Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 19

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, шүүгч Ц.Байгалмаа, шүүгч Ж.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “Хурай” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нарт холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ний Байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч: Б.Болор

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун

            Хариуцагч: С.Эрдэнэбаяр

            Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч “Хурай” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хурай” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогтын 2 дугаар багийн “Цагаан гозгор” гэдэг газарт ашигт малтмалын ашиглалтын МV-000201, MV-007978 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин уулын үйлдвэрлэлийн ажлыг 16 жилийн турш хуулийн дагуу тасралтгүй, тогтвортой явуулж байгаа Монгол Улсын “Найдвартай татвар төлөгч” компани юм. Үндэсний хөрөнгө оруулагч манай компани нь өөрийн компанийн санхүүжилтээр 201А, 1978А талбайн байршилд багтах алтны үндсэн ордод нарийвчилсан хайгуул, өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэн Техник эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Ашигт малтмалын газар, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тус тус батлуулаад байгаа бөгөөд үнэт металлын уг ордыг ашиглахад шаардлагатай Байгаль Орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж байгаа юм. “Үндэсний хөрөнгө оруулагч” болох “Хурай” ХХК нь геологи хайгуулын ажилд маш их хэмжээний хөрөнгийг зарцуулан эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байтал сум орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс ард иргэдийг бичил уурхайчид буюу нинжа нэрийн дор турхиран популизм хийж улмаар манай компанийн эзэмшлийн Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах талаар санал гомдол гаргаж байгаа билээ.

             Манай компани  нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш холбогдох дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргах нь битгий хэл ийм үйлдэл огт гаргаж байгаагүй. Харин ч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулсан нэр хүндтэй “Монгол улсын найдвартай татвар төлөгч” өргөмжлөлийг хүртсэн аж ахуйн нэгж юм. Ийм байтал манай компанийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр үзэж, ингэж хандаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй болно. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаяр нь 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө бичил уурхай эрхлэгчдийг бодлогын түвшинд дэмжин Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллана хэмээн тусгасан байдаг юм. Гэтэл 2013 оноос эхлэн манай компанийг элдэв аргаар дарамтлан, хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулах болсон бөгөөд манай компанийн эзэмшиж байгаа хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа билээ. Гэтэл найдвартай татвар төлөгч манай компани нь дээрх 2 талбай дээр 2008 оноос хойш 161.490.657 төгрөгийг геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд холбогдох зөвшөөрлүүдийг авч үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Иймд ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад манай компанийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаж өгөхгүй байгаа хууль бус үйлдэлд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хариу тайлбартаа: Тус шүүхэд “Хурай” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлан гаргасан 48 тоот тогтоолыг илт хууль бус болгохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

            Сумын ИТХ нь Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.16-д заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд “Орхонтуулын хишиг” ГҮТББ, Шар-Ус 1 дүгээр баг, Баянцогт 2 дугаар багийн ИНХ-уудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцэн энэхүү тогтоолыг батлан гаргасан болно гэжээ.

            Хариуцагч Орхонтуул сумын Засаг дарга хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаяр миний бие “Хурай” ХХК-аас захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/067 дугаартай тоотоор гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг хүргүүлж байна. Миний бие Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.1 буюу “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засаг төрийн төлөөлөгч мөн”-ыг заасныг удирдлага болгон мөн хуулийн 29.1.3 “Н”, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1, 12.1.1, 12.1.2, 22.1, 22.1.3 дугаар заалтуудын хүрээнд “Хурай” ХХК-ний эзэмшиж байгаа 14487Х, 14488Х тоот лицензүүдийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзсэн.

            Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах бичиг баримтыг хавсаргана, мөн хуулийн 22.1.3-т байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасныг “Хурай” ХХкомпани зөрчиж тус сумын Засаг даргын Тамгын газарт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хурай” ХХКомпаний захирал Б.Болор биеэр ирж төлөвлөгөө батлуулах саналаа тавьсаныг хүлээн авч Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 тоотоор хариуг хүргүүлсэн. “Хурай” ХХКомпаниас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан тоотоор хандсаныг нэгэнт Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх заалтыг зөрчсөн учир хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргээр дамжин “Хурай” ХХКомпаниас 2015 он байгаль орчныг хамгалаах менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлт ирээгүй. Тус компаний 14487Х, 14488Х лицензүүдийн дуусах хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр учир хуулийн хугацаанаас өмнө төлөвлөгөө батлуулах санал ирээгүй учир хүлээн авах боломжгүй байсан гэжээ.

Үндэслэх нь:

             Нэхэмжлэгч “Хурай” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ний байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөлвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөлвлөгөөг батлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 48 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолоор Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус үндэслэн “Хурай” ХХК-ний MV-007978, MV-000201 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах саналыг Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд уламжилжээ.

          Орхонтуул сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасныг “Хурай” ХХК зөрчсөн үндэслэлээр тус компаний Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй тухай хариуг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 дугаартай албан бичгээр хариу хүргүүлжээ.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд тогтоогдож байна.

48 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолын талаар

          Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу “Хурай” ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 45/63/02 дугаартай “Үйл ажиллагааг зогсоох тухай” акт, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18-04-332/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” акт, 2013 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 18-04-332/02 дугаартай “Хууль бусаар олборлосон алтыг хурааж, хохирлыг нөхөн төлүүлэх тухай” акт, 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18-04-332/05 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актуудаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай дээр байлгах ёстой баримт бичгийг байлгах үүргээ биелүүлээгүй, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан ...батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөөгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасан байгаль орчныг хамгаалах талаар үүргээ биелүүлээгүй, газар ашиглахтай холбоотойгоор Газрын тухай хуулийн 45 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан үүргээ биелүүлээгүй, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ус ашиглах гэрээгүй үндэслэлүүдээр “Хурай” ХХК-ний MV-007978, MV-000201 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал ашиглалтын олборлолтын үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээ авчээ.

          Үүнээс үзэхэд шалгалтаар илэрсэн зөрчил бүрт тухайн салбар хуулиудаар /Ашигт малтмалын тухай, Усны тухай г.м/ зохицуулсан хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг байгаль орчны хяналтын улсын байцаагч хэрэглэх бүрэн боломжтой өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтуудыг аж ахуйн нэгж зөрчсөн тохиолдолд торгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, ус ашиглах эрхийг цуцлах, газар эзэмших, ашиглах гэрээг цуцлах гэх мэт хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрх нь нээлттэй байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д ...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан... гэж зааснаас үзэхэд “Хурай” ХХК-ний MV-007978, MV-000201 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай саналыг Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд уламжлахдаа зөвхөн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр саналаа уламжлах боломжтой байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасан бөгөөд “Хурай” ХХК-ний зүгээс Орхонтуул сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах талаар 2013 онд албан бичгээр хүсэлт 1 удаа, хамтран ажиллах тухай санал 6 удаа гаргасан болох нь хавтаст хэргийн материалд авагдсан бөгөөд үүнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар гэрээ байгуулах санал гэж үзэхээр байна.

          Өөрөөр хэлбэл “Хурай” ХХК-ний зүгээс хүсэл зоригоо илэрхийлэн Орхонтуул сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах санал тавьсан нь  тухайн компанийг гэрээ байгуулахаас татгалзсан эсхүл гэрээ байгуулаагүй гэж үзэх боломжгүй байна.

          Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар Орхонтуулын хишиг ГҮТББ болон багуудын Иргэдийн нийтийн хурлаас “Тус компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, 1, 2-р багийн малчин иргэдийн хүн, малын гол хэрэгцээ болсон Шар-усны эх болох Цээлийн нуурын орчмоос гүний худаг гарган алт олборлосны улмаас Шар-усны гол татрах, ширгэх үндэс болж байгаа гэж үзэн энэхүү компаний үйл ажиллагааг зогсоох нь зүйтэй гэж үзэж харъяалах байгууллагад уламжлахыг хүссэн саналыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь санал уламжлах үндэслэл болгосон бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18-04017/10 дугаартай шинжээч нарын дүгнэлтээр “Хурай” ХХК-ний үйл ажиллагааны улмаас Шар-Усны гол татрах, ширгэх нөхцөл үүсээгүй болохыг тогтоожээ

          2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Орхонтуул сумын Иргэдийни төлөөлөгчдийн хуралд нийт 18 иргэдийн төлөөлөгч оролцсон боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргаагүй, Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 48 дугаартай тогтоолыг гаргасан нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өөрт олгогдоогүй Иргэдийн төөлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүйн талаар

          Нэхэмжлэгч “Хурай” ХХК-ний зүгээс хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хурай” ХХК-ний захирал Б.Болор өөрөө биеэр ирж уулзаж,  2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14/058 дугаартай албан бичгээр тус тус Орхонтуул сумын Засаг даргад хүргүүлжээ.

          Орхонтуул сумын Засаг дарга “Хурай” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 48 дугаар зүйлийн 48.1, 38 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй тухай хариуг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1/321 дугаартай албан бичгээр “Хурай” ХХК-д хүргүүлжээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгч “Хурай” ХХК-ний захирал Б.Болор, хариуцагч С.Эрдэнэбаяр нараас “Хурай” ХХК-ний 2015 оны байгаль орчныг хамгаалах төлөлвлөгөөг Улаанбаатар хотод гар дамжуулан өгсөн авсан эсэх талаар тодруулж асуусан тайлбарууд, “Хурай” ХХК-ний зүгээс албан бичгээр Орхонтуул сумын ЗДТГ-н бичиг хэргээр дамжуулан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ирүүлсэн эсэх талаар Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын 2014 оны 10, 11,12 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэлд хийсэн үзлэгээр 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хурай” ХХК нь гар дамжуулан болон албан бичгээр Орхонтуул сумын Засаг дарга,  ЗДТГ-т “Хурай” ХХК-ний 2015 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг өгсөн,  ирүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

          Мөн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Хурай” ХХК-ний үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөлөөлийн талаарх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Засаг даргын зүгээс “Хурай” ХХК-ний Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах эсэх талаар хэлэлцээгүйг дурьдах нь зүйтэй байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ... гэж заасныг “Хурай” ХХК зөрчиж, хайгуулын 14487Х,  14488Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө батлуулахаар хүргүүлээгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг зөрчиж сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримт, үзлэг, тайлбарууд, албан бичгүүд зэргээр тогтоогдож байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоол илт хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ний байгаль орчныг хамгаалах 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  35.100 төгрөгийг хариуцагч Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч “Хурай” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.ОДБААТАР

ШҮҮГЧ                                              Ц.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ                                              Ж.БУРМАА