Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01369

 

Хас банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05093 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1481 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Хас банкны Булган салбар

Хариуцагч : Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нарт

Нэхэмжлэлийн шаардлага: 22.117.956 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын бусад хөрөнгө орлогоос барагдуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нараа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар 2011.9.29-ний өдөр 1310003719 барьцаат зээлийн гэрээгээр, 20 сая төгрөгийг, сарын 1,77 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж,  үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээл төлөх хугацааг сар бүр хэтрүүлдэг байсан ба 2015.10.28-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй 471 хоног хугацаа хэтрээд байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 17.084.254 төгрөг, хүү 4.894.620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.381 төгрөг нийт 22.019.255 төгрөг, нотариатын зардал 28.500 төгрөг, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсны төлбөр 70.200 төгрөг нийт 22.117.956 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Өнөртуяа шүүхэд гаргасан тайлбартаа: 2011.9.29-ний өдөр 10 жилийн хугацаатай 20 сая төгрөг зээлсэн ба миний бие 4 жилийн турш төлж ирсэн. Хүүхэдтэй болж, ажилгүй болсон тул 2015 онд төлж чадаагүй, 20 сая төгрөгөөс 15.286.789 төгрөгийг төлсөн. Одоо хүүхэд том болсон учир үлдэгдэл зээлийг төлж дуусгана. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зөрчлийг арилгах урьдчилан сануулсан талаарх нотлох баримт байхгүйг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05093 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бямбадорж, У.Өнөртуяа нараас 22.047.728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Булган салбарт олгож, нэхэмжлэлээс 70.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1481 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар –Булган аймаг ,Булган сум, 6-р баг, Д хэсэг 12-1 тоот 81.2 м.кв хашаа байшин,  600 м.кв газар, Булган аймаг Булган сум, 3 дугаар баг, В хэсэг, 13-2 хаягт байршилтай, “Киа бонго” ачааны машин,  “Даюун” маркийн хар ногоон өнгөтэй БУТ 3631 дугаартай мотоцикл,   хашаа байшин, 714 м.кв газар, -М.Цогтнарангийн өмчлөлд бүртгэгдсэн Булган аймгийн Булган сум 2 дугаар баг, А хэсэг, 6 гудамж, 1 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай хувийн сууц болон  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 718 м.кв талбайтай газар-с  үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэр тусгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  3 дахь заалтад “...60 дугаар зүйлийн 60.1...” гэсний  дараа “56 дугаар зүйлийн 56.2” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2016.7.06-ны өдөр М.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Билгүүнд холбогдох шүүх хуралдаанд хариуцагчийн  төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож тус хэргийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тухайгаа нотлох баримтын хамт хүсэлтээ хүргүүлсэн ба хариуцагчийн эзгүйд хэргийн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 116 дугаар зүйлийг тус тус зөрчиж байна. Мөн шүүхийн шийдвэрт гэрээний дагуу гарах төлбөрийг дутуу тооцож 516.000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Булган аймаг дахь, Хас банкны Булган салбар шүүхэд нэхэмжлэл гаргаж, У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17.084.254 төгрөг, хүү 4.894.620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.381 төгрөг нийт 22.019.255 төгрөгийг нотариатын 28.500 төгрөг, эрэн сурвалжилсан  70.200 төгрөг нийт 98.700 төгрөгийн зардлын хамт  бүгд 22.117.956 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон бусад хөрөнгөөр хангуулах  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар  зөвшөөрөөгүй  маргажээ.

Хоёр  шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл болсон барьцааны гэрээ хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй буюу Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, шийдвэр болон магадлалыг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Булган аймаг дахь, Хас банкны Булган салбар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гурван шаардлага тавьсны нэг нь “...үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах...” шаардлага байна. 

Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор банк нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй бөгөөд барьцааны гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан буюу гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй юм.   

Үүрэг гүйцэтгэгчийн төлвөл зохих мөнгийг зээлдэгчийн барьцаалсан эд хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэр Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. 

1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, “...ГД: 000121701, Ү-0405001516 , 81.2 м.кв хашаа байшин...ГД:0334308 дугаартай 638 м.кв, ГД-0334313 дугаартай 600 м.кв газар...”–с үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ эдгээр эд хөрөнгийг Булган аймаг ,Булган сум, 6-р баг, Д хэсэг 12-1 тоотод байралдаг талаар магадлалд заасан боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, эд хөрөнгийн өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй байна. Барьцааны эд хөрөнгийн байршил, өмчлөгчийн талаархи мэдээлэл хэрэгт байхгүй байхад шүүх  2011 оны 9 дүгээр  сарын 29-ний өдрийн 1310003719 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний 1.25 дахь заалтыг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийг зөрчжээ.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 22.019.255 төгрөг шаардахдаа зохигчдын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 1310003719 дугаартай барьцаат зээлийн гэрээг тусгай нөхцлийн хамт үндэслэл /хх 20-26/ болгосноос үзвэл Хас банкны Булган салбар нь У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нараас 2011 оны 9 дүгээр сарын зээлийн гэрээний үүргийг шаардсан байна.

Нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сард байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардсан байхад шүүх уг гэрээнээс өмнө буюу 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан  1310003294/01, 1310003294/02 дугаар гэрээнд /хх 27-30/ заасан хөрөнгөөр 2011 оны 9 дүгээр сард байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ тухай үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, Иргэний хуулийн 87 дугаар зүйлд нийцээгүй байна. 

3. М.Цогтнаран нь Хас банкнаас авах 11.400.000 төгрөгийн зээлийн барьцаанд Г 000097851 дугаар гэрчилгээтэй, Ү-0405001025 улсын бүртгэлд буй 2 өрөө орон сууц /хх 16/, 000087860 дугаартай гэрчилгээтэй Г-0405000273 дугаарт бүртгэлтэй 718 кв:м газрыг /хх 18/ барьцаалах итгэмжлэлийг У.Өнөртуяад олгосон бөгөөд эдгээр нь 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн гэрээтэй холбоотой гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүх эдгээр хөрөнгөөр 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан Иргэний хуулийн 165, 175 дугаар зүйлийг зөрчжээ. 

4. Давж заалдах шатны шүүх Булган аймаг ,Булган сум, 3-р баг, В хэсэг 13-2 тоот ГД: 000097846,Ү-0405000733 дугаарт 24 м.кв хашаа, ГД-000087856, Ү-0405000269 дугаарт 714 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан боловч эдгээр эд хөрөнгийг барьцаалсан гэрээ хэрэгт байхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05093 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1481 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 16.200 төгрөгийг захирамжаар У.Өнөртуяа, Ч.Бямбадорж нарт буцааж олгосугай.

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АМАРСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ