| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 156/2024/00534/И |
| Дугаар | 192/ШШ2025/03598 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03598
| 2025 05 01 | 192/ШШ2025/03598 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,******* тоотод оршин суух,*******-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 44,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчт холбогдуулан 44,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2023 оны 5 сарын 30-ны өдөр 6 сарын хугацаатай, 6.6 хувийн хүүтэй, 30,000,000 төгрөг зээлээр авч 40,000,000 төгрөг төлөхөөр тохирч албан ёсны гэрээ байгуулж, зээл авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө цаг хугацаанд төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагчээс үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 14,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчаас 30,000,000 төгрөг зээлж аваад өгөөгүй нь үнэн. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир зээлийн хүү 14,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Үндсэн зээл 30,000,000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 12/, төлбөрийн баримт /хх-ийн 14,15/, шилжүүлгийн баримт /хх-ийн 72, 73/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 77-88/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 05 сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагчт зээлүүлсэн. Зээлийг сарын 6.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай байхаар тохиролцсон. Хариуцагч гэрээний дагуу зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 14,000,000 төгрөг нийт 44,000,000 төргөг төлөх үүргээ биелүүлэхгүй байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэгчаас 30,000,000 төгрөг зээлж аваад өгөөгүй нь үнэн. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир зээлийн хүү 14,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Үндсэн зээл 30,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хаан банкны шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчт 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 9,980,000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь тоот данснаас хариуцагчийн дугаар дансанд зээлдүүлэхээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна./хх-ийн 72-73 дугаар тал/
5.Хариуцагч нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг зээлж, 5 сарын хугацаатай, сарын 6.6 хувийн хүү төлөх санал тавьж, 30,000,000 төгрөгийн зээлийг авсан, зээл төлөөгүй тухайд маргаагүй.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
7.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 30,000,000 төгрөг өмчлөлд нь шилжүүлэн өгөх, хариуцагч шилжүүлэн авсан 30,000,000 төгрөгийг буцаан төлөх тохиролцоо хийгдсэн үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
8.Хариуцагч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй гэж маргасан боловч шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд фэйсбүүк чат, мессежээр харилцан баримтад хийсэн үзлэгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 6.6 хувийн хүүтэй зээлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч энэ саналаа цахимаар явуулахыг хүссэн. Улмаар хариуцагчийн явуулсан хүсэлтийг хүлээн авч зээл олгохыг зөвшөөрч хариуг хариуцагч хүлээн авсан байна.
9.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:, 43.2.2-т хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан гэж заасан.
10.Хариуцагчийн 2023 оны 05 сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сард 6.6 хувийн хүүтэй төлөхөөр ээлийн гэрээ байгуулах санал гаргаж, нэхэмжлэгч саналыг зөвшөөрч хариуг фэйсбүүк чатаар буюу цахимаар хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан. Улмаар нэхэмжлэгч зээл 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээр зээлийн гэрээг дээрх нөхцөлөөр бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
11.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
12.Хариуцагч зээл 30,000,000 төгрөг, 5 сарын хүү төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл 30,00,000 төгрөг, 5 сарын хүү 9,900,000 төгрөг нийт 39,900,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
13.Гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаа дуусахад тулаад гэрээг сунгаагүй тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.
14.Иймд хариуцагчээс 39,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
15.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 357,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасны дагуу хариуцагчээс 39,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчээс 357,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР