| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06274/И |
| Дугаар | 192/ШШ2025/01473 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/01473
| 2025 02 19 | 192/ШШ2025/01473 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,, тоот хаягт байрлах,******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 121,577,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан 121,577,088 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд ******* ХХК нь******* ХХК-аар 2022 оны 10 дугаар сараас эхлэн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын амралтанд цэвэр бохир усны систем болон гадна бохирын септик танк систем бүхий байгууламжийг 3 байршилд суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирч, тэдний компанийн ахлах инженер, инженер нар газар дээр нь ирж үзэн хэмжилтээ хийж,******* ХХК-аас нэхэмжлэхүүдийг ирүүлсэн юм. Энэхүү ажил маань санхүү зээлийн асуудлаас шалтгаалан хугацаа хойшилж, 2023 оны 9 дүгээр сард дахин******* ХХК-тай холбогдож, дахин инженерүүд ирж үзлэг хэмжилтээ хийн ажил эхлүүлэхээр болсон. ******* ХХК нь ХААН Банк ХК-тай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 16-ны өдөр Ногоон бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах зээл болох 125 550 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр зээл авсан. Энэ авсан зээл нь******* ХХК-ийн нэхэмжлэхүүдийн дагуу гарсан бөгөөд тэр дүнгээр буюу 125,550,000 төгрөгийг "**** ХХК-ийн Хаан банкны тоот дансанд мөн өдрөө шилжүүлсэн. Гэвч******* ХХК-ийн зүгээс ажлаа хийж гүйцэтгэхгүй, эхлэхгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ахлах инженертэй уулзаж, тэрээр хавар танай ажлыг хамгийн түрүүнд хийж гүйцэтгэнэ гэснээр хойшилсон. Дараа хавар нь ч ажил эхлээгүй, иймээс бид энэ компаниар ажил гүйцэтгүүлэхээсээ татгалзаж, төлбөрөө нэхсэн.******* ХХК нь 2024 оны 4 дүгээр сард 20,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл түүнээс өөр төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд ******* ХХК нь ХААН Банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний лагуу үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг бүрэн төлсөөр явж байна. Бидний зүгээс цаг хугацаа мөнгө санхүүгийн хувьд маш их хохиролтой байгаа бөгөөд******* ХХК-ийн эргүүлэн телөөгүй байгаа төлбөрт ногдох банкинд төлсөн зээлийн хүүг хохирол гэж үзэж нэхэмжилж байна. Иймд******* ХХК-иас 105,550,000 төгрөгийг хохиролд 16,027,088 төгрөгийн хамт нийт 121,577,088 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч******* ХХК хариу тайлбартаа: Манай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг сантехник угсралтын компани билээ. 2023 оны 10-р сарын 16-ний өдөр ******* ХХКомпани манай компаний ИТА-ны даргатэй холбогдон Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах амралтын газартаа манайх ногоон зээл авч байгаа танай байгууллагаар гадна бохирын систем, цэвэр усны систем угсрах ажил гүйцэтгүүлж хийлгэхээр шийдсэн байгаа тул мөнгөө урьдчилаад хийж байя ирэх хавар гэрээгээ байгуулж ажлаа хийлгэнэ гэж утсаар тохирон******* ХХК-ийн Хаан банкны тоот дансанд 125,550,000 төгрөг шилжүүлсэн. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдагтайгаа холбоотойгоор өвлийн улиралд материалын үнэ хямдарсан үед бараа материалаа нөөцлөн авч хавраас ажлуудын гэрээ хийгдэхээр ажлаа үргэлжлүүлэн хийхээр тооцон мөнгөн урсгалын төлөвлөгөө гарган ажилладаг. Гэтэл ******* ХХК ажлаа хийлгэхээр төлбөрөө шилжүүлсэн мөртлөө ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаагүй, ажлын зурагаа өгөлгүй байсаар хавар болоход ажлаа хийлгэхээ больлоо төлбөрөө буцаан авмаар байна гэснээс болж манай компанид төвөгтэй байдал үүсээд байна. Гэхдээ манай компани боломжоо харан 2024 оны 4-р сарын 16-ний өдөр 20,000,000 төгрөг ******* ХХК-н дансанд шилжүүлсэн. Манай компани 2024 он гарсаар хэд хэдэн төслүүд дээр ажиллаж байгаа хэдий ч гэрээний төлбөр нь бэлэн мөнгөөр биш бартерийн гэрээтэй ажиллаж байгаа болохоор бэлэн мөнгө гарган өгөхөд хүндрэл үүсээд байгаа юм.Тиймээс манай компанид бартераар орж ирсэн машин, үл хөдлөх хөрөнгүүдээс сонгон өгөх, эсвэл энэ ажлыг хийж гүйцэтгэхэд зориулан авсан агуулахад байгаа бараа материалуудаас сонгон өгөх боложтой байгаа бөгөөд эсвэл нэхэмлэгчийн ажлыг хийж гүйцэтгэхэд манай компани бэлэн байна гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зээлийн хүүг манай компани хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хариуцлага хүлээх гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Нэхэмжлэгч тал манай компанийг ажпаа хийж гүйцэтгэхгүй эхлэхгүй байсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ажил эхлэхээс өмнө ажлын зурагаа өгөх, газрын геодизийн дүгнэлт гаргуулан гэрээний үнийн дүнгээ тохирон ажил эхлэх ёстой. Манай компаниас ******* ХХК-д өгсөн баримт нь нэхэмжлэх биш бөгөөд урьдчилан өгсөн үнийн санал бөгөөд ажил эхлүүлэх нь манай компаниас биш ******* ХХК-н болоод эхлээгүй өдийг хүрсэн билээ. Дахин хэлэхэд нэхэмжлэгчийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал, механизм, ажиллах хүч бүгд бэлэн байгаа болно гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5/, 2023 оны 10 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 6-9/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 10/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11,12/,******* ХХК-ийн тооцооллын баримт /хх-ийн 13-15/ зэрэг баримтууд бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай ******* ХХК нь хариуцагч******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сард Горхи тэрэлж байгалийн цогцолбор газрын амралтад цэвэр бохир усны систем болон гадна бохирын спетик танк бүхий байгууламжийг 3 байршилд суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирч, тэдний компанийн ахлах инженер, инженер нар газар дээр нь ирж үзэж, хэмжилтээ хийж, нэхэмжлэлүүд ирүүлсэн. Улмаар манай тал уг ажлыг хийлгэхээр Хаан банктай 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 125,550,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлсэн мөнгөө 2023 оны 10 сарын 16-ны өдөр хариуцагч талын дансанд шилжүүлсэн. Хариуцагч тал ажлаа хавар хийхээр болсон ч хийгээгүй. Ингээд бид гэрээнээс татгалзаж, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг буцаан авсан. Банкнаас авсан зээлийн хүүд 2024 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл 16,027,088 төгрөгийн хүү төлж хохирсон. Иймд үлдэгдэл 105,550,000 төгрөг, хохирол 16,027,088 төгрөг нийт 121,577,088 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч******* ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Нэхэмжлэгч тал манай талтай гэрээ байгуулах асуудлаар уулзаж байсан удаа байхгүй. Манайд Горхи тэрэлж байгалийн цогцолбор газрын амралтад цэвэр бохир усны систем болон гадна бохирын спетик танк бүхий байгууламжийг 3 байршилд суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх зураг явуулж байсан. Манайх хариуд нь гэрээний санал явуулсан. Ингээд нэхэмжлэгч талаас ажлын хөлс 125,550,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сард манай дансанд шилжүүлсэн. Уг ажлыг газар хөлсөн үйтэн улиралд хийх боломжгүй учир хавар дулаарч газар гэсэхээр ажил явуулахаар тохиролцсон. Хавар болж гэрээг байгуулах эсэхийг асуухад гэрээ хийж баталгаажуулаагүй, гэрээ байгуулахаас татгалзсан. Тийм учир бид мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэх мөнгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин манай буруугаас нэхэмжлэгчид хохирол учраагүй тул хохирол төлөхийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,******* ХХК-ийн үнийн саналын хуудас, ******* ХХК-аас******* ХХК-нд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 125,550,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид Горхи тэрэлж байгалийн цогцолбор газрын амралтад цэвэр бохир усны систем болон гадна бохирын спетик танк бүхий байгууламжийг 3 байршилд суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр хүсэлт гарган холбогдох зураг байршил мэдэгдсэн, хариуцагч нэхэмжлэгчийн заасан 3 байршилд нийт 125,550,000 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэх үнийн санал хүргүүлсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч зөвшөөрч, төлбөр 125,550,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 10, 11, 13-15/
5.Мөн нэхэмжлэгч ******* ХХК, Хаан банк ХХК-ийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/202249764406 тоот зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, мөнгө шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь Хаан банк ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 125,550,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй төлөхөөр авч, зээл зээлийн хүү 15,269,652 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
7.Дээрх үйл баримт болон хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч******* ХХК нь Горхи тэрэлж байгалийн цогцолбор газрын амралтад цэвэр бохир усны систем болон гадна бохирын спетик танк бүхий байгууламжийг 3 байршилд суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид үр дүнг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ******* ХХК нь ажлыг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсоноор талуудын хоронд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн дагуу харилцан гаргасан саналыг хүлээн зөвшөөрч хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
8.Зохигч талууд хэлцлээр тохиролцсон ажлыг 2024 оны хавар хийж гүйцэтгэхээр тохиролцсон талаар маргаагүй.
9.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх; үүрэгтэй. Боловч ажил гүйцэтгэх хугацааг хариуцагч хэтрүүлсэн буюу хугацаандаа ажлаа хийгээгүй болохыг нэхэмжлэгч нотлоогүй., 352 дугаар зүйлийн 352.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ., мөн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж тус тус заасан
10.Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу гэрээт ажлыг 2024 оны хавар, газар гэсэх үед хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч уг хугацаанаас өмнө гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаах шаардлага гаргасан нь******* ХХК-аас ******* ХХК-нд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 01/10-271 тоот албан бичгээр нотлогдож байна.
11.Өөрөө хэлбэл хариуцагч гэрээний хугацаанд ажил гүйцэтгээгүй, нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэмэлт хугацаа тогтоосон үйл баримт тогтоогдохгүй байна. Харин нэх гэрээ цуцлах санал гаргасныг хариуцагч 2024 оны 02 сарын 29-ний өдөр зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна.
12.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
13.Хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлэн авсан 1250,550,000 төгрөгөөс үлдэх 105,550,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй.
14.Гэрээ хариуцагчийн буруугаас цуцлагдсан үйл баримт тогтоогдохгүй байх тул гэрээ цуцлагдсантай холбоотой хохиролд 16,027,088 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.
15.Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-аас 105,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,027,088 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
16.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 765,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 685,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 105,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,027,088 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 685,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР