| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/03795/И |
| Дугаар | 192/ШШ2025/02178 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/02178
| 2025 03 21 | 192/ШШ2025/02178 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, шүүгч О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ********* тоот хаягт оршин суух, ********* ургийн овогтой *********ийн ********* /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ********* ********* газарт байрлах, ******,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *********өөрийн байранд байрлах, *********,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ********* хаягт байрлах, *******дарга бөгөөд ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 27,941,451 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *********
Хариуцагч ****** итгэмжлэгдсэн төлөөлөгч *********
Хариуцагч ******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *********
Хариуцагч *******дарга бөгөөд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********
Иргэдийн төлөөлөгч *********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******, ******, *******дарга бөгөөд ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 27,941,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Би 1999 оны 7-р сард ****** ХХК-ны барьсан авто грашнаас тус бүр нь 2.500.000?-ийн үнэтэй 2ш гражийг нийт 5.000.000?-р худалдан авсан. Тус <омпани худалдаж байсан граш нь тухайн үедээ Нийслэлийн газрын албаны дарга, захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий архитектор******* болон холбогдох албаны хүмүүсийн гарын үсэгтэй техникийн нөхцөл нь гарсан 720м2 газар эзэмших эрхтэй, засаг дарга******* 1999.07.20-ны Б/126 тоот 40 граш барих зөвшөөрөлтэй. Эдгээрийн хуулбарыг хавсаргав. Дээрх захирамжийг үндэслэн надад 1999.11.20-ны өдөр грашийн дугаар 18, 19 тоот бүхий 36м2 газарт грашийн газар эзэмших №219 тоот дугаартай газар эзэмших гэрчилгээтэй олгосон. 2023.06.29-ны өдөр миний хувийн өмч үл хөдлөх херөнгө /үндсэн хуулиар хамгаалагдсан/-ийг минь дур мэдэн эвдэж нураасан БГДүүргийн Засаг даргын тушаалаар гүйцэтгэсэн тус дүүргийн газрын албаны байцаагчдын ажлыг хууль бус гэж үзэж байна. Энэ грашийг 1999.08 сараас 2023.06.29-ны өдөр хүртэл 23 жил 10 сар эзэмшиж байсан. Үл хөдлөх хөрөнгөндөө хөрөнгийн үнэлгээ хийдэг******* ХХК-аар үнэлүүлж 2ш грашийг 27.941.451? /хорин долоон сая есөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийн хохирол учирсын тогтоосон. Иймд иргэн надад учирсан хохир болох 27.941.451?-ийг төлүүлж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч ******нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 37 дугаар зүйлийн 37.1-т Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй, 20 дугаар зүйлийн 20.2.2-т Дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. 47 дугаар зүйлийн 47.1-т Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно. 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэп, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж тус, тус заасан. Мөн нэхэмжпэгч нь маргаан бүхий ***** дугаар сургуулийн байрны урд талд байрлах, газрын зөвшөөрөлгүй 2 ширхэг тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 116 дугаар тогтоол болон Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 05/33 дугаар тогтоолд авто машины гараашийг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, тохижилтын ажил хийхээр тусгагдсан байна. Мэдэгдлийг хүргэсний дагуу *******даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах тухай А/321 дүгээр захирамж гарсан. Уг захирамжийг мэдэгдсэний дараа 2023 оны 06 дугаар сард маргаан бүхий гараашийг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, газрын зөрчил арилгасан байна. Дээрх А/321 дүгээр захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж ажилласан. Нэхэмжпэгч нь *******даргын 2023 оны А/321 дүгээр захирамжийг хууль бус байсан эсэхтэй маргаагүй бөгөөд уг захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр бөгөөд хууль ёсны байгаа юм. Засаг дарга нь уг гараашуудыг албадан буулгаж, газрын зөрчил арилгах захирамж гаргаагүй бөгөөд *******даргын А/321 дүгээр захирамжаар зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгаж, газрын зөрчил арилгаж ажилласан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж заасан хариуцагч биш юм. Нөхөх олговор олгох тухайд уг асуудлыг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам -аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-т Өмчлөх, эзэмших эрх бүхий газар, Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, Газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан. Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан. Иргэн *******ийн тухайд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам-ын үйлчлэлд хамаарахгүй болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
1. 1.3.Хариуцагч ****** нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших газрын гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй бөгөөд манай мэдээллийн санд бүртгэл байхгүй тул тус дүүргийн ******наас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй байна. Үүний дагуу Дүүргийн ******наас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу өгсөн. Мэдэгдлийг хүргэсний дагуу *******даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамж гарсан. Дээрх А/321 дүгээр захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж ажилласан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
1.4.Хариуцагч *******дарга бөгөөд ******* нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус газар эзэмших эрхийг 1999 оны Б/123 захирамжаар ****** ХХК-д олгосон байдаг. 2 гарааш *******т 1999 оны 11 сард шилжсэн байдаг. Газар эзэмших эрх нь 4 жилийн хугацаатай байсан бөгөөд 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эрх дуусгавар болсон. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгах хүсэлт гаргах эрхтэй. Нэхэмжлэгч хугацаандаа сунгуулах хүсэлт ирүүлээгүй. *******даргын 2023 оны А/321 захирамж гарсан. Энэ захирамжаар зөвшөөрөлгүй болон, эрх нь дууссан газар дээр барьсан гараашийг буулгах шийдвэр гарсан. Газар чөлөөлөх талаар гарааш дээр мэдэгдэл нааж мэдэгдсэн. Тухай гарааш эзэмшигч, хаяг тодорхойгүй, тодорхойлох боломжгүй байсан тул ийнхүү мэдэгдсэн. Мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгч мэдсэн боловч өөрөө эрхээ хамгаалж Захиргааны хуульд зааснаар захиргааны акттай маргаагүй. Захиргааны шийдвэрийг биелүүлээгүйгээс гэм хор учрахад хүргэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
1.5.Иргэдийн төлөөлөгч******* хэргийн болон гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: ****** иргэнд нөхөн олговор олгох. Иргэн хүний зөв. ****** гараашийг иргэнийг байлгаж байгаад нурааж буулгаагүй болохоор Газрын алба буруутай гэж үзэж байна гэжээ.
2.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ /хх-ийн 4/, кадастрын зураг /хх-ийн 5/, олгосон талбайн зөвшөөрөл /хх-ийн 6/, захирамж /хх-ийн 7/, гараж худалдсан тухай гэрээ /хх-ийн 8/, 147 дугаар гэрчилгээ /хх-ийн 10/, газар ашиглуулах /эзэмшүүлэх/ гэрээ /хх-ийн 11, газрын төлбөрийг тодорхойлох тухай акт /хх-ийн 12/, гараашийн зөвшөөрөл хүсэх хүсэлт /хх-ийн 13/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-29/, хариуцагч засаг даргын Тамгын газраас *******даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 41,42/, газрын зөрчил арилгах арга хэмжээний байршил, тоо /хх-ийн 43,44/, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05/33 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 45/, ажлын мэдээлэл /хх-ийн 46,47/, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/220 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 48/, Хаан үнэлгээ төлбөрийн баримт /хх-ийн 84/, шүүхээс Нийслэлийн ******ны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15/863 тоот албан бичиг /хх-ийн 58/, Нийслэлийн 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/126 дугаар захирамж /хх-ийн 59/, ****** 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/1821 тоот албан бичиг /хх-ийн 60/, Нийслэлийн 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/126 дугаар захирамж /хх-ийн 61/, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/3156 тоот албан бичиг /хх-ийн 66/, *******даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05-02/3395 тоот албан бичиг /хх-ийн 93/, хавсралт /хх-ийн 94-102/, *******даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05-02/3395 тоот албан бичиг /хх-ийн 93/, хавсралт /хх-ийн 94-102/, *******даргын Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05-02/3968 тоот албан бичиг /хх-ийн 108/, хавсралт /хх-ийн 109-117/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би 1999 онд ****** ХХК-ийн барьсан тус бүр нь 2,500,000 төгрөгийн үнэтэй 2 гараашийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус гарааш нь тухайн үедээ *******дарга, холбогдох албаны хүмүүсийн гарын үсэгтэй техникийн нөхцөл гарсан, газар эзэмших эрхтэй, гарааш барих зөвшөөрөлтэй газарт баригдсан гарааш байсан.
2004 онд газрын зөвшөөрлийн хугацаа дууссан. Бид сунгах хүсэлт гаргасан боловч хүлээж бай, сунгаж өнгө гэдэг байсан. Би 2013 он хүртэл газрын татвар төлж байсан. Сүүлдээ татвараа авахаа байсан. Би газар эзэмших хугацааг сунгуулаагүй зүйл байхгүй бөгөөд сунгаж өгөөгүй.
*******даргын 2023 оны А/321 дугаар Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай захирамжаар зөвшөөрөлгүй барьсан гарааш булгахаар заасан боловч зөвшөөрөлтэй байсан миний гараашийг буулгасан нь хууль бус юм. Хариуцагч нарын буруутай үйлдлээс болж надад 27,941,451 төгрөгийн хохирол учирсан тул нөхөн төлүүлэхээр шаардаж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч ********* газар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...*********нь нэхэмжлэгчийн гараашийг буулгах, газар чөлөөлөх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй. *******даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаар захирамжаар Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийг биелүүлж ажилласан. Иймд манайх нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Нөхөн олговрын тухайд 2023 оны нөхөн олговор олгох журмаар зохицуулагддаг. Нэхэмжлэгч нь газар эзэмших, өмчлөх эрхгүй учир нөхөн төлбөр авах эрхгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагч ****** нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...*******даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаар захирамжаар газар эзэмших эргүй этгээдийн барьсан гараашийг буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* нь газрын зөвшөөрөлгүй,бөгөөд тус газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон. Газар чөлөөлөх мэдэгдэл өгч, сонсох ажиллагаа явуулсан. Гараашийг 2023 оны 06 сарын 23-аас 25-ны өдрүүдэд буулгасан. гэж тайлбарласан.
5.Хариуцагч *******дарга бөгөөд ******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Тус газар эзэмших эрхийг 1999 оны Б/123 захирамжаар ****** ХХК-д олгосон байдаг. 2 гарааш *******т 1999 оны 11 сард шилжсэн байдаг. Газар эзэмших эрх нь 4 жилийн хугацаатай байсан бөгөөд 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эрх дуусгавар болсон. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгах хүсэлт гаргах эрхтэй. Нэхэмжлэгч хугацаандаа сунгуулах хүсэлт ирүүлээгүй.
*******даргын 2023 оны А/321 захирамж гарсан. Энэ захирамжаар зөвшөөрөлгүй болон, эрх нь дууссан газар дээр барьсан гараашийг буулгах шийдвэр гарсан. Газар чөлөөлөх талаар гарааш дээр мэдэгдэл нааж мэдэгдсэн. Тухай гарааш эзэмшигч, хаяг тодорхойгүй, тодорхойлох боломжгүй байсан тул ийнхүү мэдэгдсэн. Мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгч мэдсэн боловч өөрөө эрхээ хамгаалж Захиргааны хуульд зааснаар захиргааны акттай маргаагүй. Захиргааны шийдвэрийг биелүүлээгүйгээс гэм хор учрахад хүргэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
6.Иргэдийн төлөөлөгч******* хэргийн болон гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: ****** гараашийг иргэнийг байлгаж байгаад нурааж буулгаагүй болохоор Газрын алба буруутай гэж үзэж байна. ****** иргэнд нөхөн олговор олгох нь зөв гэж дүгнэсэн.
7.Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1.Нийслэлийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/126 дугаар захирамж, ****** ХХК-ийн 1999 оны 07 сарын 02-ны өдрийн 014 дугаартай, Улаанбаатар хотны Барилга архитектурын газарт гаргасан гараашийн зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг, 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай ****** ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр Баянгол дүүрэг, ********** сургуулийн урд талд 40 машины гарааш барихыг ****** ХХК-д зөвшөөрч, тус байршлын 720 ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу ****** ХХК-д гараашийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээ байгуулан олгосон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 59,61/
7.2.*******т 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ, *******, ****** ХХК-ийн хооронд 18м.кв талбай бүхий 18, 19 дугаартай 2 гарааш худалдсан тухай гэрээгээр Нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүрэг, ********** сургуулийн урд талд 36м.кв газрыг гараашийн зориулалтаар 4 жилийн хугацаа эзэмших эрх авч, тус газар дээрх 2 гараашийг ****** ХХК-аас худалдан авсан нь нотлогдож байна.
7.3.Газрын төлбөр тодорхойлох тухай 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 13/1427 дугаар актаар нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүрэг, ********** сургуулийн урд талд 18, 19 дугаартай 36м.кв талбайтай газрыг гараашийн зориулалтаар 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ашигласны төлбөрт 190,080 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож акт тогтоосон байна. /хх-ийн 12/
7.4.Хариуцагч Засаг даргын тамгын газар, ****** нь *******даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу, захирамжийн хавсралтын дэс дугаар 19-д тодорхойлсон, Баянгол дүүрэг, ********** сургуулийн урд талд байрлалтай гараашийг ****** буулган тус газрыг чөлөөлсөн тухайд, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрх 2003 онд дууссан боловч газар эзэмших эрх сунгагдаагүй, *******даргын 2023 оны А/231 дугаар захирамжийн дагуу газар чөлөөлөх мэдэгдлийг хүлээн авсан боловч тус актад захиргааны журмаар гомдол гаргаагүй тухайд маргаангүй байна.
7.5.Мөн хариуцагч нар гараашийг 27,941,451 төгрөгөөр үнэлсэн Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээг үгүйсгэж маргаагүй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
7.Нэхэмжлэгч ******* нь Газар чөлөөлөх тухай *******даргын 2023 оны А/321 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч эрх бүхий байгууллагад гомдол гараагүй тул уг захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
8.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болохоор зохицуулсан.
9.Нэхэмжлэгч *******т Баянгол дүүрэг, ********** сургуулийн урд талд байрлах 36м.кв талбайтай газрыг гараашийн зориулалтаар 4 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа 2003 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч уг газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах талаар эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж байсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх сунгагдаагүй байх тул тус газрыг эзэмших эрхгүй этгээд болно.
10.Хариуцагч Засаг даргын тамгын газар, ****** нь нэхэмжлэгч *******т *******даргын 2023 оны А/321 дугаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар Баянгол дүүрэг, ********** сургуулийн урд талд байрлалтай гараашийг буулгаж газар чөлөөлөх албан мэдэгдэл өгч мэдэгдсэн боловч газраа чөлөөлж өгөөгүй байна.
11.Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ, 41.4-т Хэрэв 41.4.Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна гэж тус тус заасан.
12.Иргэдийн төөлөлөгч нь гараашийг нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр нураасан нь хариуцагч ******ны буруу гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. Өөрөөр хэлбэл газар чөлөөлөх ажиллагааг нэхэмжлэгчид мэдэгдэж, хөрөнгөө өөрөө нүүлгэх үүрэг хуулийн дагуу хүлээсэн боловч газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй.
13.Ийнхүү хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа газар дээрх гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажиллагаа явуулсан нь хууль зөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14.Иймд хариуцагч *******дарга бөгөөд *******,*******, ******нд холбогдох гэм хорын хохиролд 27,941,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
15.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч *******дарга бөгөөд *******,*******, ******нд холбогдох гэм хорын хохиролд 27,941,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
О.ЧУЛУУНЧИМЭГ