Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 114/ШШ2025/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан сумын 13 дугаар багийн 10 дугаар хороолол 3 дугаар байрны 24 тоотод оршин суух Өлзий-Утасын Ягаанцэцэг

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал нарын хооронд үүссэн  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                       Ө.Ягаанцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:        Х.Наранцацрал 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:        Н.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажлаар хангаагүй хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүгчийн туслахаар ажиллуулах тушаал гаргахыг хариуцагчид даалгуулах, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны шүүгчийн туслахын цалингийн зөрүү, ажлаа хүлээлгэн өгөх үед өртэй гарсан гэж цалингаас суутгасан 447,468.90 төгрөг, 5 жилд нэг удаа төрийн захиргааны албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулах, Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай.

          2.Хэргийн үйл баримтын тухайд:

        2.1 Нэхэмжлэгч Ө.Ягаанцэцэг нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/93 дугаар тушаалаар 2022 оны 11 дугаар сарын 01-ний өдрөөс шүүгчийн туслахын албан тушаалд шилжүүлэн томилогдсон байх бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар “өөр ажил, албан тушаалд шилжин ажиллахаар хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсэн байна. 

        2.2. Улмаар Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар “Э.Шүрэнчимэгийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул” гээд шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгийн ажлыг шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгт хүлээлцүүлэхээр шийдвэрлэжээ.

         2.3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн   2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 180 дугаар “Шүүхийн тамгын газар байгуулах тухай” тогтоолоор батлагдсан 2 дугаар хавсралтаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар гэж өөрчлөгджээ.

         2.4.Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Ө.Ягаанцэцэгийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилсон байх ба мөн оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, шүүгчийн туслахын албан тушаалд томилсон шийдвэрүүдийг тус тус гаргасан байна.

         2.5. Түүнчлэн Э.Шүрэнчимэгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 619 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны Б/03 дугаар, Б/10 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Э.Шүрэнчимэгийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож ...шийдвэрлэсэн бөгөөд  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0049 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.6.Нэхэмжлэгчээс “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн туслахын албан тушаалд жинхлэн томилсон тушаал байсаар байхад эрх зүйн байдлыг дордуулж шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилсон тушаал гаргасан ба Төрийн албаны тухай хуулийн 44.3-д заасан эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх үүргээ хэрэгжүүлээгүй,  2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 тамгын газар нэгдэж Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар болсон бөгөөд дарга З.Баяржаргал нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, мөн оны Б/16 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, шүүгчийн туслахын албан тушаалд томилсон нь хууль бус тушаал, төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн  ...” гэх агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны Б/10 дугаартай шүүгчийн туслахаар томилсон тушаалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгосны дагуу эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажил албан тушаалд томилох гэтэл цаг хугацааны хувьд шүүгчийн туслахын албан тушаалын сул орон тоо байгаагүй мөн ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулахгүйн тулд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоо гарангуут Б/05 тушаалаар томилсон, дараа нь Б/16 тушаалаар шүүгчийн туслахаар томилж ажиллуулсан” гэж тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Ө.Ягаанцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийн тайлбартаа: Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар /хуучин нэрээр/-ын дарга З.Баяржаргалаас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар намайг тус тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслахаар томилж, уг хугацаанаас ажиллаж эхэлсэн бөгөөд дарга З.Баяржаргал нь хуульд заасан сул орон тоо гараагүй байхад буюу маргаантай тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан ба Э.Шүрэнчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Э.Шүрэнчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2 шатны шүүх шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, намайг ажилд томилсон Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргалын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ маргаан Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хурлаар хэлэлцэгдэж, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа ирээд ажлаа хийж байхад тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацралаас “Э.Шүрэнчимэг ажилдаа орох хүсэлтээ өгсөн байна” гэж хэлж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар мэдэгдсэн ба дарга З.Баяржаргалаас Э.Шүрэнчимэгийн нэхэмжлэлтэй хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж аваад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн байгаа, гомдлоо эмнэлгээс гараад гаргана гэдэг ч юм уу ямар нэг тайлбар хэлж, ажлаа үргэлжлүүлэн хийж байх талаар хариу хэлсэн зүйл байдаггүй. Дарга эмнэлгийн магадалгаатай гэж тайлбарлаж, чи арай түргэдсэн гэдэг боловч хэрэв тухайн үед эмнэлгийн магадалгаатай байсан бол орлон үлдэж байгаа Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал надад учир байдлыг тайлбарлаж хэлж болохоор байсан. Гэтэл даргыг чөлөөтэй байгаа талаар ч хэлээгүй. Ямар ч байсан магадлал хүчин төгөлдөр болсон гэдгийг хэлсэн. Би үүний дагуу Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Сэржмядагтай холбогдож асуухад Э.Шүрэнчимэгийн хэрэгт магадлал хүчин төгөлдөр болсон талаар хэлсэн. Би Монгол Улсын иргэн учраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

 Дарга З.Баяржаргалаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар Э.Шүрэнчимэг бид хоёрын “Ажил хүлээлцүүлэх тухай” тушаалыг гаргасан учир би шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй тул шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгтэй ажил хүлээлцсэн акт үйлдэж, ажлаа хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд би ажилгүй байсан ба ажилгүй байсан хугацааны цалин нийт 5,476,782 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх, мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд би шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан тул шүүгчийн туслахын цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна. Х.Наранцацрал даргаас орон тоо байхгүй учраас, түр нарийн бичгийн орон тоо байна гэхэд нь миний хувьд хариуцагч захиргааны байгууллага санал тавьж байгаа учраас татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд, шүүгчийн туслахын сул орон гарах хүртэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллая гэж хариу мэдэгдсэн.

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр шүүхийн Тамгын газар нэгдэж Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар болсон бөгөөд дарга З.Баяржаргал нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, шүүгчийн туслахын албан тушаалд томилсугай гэж хууль бус тушаал гаргасан. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын  2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/93 дугаартай шүүгчийн туслахын албан тушаалд жинхлэн томилсон тушаал байсаар байхад шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилсон тушаал гаргасан нь өөрөө хууль зөрчиж байна. Намайг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилох үед Хэргийн хөдөлгөөний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Наранцацрал намайг дуудаж уулзахдаа “чиний эрх зүйн байдлыг дордуулаагүй” гэж, дарга Б.Сэрүүнтунгалаг хүртэл “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар чиний томилсон тушаалыг хүчингүй болгосон харин ч бид чамайг ажилд авч ажлын байраар хангаж байна” гэж энэ мэт хуулийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлан хэрэглэж миний эрх зүйн байдлыг дордуулж, хууль бус зүйлийг ярьсан.

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн намайг ажлын байраар хангаагүй учраас  миний бие Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн ерөнхий зөвлөл буюу дээд шатны байгууллагад гомдол гаргасан, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04/223 дугаартай албан бичгээр нэгэнт төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулж чадахгүй бол Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх үүрэгтэй. ...хууль бус захиргааны шийдвэрийн улмаас Ө.Ягаанцэцэгийг төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл бууруулан томилж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэсэн хариу ирсэн.

Хоёр тамгын газрын хоорондох шилжүүлэн ажиллуулах шийдвэрүүд дуусгавар болоогүй учир би Э.Амарсанаа даргад ажлын байраар хангаж өгнө үү гэх хүсэлтээ 2024 оны 11 сарын 14-ний өдөр бичгээр гаргасан байдаг. Үүнээс хойш удаа дараа биечлэн очиж уулзахад орон тоо гаргаагүй байна гэдэг хариуг хэлдэг байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Амарсанаа даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших томилгоо хийсэн талаарх нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, хэргийн материалтай танилцахад Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Э.Амарсанаагийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн Б/78 дугаар тушаалаар “Эрдэнэбаярын Чингүүнийг шүүгчийн туслахын албан тушаалд туршилтын хугацаагаар томилох” тухай тушаалыг, мөн даргын 2024 оны 12 сарын 06-ны өдрийн Б/84 дүгээр “Дэлгэрсайханы Баярсүрэнг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” тушаалыг тус тус гаргасан байна.

Дарга З.Баяржаргал адил шатны шүүхэд нь орон тоо байсаар байтал тухайн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Амарсанаатай харилцан ярилцаж, намайг ажлын байраар хангаж болохоор байсан. Гэтэл Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Э.Амарсанаа нар нь намайг ажилгүй байгаа гэдгийг мэдсээр байж, удаа дараа утсаар залган тодруулах, биечлэн очиж уулзахад орон тоо байхгүй, гараагүй байна гэдэг тайлбар өгч байсан атлаа Э.Чингүүн, Д.Баярсүрэн нарыг шүүгчийн туслахаар томилсон байсан ба миний эрхийг зөрчиж, намайг 51 хоног ажилгүй, цалингүй, мөн дээрээс нь өртэй гарсан гэж цалин суутгасан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тасалдах эрсдэлд хүрсэн. Мөн ээлжийн амралтын олговрын дүнд өөрчлөлт орж, авах ёстой ээлжийн амралтын мөнгө багаар бодогдсон байдаг.

 Өөрөөр хэлбэл 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх, 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтын мөнгө дутуу бодогдсон зэрэг хохирол учраад байна. Тухайн үед албан тушаалын ижил ангилалд зөвхөн шүүх гэлтгүй өөр төрийн захиргааны байгууллагад ч шилжүүлж болохоор байсан гэтэл мөн л эс үйлдэхүй гаргаж, энэ үүргээ З.Баяржаргал дарга үл биелүүлсэн. Өөр төрийн захиргааны байгууллагад шилжүүлэн тухайн албан тушаалынхаа ангилалд цалингаа, нэмэгдлээ, тэр дундаа 5 жилд нэг удаа олгодог тэтгэмжээ ч авах бүрэн боломжтой байсан. Тэгсэн бол би энэ хугацаанд ажилгүй байж, цалингүй, мөн өргүй ч гарах боломжтой байсан.

 Мөн одоог хүртэл 5 жилд нэг удаа Төрийн захиргааны албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжээ ч авч чадаагүй Төрийн жинхэнэ албан хаагч намайг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байлгаж хохироосон.

 Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус баталгаагаар хангагдахаар заасан, би уг баталгаагаар хангагдах эрхтэй төрийн жинхэнэ албан хаагч юм. 

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нийт 5,476,782 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлмээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа “бодит нөхцөл байдлыг тогтоох”-ыг хууль тогтоогч шаардсан бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх тушаалуудыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйн хуулийн үндэслэл зэргээ баримтаар нотлох үүрэгтэй юм. Гэтэл нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бусаас гадна уг актын улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул шүүх маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.    

3.2.Нэхэмжлэгчээс нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй учраас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай тушаал хүчин төгөлдөр болсон. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн туслахаар үргэлжлүүлэн ажиллана гэсэн үг. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажлаар хангаагүй хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүгчийн туслахаар ажиллуулах тушаал гаргахыг хариуцагчид даалгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Мөн ажлаа хүлээлгэн өгөх үед өртэй гарсан гэж цалингаас суутгасан 447,468.90 төгрөг гаргуулах шаардлагаасаа мөн татгалзаж байна.

Харин хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны шүүгчийн туслахын цалингийн зөрүү, 5 жилд нэг удаа төрийн захиргааны албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулах, Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна гэв.

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранцацралаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Ягаанцэцэгийг хуучнаар Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд томилсон. Уг тушаалыг Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх ажилгүй байсан хугацааны цалинг Ө.Ягаанцэцэг нэхэмжилж марган нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Тухайн үед Ө.Ягаанцэцэгийг тус шүүхийн Тамгын газар нь үргэлжлүүлэн ямар нэгэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ямар ч боломжгүй байсан. Э.Шүрэнчимэг тухайн албан тушаалдаа томилогдсон даруйд давж заалдах шатын болон захиргааны хэргийн анхан шатын шүүхийн Тамгын газарт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан орон тооны хязгаарт 3 шүүгчийн туслахын орон тоотой, 3 шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоотой, шүүхийн захиргааны ажилтнуудад тухайн албан тушаал дээрээ жинхлэн томилогдон ажиллаж байсан учраас тус шүүхийн тамгын газарт албан ёсоор үргэлжлүүлэн ажиллах ямар ч боломжгүй байсан учраас ажил хүлээлцүүлэх тушаал гаргаж, ажил хүлээлцүүлсэн.  2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Тамгын газрын бүтэц орон тоо өөрчлөгдөж, хоёр тамгын газар нэгдсэний дараа Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн даргын сул орон тоо байсан ба Ө.Ягаанцэцэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллах боломжтой байна гэдэг саналыг тавихад, Ө.Ягаанцэцэг нь “хамаагүй ээ” гээд өөрөө бичгээр хүсэлтээ гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгчийн хүсэлт болон өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилсон.

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчийн туслахын сул орон тоо тухайн Тамгын газарт гарсан учир хамгийн түрүүнд Ө.Ягаанцэцэгийг уг сул орон тоон дээр шүүгчийн туслахаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/15 дугаартай тушаалаар шүүгчийн туслахаар томилсон. Дээрх хоёр тушаалын хувьд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, нийгмийн даатгалыг тасалдуулахгүй гэдэг үүднээс харин ч ажлын байраар хангасан. Гэтэл дээрх байдлаар эрх зүйн байдлыг дордуулж байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ажил хүлээлцэх үед суутгагдсан 447,468.90 төгрөг, ажилласан хугацаанд олгогдсон цалин нэхэмжлэлийн хувьд ажилласан хугацаанд олгогдсон цалингийн тооцоололд үндэслэсэн гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа учир мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн захиргааны албан хаагчаар орон нутагт ажилласны 5 жилийн урамшууллын мөнгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд хариуцагч уг тэтгэмжийг олгох эрх бүхий албан тушаалтан биш. Ө.Ягаанцэцэгийн гаргасан хүсэлт, ажилласан жилийн судалгаа, баримтыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл рүү 2025 оны 01 болон 04 дүгээр сард хоёр удаа саналыг уламжилсан. Уг тэтгэмжийг олгох эсэх асуудал нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээний асуудал учраас төсөв нь манайд орж ирсэн тохиолдолд тухайн үед Ө.Ягаанцэцэгт олгох боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчид, тэдний төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргасан асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, дараах байдлаар шийдвэрлэлээ.

  1. “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүгчийн туслахаар ажиллуулах тушаал гаргахыг хариуцагчид даалгуулах, цалингаас суутгасан 447,468.90 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд Ө.Ягаанцэцэг нь хэрэг хянан хэлэлцэх явцад шүүх хуралдаанд “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүгчийн туслахаар ажиллуулах тушаал гаргахыг хариуцагчид даалгуулах, цалингаас суутгасан 447,468.90 төгрөгийг гаргуулах” тухай  нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
  2. Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/05 дугаар, мөн оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
    1. Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны Б/03 дугаар тушаалаар шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан энэ цаг хугацаанд  Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Ө.Ягаанцэцэгийг “өөр ажил, албан тушаалд шилжин ажиллахаар хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын дагуу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, улмаар Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд томилсон үйл баримтууд тогтоогдож байна.
    2. Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлээр зохицуулсан байх бөгөөд 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”,  44.3-д ”Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заажээ.
    3. Тодруулбал, захиргааны байгууллагаас хүний нөөцийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах үйл ажиллагаа (шилжүүлэн томилох шийдвэр) нь “хуульд үндэслэсэн”, “зорилгодоо нийцсэн” байх бөгөөд төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд, тухайлбал хүний нөөцийн дутагдлыг зохицуулах, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх, дээшлүүлэх, эсхүл түүнд тохирсон ажлыг хийлгэх зэрэг обьектив шалтгаан нөхцөл үүсэх тохиолдолд захиргаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчихгүйгээр шийдвэр гаргах эрх олгосон зохицуулалт юм.
    4. Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга нь шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгийн маргаантай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад  дээрх 2024 оны Б/10 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг үндэслэн Ө.Ягаанцэцэгийг шүүгчийн туслахын албан тушаалд шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15- д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэж заасантай нийцээгүй, хуулийг зөрчсөн байна.
    5. Уг хууль бус захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох Төрийн албаны хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх ба баталгаа алдагдаж дараах үр дагаврууд үүсжээ.

         Үүнд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/0619 дүгээр магадлалаар Э.Шүрэнчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны Б/03 дугаартай тушаал, мөн Ө.Ягаанцэцэгийг шүүгчийн туслахын албан тушаалд томилсон 2024 оны Б/10 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Э.Шүрэнчимэгийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг даалгахаар шийдвэрлэсэн энэ үед Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/26 дугаар “ажил хүлээлцүүлэх тухай” тушаалаар “...Э.Шүрэнчимэгийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгийн ажлыг шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгт хүлээлцүүлэх” гэсэн шийдвэрийг гаргасан.

          Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ө.Ягаанцэцэг нь ажилгүй болсон, үүний дараагаар  Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын даргаас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, мөн оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд тус тус томилжээ. 

    1. Нэгэнт төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрүүд нь  Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д ”Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасантай нийцэхгүй тул Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05,  2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

  1. “...ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага:
    1. Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/26 дугаар “ажил хүлээлцүүлэх тухай” тушаал гарснаас хойш Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилох хүртэл тэрээр ажил, хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс олгоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна.
    2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” хэмээн заасан.
    3.  Хэрэгт нэхэмжлэгч Ө.Ягаанцэцэгийн 2024, 2025 оны цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчээс ирүүлсэн ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоо зэрэг баримт авагдсан ба хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн цалин хөлс авах эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
    4. Тиймээс нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдрийн хугацааны /шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан/ шүүгчийн туслахын албан тушаалын цалингийн зөрүүг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           4. “...5 жилд нэг удаа төрийн захиргааны албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Ө.Ягаанцэцэгээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн Захиргааны хүний нөөцийн газарт хаягласан хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг Дархан-Уул аймаг дахь  шүүхийн тамгын газрын шүүгч, ажилтнаас ирүүлсэн өргөдөл, гомдол хүсэлтийн бүртгэлийн дэвтрийн 07-д бүртгэн, тус тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар албан бичгээр Шүүхийн Ерөнхий зөвлөлд илгээсэн болох нь хүсэлт, бүртгэлийн дэвтрийн хуулбар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/550 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4.2. Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4.2-д “Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу холбогдох албан тушаалтан урамшуулал авах нөхцөл хангасан төрийн захиргааны албан хаагчийн Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянасны үндсэн дээр тасралтгүй ажилласан хугацааг тооцож, байгууллагын удирдлагад танилцуулна”, 4.3-д “Байгууллагын удирдлага ... төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана” гэж зааснаас үзэхэд хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж нь албан хаагчийн урамшуулал авах нөхцөл бүрдсэн эсэхийг шалган байгууллагынхаа удирдлагад танилцуулах бол байгууллагын удирдлага төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргах тус тус үүрэгтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “.Шүүхийн захиргаа нь Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар болон бусад нэгжээс бүрдэнэ”, 86 дугаар зүйлд “Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын .. чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар албан бичгээр Ө.Ягаанцэцэгийн урамшуулал олгох тухай хүсэлтийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд  хүргүүлсэн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2025 оны 03/550 дугаар албан бичгээр  “... шүүхийн захиргааны албан хаагч нарт мөнгөн урамшуулал”-ыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгодог болох нь тус тус тогтоогдож байна.

Хариуцагчаас дээрх хуулиар хүлээсэн танилцуулах үүргээ хэрэгжүүлсэн, орон нутгийн нэмэгдлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгодог тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын үйл ажиллагааны улмаас зөрчигдөөгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Ягаанцэцэгээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүгчийн туслахаар ажиллуулах тушаал гаргахыг хариуцагчид даалгуулах, цалингаас суутгасан 447,468.90 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Ө.Ягаанцэцэгийн Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “5 жилд нэг удаа төрийн захиргааны албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаал, мөн оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд түүний  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг тус тус  хуульд заасан журмын дагуу тооцон нөхөн олгох, уг цалин хөлсөнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын санд төлөх, шимтгэл төлсөн бичилт хийхийг Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад даалгасугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (Далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,  хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.      

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА