Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

Улсын яллагч М.Хэрлэнчимэг

Хохирогч Ц.Дагиймаа, Ч.Амаахүү, тэдгээрийн өмгөөлөгч Т.Даваажав

Шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Сд холбогдох эрүүгийн 1706032290422 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Саруул тэнгэр-1 хотхоны 47 дугаар байрны 110 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сарлагтан овогт Х.С /регистрийн дугаар НБ71052405/

 

     Үйлдсэн хэргийн талаар:

            Шүүгдэгч Х.С нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Дагиймаагийн байрыг Оросуудад зарж өгнө гэж хууран 7.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртлэх хугацаанд иргэн Ч.Амаахүүд Оросуудаас төслийн хөрөнгө оруулалт авч өгнө гэж хууран 4.607.000 төгрөг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Х.С нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            Хохирогч Ц.Дагиймаагийн шүүх хуралдаанд өгсөн:

“Амаахүүгээр дамжуулж Х.Стэй танилцсан. Би тухайн үед охиныхоо байр, өөрийнхөө байрыг зараад гадаад явах гээд зар өгсөн байсан чинь Х.С 5 байр авна гэж байна. Чи 2 байраа Х.Сд зар гэж анх танилцуулж байсан. Надад хэлэхдээ одоо 7 хоноод л хөрөнгө оруулалт орж ирнэ, мессеж нь энэ байна гээд утсаа үзүүлдэг байсан. Тэр үед мөнгө хэрэгтэй байна, 1.000.000.000 тэрбум ам.доллар ороод ирсэн Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа шалгаад дуусахаараа миний данс руу орно гэж намайг итгүүлээд залилсан. Мөнгө зээлээд өгнө гэсэн хугацаан ч хэтэрсэн. 2017 оны 9 дүгээр сарын эхээр байр хэрэгтэй байна. Нөгөө гадаад чинь ирэх гээд байна гэхээр нь манай охины байр хоосон байсан болохоор охиныхоо байранд оруулсан. 2017 оны 9 дүгээр сар, 10 дугаар сард бүтэн суусан. 2017 оны 10 дугаар сарын дундуур утсаа ч авахаа болиод, мессежэнд хариу ч бичихээ байхаар нь би нэг удаа фэйсбүүкт байхаар нь чи мөнгийг маань өгөөчээ, тэр оросууд чинь алга байна. 2 сар байранд минь суучихлаа, энэ чинь одоо залилан шүү гэж бичсэн чинь таны өгсөн 7.000.000 төгрөгийг чинь 70.000.000 төгрөг болгож нэхэмжилнэ. Та миний нэр төрд халдлаа, маргааш цагдаагийн байгууллагад очоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би залилуулсан юм байна гэж ойлгоод Ц.Амаахүүд хэлээд цагдаагийн газар очиж өргөдөл өгье, энэ хүн чинь ийм зүйл яриад байна одоо болъё гээд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр байрнаасаа хөөж гаргасан. Миний хувьд 2 сарын байрны түрээсийн мөнгө 1.000.000 төгрөг, 7.000.000 төгрөгийг 6 сар аваад алга болсон мөнгөний алдангийг 0.1 хувиараа бодоод 1.200.000 төгрөг, цахилгаан, СӨХ-ийн мөнгө хаяаад явсан 258.000 төгрөгийг би өөрөө төлсөн. Мөн өмгөөлөгчийн хөлсийн 1.000.000 төгрөг, нийт 3.380.000 төгрөгийг Х.Сээс нэхэмжилж байна. 7.000.000 төгрөгийн хохирлыг маань өгөхийн хувьд өгсөн. Тэгэхдээ хохирлыг маань 100 хувь барагдуулсан гээд байгаа. 100 хувь гэдэг нь зөвхөн 7.000.000 төгрөгийн хохирлыг л барагдуулсан болохоос биш бусад хохирлыг маань барагдуулаагүй.” гэх мэдүүлэг,

Түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 07 сард би Сарангэрэл гэх эмэгтэйтэй танилцсан бөгөөд Сарангэрэл нь өөрийгөө “ОХУ-ын “Альфа инженеринг Инвест” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч гэж танилцуулсан. Манай компани Монголд нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа. Одоо манай компанийн орос ажилчид монголд ирэх учраас таван ширхэг орон сууц авах шаардлагатай байна” гэж хэлсэн. Тэр үед би өөрийн БЗД-ийн 25-р хороо 13-р хороолол 74-30 тоот 3 өрөө, 74-09 тоот хоёр өрөө байруудыг зарах гэж байсан юм. Тэгтэл Сарангэрэл “байраа зарах гэж байгаа юм бол манай компанид зарчих, 3 өрөө байрыг чинь тавилгатай нь 168 сая төгрөгөөр, 2 өрөө байрыг 90 сая төгрөгөөр авъя” гэж санал тавихаар нь би зөвшөөрсөн. Сарангэрэл “би хоёр байрыг чинь зарж өгч байгаа юм чинь 7.000.000 төгрөг түр өгч бай, би байрны чинь мөнгөтэй хамт 2017 оны 09 сарын 11-ний өдөр өгнө” гэхээр нь би итгээд 2017 оны 08 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Их Орд худалдааны төвийн Хас банкнаас бэлнээр 7.000.000 төгрөг аваад Сарангэрэлд тэр дороо бэлнээр өгсөн... Тэгээд Сарангэрэл “байраа хурдан суллаж өг, Оросууд өнөө маргаашгүй ирлээ” гэхээр нь би гурван өрөө байрны тавилгаа үлдээгээд хоёр өрөө байрныхаа эд хогшлийг нүүлгэж суллаж өгсөн. Сарангэрэл миний сулласан хоёр өрөө байранд өөрөө нүүж ороод 2017 оны 11 сарыг хүртэл хоёр сар үнэ төлбөргүй амьдарсан. Сарангэрэл 7 сая төгрөг авч, миний байранд орсноос хойш намайг залгахаар утсаа авахаа байсан бөгөөд тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/

 

Хохирогч Ч.Амаахүүгийн шүүх хуралдаанд өгсөн:

“Анх би Х.Сийг таньдаггүй байсан. Билгээ гэдэг хүн миний машинд цуг явж байхад энэ хүн Билгээ рүү яриад 7 хоногийн дараа хөрөнгө оруулалт орж ирэх гээд байна төсөлтэй хүн байна уу гэж ярьсан гэсэн. Билгээ над руу энэ хүн ийм яриад байгаа юмаа худал, үнэнг нь би мэдэхгүй байна чи очиж уулзаач гэж надад хэлсэн. Тэгээд би энэ хүнтэй 2017 оны 5 дугаар сард очиж уулзсан. Ямар зүйлд хөрөнгө оруулах анхан шатны зүйл байхгүй. Зүгээр л надад компаний бичиг баримт үзүүлсэн. Би тэрийг нь хараад хөрөнгө оруулалт ирэхийн байна гэж ойлгоод нээх ач холбогдол өгөхгүйгээр явсан. 2017 оны 7 дугаар сард Х.С над руу өөрөө утасдсан. Манай хөрөнгө оруулалт 7-14 хоногийн хугацаанд орж ирэх гэж байна. Та найдтай ирж уулзах хэрэгтэй байна. Таны төсөлийг манай хамтран ажиллагч оросууд дэмжсэн. Таны 3.000.000 ам.долларыг оруулах яриаг дэмжиж байна. Тийм учраас надтай ирж даруйхан уулзаа гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод байсан учраас Х.Стэй уулзсан. Х.С цаад талын хугацаа 14 хоногийн дотор орж ирнэ гэж ойлгож байгаа. Тийм учраас та надад туслаач. Би 3 жилийн хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг авах гэж өөрийнхөө 400.000.000 гаруй төгрөгийг зарсан байгаа. Тийм учраас одоо би хүчин мөхөсдөөд байна гэж надад хандсан. Би тэгж хэлэхээр нь эгч нь их хэмжээний мөнгө оруулж чадахгүй. Эгчид нь одоогоор мөнгө байхгүй байна гэж хэлэхэд за тэгвэл та машинаа ломбарданд тавьчихаа гэсэн. Тэгэхээр нь би машинаа явдагаар тавъя, машинаа тавчихвал явган нүцгэн хэцүү гэж Х.Сд хэлсэн. Х.С нөхөртэйгөө машиныг чинь явдагаар тавих гэж хүнтэй ярьж байгаа та давхар хүнээс асуугаарай гэж надад хэлсэн. Би “Сайн” ломбарданаас явдагаар тавьж болох уу гэж асуутал ДГО гэсэн дугаартай учраас явдагаар манай ломбард авахгүй гэсэн. Тэгээд нэг өдөр над руу Х.С залгаад яаралтай 7-10 хоногийн хугацаатай машинаа тавиад өгөөч би хүн рүү мөнгө шилжүүлэх яаралтай шаардлагатай байна гэсэн. Би үнэхээр 7-14 хоногийн дотор хөрөнгө оруулалт орж ирэх байх гээд итгээд машинаа тавьсан. 2016 7 дугаар сарын 26-ны өдөр 2.500.000 төгрөгөөр тавиад Үүрцайхын данс руу шилжүүлсэн. 2.500.000 төгрөгөөр машиныг маань 4 удаа тавиулсан. Тавиулаад 4 хоногийн дотор мөнгө орж ирнэ гэсэн боловч мөнгө орж ирээгүй 1 сар болчихоор нь би өөрөө ирж Х.Стэй уулзсан. Х.Стэй уулзахад би хятад ном хэвлүүлж байна тэрнээс мөнгө гарахаар би аваад өгье гэж хэлж байсан. Тэр мөнгө ч орж ирээгүй байсан. Тэгтэл хүүхдүүд сургуульдаа орох гэсэн мөнгө төгрөгийн хэрэгтэй хүндрэлтэй болчихоод байна. 5.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэж ярьж байсан. Ц.Дагиймаа үнэхээр хөрөнгө оруулалт нь орж ирээд байр сав авах гэж байгаа юм бол би бас 5.000.000 төгрөг өгчихвөл яах юм бол гэж надаас асууж байсан. Энэ талаар нь би Х.Сд хэлсэн. Тэгтэл Х.С ирж уулзаад өө наад мөнгө 7.000.000 төгрөг болгочих Ү.Амаахүү эгчийн машиныг нь авч өгөхгүй бол хэцүүд лээ гэтэл Ц.Дагиймаа чиний машиныг авч өгөхийн тулд би өглөө шүү гээд Х.Сд охиноосоо 7.000.000 төгрөг авч өгсөн. Авсан мөнгөнөөсөө хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг хийгээд үлдсэн мөнгөөр нь миний машиныг нь авч өгсөн. Машиныг тавихдаа машин тавиулж мөнгө авсан гэж гарын үсэг зураад баримт бичиг үйлдэж өгсөн. Машин тавих болгондоо надад хэрэгтэй гээд гэрээг нь авдаг байсан учраас Х.Сээс гэрээг булаацалдаж байгаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Дагиймаас 7.000.000 төгрөг аваад миний машиныг авч өгчихөөд надад 350.000 төгрөг өгсөн. За Ү.Амаахүү эгчээ та Дорноговь аймаг руугаа яв тэтгэврийнхээ зээлийг аваад яаралтай авч ир гэж надад хэлсэн. Би Х.Сээс авсан мөнгөрөө машинаа уугаалгаад Дорноговь аймаг руу явсан. Би Дорноговь аймагт ирээд 1.500.000 төгрөгийн тэтгэврийн зээл аваад Үүрцайх гэсэн дансруу шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сар болоход Ч.Амаахүү эгчээ дахиад мөнгө яаралтай хэрэгтэй боллоо гэж ярьж байсан. Энэ хооронд би хүргэнээсээ 200.000 төгрөг аваад өөрөө Х.Сд аваачиж өгч байсан. Ломбарданд очоод машинаа авах гэсэн хүүнийх нь мөнгө 123.000 төгрөг дутаад би өөрөө тэр мөнгийг нь гаргаж машинаа авч байсан. Ерөөсөө 2.000.000 төгрөг авсан гэдэг нь худлаа. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны надтай уулзаад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 500.000 төгрөг өгсөн. Шат дарааллан явж байгаад 4.607.000 төгрөг надаас авсан. Хийд дээр уулзаад намайг бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн гэж байна. Би хийд дээр уулзаад 1.000.000 төгрөг надаас бэлнээр авсан. Үүрцайх амиа хорлоно гээд эм уусан гээд 150.000 төгрөг авсан. Би 2.000.000 төгрөгийн төлөө худлаа хэлж хүнд ял халдаахгүй. 2.000.000 төгрөгийн өгсөн, одоо 2.607.000 төгрөг үлдсэн байгаа. Бид хоёрын хувьд өмгөөлөгч аваад 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Өмгөөлөгчийнхөө хөлсийг энэ хүнээс гаргуулах ёстой гэж үзэж байна. Нийт 3.607.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2017 оны 05 сарын 25-ны өдөр Сарангэрэлтэй танилцсан бөгөөд Сарангэрэл нь өөрийгөө “би Оросоос асар их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, Улаанбаатарт маш том эмнэлэг байгуулна” гэх зүйл ярьсан бөгөөд “би таныг өөрийн оруулж ирэх хөрөнгө оруулалтаас санхүүжүүлье, манай Оросууд зөвшөөрсөн тул та төслөө надад өгч хөрөнгө оруулалт аваарай, хөрөнгө оруулалт авахын тулд та бидний ажилд тусалж бидэнд мөнгө оруулах ёстой” гэсэн. тэр үед надад мөнгө байгаагүй тул би үнэнээ хэлэхэд “чи тэгвэл өөрийнхөө автомашиныг ломбарданд тавиад 2-3 сая төгрөг олж өг, тэгж хамтарч ажиллахгүй бол таны төсөлд хөрөнгө оруулахгүй шүү” гэж хэлсэн. Би Сарангэрэлийн хэлсэн ярианд нь итгээд өөрийн Nissan XTrail маркийн автомашиныг автоломбарданд 2017 оны 06 сарын үед шиг санагдаж байна, барьцаалаад газар дээр нь Сарангэрэлд 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн... 2017 оны 09 дүгээр сарын эхээр Сарангэрэл надруу залгаад “Оросууд ирэх гээд байна, та яаралтай мөнгө надруу шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гэхэд “та тэтгэврийн зээлээ аваад яаралтай явуул, Оросууд ирэхээр би 7 хоногийн дотор зээлийг чинь хааж өгнө, та мөнгөө аваад өөрөө хурдан хүрээд ир” гэхээр нь би тэтгэврийн зээлээ аваад 1.5 сая төгрөгийг нь Сарангэрэлийн хамтран амьдрагч Үүрцайх гэгчийн Хаан банкны данс руу шилжүүлээд өөрөө хотод очиж Сарангэрэлтэй уулзахад “та дахиад мөнгө өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хойш удаа дараа Сарангэрэл намайг дуудаж ирээд “Оросууд ирэх гээд байна, энд юм бэлдэх хэрэгтэй байна” гэж хэлээд 200.000 төгрөг, дараа нь “надад 100.000 төгрөг хэрэгтэй байна” гээд 100.000 төгрөг авсан. Мөн миний автомашиныг ломбарднаас буцааж авч өгөхдөө “мөнгө хүрэхгүй байна, удахгүй мөнгө орж ирнэ” гээд 123.000 төгрөг авсан. Энэ замаар надаас нийтдээ 4.607.000 төгрөгийг “удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ, та яаралтай мөнгө өг” гэж шамдуулж байгаад надаас авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/

 

            Гэрч А.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “Амаахүү нь 2017 оны 8 сарын сүүлээр “хэмтэй мах гэх төсөл хэрэгжүүлэхэд 3 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна” гэж Сарангэрэл бид 2 дээр төслөө барьж ирээд танилцаж байсан юм. Тэгээд бид 2 танилцаж үзээд “таны төслийг Оросуудад танилцуулъя, хөрөнгө оруулалт ирэхийг хүлээе, тэр болтол та хүлээж бай” гэсэн юм. Тухайн үед компанийн урсгал зардалд мөнгө хэрэг болж байсан ба байсан бөгөөд Амаахүү өөрийнхөө 5555 ДГО улсын дугаартай автомашиныг нь хоёр ч удаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж мөнгийг нь Сарангэрэл бид хоёрт өгч байсан. Сарангэрэл бид 2 Амаахүүгийн машиныг нь барьцаалан зээлдүүлэх газраас чөлөөлж өгч байсан. 2017 оны 09 сарын дундуур манай компанид мөнгөний хэрэгцээ ихтэй байсан бөгөөд Амаахүү тэр үед байнга бид нартай хамт нөхцөл байдлыг мэдэж байсан тул өөрөө “би Сайншанд руу яваад тэтгэврийн зээл аваад ирэе” гэж нутагруугаа яваад тэтгэврийн зээлээ аваад 1.450.000 төгрөгийг надад өгч байсан... Одоо Амаахүүд 1.400.000 төгрөгийн эргүүлж өгөх ёстой байгаа юм... Амаахүү нь 2017 оны 08 сарын дундуур Сарангэрэл бид хоёртой Дагиймаа гэх эмэгтэйг танилцуулсан. Тухайн үед орос түнш маань Улаан-Үүдэд амьдарч байсан бөгөөд бид нарт мөнгө хэрэгтэй байсан юм. Мөн бид нарт Орос түншүүдээ монголд амьдруулах байрны хэрэгцээ байсан юм... Тэгэхэд Амаахүү “манай найз Дагиймаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоонтөгөл хотхонд хоёр байр зарах гэж байгаа, та хэд Дагиймаагийн байрыг нь худалдаад алчихвал хэн хэндээ ашигтай юм биш үү, тэгнэ гэвэл би Дагиймаагаас мөнгө зээлээд өгөе” гэж хэлсэн. Тэгээд бид нар Дагиймаатай уулзаад Оросоос хөрөнгө оруулалт ирвэл хоёр орон сууцыг нь худалдаж авахаар тохироод “хөрөнгө оруулалт орж иртэл 7.000.000 төгрөг зээлэх боломж байна уу, хөрөнгө оруулалт орж ирэхээр байрны мөнгөтэй чинь хамт өгөе” гэхэд Дагиймаа зөвшөөрч 2017 оны 08 сарын 29-ний өдөр 7.000.000 төгрөгийг Дагиймаа өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/,

 

            Шүүгдэгч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

            “Би 2017 оны 05 дугаар сард Амаахүү гэх эгчтэй танилцаж, махны төсөлд хөрөнгө оруулалт хийх хүн олж өгөөч, эсвэл хөнгөлөлттэй зээл бүтээж өгөөч гэж надтай уулзсан ба 3 сая доллар болдог гэж байсан. Би тэр төсөлтэй нь танилцаад өөрийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Альфа инженеринг Инвест” ХХК-ийн ОХУ-ын хөрөнгө оруулагч талд энэ асуудлыг нь уламжилж өгөөд өнөөдрийг хүртэл хүлээгдэж байгаа юм. Тэгээд 2017 оны 06-р сард Амаахүү эгчтэй ярилцаад манай компанийн ОХУ-ын тал энэ асуудлыг судлахаар ирж, очих зардалд мөнгөний хэрэг гараад 2 сая төгрөгийг Амаахүү эгч өөрийнхөө машиныг барьцаалж, надад зээл авч өгсөн ба уг мөнгөнөөс 300.000 төгрөгийг Амаахүү эгч өөрөө хэрэглэнэ гээд бэлнээр авсан. Улмаар 20 хоногийн дараа хүүтэй нь ломбарданд төлбөрийг нь би өгч машиныг нь буцааж авч өгсөн. Тэгэхэд надад 123.000 төгрөг дутаж, Амаахүү эгчээс авсан юм. 2017 оны 07-р сарын сүүлээр мөн компанийн зардалд 2.5 сая төгрөг Амаахүү эгчийн машиныг ломбарданд дахин тавьж авч хэрэглээд 2017 оны 08-р сарын 27-ны өдөр хүүтэй нь 2.650.000 төгрөг буцааж төлөөд машиныг авч Амаахүү эгчид өгсөн... Амаахүү эгч танил найз Дагиймаагаа надтай танилцуулаад БЗД-ийн 25-р хороонд байх 3 болон 2 өрөө байрыг зарж өгөхөд туслаач гэхэд нь өөрийн компанийн ОХУ-ын хөрөнгө оруулагч талд уламжилж өгөхөөр болоод надад 7 сая төгрөг 14 хоногийн хугацаатай хүүтэй зээлэхээр болж бэлнээр авсан. Үүнээс Амаахүүд 2.5 сая төгрөгийг хүүтэй нь өгч машиныг ломбарднаас авсан бөгөөд уг 7  төгрөгөөс Амаахүү эгчид 350.000  төгрөг зээлж өгсөн. Улмаар 2017 оны 09-р сард надад мөнгөний хэрэг гарч Амаахүү эгчид хэлэхэд надад 1.500.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өгсөн. 2017 оны 10-р сард компанийн ажилд дахин 4 сая төгрөгийн хэрэг гарч, Амаахүү эгчийн машиныг дахин ломбарданд 2.5 төгрөгөөр тавьж би авч мөнгийг нь ОХУ-ын хөрөнгө оруулагч тал руу шилжүүлсэн. Удалгүй Амаахүү эгчээс хувиараа 200.000 төгрөг бэлнээр зээлж авсан. Мөн 2017 оны 11 сарын эхээр компанийн орчуулыг ажилд Амаахүү эгчээс 350.000 төгрөг дансаар авсан... 2017 оны 11-р сарын дундуур Амаахүү эгчид машиныг нь ломбарднаас төлбөрийг төлж авч өгсөн. Үүний дараа Дагиймаа, Амаахүү 2 маргаан үүсгэж, цагдаад хандсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146/

 

            Түүний шүүх хуралдаанд өгсөн:

            “Би 2017 оны 5 дугаар сард Амаахүү гэдэг эгчтэй өөрийнхөө таньдаг Билгээ гэдэг эгчээр дамжин танилцаж байсан. Амаахүү эгч надтай уулзахдаа “Амттрейд” ХХК-тай мах гаргах төсөлтэй, энэ төсөл дээрээ хөрөнгө оруулалт хайгаад явж байгаа. Танай компани махны чиглэлийн үйл ажиллагаа явуулах учраас хамтран ажиллаж болох уу гэсэн байр суурьтайгаар бид хоёр анх танилцаж байсан. Бид энэ хугацаанд төрсөн эгч, дүүсээс өөрцгүй дотносож, найзлаж, хамтран ажиллаж 2017 оны 11 дүгээр сарыг хүргэсэн. Энэ хугацаанд манай компани үйл ажиллагаатай холбогдолтой мөнгөний дутагдалтай үе гарч ирээд Ү.Амаахүү эгчээс надад туслаач гэхэд 4 удаа машинаа “Сайн” авто ломбарданд 14 хоногоос 1 сарын хугацаатай тавьж байсан. Энэ хугацааных нь хүүг төлөөд би өөрт нь машиныг нь авч өгч байсан. 2017 оны 7 дугаар сард Ү.Амаахүү эгчийн найз Ц.Дагиймаа эгчтэй танилцсан. Ц.Дагиймаа эгчтэй танилцахад би хоёр байраа зараад Америкийн Нэгдсэн Улс руу охин руу явах гэж байгаа. Байраа зарах зар өгсөн байгаа гэж байсан. Би гадаадын хүмүүстэй хамт ажилладаг. Тэр хүмүүсийг ирэхээр түрээсийн байранд байлгадаг. 3 сарын хугацаанд хамтран ажиллах учраас линзингийн байр юм уу, ямар нэгэн байдлаар байр худалдаж авах асуудал байгаа учраас гаднаас ирэх хүмүүсийнхээ байрыг бэлдэж Ц.Дагиймаа эгчтэй хэлцэл хийсэн. Тэр хэлцэлийг хийхдээ миний дүү манай хоёр байрыг м2 –ын 2.400.000 төгрөгөөр зарж тусламж үзүүлэх юм бол би чамд 7.000.000 төгрөг зээлж болж байна гээд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 7.000.000 төгрөг Ц.Дагиймаа эгчээс зээлж авсан. Энэ мөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр буюу 14 хоногийн хугацаатай иргэж төлөхөөр зээлж авсан. Энэ хугацаанд хамтран ажиллаж байгаа гадны хүмүүсийг ирэх байх гэсэн найдвартайгаар Ц.Дагиймаа эгчтэй хэлцэл хийгээд мөнгийг нь зээлж авсан. Хас банкнаас бэлнээр 7.000.000 төгрөг зээлж өгсөн. Тэр үед Ү.Амаа эгч 350.000 төгрөг надаас зээлж авч байсан. Би 6.650.000 төгрөг зээлж авсан. Гэвч манай компаний ажил бодсоноор болоогүй, хүмүүсийн маань ажил бүтээгүй учраас би 14 хоногийн хугацаандаа мөнгөө өгч чадаагүй. Учир явдлаа тайлбарлаад одоохондоо өгч чадахгүй нь эгчээ түр байж байгаач гэж гуйсан. Гэвч өдөр болгон бичиж байсан мессежээ үзүүлээд, хамт яриад, Ч.Амаахүү эгч бид хоёрын үйл ажиллагааны зардалд шилжүүлж байсан мөнгөө яаран дааран гүйж Хаан банкнаас хүртэл гуйвуулга хийгээд явж байсан учраас надад итгэж байгаа юм байна даа. Ямар ч байсан хойно ийм үйл ажиллагаа явагдаад байна гэснийг ойлгоод надад 1 сарын хугацаа өгөөд намайг ойлгож байна даа гэж бодож байсан. Энэ хугацаанд миний бага охин Монгол улсаа төлөөлөөд Хятад хэлний олон улсын конкурсэд явах болоод би хувийнхаа зүгээс Ү.Амаахүү эгчээс 1.500.000 төгрөг зээлээ ч гэж гуйгаад 2016 оны 9 дүгээр сарын эхээр Самъяа гэдэг хийдэд Ц.Дагиймаа эгч, Ү.Амаахүү эгч бид гурвуулаа ном уншуулж байгаад Ү.Амаахүү эгч надад тэтгэвэрийн зээлээ аваад ирлээ гээд бэлнээр надад 1.500.000 төгрөг тоолж өгч байсан. Ц.Дагиймаа эгч дээ хэлээд яахав би ямар ч байсан чамд 1.500.000 төгрөг зээллээ шүү гэж хэлж байсан. Мөрдөн байцаалтын шатанд энэ мөнгө дансаар өгсөн гэж Ч.Амаахүү эгч мэдүүлсэн байна лээ. Дараагийн удаа охиноо явахын өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охиндоо даашинз авах гээд, дээл хийлгэж өгөх хэрэг гараад Ү.Амаахүү эгч рүү аягүй их зардал гарч байна аа эгч минь дахиад мөнгө зээлээч гэхэд 350.000 төгрөгийг манай нөхөр Үүрцайхын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэр өдрөө Дорноговь аймгаас Улаанбаатар руу гараад гарахдаа нэг хүүгээсээ 100.000 төгрөг авчихлаа гээд нэмж надад өгсөн. Нийт би 1.950.000 төгрөг аваад Ц.Дагиймаа эгчээс зээлж авсан 7.000.000 төгрөгөөс Ү.Амаахүү эгч 350.000 төгрөгийн надад хэрэгтэй байна гээд авсан. Бид хоёрын дунд 100.000 төгрөгөөс 300.000 төгрөг өгч авалцаж байсан зүйл байсан. Миний ажил сунжирсаар байгаад энэ асуудал хүндрээд цагдаагийн газар очиж эрүүгийн хэрэг үүсээд шалгагдах хүртэл мөнгө маань бүтэхгүй байсаар байгаад 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр манай ажлын эхний хөрөнгө оруулалт орж ирсэн. Тэр мөнгөнөөсөө би дорно мөнгөө аваад авсан өдрөө нөхрөө явуулаад энэ хоёр эгчийн өмгөөлөгч Даваажав эгчийг байлцуулаад Ц.Дагиймаа эгчид 7.000.000 төгрөг, Ү.Амаахүү эгчтэй ярьж тохирч байгаад ямар ч байсан 2.000.000 төгрөг барагдуулсан. Цагдаагийн шатанд, прокурорын шатанд би мөнгө олж өгөх гээд үнэхээр олж өгч чадаагүй. Би залилах, мэхлэх ямар ч шинж агуулсан хэрэг хийгээгүй гэж өөрийгөө үзэж байгаа. Тэгэхдээ энэ хоёр эгчээсээ уучлалт хүсч байна. Үнэхээр чирэгдэл учруулж сэтгэлийн хямралд оруулж, уурандаа янз бүрийн мессеж бичсэндээ уучлалт гуйж байна. Ц.Дагиймаа эгч фэйсбүүк дээр хүний мөнгө өгөөч гээд бичсэн байсан учраас ажил хийх гэж бүтээх гэж олны дунд яваа хүний нэр хүндэд халдлаа гэж би гомрохсон. Өшөө мөнгө төлүүлэх тал дээр өмгөөлөгч А.Нацагдорж ах маань намайг төлөөлж үг хэлэх байх” гэх мэдүүлэг,

           

            Гэрч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Сарангэрэл нь манай эхийн талын хамаатан байгаа юм. Тэрээр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альфа инжиниринг Инвест” ХХ-ийн захирлаар ажилладаг. Ерөнхий захирал нь Орос хүн байдаг гэсэн. Тэгээд Сарангэрэл нь намайг гуйж, 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 3 сарыг дуустал Орос хэлний орчуулга, хөтөч хийлгэж байгаа юм. Би 3 дугаар сар хүртэл завтай болхоор цалин хөлс авахгүй туслаж байгаа юм. Би үндсэн ажилтнаар нь ажилладаггүй болхоор Сарангэрэлийн энэ ажилтай нь холбоотой нарийн сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 181/,

 

            Гэрч Б.Анхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “Сарангэрэлтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Х.С эгч Альфа инжиниринг инвест ХХК-ийн захирлаар ажилладаг ба 2017 оны 5 дугаар сараас надаар санхүүгийн X тайлан гаргуулдаг болсон. Уг компани янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа боловч хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй байгаа юм. Гэхдээ би уг компанитай хөдөлмөрийн гэрээ хэлцэл хийгээгүй, одоогоор нэг ч цалин аваагүй байгаа юм... Миний мэдэхээр уг компанид үндсэн ажилтан гэж байхгүй юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 182/

 

            -Х.Сийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 188-203/,

            - Альфа инжиниринг инвест ХХК-ийн 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан /хх-ийн 204-223/

            -хохирогч Ч.Амаахүү, Ц.Дагиймаа нарын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан Х.Стэй хийсэн хэлцэл, Хасбанкны дансны хуулга /хх-ийн 2-7/,

            -хохирогч Ч.Амаахүү, Ц.Дагиймаа нарын Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 11-16/

            -Төрийн банк, Хаан банк, Ариг банк, Худалдаа Хөгжлийн банкны депозит дансны хуулга /хх-ийн 25-114/

            -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Альфа Инжиниринг инвест ХХК-ийн дүрэм /хх-ийн 115-122/,

            -Х.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-136/,

            -хохирогч Ц.Дагиймаагийн өмчлөлийн БЗД-ийн 25-р хороо, 13 дугаар хороолол, Намъяанжугийн гудамж 74-30 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ,  БЗД-ийн 25-р хороо, 13 дугаар хороолол, Намъяанжугийн гудамж 74-09 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 151-152/

            -5555 ДГО улсын дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн /САЙН АВТО ЛОМБАРД/ тооцооны хуудас /хх-ийн 155-156/,

            -Ч.Амаахүүгийн тэтгэврийн зээлийн өргөдөл, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 158-159/

            -Х.С, Ч.Амаахүү нарын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 160/

            -Баянзүрх дүүргийн 16-р хорооны Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын     24-ний өдрийн 389 дугаартай Х.Сийн талаарх тодорхойлолт /хх-ийн 161/

            -Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Альфа Инжиниринг Инвест” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 165/

            -хохирогч нараас гаргаж өгсөн баримтууд “Амттрейд” ХХК-ийн хэмхтэй мах төслийн талаарх /1-р хавтаст хэргийн 248-250, 2-р хавтаст хэргийн 1-21/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Х.С нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Дагиймаагийн байрыг Оросуудад зарж өгнө гэж хууран 7.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртлэх хугацаанд иргэн Ч.Амаахүүд Оросуудаас төслийн хөрөнгө оруулалт авч өгнө гэж хууран 4.607.000 төгрөг тус тус залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Х.С нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Х.С нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.

 

Шүүгдэгч Х.Сд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Х.Сийг гэм буруутайд тооцохдоо эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, бусад хохиролыг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгчийн зүгээс хохирогч Ц.Дагиймаад нийт 7.000.000 төгрөг, Ч.Амаахүүд 2.000.000 төгрөгийг төлсөн байна.

 

Хохирогч Ц.Дагиймаа болон Ч.Амаахүүгийн нэхэмжилж буй нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. Учир нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн учир хохирогч Ц.Дагиймаагийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх этгээдүүдийн хооронд байгуулсан хэлцэл нь иргэний эрх зүйн хэлцэлийн шинжийг илэрхийлэхгүйгээр эрүүгийн  гэмт хэрэг болж байгаа учир хүү, алданги тооцох нь эрх зүйн хувьд боломжгүй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Сарлагтан овогт Х.Сг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд тэнцүү хуваан, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Амаахүү, Ц.Дагиймаа нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ