Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

Т.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд       

                                              Прокурор М.Мөнхтайван

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

         Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Т.М-д холбогдох эрүүгийн ***  тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн *** суманд *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, *** боловсролтой, ***мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-***, нөхөр, *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй *** овгийн Т.М /РД: ***/,

Т.М нь Улсын Багшийн их сургуулийг орос хэлний багш мэргэжлээр 2003 онд суралцаж төгсөөгүй атлаа орос хэлний багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон *** дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан ажилд орж Өвөрхангай аймгийн *** сумын ерөнхий боловсролын сургууль, Өвөрхангай аймгийн *** сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулиудад сургалтын менежер, орос хэлний багшаар 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, мөн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Т.М-ыг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч Т.М-аас 61,488,843 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улсын Багшийн их сургуулийн *** дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд гэм хорын хохиролд 61488843 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Миний бие 2001 онд ШУТИС-н ........ ангийг Бакалавр зэрэгтэй төгссөн. 1999-2003 онд дүйцүүлэн суралцах хөтөлбөрт хамрагдан УБИС-г ...... мэргэжлээр төгссөн. 2009 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс Өвөрхангай аймгийн *** сумын Т.Н-ийн нэрэмжит Ерөнхий Боловсролын Сургуульд Орос хэлний багшийн ажилд орсон.

Багшаар ажиллах хугацаанд 3-н жил тутамд яам болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгддэг байсан. Ямар нэгэн асуудалгүй, зөрчил илэрч байгаагүй учраас өөрийн дипломыг жинхэнэ гэж итгэн ажилласаар ирсэн. Гэтэл 2023 оны 5 дугаар сард Цагдаагийн газраас хуурамч дипломтой байна гэж хэлэхэд энэ тухай анх мэдсэн. Би хуурамч гэдгийг нь мэдэж байсан бол өдийг хүртэл ажиллахгүй байх байсан.

Миний хувьд ажиллаж байх хугацаандаа 2014 онд БМДИ-н 5-н жилийн сургалтад амжилттай хамрагдаж мэргэжилээ дээшлүүлсэн, 2019 онд БМДИ-н 10 жилийн сургалтад амжилттай хамрагдаж мөн мэргэжилээ дээшлүүлсэн, 2014 онд Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Яамны мэргэжил дээшлүүлэх сургалт, 2015 онд Оросын Холбооны Улсын Иркутскийн Улсын Багшийн Их Сургуульд зуны мэргэжил дээшлүүлэх сургалт, 2022 онд Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Яамны мэргэжил дээшлүүлэх сургалт, МУБИС-н 12 кредит багц цагийн модуль сургалт, Удирдлагын академийн 40 багц цагийн сургалтад “ Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа - 2050”, Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд, бүрийг боловсролд тэгш хамруулах нь төслийн хүрээнд мастер сургагч багш Модуль-3, Модуль-2, “Монгол дохионы хэлний харилцааны сургагч багш”, БШУЯ-ны Багшийн үр дүнгийн үнэлгээнд 2022 онд 3-р түвшин, 2023 онд 91.02% гүйцэтгэлтэй 1-р түвшинд шалгагдаж өөрийн хийж гүйцэтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалинг авч байсан.

Би 2009-2014 оны 12 сар хүртэл Өвөрхангай аймгийн *** сумын Т.Н-ийн нэрэмжит 1-р сургуульд Орос хэлний багшаар, 2015-2016 онд Өвөрхангай аймгийн *** сумын 2-р сургуульд Орос хэлний багш, 2016-2017 онд Өвөрхангай аймгийн *** сумын Т.Н-ийн нэрэмжит 1-р сургуульд Сургалтын менежер, 2018 оноос хойш тус сургуульд Орос хэлний багшаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа олон мянган хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж, ОХУ-д мэргэжил эзэмшихэд зааж, чиглүүлж явсан. Тухайлбал: Нийт 4-н анги даан төгсгөж амьдралын замд нь хөтөлсөн. Аймгийн төрөлжсөн олимпиадад жил бүр төгсөх ангийн сурагчдыг бэлтгэн эхний 2-5-н байрт байнга шалгарч сум сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явж байлаа. Өөрөө мөн аймаг, улсын чанартай орос хэлний олимпиадад оролцон эхний 1-10 дугаар байрыг эзэлж байсан. Ажиллах хугацаандаа сургууль болон суралцагчийн эрх ашигт хохирол учруулсан санал, гомдол эцэг эх , асран хамгаалагчаас нэг ч удаа ирж байгаагүй. *** сумын ЕБС-1, ЕБС-2 тус бүрт нь нэг нэг удаа Орос хэлний болон гадаад хэлний кабинетийг хувийн зүгээс тохижуулан сургуулийн захиргаанд хүлээлгэн өгч ажиллуулж сурагчдыг ая тухтай, гадаад орчинд нь суралцахад өөрийн зүгээс үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулж чадсан.

Төр засгаас хөдөлмөр зүтгэлийг маань үнэлж Монгол улсын Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдгээр 2019 онд шагнагдсан. Боловсролын яамнаас томилогдсон хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Манай гэр бүлийн хувьд гэр бүлийн хүн хөдөлмөр эрхэлдэггүй, сургуулийн насны 4-12 дугаар ангийн 4-н хүүхэдтэй. Төрд ипотекийн зээлтэй, би өөрөө одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл үүссэн тул 4-н хүүхдийнхээ 400000 төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байгаа.

Иймд гэм хорын хохиролд тооцсон 61488843 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээдэг. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн учирсан хохиролд 61488843 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2023 оны 05 дугаар сард буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар дуусгавар болсон гэж тогтоосон. Хэрэгт Өвөрхангай аймгийн **** сумын сургуулийн тодорхойлолт авагдсан байдаг. Уг тодорхойлолтод багш Т.М-ын дипломыг хуурамч гэдгийг тухайн Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Гэхдээ тухайн орос хэлний багшийн орон тоон дээр өөр ажиллах багш байхгүй байсан учраас одоог хүртэл ажиллуулсан нь үнэн гэсэн сургуулийн захирлын тодорхойлолт байдаг. Үүгээр гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2022 оны 09 дүгээр сард буюу Цагдаагийн байгууллагаас диплом хуурамч гэдгийг мэдэгдсэн байхад тухайн захирал гэмт хэргийг таслан зогсоох боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас шүүгдэгч Т.М-аас гэм хорын хохирол 64488843 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгчээс 61488843 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Монгол Улсын Их сургуульд зохих журмаар суралцаж төгсөөгүй байтал орос хэлний багш мэргэжлийн баклаврын диплом хуурамчаар гаргуулан авсан, ашигласан үйл баримт хавтаст хэргийн хүрээнд нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тухайн шүүгчдэгчийн авсан цалинг тухайн жилийнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож, тооцож үзэхэд 2011, 2013, 2016, 2018, 2022 онуудад хөдөлмөрийн хөлс шинэчлэгдсэн байсан ба эдгээр онуудад нийт авсан цалин нь 112615702 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт суутгасан  нь 24324859 төгрөг юм. Энэ суутгалыг хасаад авсан цалин нь 2023 оны 09 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл тооцоолж үзэхэд 98290843 төгрөг болсон. Үүнээс тухайн цаг хугацаанд ажиллаж байснаар тооцоход 36802000 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдсон. Үүнийг 98290843 төгрөгөөс хасаад зөрүү болох 61488843 төгрөгийн хохирлыг анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хуурамч дипломыг ашиглан ажиллаж улсад хохирол учруулсан тул төлбөр нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.М дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан хууль бус үйлдэл нь шударгаар өрсөлдөх, томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчиж байна гэж үзэхээр байгаа. Мөн төрийн албыг дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг үндэслэж гэм хорын хохирлыг үүнээс багаар тооцох ямар ч боломжгүй гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар 13-ны өдрийн 2023/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Т.М-ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Т.М нь Улсын Багшийн их сургуулийг орос хэлний багш мэргэжлээр 2003 онд суралцаж төгсөөгүй атлаа орос хэлний багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон *** дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан ажилд орж Өвөрхангай аймгийн *** сумын ерөнхий боловсролын сургууль, Өвөрхангай аймгийн *** сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулиудад сургалтын менежер, орос хэлний багшаар 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, мөн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа ашигласан болох нь Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай “Багш ажилд авах тухай” тушаал, Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/72 дугаартай, Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/54 дугаартай, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/64 дугаартай, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/60 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалууд, албан тушаалын тодорхойлолтын маягт, Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай “Т.М-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар зэргээр,

Т.М-д орос хэлний багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон Улсын Багшийн их сургуулийн *** дугаартай бакалаврын зэргийн диплом нь хуурамч болох нь Монгол улсын Боловсролын их сургуулийн сургалт, цахим шилжилтийн хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/1837 дугаартай “Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан Т овогтой М (***) нь МУБИС-ыг 2003 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно.” гэсэн албан бичиг /1хх-ийн 98 хуудас/,

Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, түүний хавсралт болох 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын 508 дугаарт **** сумын 1-р сургууль, ***, Т.М, МУБИС, орос хэлний багш, бакалавр, *** дугаартай диплом нь УБИС-ийн урлал техникийн багш О П-ийн ***, Д А *** дугаар давхардсан, зөрчлийн код 1.1” гэсэн жагсаалт /1хх-ийн 7-31 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын баталсан тушаал болон удирдамжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. Энэхүү шалгалтын явцад Т.М-ын боловсролын баримт бичиг зөрчилтэй гарсан. Ингээд тухайн боловсролын баримт бичгийг шалгаж эцсийн шийдвэрийг гаргуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Энэхүү хүмүүсийг хууль бус баримт бичиг диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа гэж үзсэн. Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй. Учир нь тухайн багш нараар хичээл заалгасан хүүхдүүд, тухайн багш нарыг ажилд авч ажиллуулсан сургуулийн нэр хүндийн асуудал гэх мэт маш олон үр дагаврууд ар араасаа гарах тул хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон учраас Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс албан бичиг, хийж өгөх боломжгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105 хуудас/,

Гэрч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Боловсрол шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилладаг. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сард батлагдсан тушаалаар ажлын хэсэг болон хяналт, шинжилгээ,  үнэлгээ хийх удирдамж хавсралтаар батлагдсан. Ажлын хэсгийн шалгах цар хүрээ нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах алба хаагчдын боловсролын бичиг баримт дипломд хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэхээр батлагдсан. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын дипломд хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллахын тулд үндэсний төв архивын газраас мэдээлэл гаргуулсан, мөн нийслэл болон орон нутагт ажиллаж байгаа багш, удирдах алба хаагчдын боловсролын бичиг баримтыг PDF файл болгож авсан. Их дээд сургуулийн төгсөгчдийн судалгаа, захирлын тушаал холбогдох баримтыг авсан. Яамны харьяа мэдээлэл технологийн төвд бүртгэлтэй дээд боловсролын /Hemis/ удирдлагын мэдээллийн системээс дипломын дугаар, боловсролын салбарын цахим системээс /Еsis/ ажиллаж байгаа багш нарын судалгаа, дээд боловсролын газраас дипломын дугаарын олголт, багш бэлтгэдэг сургуулийн хөтөлбөр, тусгай зөвшөөрөл зэрэг баримтыг гаргуулж авч ажиллахад хоёр сар гаруй ажил хийгдсэн. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. ...Манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5-н өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. ... Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5-н баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон гэсэн зөрчлүүд байсан юм. ...Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5-н баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гаргаж явуулсан юм гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40, 56-57 хуудас/,

Гэрч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос одоог хүртэл ажиллаж байна.  Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монгол улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 хуудас/,

Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Боловсролын сайдын А87 дугаартай тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын боловсролын бичиг баримтыг шалгасан. Тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан санаж байна. Боловсролын бичиг баримтын зөрчлийг миний бие илрүүлдэггүй. Харин нөгөө 3 мэргэжилтэн зөрчлийг илрүүлж зөрчилтэй, зөрчилгүй гэж ангилсан. Шалгалтын явцад миний бие Еsis программд бүртгэлтэй болон 21 аймаг, 9 дүүргээс ирүүлсэн боловсролын бичиг баримтын хуулбарыг тулгах, мөн ирүүлээгүй боловсролын бичиг баримтын тоог гаргасан. 60 орчим мянган боловсролын бичиг баримт байсан байх. Өөрөөр хэлбэл Еsis программд бүртгэлтэй хэрнээ боловсролын бичиг баримтаа явуулаагүй, мөн боловсролын бичиг баримт явуулсан мөртлөө Еsis программд байхгүй байсан зөрчлүүдийг тулгаж 9 дүүрэг,  21 аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт албан бичиг хүргүүлсэн. Тус программ дээр багш нарын регистрийн дугаарыг оруулахаар бүх мэдээлэл нь харагддаг мэдээллийн сан гэж ойлгож байна. Еsis системд зөвхөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын мэдээлэл, Нemis буюу дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь бүх төгсөгчдийн мэдээллийн систем юм. Гэхдээ тус системд 2001 оноос хойших төгсөгчдийн мэдээлэл ерөнхийдөө гарна. ДБ мэдээ гэдэг нь дээд боловсролын төгсөлтийн нэрсийн жагсаалтыг хэлж  байгаа юм. Магадгүй  Esis,  Hemis системд бүртгэлгүй тохиолдолд ДБ-д бүртгэлтэй байгаа нэрсийн жагсаалттай тулгаж үзэж болно гэсэн үг юм. Системээс олдоогүй гэх зөрчлийг Архивын ерөнхий газрын ДБ мэдээнээс тодруулж шалгалтын ажиллагааг явуулсан. Бид нарт РDF файлаар ирсэн материалд үндэслэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Зөрчлөө ерөнхийдөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,

Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. ...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй,  тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Неmis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.М-ыг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Т.М нь давж заалдах шатны шүүхэд ... Багшаар ажиллах хугацаанд 3-н жил тутамд яам болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгддэг байсан. Ямар нэгэн асуудалгүй, зөрчил илэрч байгаагүй учраас өөрийн дипломыг жинхэнэ гэж итгэн ажилласаар ирсэн. Би хуурамч гэдгийг нь мэдэж байсан бол өдийг хүртэл ажиллахгүй байх байсан. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа 2014, 2019 онуудад сургалтад амжилттай хамрагдаж мэргэжилээ дээшлүүлж, өөрийн хийж гүйцэтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалинг авч байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа олон мянган хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж, ОХУ-д мэргэжил эзэмшихэд зааж, чиглүүлж явсан. Боловсролын яамнаас томилогдсон хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Манай гэр бүлийн хувьд гэр бүлийн хүн хөдөлмөр эрхэлдэггүй, сургуулийн насны 4-12 дугаар ангийн 4-н хүүхэдтэй. Төрд ипотекийн зээлтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл үүссэн тул 4-н хүүхдийнхээ 400000 төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байгаа.

Иймд гэм хорын хохиролд тооцсон 61488843 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Т.М нь Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын сургууль, Өвөрхангай аймгийн *** сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулиудад сургалтын менежер, орос хэлний багшаар 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, мөн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд сургуулийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэхдээ дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч Т.М-ыг өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Т.М-ын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл авсан цалин болох 98290843 төгрөгийн цалингаас тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 36802000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу хасч тооцон 61488843 төгрөгийг анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.