Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Ч.Алтансүх,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайхан,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806005600084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага Дарь-Эхийн 3-1640 тоотод оршин суудаг, урьд нь 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ЗЕ89040514 тоот регистрийн дугаартай, Мэнгэт овогт Э.М

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дунд Дарь-Эхийн 18-1347 тоотод оршин суух иргэн С.Батчулууны монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 32 инчийн LG маркийн лед зурагт, ногоон эрээн өнгийн орны бүтээлэг зэргийг хулгайлан авч нийт 219.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 11 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12-1967 тоотод оршин суух иргэн Б.Наранцэцэгийн гэрт хууль бусаар нэвтэрч 21 инчийн скайворт маркийн өнгөт зурагт, хар өнгийн унадаг дугуй, гар утасны чихэвч, ноосон бээлий зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч нийт 231.600 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь-Эхийн 3-1591 тоотод оршин суух иргэн Г.Булгантамирын хувийн сууцны вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч нийт 1.012.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.                     

               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Э.М нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  1. Хохирогч С.Батчулууны мөрдөн байцаалтанд өгсөн:

“...Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 18-1347 тоотод амьдардаг. Манай гэрийн хаалганы цоожийг эвдэн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 15 минутын үед хулгайч орж 32 инчийн хар өнгийн ЛЖ маркийн лед зурагтыг удирдлагын хамт, ногоон эрээн орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Би эд зүйлээ буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол санал алга” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-23/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Би үйлчлэгчтэйгээ цуг ажиллаа хийдэг. Энэ хүн ногоон бүтээлгээр ороосон зурагт тэвэрч манай ломбарданд орж ирсэн. Тухайн зурагтны суурь нь байхгүй байсан. Би зурагтны чинь суурь яасан юм бэ гэтэл, хананд өлгөж байсан зурагт юм аа гэж надад хэлж байсан. Зурагтыг шалгаж үзэх гэтэл нилээн цантсан байсан. Би зурагтыг чинь жоохон байж байгаад залгаж үзье, чи 30 минутын дараа ороод ир гэхэд гадаа ломбарданы үүдэнд хүлээж байгаад 30 минутын дараа орж ирсэн. Өөрөө орж ирээд зурагтаа холбож өгөөд би зурагтын шалгаж үзсэн. Тухайн үед өөрийнхөө паспортоор зурагтаа тавьсан. Паспортнаас гадна хавтастай бичиг баримт барьчихсан явж байсан. Би бичиг баримт дээрээ гарын үсгийн зуруулж тавиулаад, дараа нь зурагт нь дээр нь гарын үсгийн зуруулаад лацдаж тавьсан. Өөрийн зүгээс шаардлагатай бүх бичиг баримт дээр гарын үсэг зуруулж авсан. Тухайн зурагт нь 32 инчийн хятад улсад үйлдвэрлэгдсэн зурагт байсан. Шүүгдэгчээс зурагт тавьж ломбарднаас авсан 100.000 төгрөг болон түүний хүү 8.000 төгрөг, нийт 108.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо авбал өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

Түүний мөрдөн байцаалтын шатан өгсөн:

“Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ТТӨБ” ХХК- ийн барьцаалан зээлзүүлэх газар ажиллуулдаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗЕ89040514 регистрийн дугаартай, Эрдэнэцацралтын Мөнхзаяа гэгч хүн нь суурь байхгүй хар өнгийн 32 инчийн LG маркийн ЛЕД зурагтыг удирдлага болон ногоон эрээн орны бүтээлгийн хамт 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан болно... Гэтэл зурагт хулгайлагдсан байна гээд цагдаа нар ирж уулзаад явсан ба 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагаас прокурорын зөвшөөрөл авчирч ирээд уг зурагтыг удирдлага бүтээлгэний хамт хурааж авсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-13 дугаар хуудас/

- Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын      24-ний өдрийн 991 дугаартай хүний гарын мөрөнд шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 34-36/

-32 инчийн LG брэндийн LED зурагтыг барьцаалан зээлдүүлэх “ТТӨБ” ХХК-нд барьцаалсан үйлчилгээний тасалбар /үйлчлүүлэгч Эрдэнэцацралт овогтой Мөнхзаяа/ хх-ийн 37/

-Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн БЗ2-18-287 дугаартай 32 инчийн LG брэндийн LED зурагт, орны бүтээлэг зэрэгт үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 42-43/

 

     2. Хохирогч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

               “Би өглөө 8 цагт гэрээсээ гараад сая 14 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл үүдний амбаарын цоожийг цүүгээр нь мултлаад гэрт ороод зурагт, бас манай хажуу талд байх ээжийн гэрийн үүдний амбаараас унадаг дугуй хулгайлсан байсан... Би алдсан зурагтаа хүлээн авсан болно. Миний хүүхдийн хар өнгийн унадаг дугуй алга болсон. Тэр дугуйг 2016 оны БНХАУ-аас 170.000 төгрөгөөр худалдаж авч байсан ба тэр үнээрээ үнэлж байна... Эвдсэн 2 цоожийг 20.000 төгрөгөөр төлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/

 

Гэрч Д.Сүрэнжавын мөрдөн байцаалтанд өгсөн:

Манайд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хулгай орж 32 инчийн жижиг хар өнгийн зурагт, хар өнгийн ногоон бичигтэй дугуй, орны цоохор бүтээлэг, чихэвч, бээлий зэрэг эд зүйлийг хулгайлан авч явсан байсан. Тэгээд би хорооны байцаагч Аяатбектэй хамт 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цасан дээр явсан унадаг дугуйн мөр дагаад явхад манай 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мандал баяжих" ломбард руу явсан байсан. Уг ломбарднаас ороод өчигдөр танайд нэг дугуй унасан хүүхэд ирээд хар зурагт тавьсан биз дээ гэж хэлэхэд тиймээ нэг залуу зурагт тавьсан гэхэд тэр ломбардны ширээн дээр манай алдсан зурагт байсан. Би зурагтаа таниад тэр байна ш дээ гэхэд тиймээ энэ зурагтыг тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүн тавьсан байна бичиг баримт нь байна уу гэхэд бичиг баримтаар тавиагүй тогоочийн үнэмлэх үзүүлээд тавьсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/

 

               Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

               Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандал баяжих нэртэй ломбард дээрээ байж байхад 15 цагийн үед санагдаж байна дугуй унасан 20 гаруй настай, 173 см өндөртэй, шар царайтай, шар өнгийн ноосон малгайтай залуу байсан. Тэр залуу 21 инчийн хар өнгийн скайворт зурагтыг 55.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан. Тэр залуу Эрдэнэцацралтын Мөнхзаяа /же89040514/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн 1050 тоот, утас 88204056 гэсэн дугаар тэмдэглүүлсэн болно. Тэгсэн маргааш нь нэг эмээ орж ирээд жижигхэн телевизор хүн ирж тавьсан уу гэхэд энэ зурагт уу гэж асуухад мөн байх шиг байна эмээ нь нэрийг нь санахгүй байна гэж хэлсэн. Тэр залууд иргэний үнэмлэх гэх зүйл байхгүй байсан. Тогоочийн үнэмлэх гэх зүйл холоос харуулаад нэр регистр хоёроо өөрөө хэлсэн тулгаж бол хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/

 

               -эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн дүгнэлт, /хх-ийн 71-72 дугаар хуудас/

               -хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 дугаар хуудас/

 

           3. Хохирогч Г.Булгантамирын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 3-1591 тоотод амьдардаг. Манай байшин нь 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 27-ны өдрийн хооронд эзэнгүй байсан. Тэгээд 11 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн чинь байшингийн цонхыг хагалан хулгайч ороод улаан өнгийн тоос сорогч, усны тэрэг, компрессор, улаан өнгийн пэйч, 20 литрийн төмөр хоолны сав, 2 ширхэг гуулин гүц, төмөр обудтай 14x70x185-тай 2 ширхэг өвлийн автомашины дугуй, 2 ширхэг ахуйн баллон, ногоон өнгийн цүнх, улаан өнгийн гар дрилл, улаан өнгийн уран хөрөө зэрэг эд зүйлс алдагдсан юм. Хулгайд алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг гаргуулж авахыг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 90-93/

 

Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед ломбардныхаа гадаа машиндаа сууж байхад ломбардны хаалга нэг хүн татсан. Би тэгэхээр нь тэр залууг дуудахад хүрээд ирсэн. Тэгээд би яах гэж байгаа юм гэхэд машин угаагч тавих гэсэн юмаа гэж хэлсэн. Манай эхнэртэй утсаар ярьсан юм уу гэхэд ярьсан авахгүй гэнээ гэж хэлсэн. Тэгээд би уул нь гайгүй л юм байна даа гэхэд би ах өнгөрсөн 7 хоногт тогоочийн үнэмлэхээр танайд зурагт тавьсан гэж надад хэлсэн. Би нөгөө хулгайч байна гэж мэдээд машинаасаа буугаад нөгөө залууг барьж аваад чи хулгайн юм тавьсан байна лээ гэхэд нөгөө залуу ах дотогшоо ломбард руу чинь орьё хүмүүсийн дэргэд эвгүй хоёулаа тохирьё гэж хэлсэн. Тэгээд дагуулаад дотогш ороход усны тэргээ оруулаад ирье гэсэн...тэр залуу улаан өнгийн тоос сорогч, 20 литрийн кострул, улаан өнгийн жижиг талх шарагч, 2 ширхэг гуйлан гүц зэрэг эд зүйлтэй явж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 86-87 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-85 дугаар хуудас/ хураан авсан эд зүйлийн гэрэл зураг /хх-ийн 99 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн дүгнэлт, /хх-ийн 100-101 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Э.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 01 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, бага дарь эхийн 18-1347 тоотод байх хашааны завсараар харсан чинь хашаан доторх гэр нь цоожтой байсан. Хашааны хаалга нь гүйдэг цоожтой байхаар нь онгойлгоод орсон. Цоожийг хашаатай бэхэлсэн байсан лоомоор цүүг нь сугалж ороод 32 инчийн зурагтыг хулгайлан ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 114/

2017 оны 11 сарын 20-ны үеэр Баянзүрх дүүргийн 21-р хорооны ойролцоо байх нэг хашаа руу хашаанд байсан монгол гэрийн хаалга болон гэрийн цоожийг эвдэж ороод үүдний амбаарт байсан хүүхдийн унадаг дугуй, гэрт байсан зурагт, гар утасны чихэвч, ноосон бээлий зэрэг зүйлийг авсан. Зурагтыг ломбарданд тавьсан байсныг эзэн нь олоод авсан байсан. Ломбардны хүн намайг цагдаад барьж өгөөд тэр үед би өөр айлаас эд зүйл хулгайлчихсан явж байгаад баригдсан. Унадаг дугуйг нь гэртээ тавьсан байсан ба аавд хэлээд өгүүлсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/,

2017 оны 11 сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 21-р хороо, бага дарь эхийн 3-1591 тоот хашаанд байрлах байшингийн цонхыг хагалан ороод эд зүйлс хулгайлсан юм. Би уг айлаас ямар эд зүйлс авсанаа санахгүй байна. Тухайн үед гудамжинд 2.5 литрийн пиво уусан. Тэгээд бараг тасарсан байна лээ. Зарим нэг зүйлээ орж гараад санаад байна. Хулгайлсан зарим нэг эд зүйлсээ авч явж байгаад  цагдаад баригдаад хураалгасан гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-125/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Шүүгдэгч Э.М нь хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүгдэгч Э.М нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдууллаа.

 

            Шүүхээс үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, удаа дараагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос хохирогч С.Батчулуунд учруулсан хохиролыг бүрэн төлсөн, хохирогч Б.Наранцэцэгт 76.000 төгрөгийн хохирол төлөөгүй, хохирогч Г.Булгантамирт 432.000 төгрөгийн хохирол төлөөгүй, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайханд 108.000 төгрөгийн хохирол төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэргийн улмаас шүүгдэгч нь 58 хоног цагдан хоригдсон байх учир ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Мэнгэт овогт Э.Мг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мгийн цагдан хоригдсон тавин найм хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мгаас 76.600 төгрөг гаргуулж хохирогч Б.Наранцэцэг /ПИ81070105/-т, 432.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Булгантамир /АЮ75101010/-т, 108.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайхан /МВ86040502/-д тус тус олгосугай.

 

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч С.Батчулуунд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 03 сарын 16-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ