| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0159/З |
| Дугаар | 128/ШШ2025/0460 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0460
2025 06 16 128/ШШ2025/0460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Э******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Э******* /РД:*******/,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Ц.Б******* /РД:*******/,
Гуравдагч этгээд: Г.С******* /РД:*******/ нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “Улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын ам, Хадат Вилла-2, 1578/6 тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр Ц.Б*******ийг бүртгэсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Ц.Б*******, Г.С******* нарын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:
“Нэхэмжлэгч М. Э******* нь 2020 оны 7 сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аманд баригдах Хадат Вилла-2, 1578/3 тоот амины орон сууцыг захиалгаap бариулах №220/38 тоот гэрээг “” ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу "" ХХК нь миний хөрөнгөөр 226.91 м.кв хэмжээтэй амины орон сууцыг 2021 оны 1 сарын 5-ны өдөр барьж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч “” ХХК нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн 2022 оны 11 сарын 1-ний өдөр барилгыг надад хүлээлгэн өгсөн ба ингэхдээ барилгын өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөөгүй.
Ийнхүү барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй байсантай нь холбогдуулан М.Э******* барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг “” ХХК-д холбогдуулан 2024 онд иргэний хэргийн шүүхэд гаргасан. Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх иргэн Ц.Б******* нь миний хөрөнгөөр баригдсан дээрх барилгын өмчлөгчөөр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлж Ү- дугаартай гэрчилгээг гаргуулсныг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл “” ХХК барилгыг бүрэн барьж надад хүлээлгэж өгөхөөс өмнө Ц.Б******* барилгын өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан.
Судалж үзэхэд улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх хуульд заасан мэдүүлгийн бүрдүүлбэр хангагдаагүй байхад Ц.Б*******ийг хууль бусаар барилгын өмчлөгчөөр бүртгэжээ. Тодруулбал,
Нэгдүгээрт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-т заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага "өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг"-ийг нэн тэрүүнд шалгах ёстой байдаг.
Ц.Б******* нь барилгын өмчлөгч болох тухай баримт байхгүй. Дээр дурдсанчлан тус барилга нь иргэн М.Э******* миний хөрөнгөөр “” ХХК гүйцэтгэлээр баригдаж байсан. Ц Б******* нь тухайн хаус хороолол баригдаж буй газрын эзэмшигч, “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгээс өөрөөр тухайн барилгын өмчлөлтэй ямар ч хамааралгүй этгээд юм. Гүйцэтгэгч компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн барьж буй хөрөнгийн өмчлөгч байх эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй.
Хоёрдугаарт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.5-д заасны дагуу "барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг"-ийг мэдүүлэгт хавсаргах шаардлага хангагдаагүй. Ц.Б*******ийн улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн фото зургийг хотхоны барилгуудтай нэг бүрчлэн тулгаж үзэхэд тухайн хотхоны 19 TOOT барилгын гадна зургийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Б******* нь өөр барилгын зургийг ашиглаж М.Э*******ийн барилга (L21 тоот буюу Хадат Вилла-2, 1578/6 тоот) дээр өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулсан.
Гуравдугаарт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.8-д заасан "тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс. тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт"-ыг улсын бүртгэлийн байгууллагад Ц.Б******* санаатайгаар гаргаж өгөөгүй байна Хадат вилла гэх хаус хорооллын барилгын өмчлөгчийг бүртгэхдээ захиалагчийн нэрс, жагсаалтыг шалгах, шаардах боломж улсын бүртгэлийн байгууллагад байсан. Гэвч уг ажил мөн л хийгдээгүй.
Ийнхүү М.Э*******ийн барилга баригдахаас өмнө хууль бус баримт бичигт үндэслэн барилгатай огт хамаагүй этгээдэд өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гарган өгч нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн юм
2.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Нэхэмжлэгч М.Э******* нь дээрх хууль бус бүртгэлтэй холбоотойгоор 2024 оны 11 сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан Ц.Б*******ийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар тус гомдлын хариуд 2024 оны 12-р сарын 20-ны өдөр №1/16280 тоот албан бичгээр "Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14 дэх заалтад "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" гэж зааснаар таны гомдолд дурдсан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна" гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж асуудлыг хариуцагч шийдвэрлэхээс татгалзжээ
Гэвч дээрх хариулт үндэслэлгүй. Учир нь "өмчлөгчөөр тогтоолгох" тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэж буй нь "улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай шаардлагаас ангид юм. Иргэний хэргийн шүүхээс “” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн барилгын өмчлөгчөөр М.Э*******ийг тогтоож шийдвэрлэсэн ч Ц.Б*******ийн өмчлөх эрх хүчинтэй байгаа үед нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй. Харин Ц.Б*******ийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр захиргааны хэргийн журмаар хүчингүй болсноор иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн барилгын хууль ёсны өмчлөгч болох эрх М.Э*******т нээгдэх юм.
Иймд дээрх үндэслэлийг харгалзан Улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Хадатын ам, Хадат Вилла-2, 1578/6 тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр Ц.Б*******ийг бүртгэсэн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгоно уу.
2.2.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагынхаа үндэслэлдээ:
Иргэн Ц.Б*******ийг хууль бусаар өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн улмаас Ц.Б******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд барьцаалсан байна. Тодруулбал, Ц.Б******* нь 2024 оны 02-р сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг иргэн Г С*******тай байгуулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус барьцааг бүртгэсэн байна.
Хүчингүй буюу хууль бус эх сурвалжаас хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гардаггүй (ех nihilo nil fit)¹ гэх хууль зүйн зарчим бий. Тиймээс ч аливаа эрх, хөрөнгө зэргийг хууль зүйн үндэслэлгүйгээр олж авахгүй байх тухай эрх зүйн зохицуулалт байдаг. Тухайлбал, хууль зөрчсөн гэх үндэслэлээр гэрээ хүчингүй болсон бол гэрээний биелэлтийг харилцан буцаах, үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх гэх мэт. Мөн нэгэн цагт хүчин төгөлдөр байсан шүүхийн шийдвэр хожим хүчингүй болсон бол түүний биелэл хүртэл цуцлагдах үр дагавар байдаг (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйл).
Дээрхтэй нэгэн адилаар өмчлөгч бус Ц.Б*******ийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгээгүй бол Г.С*******г барьцаалагчаар бүртгэх үндэслэл бүрдэхгүй байжээ.
Өөрөөр хэлбэл, бидний анх гаргасан нэхэмжлэлийн дагуу Ц.Б*******ийг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл хүчингүй болсноор түүнтэй холбоотой бусад бүртгэл хүчингүй болох ёстой байна. Иймд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байна” гэжээ.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн байшин нь Хадат Вилла хотхоны нэг хэсэг юм. Манайх захиалгын гэрээний дагуу байшин захиалсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч, өмчлөгч нь анхнаасаа М.Э******* байсан бөгөөд тэрээр өөрийн хөрөнгөөр байшин барьсан. Байшинг барьж дуусаагүй байхад дууссан байшингийн гэрчилгээ олгосон бөгөөд 2 нэхэмжлэлийн шаардлагын нэг нь үүнтэй холбогдож байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д улсын бүртгэл нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасан байна. Үүнээс өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхдөө нотлох баримтад үндэслэнэ гэх суурь ойлголт байгаа юм. Манай төлөөлөгчийн хэлсэнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасан шаардлагууд хангагдаагүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн байна. Үүнийг тодруулбал үл өдлөх хөрөнгийг гэрчилгээ өгөх гэж байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид өгнө гэж байгаа юм. Төрийн байгууллага өмчлөгч нь мөн эсэхийг нягтлах ёстой бөгөөд үүнийг хуулийн 10.6.1-д тодорхой заасан байна. Ц.Б******* иргэний хувиар мэдүүлэг гаргаж болох хэдий ч байшингийн өмчлөгч гэдгийг нотолсон ямар баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн гэдэг нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хувийн хэргийг шүүгээд үзэхээр Ц.Б******* 200 м.кв хаусны эзэн гэж нотлох баримт байдаггүй. “” ХХК нь н.А гэх захиралтай бөгөөд Ц.Б******* нь хувьцаа эзэмшигч гэж ойлгосон. Хэрэв тухайн компани хувьцаа эзэмшигчдээ байшинг өгч байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газар руу хүргүүлсэн бичиг, өөрийн хувийн хөрөнгөөр барьсан бол ямар мөнгөөр, яаж, бараагаа татсан зэрэг баримтууд байх ёстой байсан. Мөн хариуцагчийн тайлбарт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1 дэх хэсгийг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй. Мөн доорх 2 хуулийн заалт зөрчигдөж байгаа бөгөөд уг хуулийн заалтыг хариуцагчийг буруутгах нь учир дутагдалтай хэдий ч хууль зөрчигдөөд байгаа учраас тайлбар гаргах ёстой. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5-д барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг гэж заасан байна. Гэтэл М.Э*******ийн зураг ирээгүй. Хариуцагч очиж шалгадаг практик байдаггүй юм шиг байна. Гэхдээ уг бүртгэл нь анхнаасаа хууль бус байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Учир нь тухайн бүртгэл хийгдэж байх үед манайх сууриа цутгаж байсан.
Харин Ц.Б*******ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгсөн зураг нь баригдаад дууссан барилгын зураг буюу өөр зураг байсан байна. Би ойлгохдоо тухайн зураг дээр байгаа байшинг бүртгэсэн гэж ойлгож байгаа. Үүнээс үзэхээр бүртгэл хууль бус юм. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д ирээдүйд өмчлөх гэрээ, хэлцэл хийж байгаа бол гэрээ хэлцлийг заавал шалгах гэх заалт байна. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар баримт бичгийг нь шалгаагүй буюу хуулийн 10.6.8-д заасныг шалгаагүй байна гэж үзэж байна. Анхнаасаа баримт бичиг нь дутуу байхад гэрчилгээ гаргаж өгсөн учир уг бүртгэл нь хууль бус юм. Барьцааны эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд 3 зүйлийг ярьж байгаа. Барьцаа нь Ц.Б*******ийг хууль бус өмчлөгч болсны дараа үүсэж байгаа. Энэ хүрээнд шударга барьцаалагч мөн эсэх дээр дүгнэлт хийх шаардлагатай. Барьцаа үүссэн бөгөөд үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Ц.Б*******ид өмчлөх эрх анхнаасаа байсан эсэх асуудлыг ярина. М.Э*******ийн хувьд өмчлөх эрх нь сүүлд үүссэн. М.Э******* иргэний журмаар өмчлөлөө тогтоолгосон гэдэг нь үндэслэл биш факт юм. Бидний барьцааны гэрээг хүчингүй болгох гээд байгаа нөхцөл бол өмчлөл нь анхнаасаа хууль бус байсан бол шударга барьцаалагчийн эрх үүсэхгүй гэж үзэж байгаа. Өнөөдрийн маргаантай холбоотой асуудлууд нэлээд гарч байгаа бөгөөд Улсын Дээд Шүүхээр 2023 онд өнөөдрийн маргаантай төстэй маргаан шийдэгдсэн байсан.
Манай маргаан бусад маргаанаас ялгагдах гол онцлог нь өмнөх маргаанууд дээр шүүх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг бүртгэх ажиллагаа анхнаасаа хууль бус байсан эсэхэд дүгнэлт өгсөн маргаан байхгүй байсан. Харин хууль ёсны өмчлөгч болсны дараа шинэ өмчлөгч гарч ирээд барьцааны гэрээний асуудал үүсэж байгаа бол шударга барьцаалагчийн эрх хангагдана. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн бүртгэл анхнаасаа хууль бус байсан учир шударга барьцаалагчийн асуудал яригдахгүй гэж үзэж байгаа. Дээрх үндэслэлээр Г.С*******гийн барьцааны бүртгэл хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл маргаантай бол барьцааны эрх үүсэхгүй гэдэг агуулга байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүссэн. 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийг татсан бөгөөд иргэний хэрэг үүссэнээс хойш 7 хоногийн дараа санаатай бүртгэл хийсэн байгаа юм. Тухайн барилга дээр маргаан байгаа эсэхийг улсын бүртгэлийн байгууллага хэрхэн олж мэдэх ёстой талаар би мэдэхгүй байгаа хэдий ч 2 тал маргаж байгаа бол улсын бүртгэл дээр очихгүй, гэрээ хэлцэл хийхгүй байх гэж бодож байна. Эсхүл гэрээ хийгээд очихдоо маргаантай гэж хэлэхгүй байх. Тэгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар заавал мэдсэн байхыг шаардахгүй гэж ойлгож байна. Мөн Г.С******* болон Ц.Б******* нар нь хоёулаа мэдэж байсан байх магадлалтай. Шүүхээс дуудсан өдөр 400 сая төгрөгийн барьцааны гэрээ байгуулах асуудал байхгүй гэж үзэж байна. Үүнийг барьцааны гэрээг хүчингүй болгуулах үндэслэл гэж харж байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 барьцаа үүссэний дараа маргаан гарсан бол барьцаалагчид мэдэгдэнэ гэх заалт байна. Өөрөөр хэлбэл Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 29 дүгээр зүйлд заасныг нэгтгээд харахаар өмнө нь маргаантай байгаа бол бүртгэхгүй, харин дараа нь маргаан үүсвэл бүртгэнэ гэж байна.
Тийм учраас барьцаа хэзээ үүссэн болон маргаан хэзээ үүссэн нь бүртгэлийг хүчингүй болгоход чухал нөлөөтэй байна. Мөн тухайн маргааны талаар шударга барьцаалагч нь мэдээгүй, мэдсэн байх боломжгүй байх ёстой. Гэтэл гуравдагч этгээдийн талаас мэдээгүй гэдгийг нотолсон баримтыг өгөөгүй. Харин ч мэдэж байсан байх талтай. Мөн хувь хүн өндөр дүнтэй зээл гаргаж байгаа тохиолдолд газар заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Харин зөвшөөрөл аваагүй барьцааг бүртгэхгүй гээд хуульд заасан байдаг” гэв.
2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч М.Э*******ийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/, 15-р хэсэг гудамж 1578/6 тоот хаягт байрлах хувийн сууц, гараашийн зориулалттай барилгын өмчлөгчөөр Ц.Б*******ийг бүртгэсэн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Ц. Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/, 15-р хэсэг гудамж 1578/6 тоот хаягт байрлах хувийн сууц, гаражийн зориулалттай барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан бөгөөд мэдүүлэг гаргагчаас гаргаж өгсөн материал нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.3 дугаар зүйлд заасан бүрдүүлбэл зохих нотлох баримтыг бүрэн хавсаргасан. Улсын бүртгэгчийн хувьд мөн хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул тухайн бүртгэлийн хийсэн.
Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлдээ "Иргэний хэргийн шүүхээс “” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн барилгын өмчлөгчөөр М.Э*******ийг тогтоох тухай шийдвэрлэж байгааг дурджээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 25 дугаар "Иргэний болон Захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.2-д Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтааp хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсгэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино" гэж заасан байдаг.
Тухайн бүртгэлтэй холбоотой өмчлөх эрхийн маргааныг талууд харьяалах шүүхэд нь зохих журмын дагуу шийдвэрлэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш. Мөн тухайн асуудалд улсын бүртгэлийн байгууллага хариуцагч байх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд болзол хангагдсанаар захиалгын гэрээ хийсэн эсэхийг тодруулаагүй бүртгэсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргаж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно гэж заасан. Захиалагч иргэн урьдчилсан тэмдэглэлд бүртгүүлээгүй болохоор манайх захиалгын гэрээтэй байгаа гэдгийг мэдэх боломжгүй байсан. Хэрэв захиалагч иргэн энэ эрхээ эдлээд бүртгэлийг хийлгэсэн байсан бол хамгаалагдах ёстой байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1. Гуравдагч этгээд Ц.Б*******ийг төлөөлөн М.Бын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэг, түүнд хавсаргасан Ц.Б*******ийг газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн фото зураг болон бусад баримтыг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг, 1578/6 тоот, 226.91 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б*******ийг улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж, 000850891 дугаартай гэрчилгээ олгосон байна. /ХХ-ийн 50-60 дахь тал/
2.2.Нэхэмжлэгч М.Э******* нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат аманд баригдах Вилла II хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан, талууд энэ талаар маргаагүй.
2.3.М.Э*******ээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хандан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг, 1578/6 тоот амины орон сууцны өмчлөгчөөр Ц.Б*******ийг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалт хийлгэх гомдол гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хянаад 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/16280 дугаар албан бичгээр “иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзсан байна. /ХХ-ийн 23, 25 дахь талууд/
2.4.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Эрхийн улсын Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1578/6 тоотод байрлах 226.91 метр квадрат талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр М Э******* /РД:*******/-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын дугаартай газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч “” ХХК, Ц.Б******* нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 208-209 дэх тал/
2.5.Өөрөөр хэлбэл, энэ хэргийн гуравдагч этгээд Ц.Б******* болон нэхэмжлэгч нарын хоорондох “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1578/6 тоотод байрлах 226.91 метр квадрат талбайтай хувийн орон сууцны өмчлөгчийн маргаан” нь иргэний хэргийн шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, энэхүү амины орон сууцны өмчлөгч нь М.Э******* болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон болно.
2.6.Эдгээрээс гадна гуравдагч этгээд Ц.Б******* нь дээр дурдсан иргэний хэргийн шүүхээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн маргаанаар иргэний хэрэг үүсгэсэн байхад уг хөрөнгийг Г.С*******тай байгуулсан 400,000,000.0 /Дөрвөн зуун сая/ төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалж, Зээлийн болон Барьцааны гэрээгээр барьцаалснаа эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлжээ. /ХХ-ийн 119-124 дэх тал/
2.7.Иймд шүүхээс энэ хэрэгт гуравдагч этгээдээр Г.С*******г татан оролцуулж, Ц.Б*******той үүссэн гэх зээлийн харилцаа бодитоор үүссэн талаарх нотлох баримт гаргаж өгөхийг үүрэг болгосон боловч, тэрээр ийм нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нотлох баримт гаргуулахтай холбоотой ямар нэг санал хүсэлт гаргаагүй, шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргаж өгөх эрхийг танилцуулсан, тайлбараа бичгээр гаргахыг шаардсан боловч гуравдагч этгээдийн тайлбараа бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно./Шүүгчийн туслахын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлээр. ХХ-ийн 207 дахь тал/
2.8.Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг үндэслэн, 223 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тогтоолоор Эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1578/6 тоот хаягтай үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байсан ба энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс маргаж буй улсын бүртгэлийг /маргаан бүхий захиргааны актыг/ түдгэлүүлэх хүсэлт гаргасныг “иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй” гэж үзэн хүсэлтийг хүлээн аваагүй болно. /Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд/
2.9.Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр М.Э*******ийн нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байхад, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаартай бичгээр гаргасан зөвшөөрлөөр Эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1578/6 тоот хаягтай хувийн орон сууцны шилжих хөдөлгөөнийг Ч.У гэгчээс гаргасан гомдлоор хэрэг бүртгэлийн ажиллагааны шатанд хязгаарласан /ХХ-ийн 140, 149 дэх тал/ зэрэг үйл баримтууд захиргааны хэргийн шүүхэд тогтоогдож байна.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж, мөн зүйлийн 6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж, мөн зүйлийн 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж тус тус заажээ.
3.2.Хуулийн дээрх заалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь аливаа этгээдээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл өөрийн эрхийг зөрчсөн гэж үзэж гаргасан нэхэмжлэлийг үндэслэн улсын бүртгэлийг хянах, хууль бус болох нь нотлогдвол өөрийн шийдвэрээр хүчингүй болгох эрхтэй.
3.3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд мөн зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна” гээд мөн зүйлийн 19.4.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэжээ.
3.4.Дээрх хуулийн заалтын дагуу улсын бүртгэлийн байгууллага, бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримтыг шаардан гаргуулах эрх, үүрэгтэй болохоос иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрх бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан баримтын үнэн зөвийг шалгаж тогтоох эрх болоод үүрэггүй бөгөөд ирсэн баримт тус бүрийн үнэн зөвийг шалгаж тогтоох боломж байхгүй юм.
3.5.Харин хуульд заасан энэ эрх, үүргийг хэрэгжүүлэх, шийдвэрлэх боломж нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн этгээдээс гомдол, өргөдөл гаргасан тохиолдолд л хэрэгжинэ.
3.6.Хуулийн энэ заалтын дагуу иргэн Ц.Б*******ийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг, 1578/6 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага хүлээн авсан нь хууль зөрчөөгүй байна.
3.7.Харин бодит байдал дээр Ц.Б******* уг хөрөнгийн өмчлөгч биш байсан болох нь дээрх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/04815 дугаар захирамжаар шийдвэрлэсэн үйл баримтаар нотлогдож байна.
3.8.Иймд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг, 1578/6 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б*******ийг бүртгэсэн улсын Ү- дугаар бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “улсын бүртгэл үнэн зөв” байх зарчимд нийцээгүй гэдэг нь нотлогдсон учраас уг улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн.
3.8.Нөгөө талаас гуравдагч этгээд Ц.Б******* нь иргэний хэргийн шүүхэд дээрх “үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр М.Э*******ийг зөвшөөрч” шийдвэрлүүлсэн байгаа тул уг асуудлаар маргаан байхгүй гэж үзэн шүүхээс М.Э*******ийг уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3.9.Мөн түүнчлэн дээр гуравдагч этгээд Ц.Б******* нь өөрийн өмч биш хөрөнгийг Г.С*******д барьцаалсан иргэний эрх зүйн харилцаа, түүнээс үүдсэн үр дагаврыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй боловч, уг барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны үйлдлийг харьяалан шийдвэрлэх үүрэгтэй юм.
3.10.Тодруулбал, гуравдагч этгээд Ц.Б******* нь нэхэмжлэгч М.Э*******ийн өмчийн хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Г.С*******д барьцаалсан барьцаалбар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “улсын бүртгэл үнэн зөв” байх зарчимд нийцсэн гэж үзэх хууль зүйн боломж байхгүй.
3.11.Өөрөөр хэлбэл, эрх зүйн харилцаанд барьцаа, барьцаалбар нь хуульд заасан журмын дагуу үүссэн байх ёстой бөгөөд хууль бус барьцаалбарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнаас хууль ёсны болгож бүртгэсэн бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй.
2.12.Энэхүү хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох Ц.Б******* болон Г.С******* нарын хооронд байгуулсан Барьцааны гэрээг бүртгэсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлийг хууль болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3.13.Иргэний хэргийн шүүх М.Э*******, Ц.Б******* нарын хооронд үүссэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1578/6 тоот хаягтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тогтоох маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж захирамж гаргахдаа Эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэснээ хэрхэхийг заагаагүй боловч энэ нь тус захиргааны хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн.
3.14.Дээр тогтоогдсоноор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Эрхийн улсын Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, 1578/6 тоотод байрлах 226.91 метр квадрат талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр М Э******* /РД:*******/-ийг тогтоох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн маргааныг шийдвэрлээгүй байх тул захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэж байна.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Тав. Ирц болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох дүгнэлтийн талаар:
5.1.Тус шүүхээс нэхэмжлэгч М.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гуравдагч этгээдээр Ц.Б*******, түүний үүсгэн байгуулж, хувьцааг нь 100 хувь эзэмшдэг “” ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж, шүүхэд ирэхийг Ц.Б*******ид түүний эзэмших дугаар утсанд холбогдож болон шүүхийн албан бичгээр тус тус, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Аод түүний эзэмших дугаарын утсанд мэдэгдсэн, тухайн үед эдгээр этгээд нь шүүхэд ирэхийг “за” гэж зөвшөөрсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, аливаа байдлаар хүсэлт гаргаагүй, шүүхийн утсанд хариу өгөхгүй байсан, нөгөө талаас иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар өмчлөгчийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байсан тул тэдгээрийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. /ХХ-ийн 69-70, 165-166, 181 дэх талууд/
5.2.Мөн маргаан бүхий захиргааны акт нь “” ХХК-д чиглээгүй, тус компанитай өмчлөгчийн маргаан байгаа гэж үзэх үйл баримт шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй учраас энэ хэргийн гуравдагч этгээд нь “” ХХК биш гэж үзээд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж дүгнэв.
5.3.Гуравдагч этгээд Г.С*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, Г.С*******г өөрийн эрхийг хамгаалж тайлбар гаргах, шүүхийн мэтгэлцээнд оролцох боломжоор шүүх хангасан боловч энэ эрхээ эдлээгүй, түүнчлэн тайлбараа шүүх шаардсаар байхад гаргаагүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг, 1578/6 тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр Ц.Б*******ийг бүртгэсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн улсын бүртгэл, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ц.Б*******, Г.С******* нарын байгуулсан Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч М.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг орлогод дүйцэх 70200 төгрөгийн хариуцагчаас нөхөн гаргуулж, М.Э*******т олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ