| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00447/И |
| Дугаар | 192/ШШ2025/02068 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/02068
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ********** тоотод оршин суух, ********** ургийн овогтой **********гийн******* /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ********** тоотод байрлах,******* ХХК /РД:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 64,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч **********
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **********
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********
Гэрч **********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан 64,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр******* ХХК-ийн захирал болох*******ын хүсэлтээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ийн Гэрэлт гэр төсөлд зориулж 8 ширхэг шилэн гэрийн шилэн хийц нийлүүлж, суурилуулах Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор хүлээлгэж өгсөн бөгөөд тус төсөл 2019 оны 11 сард нээлтээ хийн ажиллаж эхэлсэн. Гэвч гэрээнд заасан Сонгинохайрхан дүүргийн******* тоот хаягт байршилтай 52.9 м.кв талбайтай, Ү-2201054783 бүртгэлийн дугаартай гурван өрөө орон сууц ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгөх байсан боловч тус орон сууцыг өөр хүнд давхар худалдсан байсан. Үүний дараа бэлэн 64,000,000 төгрөг өгөхөөр амаар тохиролцсон. Гэрэлт гэр 2020 оны зун нээгээд орлогоосоо өгөхөөр тохиролцсон. /Утасаар ярилцсан мессэж болон дуудлагаар нотлогдоно/ 1 жилийн хугацаанд шилэн хийцлэлийн засвар үйлчилгээг хийж Гэрэлт гэр төсөл амжилттай үйл ажиллагаа явуулж эхэлж байсан боловч 2020 оны өвөл Covid-19 цар тахал дэлхий нийтээр дэгдэж бүх нийт хөл хорионд орсон. Энэ хэцүү үед ямарч орлогогүй тус төсөл зогсонги болсон тул хөл хорио дуусч төсөл хэвийн ажиллахаар төлбөрөө барагдуулахаар тохирсон. Гэвч тус төсөл нээсэн ч төлбөр барагуулахгүй олон удаа худал ярьж хоног хойшлуулсаар байсан тул өөрийн хийсэн ажлаа буцаан буулгаж авахаар хэд хэдэн удаа очиж 1 гэр буулгасан ч буулгуулахгүй хэдэн хоногийн дараа мөнгө өгье гэж ярьсаар өдийг хүрлээ. Иймээс ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй захиалагч******* ХХК-аас гэрээнд заасан 52,9 м.кв талбайтай дүйцэх орон сууц эсхүл үнийн дүн болох 64,000,000 төгрөгийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч хариу тайлбартаа: ******* байгуулсан гэх гэрээ, ажлыг гүйцэтгэх явц, ажлын үр дүн зэргийг******* хариуцан хүлээн авсан, мөн *******тэй харилцан тохиролцсон байна. Мөн *******,******* нар хоорондоо ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т төлбөр хийх нөхцөлөө бартераар хийхээр тохиролцсон байна.******* үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн ажлыг бүрэн хариуцаж байгаа тул******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3/, 2019 оны 09 сарын 14-ний өдрийн шилэн хийц нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 4-7/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 9/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 30ё1-3/1944 тоот албан бичиг /хх-ийн 27/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 24/, зураг /хх-ийн 43-65/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70/, тамга тэмдгийн талаарх лавлагаа /хх-ийн 81/, 2014 оны 07 сарын 25-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-ийн 108-112/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 113/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 5/14330 тоот албан бичиг /хх-ийн 83/ зэргийг баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэгсийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би 2019 оны 09 сарын 14-ний өдөр хариуцагч******* ХХК-тай Шилэн хийц нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр миний бие 1 гэр нь 8,000,000 төгрөг, нийт 8 гэр 64,000,000 төгрөгт хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлсөнд Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо,, Толгойт 18105 гудамж, 33 байр, 49 тоот орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Ажил гүйцэтгэх хугацаа 30 хоног гэж тогтоосон бөгөөд би ажлаа 15 хоногт гүйцэтгэсэн.
...Хариуцагч төлбөрт өгөхөөр тохиролцсон 49 тоот орон сууцыг өөр хүнд түрээсэлсэн байгаа, 52 тоот орон сууцанд ороод байж бай гээд түр оруулсан. Би гэрээгээр тохиролцсон орон сууцаа авахаар шаардахад тус байр нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаатай байсан. Ингээд 2020 онд ажлын хөлсөө мөнгөөр нь өгнө гэсэн тохиролцоо хийсэн боловч мөнгөө өгөөгүй. Надад түр эзэмшүүлсэн 52 тоотыг орон сууцыг зарж, төлбөр төлөхөөр бид тохирч, би байрыг нь суллаж өгсөн. 2021 оны 03 сард 52 тоот орон сууц зарагдсан. Мөнгө нь орж ирэхээр мөнгө өгнө гэсэн. Мөнгө нь 7 сард орж ирсэн боловч банк бус санхүүгийн байгууллагын зээлээ төлөөд надад мөнгө өгөөгүй. Ингээд надаас зугтаад төлбөрөө төлөхгүй байгаа. Иймд гэрээний дагуу ажлын хөлс 64,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа. гэж тодорхойлсон.
3.Хариуцагч******* ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний 1.3-т ажлыг 30 хоногт хийхээр тохиролцсон. Төлбөрт нь 83 тоот, 3 өрөө орон сууц өгөхөөр тохиролцсон.
3.1. ...Орчлон констракшн ХХК нь Ловщ лаят лэнд ХХК хувьцаа эзэмшигч бөгөөд нэхэмжлэгчид 52 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Гэвч нэхэмжлэгч энэ орон сууцаа шаардаж авах үүргээ биелүүлээгүй.
3.2. ...Гэрээгээр орон сууц өгөхөөр тохиролцсон бөгөөд мөнгө төлөхөөр өөрчлөлт оруулаагүй.
3.3. ...Нэхэмжлэгч 2024 оны 01 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил. Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Иргэн *******,******* ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Шилэн хийц нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэгээ бичгээр байгуулагдаж, гэрээнд захиалагч******* ХХК-ийг төлөөлж захирал*******, гүйцэтгэгч ******* гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.
6.Гэрээний дагуу ******* нь Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй Гэрэлт гэр энтэртэйнмент хүрээлэн дэх domo загварын 8 ширхэг шилэн гэрийн үндсэн бүтцийг 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх,******* ХХК нь нийт 64,000,000 төгрөгийн ажлын хөлс тооцож, төлбөрийг Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 33 дугаар байр, 49 тоот хаягт байрлах, Ү-2201054783 дугаартай, 52.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар тооцож төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /ХХ-ийн 4-7/
7.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхэд гэрч******* өгсөн мэдүүлгээр******* нь******* ХХК-ийг 2019 оны 02 сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан болох нь тогтоогдож байна.
8.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201054783 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 33 дугаар байр, 49 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууц иргэн С.Энхтуяагийн өмчлөлд 2018 оны 07 сарын 20-ны өдөр бүртгэгдэж, 2024 оны 02 сарын 05-ны өдөр албадан дуудлага худалдаагаар иргэн Т.Буянжаргалын өмчлөлд, 2024 оны 03 сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Г.Мөнхбаярын өмчлөлд шилжсэн болох нь Улмын бүртгэлийн ерөнхий газрын 2024.11.14-ний өдрийн 5/14330 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
9.Зохигч талууд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Шилэн хийц нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэгээ байгуулагдсан, гэрээгээр тохиролцсон ажлыг нэхэмжлэгч тохиролцсон ёсоор хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаангүй байна.
10.Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Шилэн хийц нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэгээ-ний агуулга, хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл нэхэмжлэгч *******, хариуцагч******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
11.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
12.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хоруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан.
13.Гэрээгээр ажлын хөлс 64,000,000 төгрөгийн төлбөрийг Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 33 дугаар байр, 49 тоот хаягт байрлах, Ү-2201054783 дугаартай, 52.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
14.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч хэлцлээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй. Харин талууд төлбөр төлөх тохиролцоог өөрчилж, төлбөрөө мөнгөөр буюу 64,000,000 төгрөгийг төлөхөөр өөрчилж тохиролцсон болох нь шүүхэд гэрч*******ын ...Би 2022 он хүртэл******* ХХК-ийн захирлаар ажилласан. Манай бүх байр н.Энхтуяа гэж хүний нэр дээр байсан. Манайд өглөг авлагаар шилжсэн байр. Нэхэмжлэгчтэй төлбөрөө мөнгөөр төлөхөөр амаар тохирч байсан. Надаас төлбөрөө байнга нэхэж байсан. Би 1,000,000 төгрөг өгч байсан. ...Байр барьцаанд байсан учир шилжүүлж өгч чадаагүй. Төлбөрөө мөнгөөр нь авах санал гаргасныг зөвшөөрч, 52 тоот байрыг суллуулан 2020 оны 05 дугаар сард 64,000,000 төгрөгөөр зарж, барьцааны төлбөр төлсөн. Зөрүү мөнгө гараагүй учир төлбөр төлж чадаагүй. Хамгийн сүүлд 1 жил гарангийн өмнө төлбөрөө шаардсан. Төлөх боломжгүй байсан тул хүлээхийг хүссэн. Компани өөр хүнд шилжсэн талаар нэхэмжлэгчид хэлж байгаагүй. гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байна.
15.Мөн хариуцагч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдож байна.
16.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.9-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолдог журамтай.
17.Т.Улаанбаатар нь хариуцагч******* ХХК-ийг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлж, энэ хугацаандаа төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрч, төлбөрийн үүргээс 1,000,000 төгрөгийг төлсөн байна. Энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох бөгөөд нэхэмжлэгч шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
18.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч******* ХХК-аас 63,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ дүгнэв.
19.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 472,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343-т заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 63,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 472,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР