. Гэтэл 2022 онд модны зөвшөөрөлтэй Батчулуун гэх хүний ачааны машинтай явж байхад нэг л удаа таарсан гэдэг. Энэ талаар буюу хэрэгт гоожингийн талаарх баримт байгаа. Тэгэхээр гэрч Дийн ярьж байгаа нэг л удаа таарсан гэдэг зүйл биш болж байна. Үүнээс үзэхэд 2 удаа таарсан байх гээд байна. Өөрөөр хэлбэл 2021 онд таарсан гэдэг нь байхгүй болж байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Н-оос өмгөөлөгч миний бие асуулт асуусан. Хавтаст хэрэгт авагдан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар хуудаст миний асуусан асуулт цаашаа байхгүй, хэд хэдэн асуулт хариулт байхгүй явж байгаад даргалагчаас дараагийн гэрч болох Дийг асуугаад явчихсан байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой биш болж байна. Би Нийг өвс ачсан уу? гэж асуухад ачаагүй, би мотоциклтой дагаад явсан гээд бүүр тодорхой мэдүүлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Дээр нь хүүхэд нь Хөдөлмөр зусланд явдаг, нэг удаа түлээ мод хагалж өгсөн, гэхдээ тэр үед Б байгаагүй гэж хэлдэг. Мөн хүүхдээ эргэж очихдоо түлээ мод хагалж өгсөн гэж тодорхой хариулсан мэдүүлгүүд байх ёстой. Х, Д гэх хүмүүсээс 300,000 төгрөг авсан асуудал дээр нь гэм буруутай гэж үзээд байна уу эсхүл Н 2021 онд мод бэлтгээд явж байхад баригдсаныг хэлээгүй гэдэг дээр гэм буруутай гэж үзээд байгаа юм уу. Эдгээр нь шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тодорхой бус байна. Хавтаст хэргийн 157 дугаар талд Хээс мөрдөгч утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн байгаа. Уг тэмдэглэлд 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг авсан юм шиг санагдаж байна гэж хэлсэн байдаг. Энэ нь бас тодорхойгүй болж байна. Шүүгдэгчийг яллагдагчаар татсан тогтоолыг гардаж аваад хэргийн материалтай танилцахад энэ тэмдэглэл хэрэгт байгаагүй. Яллагдагчаар татсан тогтоолыг гардуулснаас хойш энэ тэмдэглэл хаанаас ч юм гараад ирсэн. Шүүх дээр хэргийн материалтай танилцахад утсаар ярьсан тэмдэглэл гээд дугаарласан зүйл хэрэгт авагдсан байсан. Тэгэхээр яллагдагчаар татсанаас хойш шүүгдэгч Ш.Б мэдүүлэг өгөхөд Х-тэй утсаар ярьсан тэмдэглэл байсан бол 07 дугаар сарын 05-ны өдөр юу хийж байсан талаар мөрдөгч асуух байсан байх. Ийм ноцтой, эргэлзээ бүхий зүйлүүд байна. 07 дугаар сарын 05-ны өдөр гээд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэлчихсэн бол шүүгдэгчийн гар утсан дээр 07 дугаар сарын 05, 06, 07, 08-ны өдрүүдэд Билүүтэй гээд 50-60 км зайтай газар үерлэсэн голын цаана хүүхдүүдтэйгээ адуу, мал туугаад явж байгаа бичлэг байгаа. Тэгтэл Хийн мэдүүлэгт 08-ны өдөр Б-гээс гэрт нь ирээд буцаагаад 300,000 төгрөг өгсөн гэдэг зүйлийг яриад байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд буюу Д, Н нарын аль аль нь уншиж, бичиж чадахгүй хүмүүс байгаа. Энэ талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хэлсэн байдаг. Гэхдээ хажуудаа хүн суулгаад мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх хуралдаан дээр өмнө нь өгсөн мэдүүлгээ санаж байгаа юм байхгүй байдаг. Тусгай хамгаалалттай газраас мод бэлтгээд Б давуу байдал олгосон зүйл байхгүй. Д, Н, мөн өргөдөл гаргасан Бямбадорж гэдэг хүмүүс бүгдээрээ ах дүү хүмүүс. Энэ гэрчүүдийн мэдүүлэг бол хэн нэгний үгээр мэдүүлэг өгсөн байх бүрэн боломжтой. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь 21-ний өдөр, 22-ны өдөр гээд зассан байдаг. Шүүхээс энэ хүмүүсийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзсэн бол тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн нь үнэн болж байна. Харин зөвхөн Б гэх хүнийг гэм буруутай талаас нь харагдуулах гэж хоорондоо үгсэн тохиролцож мэдүүлэг өгсөн. Х гэдэг хүнтэй Б нэг ч удаа тааралдаж байгаагүй. 08 дугаар сарын 21-ний өдөр Нийн мод бэлдсэн гэх үйлдэл дээр унанги мод гэсэн зүйлийг яриад байдаг. Унанги мод гэдэг нь хүний гарын оролцоогүйгээр унаж дарагдсан юм уу, ямар нэгэн байдлаар хүнээс шалтгаалахгүйгээр унасан модыг гэж ойлгоод байгаа. Тэгэхээр унанги модны дэргэд байсан хүнийг мод бэлтгэсэн гэж үзэхэд хэцүү. Энэ модыг хөрөөдөөд, тайраад бэлдсэн бол мод бэлтгэсэн гэж ойлгоно. Нийн мэдүүлгийг үнэн байлаа гэж бодоход Н Б хоёр таарахад мод бэлтгэсэн гэж үзэх нөхцөл байдал байсан уу. Харин дараа нь Н гэртээ зөөгөөд цуулбар бэлдээд гэж ярьдаг. Тэр нь Б-тэй тухайн цаг мөчид тааралдаагүй. Ял оногдуулж байгаа тохиолдолд хэрэгт авагдсан нотлох баримтууд ямар ч эргэлзээгүй, хөдөлшгүй баримтууд байх ёстой. Мөрдөгчийн зүгээс 300,000 төгрөгийн асуудал дансны хуулгаар бүрэн тогтоогдож байна гэсэн зүйлийг хийсэн байдаг. Энэ дансны хуулгыг шүүгээд үзэхээр Б тухайн үед энэ ажлаа хүлээж ч аваагүй, тушаал нь ч гараагүй үеийн дансны хуулга байдаг. Тэр дээр Х, Д, Б нарын дансны хуулгыг үзэхэд мөрдөгчийн яриад байгаа шиг 300,000 төгрөг шилжүүлсэн баримт байдаггүй юм. Харин 300,000 төгрөгийг бэлнээр 07 дугаар сарын 05-ны өдөр аваачиж өгсөн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд 2-3-н удаа зөрдөг. Шүүх хуралдааны явцад ч гэсэн Д-ийн мэдүүлгээр няцаагддаг. Ийм олон эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Ш.Б-г цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн материалтай танилцахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нэлээд олон зүйлүүд байна. Өөрөөр хэлбэр шийтгэх тогтоол хууль ёсны байх, мөрдөгч прокурорын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Прокурорын хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, прокурорын яллах дүгнэлтэд дурдаж байгаа нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хуульд заасан журам зөрчиж авсан нотлох баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй. Тухайлбал гэрч Ноос мэдүүлэг авахдаа эхнэр гэх Буяндэлгэрийг оролцуулж мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бичиг үсэг мэдэхгүй хүнээс эхнэрийг нь оролцуулж мэдүүлэг авна, эсхүл бичиг үсэг мэддэг төрөл садангийн хүнийг байлцуулж мэдүүлэг авна гэсэн заалт байхгүй. Харин хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч болон томилогдсон сэтгэл зүйч гэдэг юм уу хуульд заасан томилгоо, шийдвэр, хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Буяндэлгэр гэх хүн эхнэр гэсэн нэршлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэдүүлэг дээр нь гарын үсэг зурсан байна. Энэ мэдүүлгийг авлигатай тэмцэх газрын мөрдөгч авсан байдаг. Уг мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хууль зөрчиж авсан нотлох баримт байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Д, Н гэх хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлт гаргасан талаас эхлээд гэрчээс асуулт асуух ёстой. Гэтэл улсын яллагч эхэлж асуулт тавьж гэрчүүдээс асуулт асуусан. Өөрөөр хэлбэл хуульд заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бичсэн гэж дугаарласан. Үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх үү. Өөрөөр хэлбэл хурал болсон гэх он сар өдөр нь зөрсөн. Шүүх хуралдаан дууссаны дараагаар тэмдэглэлийг оролцогч нарт 7 хоногийн дотор танилцуулж гарын үсэг зуруулах ёстой. Гэтэл Б-д холбогдох шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулах ажиллагаа хуульд зааснаар хийгдээгүй. Дээр нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг хавтаст хэрэгт авагдаагүй. Яагаад дуу, дүрсний бичлэгтэй танилцаж шаардлага гарсан гэхээр Ноос асуусан асуултууд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй тасарсан гэж ярьдаг. Намайг мөн танилцахад бүрэн авагдаагүй байсан. Тийм учраас шүүх хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд бичээгүй, оролцогч нарт хуульд зааснаар танилцуулаагүй байна. Шүүх хуралдаанд өгсөн гэрчүүдийг мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлээгээсээ эрс зөрөөтэй, мөрдөгч мэдүүлгийг авахдаа хөтөлсөн, торгуулийн мөнгөө хэзээ аваачиж өгсөн, зассан, янзалсан моднуудыг хаанаас ачсан бэ гэх зэргээр дандаа хөтөлсөн асуулт тавьсан. Энэ нь мөн Г.Нямдалай өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.11, 35.14, 11.17, 11.8 дугаар зүйл буюу дандаа шүүх хуралдааны процесстой холбоотой заалтуудыг зөрчсөн зөрчилтэй байна гэж үзэж байна. Гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх гол нотлох баримт болж байгаа нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй учир шийтгэх тогтоолын үндэслэл болохгүй. Прокурорын дүгнэлтдээ дурдсан илт хууль бус эргэлзээтэй гэх нотлох баримт авагдаагүй, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б-гийн үйлдэл хангалттай нотлогдсон гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл муутай учир шийтгэх тогтоолын үндэслэл болохгүй байна гэж үзэж байна.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлүүдэд заасан шүүх хуралдаанд гэрч оролцуулах талаар хүсэлт гаргасан тал эхэлж асуулт тавина гэсэн заалт зөрчигдсөн. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргах ёстой нотлох баримт байхгүй. Гэрчүүдээс гарын үсэг зуруулж баталгаажуулсан гэсэн зүйл шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа боловч энэ нь гарын үсэг зурсан гэх баримт шүүх хуралдааны тэмдэглэлийн ард юм уу өмнө талд, шийтгэх тогтоолын өмнө талд байх ёстой байтал энэ баримт нь Ш.Б-д холбогдох хэрэгт байхгүй байгаа. Үүнээс харахад шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу дүрсний бичлэгтэйгээ зөрсөн гэх зүйл нь харагдаж байна. Нөгөө талаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь энэ хэргийн гол нотлох баримт болох гэрч Нийн мэдүүлэг хууль ёсны байх шаардлага хангаагүй. Д-ийн мэдүүлэг нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь илт зөрүүтэй байгаа. Шүүх эдгээр нотлох баримтыг гол эх сурвалжаа болгохдоо гол үндэслэлээ дурдаагүй. Шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй байна гэсэн үндэслэлүүд харагдаж байна. Нэгэнт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй нотлох баримтаар хүнийг гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй учраас Ш.Б-д холбогдох хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбадорж гэж гомдол гаргасан хүн өмнө нь надад баригдаж байсан. Тэгээд цагдаагаар торгуулаад өнгөрсөн. Тэр үед намайг заавал ажилгүй болгоно гэж заналхийлж 2 удаа намайг зодож байсан. Тэрийгээ нотлохын тулд өөрийн хамаатнуудаасаа гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Тэгээд намайг буруутгах гээд байгаад гомдолтой байна. Өмгөөлөгч нарынхаа гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдааны явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч нарын мэдүүлгүүд зөрөөтэй, шүүгдэгчийн гэм буруугийн сэдэл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээгүй, мөн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг анхаарч үзээгүй гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан. Мөн 07 дугаар сарын 05-ны өдөр Ш.Бнь өөр газар буюу Билүүтэй гэх 50-60 км зайтай газарт байсан, энэ нь түүний гар утсан дээрх зураг, бичлэгүүдээс харагддаг боловч эрхээ хангуулж чадаагүйгээс эдгээр баримтуудын талаар тайлбар, мэдүүлгийг мөрдөн байцаалтад гаргах боломжгүй байсан гэсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан. Гэрч Нийн би 2021 оны 08 дугаар сарын эхээр 2 метр урттай модтой явж байгаад баригдсан, Б аргалаад өгнө, ойр зуурын юм хийж өг гэж хэлсэн, намайг бүх юмандаа зардаг байсан, түлээ мод бэлтгүүлдэг байсан гэх мэдүүлэг, 08 дугаар сарын эхээр ******* сумын ******* гэх газарт хаягдал модноос 2 метрийн урттай зүсүүрт орчих хэмжээний нарийн мод бэлдэж байтал ойролцоогоор 15-16-н цаг өнгөрч байхад байгаль хамгаалагч  Б ирээд юу хийж байгаа юм, ингэж мод бэлтгэж болохгүй, гоожин байна уу? гэхээр нь би байхгүй гэсэн. Б ганцаараа ирээд надтай уулзаарай гэж хэлсэн. Б намайг хууль бусаар мод бэлтгэсэн учир надаар мод хагалуулж, өвс хадуулж ачуулсан гэж мэдүүлсэн. Ойр зуурын юм хийж өг гэж өөрөө хэлсэн. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ түлээний мод хагалж өгсөн талаараа мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д, Х нараас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Дээрх гэрчүүд нь 300,000 төгрөг өгсөн талаар мөн адил зөрөөгүй мэдүүлсэн байгаа. Мэдээж шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа хүн шүүгдэгчийг хараад таньж мэддэг байсан учраас мэдүүлэг нь өөрчлөгдсөн зүйл шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Шүүгдэгч Ш.Б-ийнх Билүүтэй гэдэг газарт байсан талаараа гомдолд дурдсан. Энэ талаарх баримт хавтаст хэргийн материалд баримт авагдаагүй болохыг дурдаж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалайн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Цогт овгийн Ш.Б-г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо илт зөрүүтэй, нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй буюу эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй, гэм буруугийн обьектив талын шинжийг зөрүүтэй дүгнэсэн, шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ. 

Давж заалдах шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй буюу гэрч Д.Н, П.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байхад үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалайн гомдол үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4-т заасан энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу шүүх хуралдаанд оролцуулсан гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-д заасан шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу гэрчүүдэд эрх, үүрэг танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааны явцыг нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулахаар хуульчлагдсан, үүнийг зөрчсөн, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тэмдэглэл дутуу бичигдсэн тухай гомдол, тайлбарыг гаргасан бөгөөд үүнийг дуу-дүрсний бичлэгтэй тулган үзэх гэсэн боловч хэрэгт хавсаргаж ирүүлээгүй нь тэмдэглэл хуулийн шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлийг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна гэснийг мөн зөрчсөн, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол, тайлбар үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                    

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1-3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш.Б-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.