Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01003

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/00666 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Бгийн хариуцагч О.Дхолбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд               44 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Л.Бгаас 11 514 420 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний сунгалт болон 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч О.Д-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч,шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.З, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Днь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн байгуулсан. Барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн зам гудамж, 60/2 дугаар байрны 63 тоотод байрлах Ү-2206012398 дугаартай 16 м.кв байрыг барьцаалсан. Гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгасан. О.Днь хүүний төлбөрөөс 2 400 000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, 37 сарын хүү 22 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, үүнээс төлсөн 2 400 000 төгрөгийг хасч, 44 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Л.Бд маш их хэмжээний мөнгө өгсөн. Л.Бтай урт хугацааны зээлийн гэрээ байгуулаагүй учир түүнд өгсөн мөнгөө буцааж шаардах болно. Иймд Л.Бгийн нэхэмжилсэн 44 800 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Л.Бгаас                10 000 000 төгрөгийг зээлэхээр тохирсон. Уг мөнгийг миний дансанд биш манай бэрийн дансанд хийсэн. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Л.Бгийн Төрийн банкны 10880136020 тоот дансанд 500 000 төгрөг, Хаан банкинд Пүрэвлхам гэдэг хүний дансанд хий гэсний дагуу 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Л.Бгийн Төрийн банкны дансанд 1 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 03-нд 1 000 000 төгрөг, 10 дугаар сарын 03-нд 1 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би Солонгос улс руу явах гэж дансандаа байршуулахаар 5 000 000 төгрөгийг зээлэхээр хүүтэйгээ хамт Л.Бгийн гэрт очиход өмнөх зээлээ баталгаажуулна гээд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан мэтээр гэрээ байгуулж, хүү болон хугацааг тохирсон. Уг гэрээ нь зээл авсан хугацаанд биш, өөр хугацаанд хийгдсэн тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймээс уг гэрээгээр хүү төлөх нөхцөл үүсэхгүй. Иймээс тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр би бодитоор 7 500 000 төгрөг зээлж авсан. 2 500 000 төгрөгийг өмнөх 2016 оны зээлийн гэрээний үлдэгдлийг нэмж тооцон 10 000 000 төгрөг гэж тохирсон. Гэрээний сунгалтууд болон бэлнээр 2 500 000 төгрөг авсан гэж бичихийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай ажил дээр ирж чиний барьцаанд тавьсан хөрөнгийг чинь зарлаа, эсхүл энэ гэрээний сунгалтууд дээр гарын үсэг зурж хүсэлт бич гэж шахаж шаардан, олон бал солиулж, бичих үгийг зааж бичүүлсэн. Уг гэрээний сунгалтууд гэрээний хугацаа дууссан цаг хугацаанд бус, бүр хожим хойно хүч хэрэглэх замаар бичүүлж авсан. Ингээд эвлэрүүлэн зуучлах газар өгсөн байсан. Иймд уг гэрээний сунгалтын хугацааны хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 31 264 420 төгрөгийг Л.Бд төлсөн. Үүнээс 2016 оны зээлийн 10 000 000 төгрөг, мөн 2017 оны зээлийн 7 500 000 төгрөг, 5 сарын хүүний төлбөр 2 250 000 төгрөгийг хасч, илүү төлсөн 11 514 420 төгрөгийг гэрээ болон гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотойгоор Л.Бгаас нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. О.Д, н.Адзана нар 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг зээлийн гэрээ байгуулсан. Тооцоо нийлсэн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Харин 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр О.Ддахин зээлийн болон барьцааныг эрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Энэ төлбөрөө төлөөгүй байгаа. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний тооцоог нийлж, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 355 000 төгрөг төлж, уг гэрээг хааж, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр авсан зээлээ 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс төлж эхлэнэ гэж О.Д-ийн бичсэн баримт хэрэгт авагдсан. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хууль ёсны дагуу хийсэн, бүрэн төлөгдөж дууссан учир хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Тухайн цаг хугацаанд гэрээ байгуулахгүйгээр 10 000 000 төгрөгийг өгөх боломжгүй. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтыг өөрийн хүсэлтээр гэрээг сунгасан. О.Дөөрийн гараар, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж гэрээгээ сунгасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Дгаас 34 361 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 439 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л.Бгаас 11 514 420 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Д-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч О.Д-ийн сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзаж, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 381 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 329 755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас 163 749 төгрөг гаргуулан улсын орлого /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-д оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу миний бие 7 500 000 төгрөгийг шилжүүлж авсан бөгөөд 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс өгөөгүй. Иймд нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгөөс хүү тооцох эрх үүсэхгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 282.3, 282.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад зээлийн гэрээний сунгалт хийгдээгүй. Мөн талуудын хооронд хэд хэдэн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Шүүх зээлийн гэрээний харилцаа болон үүргийг дүгнэхдээ аль зээлийн гэрээний үүргийг хэрхэн яаж хувиарлаж байгаагаа тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний харилцааг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний харилцаанаас хэрхэн зааглан ялгаж, ямар байдлаар үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон н.Адзана 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдахад өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл                5 264 000 төгрөг байсан талаар огт гэрчилдэггүй ба 2017 оны 01 дүгээр сард очиж гэрээ байгуулагдахад 2016 оны гэрээг нөхөж хийсэн талаар гэрчилдэг. Анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй. Мөн анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ О.Д-ийн зээлийн төлбөрийг Л.Бгийн данс руу шилжүүлж талаарх баримтуудыг үнэлээгүй. Анхан шатны шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой байх тул сөрөг нэхэмжлэлийн хамтатган шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн хүлээж авахдаа шүүх үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай гэж хүлээн авсан. Хариуцагч О.Днь 2017 онд авсан зээлийн 2 500 000 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэл байсан талаар тайлбарладаг. Мөн О.Д-ийн зүгээс Л.Бд шилжүүлж байсан зээлийн төлбөрүүдийг өмнөх зээлийн гэрээний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүйгээр тооцох ямар ч боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч О.Дхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 11 514 420 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний сунгалт болон 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

            Талууд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, О.Д-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206012398 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн зам гудамж, 60/2 дугаар байрны 63 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэг авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 3,4 дүгээр тал/

 

            Дээрх зээлийн гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 6 удаа сунгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагчаас дээрх зээлийн гэрээний дагуу 7 500 000 төгрөгийг дансаар авснаа хүлээн зөвшөөрч, 2 500 000 төгрөгийг өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцон суутгасан гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд хариуцагч “2017.3.27-ны өдөр 2 500 000 төгрөгийг бэлнээр авсан, хүлээн авсан О.Д” гэж бичиж гарын үсгээ зурсан байна. Хариуцагчаас нэхэмжлэгчийн дарамт, шахалт дор гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй учир нэхэмжлэгчээс хариуцагчид 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзнэ. Энэ үнийн дүнгийн хэмжээгээр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Талууд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

            Хариуцагч О.Д-ийн “Голден парк Солонгос бараа Даваа” гэсэн нэртэй тооцооны дэвтэрт 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн үлдэгдэл 3 700 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, тооцоо дууссан тухай 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр О.Дгэж тэмдэглэжээ. Иймд уг хугацаанаас хойш хариуцагчаас нэхэмжлэгчид 13 удаагийн шилжүүлгээр нийт 2 626 000 төгрөг, бараагаар 213 000 төгрөгийг өгсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, “Голден парк Солонгос бараа Даваа” гэсэн нэртэй тооцооны дэвтрээр нотлогдож байна. /хэргийн 140-150 дугаар тал/ Иймд зээлийн гэрээний үүрэгт 2 839 000 төгрөгийг тооцож хасах нь зүйтэй. Анхан шатны шүүхээс хариуцагчаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 19 361 000 төгрөг, нийт 29 361 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн гэж үзнэ. Хариуцагч дээрх гэрээний үүргийг биелүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй.

 

            Талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 2.7-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон. Анхан шатны шүүхээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдангийг зөвхөн үндсэн зээлээс тооцсон нь буруу болжээ. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээл болон зээлийн хүүгийн нийлбэрээр тооцно. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 19 361 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан агуулгаас үзвэл зээл, зээлийн хүүгийн нийлбэрээс 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг тооцохоор зохицуулжээ. Алдангийг зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 117 хоногийг хугацаанд тооцвол 11 326 185 төгрөг болж байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасанд нийцэхгүй байна. Дээрх заалтад нийцүүлэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 19 361 000 төгрөгөөс тооцвол хариуцагчаас алдангид 9 680 500 төгрөг төлөхөөр байна. Гэвч нэхэмжлэгч алдангид 5 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул талуудын диспозитив зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаагүй болно.

 

            Хариуцагчийн гаргасан 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт заасныг баримтлан татгалзсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Мөн хариуцагчаас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний сунгалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч хүсэлт бичихгүй бол барьцаанд тавьсан хөрөнгийг зарна гэж шахаж шаардаж, дарамталсан учир гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүхээс зээлийн гэрээний сунгалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусд тооцсоноор нэхэмжлэгчээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 11 514 420 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/00666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 755 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД

 

                                                 ШҮҮГЧИД                           Д.НЯМБАЗАР

 

                                                                                             С.ЭНХТӨР