| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/05742/И |
| Дугаар | 192/ШШ2025/02603 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/02603
| 2025 04 03 | 192/ШШ2025/02603 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ****** тоотод оршин суух, ****** ургийн овогтой ******ын Мөнхнасан /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ****** тоотод байрлах,******* ХХК /РД:******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 45,267,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан 45,267,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Миний бие ******* /туслан гүйцэтгэгч/ хувиараа барилгын мужааны ажлыг бригад бүрдүүлэн ахлаж буюу дороо ажилчид цалинжуулж ажиллуулах замааар ажиллаж амьдардаг бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр******* ХХК, түүний гүйцэтгэх захирал******* /ерөнхий гүйцэтгэгч/-тай******* тоот******* хотхоны В блок барилгын мужааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр туслан гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 23-р хороо******* хотхоны В1 блок барилгын зоорийн давхар, 1-12 давхар, техникийн давхар хүртэлх нийт 7844.1 м.кв талбайд мужааны ажлыг гүйцэтгэж, ажлын хөлсөнд ерөнхий гүйцэтгэгч буюу захиалагч нь 1 м.кв-г 50,000 төгрөгөөр тооцож, давхар бүрийн гүйцэтгэлийн хөлс 26,550,000 төгрөг байхаар тооцсон ба ингэхдээ ажлын хөлсийн төлбөрийг давхар бүрийн ажил хийж дууссанаар тухай бүр 26,550,000 төгрөгийг төлж байхаар гэрээний хавсралт 1-т харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээгээр захиалагч буюу ерөнхий гүйцэтгэгч нь давхар бүрийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай бүрээр ажлын хөлс төлөх үүргийг туслан гүйцэтгэгчийн өмнө хүлээсэн байна. Ийнхүү гэрээ байгуулснаар тус барилгын мужааны угсралтын ажлыг эхлүүлж зоорийн давхрын хэв угсралтын мужааны ажлыг 2024.06.05-аас 2024.06.14-ны өдрийн дотор гүйцэтгэж 25,222,500 төгрөг /барьцаа 5 хувийг суутган тооцсон/ -ийг төлсөн, 1 давхрыг 2024.06.15-аас 2024.06.27 өдөр, 2 давхрыг 2024.06.28-аас 2024.07.05 -ны өдрийн дотор тус тус гүйцэтгэсэн ба ажлын хөлсөнд нийт 50,445,000 төгрөг төлөхөөс ёстойгоос 30,000,000 төгрөгийг 2024.07.10-ны өдөр дутуу хэмжээгээр төлсөн бөгөөд үүний дараа буюу наадмын баярын дараа 2024.07.19-ээс 2024.07.31-ны өдрийн дотор 3 давхрын угсралтыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Миний хувьд захиалагчаас 2024.07.10-наас эхэлж дутуу буюу үлдэгдэл 20,222,500 төгрөгийг авахаар байнга шаардахад хөлс төлөлтгүй тодорхойгүй нөхцлөөр хойшлуулсаар байсан боловч ажлаа үргэлжлүүлж 3 давхрын угсралтын ажлыг 2024.07.19-ээс 2024.07.31-ны өдрийн дотор 3 давхрын угсралтыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Миний хувьд захиалагчаас 2024.07.10-наас эхэлж дутуу буюу үлдэгдэл 20,222,500 төгрөгийг авахаар байнга шаардахад хөлс төлөлтгүй тодорхойгүй нөхцлөөр хойшлуулсаар байсан боловч ажлаа үргэлжлүүлж 3 давхрын угсралтын ажлыг 2024.07.19-ээс 2024.07.31-ны өдрийн дотор бүрэн хийж гүйцэтгэсэн. Ингээд ажлын хөлсөө удаа дараа шаардаж ажилчдынхаа цалинг тавих тухай хэлж мэдэгдсээр байсан боловч ажлыг хөлсийг олгоогүй бөгөөд улмаар 3 давхрын ажлыг гүйцэтгэснээс хойш цаашид ажил гүйцэтгэж хамтран ажиллах боломжгүй болсон тухай захиалагч талын гүйцэтгэх захирал*******т утсаар залгах болон мессеж бичих зэргээр удаа дараа мэдэгдсэн бөгөөд одоог хүртэл ажлын үлдэгдэл хөлс хэзээ төлөх нь тодорхойгүй буюу огт холбоогүй болсон байна. Иргэн миний хувьд тус гэрээгээр барилгын ажлыг гүйцэтгэхдээ хөлс төлөх тохирсон журам буюу барилгын давхар бүрээр гүйцэтгэсэн ажпын хөлсөө авах нь гэрээний гол нөхцөл бансан. Учир нь тэрхүү ажлын хөлснөөс баригадын ажилчдын ажлын цалин, хоол, унааны зардал зэргийг хангаж олгодог буюу ажлын хөлсийг минь өгөөгүйгээс үүдэж нь манай баригадын ажилчдын ар гэр, ахуй амьдарлын хэрэгцээ мөн тасалдсан. Гэтэл захиалагч буюу ерөнхий гуйцэтгэгч нь бидний ажлыг хөлсийг олгохгүй явсаар байсан тул бид ажлыг үргэлжлүүлэх боломжгуй нөхцөл бүрдүүлсэн. Түүнчлэн дээрх******* тоот гэрээний ажил гүйцэтгэх эрээний хугацаа дуусгавар болсон байна. Иймд, ИХ-ийн 343.1-т заасныг үндэслэн******* тоот гэрээний дагуу Хан-уул дүүргийн 23-р хороо******* хотхоны В1 блок барилгын зоорийн давхар, 1-3 давхарын угсралт буюу мужааны ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 45,267,500 төгрөгийг хариуцагч******* ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч *******д барилгын мужааны ажлыг хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар татгалзахгүй зөвшөөрч байна. Харин тус гэрээний дагуу 1-12 давхар хүртэл графикийн дагуу ажил гүйцэтгэж, төлбөр төлөгдөх ёстой байсан. В1 давхар болон 1 дүгээр давхрын ажлын хөлсийг графикийн дагуу төлсөн. Үлдэгдэл давхар болох бусад давхруудын ажлын гүйцэтгэл доголдолтой байсан учраас ажлын хөлсний төлөх үндэслэлгүй гэж хариу тайлбараа гаргасан байгаа гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс аураг гарден хотхоны В1 блок барилгын мужааны ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 5-12/, Хан-Уул дүүргийн 23-р хороонд баригдсан******* хотхоны Б-1 блок барилгын ажлын мквт-ийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 13/, 12 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн тооцоолол /хх-ийн 14-16/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 48/, дансны хуулга /хх-ийн 58/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...нэхэмжлэгч ******* би хариуцагч******* ХХК-тай 2024 оны 06 сарын 05-ны өдөр мужааны******* хотхоны В1 блок барилгын мужааны ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Бичгээр гэрээ байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо,******* хотхоны В1 блокийн зоорийн давхар, 1-12 дугаар давхрын нийт 7,844.1м.кв талбайн мужааны ажлыг 1м.кв нь 50,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ажлын хөлс 375,937,500 төгрөг авахаар тохиролцсон. Нэг давхрын ажлын хөлс 26,550,000 төгрөг бөгөөд хөлсийг давхар бүрийн ажил хийж дууссанаар төлөхөөр тохиролцсон. Зоорийн давхрын ажлыг хийж, төлбөрөө авсан. гэвч 1, 2 давхрын ажил хийсэн ч төлбөрөө тохиролцсоноор өгөөгүй. Ингээд 2024 оны 07 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг өгсөн бөгөөд нэмж 3 давхрын ажил хийсэн. Гэвч хийсэн ажлын хөлсийг өгөөгүй бөгөөд үүнээс болоод цаашид хамран ажиллах боломжгүй болсон. Иймд хийсэн ажлын хөлс 45,267,500 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч******* ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын мужааны ажил хийлгэсэн. Гэрээний дагуу нэхэмжлэгч барилгын В1 зоорийн давхар, 1-12 дугаар давхрын ажил хийж гүйцэтгэх байсан. Зоорь болон 1, 2 дугаар давхрын төлбөр төлсөн. Нэхэмжлэгчийн хийсэн ажил нь доголдолтой тул үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. 3 удаа нийт 75,222,500 төгрөг төлсөн. Гэрээний 6.1-т зааснаар ажлаа гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй тул үлдэх төлбөрийг олгохгүй гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч******* ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр******* хотхоны В1 блок барилгын мужааны ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаж, талууд гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.
4.2.Гэрээгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-ийн барьж буй******* хотхоны В1 блокийн зоорийн давхар, 1-12 дугаар давхрын нийт 7,844.1м.кв талбайн мужааны ажлыг 1м.кв нь 50,000 төгрөгөөр, давхар бүрийн ажлын хөлс 25,222,500 төгрөг, нийт ажлын хөлс 375,937,500 төгрөг хариуцагч төлөхөөр тохиролцсон нь тогтоогдож байна.
4.3.Шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч *******гийн******* дугаараас хариуцагч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал*******ын******* дугаарт харилцсан мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкин дахь *******гийн эзэмшлийн******* тоот дансны хуулгаар ...Хариуцагч нь ажлын хөлс төлөхийг зөвшөөрч, төлбөр төлөх боломжгүй байсан үйл баримт, хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлс 2024 оны 07 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 25,222,500 төгрөг нийт 55,222,5000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигч талууд 2024 оны 06 сарын 05-ны******* хотхоны В1 блок барилгын мужааны ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь барилгын зоорины давхар, 1- 3 давхрын барилгын мужааны ажил хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй.
6.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл нэхэмжлэгч *******, хариуцагч******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
7.Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийсэн ажил доголдолтой үндэслэлээр үлдэх төлбөрийг төлөхөөс татгалзсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх;, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж заасан.
8.Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт, аар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нь ажлын хөлс нийт 75,222,500 төгрөг төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй.
9.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
10.Нэхэмжлэгч нь барилгын зоорийн болон 1-3 давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд уг ажлын хөлс гэрээгээр тохиролцсон дүнгээр нийт 100,890,000 төгрөгөөс төлөгдсөн 55,222,500 төгрөгийг хасаж, үлдэх 45,467,500 төгрөг, нэхэмжилсэн дүн 45,267,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
11.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч******* ХХК-аас 45,267,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
12.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 384.288 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 45,267,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 384.288 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР